АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

 

-Улс төрд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан танай намын улс төрийн зөвлөлөөс шийдвэр гаргасан байна.  УИХ-ыг тарааж, дахин сонгууль явуулах боломж бий гэж харжээ?

 

-Тийм ээ. Өнгөрсөн хугацаанд манай нам сөрөг хүчний байр суурийг илэрхийлж ирсэн. Гэхдээ эх орон ард түмнийхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьж эв нэгдлийг эрхэмлэж ажилласан. Өнгөрсөн бямба гаригт манай намын улс төрийн зөвлөл хуралдаж, улс төрд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой шийдвэр гаргалаа.

УИХ-ын ээлжит бус сонгуулийг яаралтай зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн.  Энэхүү шийдвэрээ УИХ дахь намын бүлэгтээ хүргүүллээ.  Тэд санал нэгтэйгээр хүлээн авч, дэмжиж ажиллахаа илэрхийлээд байна. Үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийн, мухардлаас гарах гарцыг ээлжит бус сонгууль яаралтай зарлан явуулж, нийт ард түмнээр эрх баригчдын үйл ажиллагааг зайлшгүй дүгнүүлэх шаардлагатай гэж үзлээ.

 

-Улс төрд гацалт үүсээд удаж байна. Та улс төрчийн зүгээс юу гэж харж байна вэ?

 

-Төрийн бүхий л шатанд эрх баригчдын талцал, хуваагдал нүүрлэж байна. УИХ нь гишүүн дутуу, Засгийн газар нь бүрэлдэхүүн дутуу. Улаанбаатар хот нь удирдлагагүй, 20 аймгийн ИТХ нь хуваагдмал байдалд ороод байна.  Завхан аймгаас бусад аймаг ийм байдалтай байгаа.  Ийм төр засагтай бид цаашид явах боломжгүй.  УИХ нь хуралдахгүй, Засийн газар нь явуулах ёстой сайд нараа явуулахгүй, томилох ёстой хүмүүсээ ч томилж чадахгүй байна.  Төрийн шат бүхэнд ийм асуудал үүслээ.  Төрийн ажил бүрэн  зогслоо.  Төр иргэдээ төлөөлөх чадваргүй боллоо.  Үндсэн хуульдаа төрийн эрх барих бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэж заасан.  Эрх баригч намын өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээсэн зүйлийг ард түмэн шүүх эрхтэй.

Манай  нам үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийн, мухардлаас гарах гарцыг ээлжит бус сонгууль яаралтай зарлан явуулж, нийт ард түмнээр эрх баригчдын үйл ажиллагааг зайлшгүй дүгнүүлэх шаардлагатай гэж үзлээ.

 

-Ээлжит бус сонгууль явуулах нь хууль эрх зүйн хүрээнд хэр нийцэх вэ?

 

-УИХ-ын ээлжит бус сонгуулийг утаатай, асуудалтай  үед зохион байгуулаад үзэх хэрэгтэй. Урин дулаан цагт найр наадмын  үеэр  сонгууль явуулахаар бодит сонголт болж чадахгүй байна.  Бид 24 цагийн турш утаагаар амьсгалж байна.  Энэ үед ард түмэн сонголтоо хий л дээ.  Мөн улс төрийн намын хамгийн гол үнэт зүйл нь мөрийн хөтөлбөр байдаг.  Гэтэл МАН өнгөрсөнд амласнаа биелүүлж чадсангүй.  Тэгэхээр 2020 оны сонгууль хүртэл энэ намаас юу ч хүлээх шаардлагагүй болж байна.  Одоо учраа олоод улс төр цаашаа явах боломжгүй болсон.  Бид дахиад нэг жил хэрүүл тэмцэл, талцал хуваагдах харж суумааргүй байна.  Үндсэн хуулийн 22.2 дахь заалт, УИХ-ын тухай хуулийг үндэслэн УИХ-ыг тараах хуулийн төслийг боловсруулж гарын үсэг цуглуулж болно.

 

-Эрх баригч намын амлалт мөрийн хөтөлбөрт та үнэлэлт дүгнэлт өгвөл юу гэх вэ?

 

-2016 онд эрх баригч нам юу гэж амлаж байсан. Тэр бүхнийг ард түмэн мартаагүй байгаа. Тэд мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн. Байгуулаагүй.  Монгол Улсыг өрийн дарамтнаас гаргана гэсэн гаргаагүй.  Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна. Арилжааны зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгана, аймаг бүрт үйлдвэр барина, Татвар нэмэхгүй, шинэ төрлийн татварыг бий болгохгүй, өрхийн сарын орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ  гэжээ.  Энэ амлалтууд хаана байна.  мөн Улаанбаатар хотын дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн барьж, ногоон байгууламжийг  нэмэгдүүлнэ.  Бүх эмнэлэгийн үзлэгийн  дугаарыг гэрээсээ захиалдаг системтэй болгоно.  Инфляцийн төвшинг нэг оронтой тоонд аваачина. Монгол төгрөгийн уналтыг зогсоож, зохистой төвшинд хадгална. Гадаадын хөрөнгө оруулагчдын  урсгалыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг  татна.  Эгийн голын усан цахилгаан станц, Улаанбаатарт V цахилгаан станц барина.  Олон улсын нислэгийн үнийг буулгана.  Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан таатай нөхцөл бүхий итгэлийн зээл олгоно гэсэн байна. Энэ бол МАН-ын 2016 онд ард түмэнд амлаж гарч ирсэн амлалт.  Гэтэл эрх баригчид энэ амлалтаа яг эсрэгээр нь биелүүлсэн.  Одоо 2019 он гарлаа.  Тэдний энэ амлалтууд биелэх ямар ч боломжгүй, одоо тэднээс хүлээх зүйл үлдсэнгүй.

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин