УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхлэхээр товлоод байсан ч МАН-ын бүлгийн даргын хүсэлтээр түр хойшлов.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан товч тайлбар хийлээ. Тэрбээр, “УИХ-ын нэр бүхий 40 гишүүнээс намайг өөрийн хүсэлтээр огцрохыг шаардаж, албан бичиг ирүүлснийг хуульд нийцсэн эсэхийг шалгуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Дээрх шаардлага нь УИХ-ын тухай хуульд нийцэхгүй байгаа тул хэлэлцэх шаардлаггүй гэсэн албан бичгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан өнгөрсөн сарын 25-нд ирүүллээ. Тиймээс Д.Лүндээжанцан даргын бичигт үндэслэн дээрх нэр бүхий 40 гишүүнийг чуулган болон байнгын хороодын хуралдаандаа оролцохыг хүсч, албан бичиг хүргүүлсэн. Чуулганаар ХХААХҮ-ийн сайдыг томилох, ЗТХ-ын сайд, БСШУС-ын сайдыг огцруулах, Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолын төслүүд зэрэг цаг үеийн шинжтэй олон асуудлыг хэлэлцэх шаардлагатай байна” гэлээ.

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, “Манай бүлэг өнөөдөр хуралдаж, улс төрийн нөхцөл байдлын талаар хэлэлцэхээр товлосон. Тиймээс чуулганы хуралдааныг түр хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт тавьсныг УИХ-ын дарга хүлээн авлаа.