ОХУ-ын Челябинск мужийн Магнитогорск хотод ахуйн хийн дэлбэрэлтийн улмаас нурсан орон сууцны нурангин доороос 11 сартай жаал хүүг олсон байна.

Аврагчдын мэдээлснээр, хүү ухаантай байгаа боловч биеийн байдал нь маш хүнд байгаа ажээ.

Иван гэх нэртэй уг жаал хүүгийн хөл гарын хэсгүүд хөлдөж, толгой нь гэмтэж, хөл нь хугарсан байсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Түүнд эмчилгээ хийхээр Москва хот руу шилжүүлжээ.

Тус орон сууцанд ахуйн хий дэлбэрч, орон сууцны нэг орц бүхлээрээ нурсны улмаас наад зах нь 9 хүн амиа алджээ. Харин түүний ээж энэхүү эмгэнэлт явдлаас амьд гарч чадсан байна. Одоогийн байдлаар 32 хүн нурангид дарагдсан бөгөөд сураггүй байгаа юм.

Иван хүү өвлийн хасах хэмд 30 гаруй цагийн турш нурангид даруулсан байна.

Үүнээс гадна Магнитогорск хотод хийгээр ажилладаг жижиг автобус дэлбэрсэн хэрэг гарсан бөгөөд үүний улмаас 3 гурван хүн амиа алджээ. Уг автобусны түлшний систем дэлбэрсэн гэж албаны хүмүүс мэдээлэв.