Шадар сайд асан Ц.Оюунбаатар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Тэмээн поло тэмцээн”-ийг дэмжихэд 150 сая төгрөгийн эрх шилжүүлэх тушаал хэрэгжүүлэхийг тухайн үед Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайханд даалгаж, улмаар А/325 дугаартай тушаал гаргуулан өөрийн төрсөн хүүхдийн “Монголын тэмээн поло спорт уралдаан аяллын холбоо” гэх төрийн бус байгууллагын дансаар 150 сая төгрөг авч Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон. Энэ хэргийн мөрдөн байцаалт дуусч шүүхэд шилжсэн бөгөөд өнөөдөо Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал боллоо. 

Шүүх хуралд шүүгдэгч Д.Жаргалсайхан нь 2019.01.08-16-ны өдрийг хүртэл эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтсэн гэх эмчийн магадлагааг ирүүлсэн, мөн шүүгдэгч О.Тэмүүжингийн өмгөөлөгч Н.Тэрбиш нь хөдөө орон нутагт шүүх хуралд оролцож байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүх хуралдааныг 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 цаг хүртэл хойшлуулсан байна.

Ц.Оюунбаатар, Д.Жаргалсайхан, О.Тэмүүжин нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 гэсэн зүйл ангиар буюу албан үүргээ урвуулан ашигласан гэх зүйл ангиар ял төлөвлөөд байгаа юм.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.