2019 оны нэгдүгээр сараас эхлэн иргэд эрүүл мэндийн даатгалаараа фитнесс клубт үйлчлүүлэх боломжтой болж байгаа билээ. Тодруулбал, 2017 онд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулан “магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн хийж, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгох”-оор тусгасан. Энэхүү өөрчлөлт нь 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ гэж хуульчилсан юм.   

Хуулийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас тодруулахад “Хуулийн өөрчлөлтөөр Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээнд фитнес клубт хөнгөлөлттэй үйлчлүүлэх тухай заалт нэмэгдсэн.   Эрүүл мэндийн даатгалын сангаас хоёр тэрбум төгрөгийг спортын клубт идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгоход зарцуулахаар тусгасан. Одоогоор хаанахын ямар клуб, хэдэн хувиар хөнгөлөлттэй үйлчлэх нь тодорхой болоогүй байна. БСШУСЯ болон Эрүүл мэндийн яамнаас хамтарсан ажлын хэсэг гарч магадлан итгэмжлэлийн журам батлах ёстой” гэлээ.

Спорт клубуудын магадлан итгэмжлэлийн журам хэзээ батлагдах талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэгээс тодрууллаа.     

-Иргэд хэзээнээс эрүүл мэндийн даатгалаар фитнесс клубт үйлчлүүлэх боломжтой болох вэ. Спорт клубуудын магадлал итгэмжлэлийн журам хэзээ батлагдах вэ?   

-2018 онд спорт клубуудын магадлан итгэмжлэх журам болон магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтийг Эрүүл Мэндийн яам болон Биеийн тамир спортын газар, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газраас нэгдсэн Ажлын хэсэг байгуулаад ,журмыг боловсруулж дууссан. Миний хувьд Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Тус журмыг  БСШУСЯ-ны сайд батлаад Эрүүл мэндийн сайдад хүргүүлсэн байгаа. Эрүүл мэндийн сайд баталсаны дараа  хоёр дахь журмыг 2019 оны эхний улиралдаа багтаагаад Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргана. Уг сонгон шалгаруулалтын журмаар  спорт клубуудээ сонгоод, иргэд үйлчлүүлж эхлэх юм.    

-Магадлан итгэмжлэгдсэн фитнесс клубууд нь ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?

-Иргэдийн хувьд зөвхөн фитнесс клубт эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх боломжтой болно гэж ойлгоод байгаа. Фитнесс клубээс гадна бүх төрлийн спорт клубууд багтаж байгаа юм. Иог, таеквондо, сагс, усан сэлэлт, жүдо, хөлбөмбөг, теннис гээд бүх төрлийн спорт клубуудад эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх боломжтой болох юм.  Учир нь хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэд ч гэсэн эрүүл мэндийн даатгалынхаа үр шимийг хүртэх ёстой. Гэтэл сум бүрт фитнесс клуб байхгүй шүү дээ. Харин сум бүрт төрөл бүрийн спортын клубууд байж болно. Олон хүнд хүртээмжтэй байлгах зорилготой юм.   

Магадлан итгэмжлэгдсэн спорт клубуудын тухайд бол эхний ээлжинд хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байх.  Эрх зүйн бичиг байх гэсэн шалгууртай. Хамгийн гол шалгуур нь идэвхитэй хөдөлгөөн,  биеийн тамир спортын  чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгаа, тухайн төрөл хариуцсан спортын холбоонд бүртгэлтэй байхыг журамд тусгасан. Мөн спортын төрлөөр сургалт  удирдах дасгалжуулагч, эмч байх ёстой.   Мэргэжлийн бус дасгалжуулагч, анхан шатны тусламж үзүүлж чаддаг эмчгүйгээс үүдсэн гэмтэл бэртэл их гардаг шүү дээ. Үүнээс сэргийлж байгаа юм.