Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн барилгын гүйцэтгэлтэй Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох албаныхан танилцлаа. Улсын 2-р эмнэлгийг түшиглэн барьж байгаа төвийн ажлын явц 93 хувьтай байна.  Тус төв ашиглалтад орсноор хорт хавдрыг эрт үед нь илрүүлээд зогсохгүй гадны улс орныг зорьж зардал цаг заваа гарздалгүйгээр эх орондоо олон төрлийн оношилгоо, эмчилгээ хийлгэх боломж бүрдэх юм.

Монгол улсад анх удаа үндэсний хэмжээний оношилгоо, эмчилгээний төв байгуулах асуудал 2010 онд анх яригдаж, улмаар 2012 оны 5-р сарын 17-нд Монгол улсын сангийн яам БНСУ-ын Эксим банктай гэрээ байгуулж байсан. Гэрээнд зааснаар Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төсөл 34 сарын хугацаатай хэрэгжих байсан боловч энэ хугацаа 72 сар болж, ажил удааширсан юм. Харин 2018 оны 5-р сарын 2-нд удирдах хороо хуралдан төслийн нэгжийг татан буулгаж, шинэ төжслийн нэгж бүрдүүлж, улсын хоёрдугаар төв эмнэлгийн харьяанд шилжүүлэх шийдвэр гаргасан байдаг. Энэ шийвдэр зөв байж, ажлын явц ч сайжирсныг сайд Д. Сарангэрэл өнөөдөр онцолж байлаа. Өнөөдрийн байдлаар Үндэсний оношилогоо, эмчилгээний төвийн барилгын ажил 93 хувийн гүйцэтгэлтэй байна.

 Энэ төвд 215 нэр төрлийн 1800 гаруй эмнэлгийн орчин үеийн тоног, төхөөрөмж нийлүүлэгдэхээс одоогийн байдлаар 1600 орчим тоног, төхөөрөмжийг суурьлуулжээ. Монгол улсад анх удаа хавдрыг эрт үед нь оношлох өндөр хүчин чадал бүхий орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүд,  мөн алсын зайн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж суурьлуулагдах юм.  Оношилгооны төвөөс гадна хагалгааны 6 заалтай, хэвтэн эмчлүүлэх 110 ортой, шигдээсийн төвтэй байх юм. Мөн үе мөч, нуруу нугасны мэс заслын тасаг байгуулжээ. Хагалгааны блок, эмч нарын хувцас солих өрөө, унтуулгын өрөө, сэрээх өрөө... гээд бүгдийг нэг дор шийджээ.

Агааржуулалтын асуудлыг цогцоор нь шийдсэн. Яаралтай түргэн тусламжийн тасгийн эсрэг талд дүрс оношилгооны тасаг байгуулжээ. Ингэснээр яаралтай тусламж авахаар ирсэн өвчтөнүүд цаг алдахгүй, эрсдлийг бууруулахаараа онцлогтой юм. Мөн өрөө тасалгааны хаалганаас эхлээд бүгдийг орчин үеийн эмнэлгийн стандартад нийцүүлэн барьжээ.

Үндэсний оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орсноор манай улсын иргэд оношилгоо, эмчилгээ хийлгэхээр өндөр хөгжилтэй гадны улс орныг зорих шаардлагагүй, цаг хугацаа, зардал мөнгөө хэмнэх юм. Үндэсний оношилгоо, эмчилгээний төв 3 сарын дараа ашиглалтад орох юм

Мөн Бүгд найрамдах солонгос улс болон Монгол Улсад сургалтад хамрагдан бэлтгэгдэх эмч, мэргэжилтнүүд БНСУ-ын Ёнсей эмнэлэгийн сургалтад хамрагдан сүүлийн ээлжний 8 хүн энэ сарын 14-ний өдөр БНСУ-ыг зорих бөгөөд Монгол Улсад зохион байгуулах сургалтууд эмнэлэг ашиглалтад орох үеийн туршилт шалгалтын үед хийгдэх юм. 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.