Харин би Ц.Нямдоржийн улаан фэн нь учраас өнгөрсөн 20-н жилд юу ярьж, шуугиулж байсныг нь сайн санадаг юм. Ганц би ч биш, ер нь олон мянган фэн нь түүний ярьсан хэлснийг санадаг. Ц.Нямдоржтой яг адилхан

М.Энхболд өнгөрсөн хугацаанд болж байсан аливаа асуудлыг сөхдөггүй юм уу, бас санадаггүй зантай бололтой. Тэгэхээр энэ хоёр санадаггүй хүнд зарим зүйлийг сануулмаар байна. Ойрхоны жишээнээс эхэлье. Саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ц.Нямдоржийн зүгээс М.Энхболдыгоо дэмжиж олонтой үг хэлсэн. “Төв аймгаас Ж.Самбуу гуайг залган гарч ирж буй энэ цаг үеийн тулхтай төрийн түшээ бол Энхболд юм. Энэ хүнд аавынх нь тулх ч бий. Ер нь “Тунгалаг тамир”-ын Эрдэнэ шиг хүн...” гэсэн нь содон сонсогдож билээ.

Энэхүү содон үгсийг хэлсэн Ц.Нямдорж ч хэлснээ санадаггүй, хэлүүлсэн М.Энхболд ч санадаггүй. Бас У.Хүрэлсүх байна. Саяхан болсон МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны 20 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалт дээр 800 хүний өмнө, индэр дээрээс “Энхболд дарга бид хоёрын дунд элдэв үг зөөдөг хүмүүс бий. Гэвч бид хоёрыг юу ч салгаж чадахгүй. Бид үхэн үхтлээ хамт явна, энэ намын төлөө зүтгэнэ ээ” хэмээн хундага тулгахад нь “За энэ хоёрын дундуур хар муур гүйхгүй нь тодорхой болжээ” хэмээн намынх нь 800 гишүүн бодсон. Энэхүү гайхамшигтай үгсийг хэлсэн У.Хүрэлсүх ч хэлснээ санадаггүй, хэлүүлсэн М.Энхболд ч сануулахыг хүсэхгүй юм.

Өчигдөр Да.Ганболд “Монголын төр хямраад, гацаад байгаа нь нэг шөнийн дотор болсон процесс биш” гэж хэллээ. Утга нь энэ бүх үйл явдал өнгөрсөн 20 жилд Монголын төрд бугласан идээ бээр юм гэсэн үг. Энэ 20 жилд муу бүхэн дэлгэрсэн. Энэ бүх идээ бээр бий болсон эхлэл цаг үед нь ч Ц.Нямдорж Их хурлын гишүүн, Хууль зүйн сайд байсан. Гайхамшигтай нь өнөөдөр ч Их хурлын гишүүн, Хууль зүйн сайд байсаар байна. Өнөөдрийг хүртэлх болж бүтэхгүй бүхэн түүнтэй холбогдох нь гарцаагүй юм.

Үүнийг аль хэдийнэ зогсоож, засч залруулах боломжтой ганц хүн нь Хууль зүйн сайдыг тав дахь удаагаа хийж буй энэ хүн мөн. Харин энэ бүх бузар булайн гол толгойлогч гэгдээд байгаа М.Энхболд нь Нямкаг сайд байх үед сайндаа нийслэлд нэг муу мэргэжилтэн л байгаа биз дээ. Ингэж л дүйцүүлж харагдаад байх юм.

Айснаасаа айх гэдэг юм байна. Улс төрд энэ их аюултай үзэгдэл. 1937 оны хэлмэгдүүлэлт бол хийж буй үйлдлээсээ айсан эрх мэдэлтнүүд улам айгаад эргэлт буцалтгүйгээр нөхдөө хөнөөгөөд, хядаад, дуусгасан процесс. Нэгэнт эхлүүлсэн тэд зогсох л юм бол өөрсдөө хядуулах учраас зогсолтгүй дайрсаар, эцэстээ өөрсдөө төгсгөл болсон. Өөрсдийнхөө ажлуулсан махны машинд өөрсдөө хэрчүүлсэн гэсэн үг. Ийм хувь тавилан өнөөдөр цор цор хийгээд байгаа залуусыг хүлээж байгаа ч юм бил үү, хэн мэдлээ. 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед залуухан Лувсаншарав ч Оюун-Эрдэнэ шиг аашилж байсан, дараахь үеийнх нь Жамбалдорж ч Нямдорж шиг аягалж байсан. Лувсаншарав нь буудуулсан, Жамбалдоржийнх нь үр сад өнөөдөр тэр хүний удам гэж хэлэхээсээ ичдэг үе дээрээ явж байна. Хорвоо ийм л юм.

Ийм л ирээдүйнхээ өмнө эмгэнэлт байдалд орох, эрсдэлт алхам руу өнөөдрийн Их хурлын даргын суудалд санаархагч хийгээд түүний явуулгад автсан Их хурлын залуу гишүүд орчих шиг боллоо. Өнгөрсөн долоо хоногт энэ намын УИХ дахь залуу гишүүд “Чуулгандаа суухгүй бол хууль зөрчсөн болох нь” хэмээн босцгоотол Ц.Нямдорж тас загнаад суулгасан байна. Аавдаа загнуулаад сууж буй сахилгагүй банди нар биш дээ. Төрийн түшээд шүү дээ. Нямбаатар, “Мишээл”-ийн Энх-Амгалан... гээд өөрийнх нь эсрэг боссон олон залуучуудад өөрийнхөө хүү шиг хандаж, тойрог өгч, том улс төрд хөл тавиулсныхаа шанг М.Энхболд өнөөдөр хүртэж сууна. Бүгдэд нь тус болсон хүн. Өөрсдийг нь өөд нь татсан М.Энхболдыг буулгаж хаяад юу өөрчлөгдөнө гэж тэр хүүхдүүд бодож байгаа юм бол. Ямар үр дүн хүсч байгаа юм бол. Монголын улс төрд өөрийн хүрээгээ татчихсан энэ хүний ямар гарын үсэг нь хууль зөрчсөн болчихоод байгаа юм бэ. Олон олон асуултын тэмдэг байна. Миний бие өнгөрсөн Их хурлын сонгуулийн өмнөхөн “Энэ сонгуулиар Энхболдоор удирдуулсан МАН ялах нь тодорхой болсон учраас Ч.Сайханбилэг нарын нөхдүүд Эрдэнэтийн 49 хувийг яаравчлан шийдлээ” гэж бичиж байлаа. Ингэж бичих шалтгаантай байсан юм. Санаж байгаа бол 2007 онд М.Энхболдыг Ерөнхий сайдаас буулгаж, намын даргаас нь огцруулж байгаад дараа нь Оюу толгойн гэрээг байгуулсан байдаг. Одоо М.Энхболдыг Их хурлын даргаас нь буулгаж байгаад наад зах нь ШХАБ-д элсэх байлгүй. Өөр ч бас юмнууд хийх л байх.

Их хурлын дарга болохоор улайрч, залуучуудыг турхирч байгаа Ц.Нямдоржийн тухайд бол хардлага биш юм шүү. Бодитой юм. Учир нь сая болсон намынхаа бага хурал дээр У.Хүрэлсүх өөрөө “Хуулийн мэдлэгтэй, тулхтай хүнийг УИХ-ын даргаар тавина” гэж зарласан. Бага хурлын бүх гишүүд Ц.Нямдорж гэж шууд ойлгосон. Ийм л тодорхой асуудал.

Хууль зөрчсөн гэж үзвэл өнөөдөр УИХ-ын даргаасаа сайн дураараа огцрох нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болно. Ингэж өөрийгөө гэмт хэрэгтэн болгох тэнэг хүн байх уу. Ийм тэнэг үйлдэл хийлгэхээр шахаж байгаа хүмүүст харин хуулийн ямар зүйл заалт үйлчлэх юм бол. Нэгэн цагт Ц.Нямдорж УИХ-ын даргаас огцорч байсан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл байлаа. Үүнийг санадаг хүн байдаггүй. Одоо бол нийгмийн сэтгэл зүй айхавтар болсон, санана, хууль ярина. Ц.Нямдорж хоцрогдсон учраас өөрийнхөө үйлдлийг давтуулах гээд байж болно. Гол нь Ц.Нямдорж Их хурлын дарга боллоо гээд энэ бүх гацаа арилах юм уу. Улам л нэмэгдэх талаар улс төр судлаачид бичиж байна шүү дээ. Засаг огцруулах эсэхийг шийдсэн чуулганы дараа У.Хүрэлсүх өөрийнхөө эсрэг санал өгсөн гишүүдээ өрөөндөө оруулаад ганц “юм” задлаад “Үүнээс хойш ийм асуудал намд байхгүй, найзууд аа. Би та нарын асуудлыг эр хүн шийдэж байна” гээд улаа бутруулан тэврэлдсэн бол өнөөдөр асуудал эерэг зөөлөн замаар явах байлаа. Энэ бол М.Энхболд, С.Баяр нарын арга барил, зангараг л даа. М.Энхболд тэр жил С.Баярт хамаг эрх мэдэл, албан тушаалаа булаалгасан хэрнээ эвлэрэшгүй дайсан болоогүй. Эргэж хараад л тэврэлдсэн. Дараагийн сонгууль руу хамтдаа алхацгаасан. Тиймдээ ч 2016 оны сонгуульд 65 суудал авсан. Улстөрч хүний ухаалаг алхам, алсын хараа гэдэг цагийн уртад ийм үр дүнг авчирдаг. Тэр үед өнөөдрийнх шиг дайсагналцах нөхцөл бүрдсэн байсан юм. Хэн хэн нь ухаалаг, улстөрч хүний ноён нурууг харуулсан хэрэг. У.Хүрэлсүх, Ц.Нямдорж нараас яагаад ийм чанар чансаа гарахгүй байна. Өнгөрсөн бүх л цаг үед энэ хоёр хүн засаг төрийн дээд эрэмбэнд байлаа. Улс төр хийж сурдаггүй юм уу. Цаг нь ирж нөхцөл нь бүрдэхээр наад М.Энхболд чинь улс төрөөс хэнд ч саад болохгүй явчих нь даа. Тийм зан араншинтай юм билээ. Хэзээ ч энэ хэдэн өвгөн шиг зууралдахгүй. Яг л Төмөр-Очир шиг, Шийлэгийн Батбаяр шиг, Одончимэд гуай шиг чимээгүйхэн зайгаа тавьж өгнө.

Ер нь бол түүхээс харахад, ямар ч улс оронд, хэлмэгдүүлэлтийн үед ч тэр, хамгийн сүүлд үлддэг хүн нь Хууль тогтоох засаглалын тэргүүн нь байдаг. Яагаад гэвэл түүнд хууль тогтоох үүрэг байдгаас мөнгө хуваарилах эрх мэдэл байдаггүй. 1937 оны хэлмэгдүүлэлтийн эцсийн цэгийг УБХ-ын тэргүүлэгчдийн дарга Д.Догсом 1941 онд хатгасан шүү дээ. Яагаад гэвэл түүнийг хэлмэгдүүлэх шалтгаан ерөөсөө олдохгүй байсан. Албан тушаалаас нь гөрдөж байгаад авч хаясан. Хэлмэгдүүлье гэж хүчээр хэлмэгдүүлж буудсан. Өнөөдөр М.Энхболдыг хэрэвзээ УИХ-ын даргаас нь авч хаяна гэвэл УБХ-ын дарга Д.Догсомыг авч хаясантай яг адилхан процесс болно. Өнөөдрийн Дотоод яамны сайд нь энэ хүнийг эзээнгүй буудчихгүй байх. Эрхбиш ардчилсан нийгэм учраас. Гэхдээ хүлээцтэй, тэвчээртэй энэ улстөрчийг өнөөдөр төрийн толгойд буй хэдэн хүн боорлон, хүнийх нь хувьд дэндүү муухай буланд шахаж байна. Хоосон хонгил, манан будан ярьж, хий үзэгдэлтэй тэмцэлдэж байхаар баримтаар нотлогдож, байцаагдаж хоригдохдоо тулсан ЖДҮ-чидтэйгээ, Төмөр замын замхрах гээд байгаа хэрэгтэйгээ ноцолдохыг, шударгаар шийдэхийг ард түмэн хүсч байна шүү дээ.

Б.РАГЧАА

Эх сурвалж: Өдрийн сонин