Нийслэлийн Засаг дарга асан С.Батболд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа өгөөд багагүй хугацаа өнгөрсөн хэдий ч түүний халааг авах хүнийг өнөөг хүртэл сонгоогүй хэвээр байна. Энэ асуудал дахин хойшлогдож, он дамнан шийдэгдэх магадлал өндөр боллоо.

Хотын дарга суудлаа өгсөн даруйд дараагийн хотын дарга болох мөрөөдөлдөө автсан хүмүүсээр НИТХ-ын дарга С.Амарсайхан, төлөөлөгч Р.Дагва, Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхбаатар нар нэрлэгдэж байв. Үнэхээр ч нэр цохсон эдгээр эрхмүүдийг өнгөрсөн долоо хоногт хуралдсан Нийслэлийн МАН-ын хорооноос Хотын даргад нэрийг дэвшүүлэн нь өрсөлдүүлсэн юм.

Мэдээж тэд ардаа бүгд татаастай, томоохон лоббитой төдийгүй ямар, ямар эрхмүүдийн хүсэл мөрөөдлийг гүйцэлдүүлэх гэж байгаа вэ гэдгийг захын хүн андахгүй.

Тэгвэл Нийслэлийн МАН-ын хорооны 15 тэргүүлэгчээс Нийслэлийн Засаг даргад өрсөлдсөн С.Амарсайханд ес, Б.Мөнхбаатарт тав, Р.Дагвад нэг санал тус тус өгч хамгийн олон буюу 63 хувийн санал авсан С.Амарсайхан нэрийг Нийслэлийн Засаг даргад нэрийг нь батламжлан  МАН-ын хорооны Удирдах зөвлөлд илгээжээ. Ийнхүү Намынхаа Удирдах зөвлөлд оруулж, баталгаажуулсан ч НИТХ дахь МАН-ын бүлэг Удирдах зөвлөлийнхөө шийдвэртээ 100 хувь санал нэгдээгүй юм.

Энэ талаар НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва “Бүлэг байр сууриа нэгтгээгүй. Тиймээс манай намын бүлэг энэ асуудалд завсарлага авна. Нийслэлийн намын хорооны дарга улс төрийн шийдвэр гаргаж, өөр хүний нэр оруулж ирсэн. Тийм учраас бүлгээ нэгтгэсэн байр суурьтай болгож байж энэ асуудлыг ярина. Хүн бүр өөр өөрийн гэсэн үзэл бодолтой байна. Нийгэм зөрчилдөөнтэй үед хүмүүсийн үзэл бодлыг нэгтгэхэд ярвигтай байгаа. Гэхдээ НИТХ дахь МАН-ын бүлэг байр сууриа нэгтгээд явна. Хамгийн гол нь нийслэлийн намын хорооны дарга мөрийн хөтөлбөр, бодлогоо хэрэгжүүлэхийн тулд баг болж ажиллах хүний нэр оруулж ирсэн” гэлээ.

Харин НИТХ-ын төлөөлөгч, хотын дарга асан Э.Бат-Үүл олны анхаарлыг татсан нэг үг хэлсэн юм. Тэрбээр “ НИТХ-ын хурлаа удирдаж чадахгүй байгаа хүн яаж хотын дарга болох гээд байгаа юм бэ” хэмээсэн юм. Түүний энэхүү үг АН-ын бүлэг С.Амарсайханыг дэмжихгүй байгааг илтгэх шиг боллоо.

Өнөөдөр хотын шинэ даргаар хэнийг сонгохыг хэлэлцэх оны сүүлчийн өдөр. Гэсэн хэдий ч НИТХ-ын хуралдааны ирц хүрэх эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл МАН НИТХ-д 34 суудалтай ч дараагийн хотын даргаар ажиллах хүн дээрээ тохирч чадаагүй учраас ирцээ ч мөн бүрдүүлж чадахгүй байгаа аж. Тэгэхээр хотын даргын сонгуулийн асуудал он дамнан хойшлох магадлал өндөр байна.

Хотын даргын суудалд өрсөлдсөн Б.Мөнхбаатарын тухайд хотын даргын сунгаанаас нэрээ татлаа гэх мэдээлэл өмнө нь хэвлэлээр гарч байсан. Ийм мэдээллийг хэн хаанаас өгөв гэдэг нь ч тодорхойгүй байсан бөгөөд Б.Мөнхбаатар ч өөрийнхөө амнаас “Би нэрээ татлаа” гэх үгийг хэлээгүй байдаг.

Мэдээж Б.Мөнхбаатар дээрх хоёр хүнээс илүүтэйгээр хот гэдэг том айлыг хамгийн сайн мэдэх нэгэн учраас энэхүү бүрхэг мэдээллийг тэдний зүгээс хэвлэлийнхэнд шидсэн байхыг үгүйсгэхгүй. Хэрвээ түүний нэрээ татсан нь үнэн бол МАН-ын генсек Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нарын дунд ширүүхэн тулаан өрнөх нь дамжиггүй. Тэд хот гэдэг том айлыг өөрсдийн болгохын тулд боломжит бүх ажлаа дор бүрнээ дэс дараатай хийж, НИТХ-ын 45 төлөөлөгчөө хэдэн хэсэг хувааж, уламжлалт муу аргуудаа ч хэдийнэ хийгээд эхэлсэн тухай АН-ын төлөөлөгчид энэ өдрүүдэд ярьж байгаа юм.