Оюутолгой новширч бай­на. “Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалт 4.7 тэрбум ам.доллар. Гэвч энэ мөнгө 7.1 тэрбум ам.доллар болтлоо өссөнийг Ерөнхий сайд ч, Уул уурхайн сайд нь ч мэдэгдсэн. Гэтэл эл хөрөнгө өдгөө есөн тэр­бум ам.доллараар яригдана.

Гэрээнд тусгаснаар “Оюутол­гой”-н үйлдвэр ашиглалтад орж, баяжмалаа гаргаж авс­наар анхны хөрөнгө оруулалт зогсох учиртай. Улмаар анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын хувь эзэмшлийг нэмэх бололцоо гарна, басхүү хоёр тал ног­дол ашиг хуваах учиртай. Гэтэл хэлэлцэж тохирсон үнэ хэдэнтээ өөрчлөгдөн нэмэгдлээ. Зардлаа нэмж буйн цаад учрыг хардаж харвал анхны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхол хөрөн­гө оруулагчдад илт байна. Учир нь анхны хөрөнгө оруулалт их байх тусмаа  түүнийг нөхөх хугацаа уртасна, хойшоо сунана. Хугацаа хойшлох тусам монголчуудын хувь оролцоо хумигдана. Хамгийн гол нь ашгаа ч авч чадахгүй ангайж байх зуур Оюутолгойг хоослон цөлмөнө. Ийм хэмжээний техник, технологийн хүчин чадалтай дэлхийн ердөө гурав, дөрөвхөн компанийн нэг нь Рио Тинто. Иймээс башир арга хэрэглэж, монголчуудыг хулхидах санаа агуулаад буй талаар бичсэн Ш.Даваадоржийн “Хулхидуулмаар байна уу” нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Өөрийгөө монгол гэж боддог хүн бүрээс ингэж асуумаар байна. “Хулхин дээр цэцэг ургуулах”-ыг монголчууд эртнээс, бүр нэг яс, мах, цуснаасаа үзэн ядаж ирсэн ард түмэн юмсан. Хуурах, худлаа ярих, нэг муу амь аргацаасан үнэгэн заль, ов мэх гаргахыг хамгийн адгийн, дорой, нүдний булайн шинж гэж үзэж ирсэн философитой болохоор бусдыг хууран мэхлэж, хулхидахыг ч нэг нүдээрээ үздэггүй явсан өвөг, дээдсийн үр, удам билээ л. Бусдад хууран мэхлэгдэх, бусдыг хууран мэхлэх явдлыг доромжийн доромж хэмээн сэжиглэн, цэрвэдэг араншин бидний цусанд оршдгийг мэдэх ёстой нэгэн өнөөдөр мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй сэхүүн загнаад байгаад эгдүүцэл, дургүйцэл өрцний цаанаас зэрэг оволзоод болдоггүй ээ.

Оюутолгойн эрдэнэсийн орд илэрснээс эхлээд л элдвийн нөхдүүд (Энд их нөхөрсөгөөр хандлаа. Уг нь луйварчид гэж бичвэл зөв байлаа. Ш.Д) мань монголчуудыгаа яаж ийгээд мэхлэхийг үнэнхүү хичээнгүйлж ирлээ шүү дээ. Арван долоон жил гэдэг бага хугацаа биш. Айвенхоу майнз буюу эдүгээгийн Turquоise hill, Рио Тинто Оюутолгойд орж ирснээс хойш ийм хугацаа өнгөрчээ. Яг ийм хугацаанд өнөөгийн Эрдэнэт хот боссон юм. Гайхамшигтай, хүчирхэг нөгөө Рио Тинто яав. Бидний мөрөөдсөн, итгэсэн говьд сүндэрлэх Гандирсийн хотын сураг ч алга. Алгаар барахгүй, битгий дэмийр, бид хот байгуулдаг тэнэг гар биш гэдгээ шар толгойтнууд шууд хэлдэг боллоо. Өмнөговийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт эзэн суусан англи-саксончууд монгол хүнийг арай л дорд үзээд байна. Өдгөө болтол хуучирсан гэр, хэдэн сэндвийчэн байшингаас өөр бүтээн байгуулалт гэхээр юү ч босгосонгүй ээ. (Мэдээж уурхайн хувьд өөр. Орчин үеийн гайхалтай тоног, төхөөрөмжүүдээ тэд нэгэн цагт аваад явчихна. Ш.Д) Үнэхээр монголчуудад үлдэх зүйл дахиад арван жил өнгөрөхөд Оюутолгойн хоосорсон уурхайн онгойсон нүхнүүд төдий л байх болов уу? Харин энэ 17 жилийн турш тэд манай улстөрчид, иргэний хөдөлгөөнийхөн хийгээд хэвлэл, мэдээллийн бүхий л хэрэгсэлтэй жинхэнэ утгаараа тулж ажилласан даа. Монголчуудын тархийг угааж, толгойг нь базахын тулд л тэр шүү дээ. Худалдаж авч болох бүхнээ тэд одоо авчихсан. Энэ бүхний шууд нөлөөлөл дор өөрсдийн хүссэн гэрээгээ байгуулж чадсан юм. Нам, үзэл бодлын зөрүүг үл харгалзан хармаа нэг болсон улстөрчид тэдэнд Монголын эрх ашгийг худалдаж орхисон билээ. Оюутолгойн эсрэг дуугарсан болгоныг нам дардаг бүхэл бүтэн “пиарчдын “ баг бий болсон. С.Баярын гаргасан стандарт бус шийдвэрүүд, Хамтарсан Засгийн газар хийгээд Сү.Батболдын үеийн МАНАН бий болсон түүхийн цаана яг үнэндээ Оюутолгой, Рио Тинтогийн эрх ашиг байсныг ёстой нөгөө Долоон буудлын Долгор эмгэн ч мэддэг болсон цаг биш үү. Тэд бүгд амин хувийн эрх ашгаа нэгд тавьж, Монголоороо барьцаалан Оюутолгойгоос насныхаа хоолоо хийж аваад арилаад өгцгөөсөн. Энэ бүх хэрүүл, маргааныг орхиж болж байна. Ямартаа ч монголчууд “хатуу самар”, африкчууд шиг дорой, ноомой, үгээр нь гөлөлзөх ард түмэн биш гэдгийг Рио Тинто мэдэрч байгаа байх. Анх Африкийн орнуудад хэрэглэсэн гэрээгээ тэр чигээр нь хуулбарлаад, зөвхөн тухайн улсын нэрийг Монгол гэж солиод авч ирж байсан гэх шар толгойтнууд эндүүрснээ ойлгоод толгойгоо багагүй гашилгах болсон. Үндэстэн дамнасан том корпорац гэхээрээ хамгаас шударга, ёс зүйтэй байдаг гэвэл жинхэнэ эндүүрэл. Харин ийм том байх тусмаа бусдыг хүчээр дээрэлхэн, боломж гарвал бүр уусган залгиж байдаг юм. Рио Тинтогийн 150 гаруй жилийн түүх ч тийм цэвэр биш. Мөр нь цус, үгүйрэл сүйрлийг дагуулсан нь ч бий. 2012 оны Лондоны Олимпийн наадмын медалийг Рио Тинто хийхээр болсныг дэлхийн улс орнууд эсэргүүцэж болиулсны учрыг жирийн тохиолдол гэж үзэх үү. “Байгаль, хүрээлэн буй орчныг хөнөөн сүйтгэгч, хордуулагч Рио Тинто спортын хань, найз нөхөр байх ёсгүй” гэсэн уриан дор олон үндэстэн яагаад нэгдсэн гэж бодно вэ? Замби улс зэсийн орд газраасаа юу ч олж долоолгүй үндэстэн дамнасан корпорацид (Швейцарийн) цөлмүүлээд хоосон хэвээрээ хоцорсон нь өөртөө ашиггүй гэрээ байгуулсны гор гэдэг. Замбигийн адилаар замарсан орнуудын сургамж, жишээ ч олон. Баялагаасаа болж баларсан улсуудын тоог Монгол Улсаар нэмэхийг тэдэнд зөвшөөрөх ёсгүй юм.

Рио Тинто, Айвенхоу майнз хөрөнгө оруулалтаараа ямар нэгэн улсыг өөд татсан гэх жишээ баримт огт алга. Харин ч үгүйрүүлж, хоосруулан, цөлмөөд, үймээн самуун үлдээгээд өөрсдөө өврөө түнтийлгээд хаяж одсон гэх өөдгүй намтар арвин олдох нь хачин. Сурсан юмыг сураар боож болдоггүй. Бидэндээ сурсан мэхээ хийх гээд л элдэвлээд байна даа тэд.

Хэдхэн хоногийн өмнө Өмнөговь аймагт томилолтоор ажиллаад ирлээ. Нутгийн иргэдийн итгэл алдарчээ. Тэд Оюутолгой компанийг шууд л “Жинхэнэ хулхи” гэж тодорхойлж байна. Намайг очдог өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрынхан Оюутолгой компанийн удирдах бүрэлдэхүүнтэй хуралдаж таарлаа. Тус аймагт оруулах ёстой хөрөнгө оруулалт, амлалтаасаа Оюутолгой татгалзаад удаж байгаа гэнэ. Аймгийн төвд барьж өгсөн гэх хоёр сургуулийн барилга гэж хэн ч харсан өнгө, үзэмжгүй, будаг, шохой нь хуурсан гурай гэж жигтэйхэн шавар овоолго харагдах юм билээ. Биеийн тамирын ордон байгуулж өгнө гэсэн авч санхүүжилт хийхээ байсан тул бас нэг балгас болон хүглийж байх. 17 жил эдний хүслээр, харцаар бөмбөрлөө, монгол хүн өөрийн эх орондоо, өөрийн газар нутагтаа бусдын гар царайчлан амьдрана гэж юу байдгийн хэмээн өмнөговьчууд бухимдаж байна.

Оюутолгойн удирдлагууд ярих­даа гоё хэдий ч, биелэлт гэж ёстой лөөлөө гэдгийг тэд өгүүлцгээлээ. Засгийн газартай байгуулсан гэрээнд тусгасан нийт ажилчдын 90 хувь нь монголчууд байна гэдэг заалт амьдрал дээр шал худлаа гэдгийг Өмнөговьд очиж байж л мэдэх юм. Одоо Оюутолгойд ажиллаж буй 10 мянган хүний тал хувь нь л монголчууд. Гэхдээ энэ тоонд туслан гүйцэтгэх ажил , үйлчилгээ эрхэлдэг монголчууд ороод шүү дээ. Алхам тутамдаа тэд биднийг хуурч байна. Монгочуудад хачин дээрэлхүү. Хэл ам хийгээд явбал өчиггүйгээр ажлын гэрээгээ цуцалчихна. Оюутолгойд ажил, үйлчилгээ хийх эрх авсан монгол компаниуд тэдний өмнө нохой мэт шарвалзаж байх ёстой. Эс бөгөөс хөөгдөнө, хог дээр үсрэнэ.

Ядаж л арван мянган ажилчны 90 хувь нь монголчууд байх аваас Монголоос хоол, хүнсээ хангадаг болно. Тэгвэл Оюутолгойн хятад, авсрали, англи, канад, америк 5000 гаруй ажилчин, ажилтнууд Австралиас хурганы мах, Францаас лаазалсан бүтээгдхүүн, Хятадаас хүнсний ногоогоо зөөлгөн, ханган нийлүүлж байх жишээтэй. Монголыг гэсэн сэтгэл Оюутолгойд өчүүхэн ч алга. Орон нутгийн аж ахуй, нэгжүүдээс нийлүүлдэг ингэний хоормог, буцалгаа, жимс, ногоог түмэн шалтаг тоочин байсхийгээд авахаа болчихно. Ажилчдынхаа хуучирч, хэмхэрсэн гэрийг тусламж хэмээн орон нутгийн засаг захиргаанд олгочихдог гэх мэтээр манийгаа аргалаад, залилаад бүр нэг сурчихжээ.

Одоо бол Оюутолгойн төсөл гэж ярихаа болиод Оюутолгойн үйлдвэрлэл гэж ярьдаг болсон цаг. Өнгөрсөн намраас эхлээд экспортод зэсийн баяжмал гаргаад эхэллээ. Анхны гэрээ ёсоор бүтээгдхүүнээ борлуулалтад гаргасан цаг мөчөөс эхлэн Оюутолгойд оруулсан 4.7 тэрбум ам.долларын үндсэн хөрөнгө оруулалт зогсох учиртай. Борлуулалтаас олох орлогоороо эхлээд үндсэн хөрөнгө оруулалтаа нөхөөд үүнээс хойш хөрөнгө оруулагчид ашиг хуваалцах болно хэмээн бидэнд ойлгуулж, ойлгож ирсэн. Гэтэл дахиад л хууралт, бас урвалт.

Оюутолгой компани үндсэн хөрөнгө оруулалтынхаа хэмжээг бараг есөн тэрбум ам.доллар хэмээн гаднаас дөрвөн тэрбум ам.долларын зээл хөөцөлдөн бүтээсэн гэдгээ арваадхан хоногийн өмнө мэдээлсэн байсан. Тэгэхээр анх олборлолт, борлуулалт эхэлснээс 4.5 жилийн дараа үндсэн хөрөнгө оруулалтаа нөхөж дуусаад, ашиг хуваарилж эхлэнэ гэсэн тэдний амлалт худлаа боллоо. Нөгөө бидний мөрөөдөл хэзээ ч үл биелэх, утопп санаа болж хувирах магадлалтай гэдэг эндээс харагдаад байна. Үндсэн хөрөнгө оруулалт нэмэгдээд байгаа нь монголчууд биднээс цаг хожих гэсэн санаа гэдгийг мэрэгжилтнүүд өгүүлдэг юм билээ. Энэ нь угтаа ашиг хуваах цаг хойшлогдож байна аа гэсэн үг. Нэгэнт зээл аваад 8-9 тэрбум ам. долларт хүрсэн үндсэн хөрөнгө оруулалтаа нөхөж дуустал монголчууд хүлээнэ. Оюутолгойн ордыг лавтайяа 30 жил ашиглана гэсэн Рио Тинтогийн үлгэрт бид итгэх хэрэгтэй юү. “Бороо-гоулд” Сү. Батболд хоёр монголчуудыг хулхидсан шиг явдлыг Рио Тинто давтахгүй гэсэн баталгааг хэн өгч чадах вэ? Биднийг ашгаа ч авч чадаагүй байхад арван жилийн дотор л Оюутолгойг хоослон цөлмөх техник, технологийн хүчин чадалтай дэлхийн ердөө гурав, дөрөвхөн компанийн нэгтэй учирсан гэдгээ бид байнга бодолцох хэрэгтэй болов уу?

Үр ашгийнхаа тооцоог тэд биднээс мянга дахин илүү тооцож байж л хөдөлж байгаа шүү дээ. Өдий болтол Өмнөговьд хот, суурин байгуулахгүй гэдийж байгааг Монголд хэдхэн жил болоход хаваасаг, авдгаа авч, авдраа дүүргээд буцна гэсэн тооцоотой байхыг үгүйсгэж болмооргүй бидний хувьд. Энэ чинь Эрдэнэтээс нэг шоо метр шороонд агуулагдах зэсийн агуулгаараа 4-5 дахин, нөөцөөрөө гурав дахин том орд шүү дээ. Зэс төдийгүй алт, мөнгөний том нөөц бас байгаа. Тэгээд 30 жил гэр барьж, амбаарт амьдарч уул уурхай эрхлэх болж байна гэж үү. Ийм их баялагийн эзэд атлаа гаднынханд ингэтлээ шалдаа буун царай алдаж, гуйж байх шаардлага бидэнд байх ёсгүй. Өөрт ногдох 34 хувийг 1.8 тэрбум доллараар худалдан авч байгаа маань ч нүүр рүүгээ нулимуулж байгаагаас нэг их ялгарна гэж үү. Оюутолгой шиг даварсан, монголчуудад эрхэлсэн компани алга. Говьд ус гэдэг алт, зэснээс ч үнэтэй ховор эрдэнэ байдаг юм. Гэтэл Оюутолгой гүний усыг монголчуудынх биш, бид өөрийн мөнгөө зарцуулж олсон бидний өмч хэмээн бараг архирч байна, тэгээд саяхныг болтол үнэгүй ашиглаж, монголчуудад болохоор литрээр нь үнэлэн зарж ирлээ шүү дээ. Тэд говийн гүний усыг секундэд дөрвөн тонноор ховх сорж байгаагаа усны хомсолд орохгүй хэмээн хайцаалдаг нь үнэхээр биднийг тэнэг гэж басамжилж байгаагаас өөрцгүй. Монгол хүний генд нь ямар ч үндэстнээс илүү уул, ус, нутгаа гэсэн хүйн холбоо байдаг гэдгийг тэд мэдэхгүй байна. Аанай л дарлаж сурсан африкчуудтай адилтгаад байгаа юм биш үү биднийг. Монгол Улсаас Оюутолгойд татварын хөнгөлөлтийг хүссэнээр нь эдлүүлсэн байдаг юм. Эрдэнэт үйлдвэр өнөөдөр 13 хувиар роялти төлж байхад Оюутолгойд байгалийн нөөц ашигласны роялтиг 5 хувиар 30 жилийн хугацаатай тогтоосон шүү дээ. Бид Оюутолгойн гэрээн дээр үнэхээр том алдсан гэдгээ мэддэг ч хүлээн зөвшөөрч чадахгүй, арчаагүй царайлж байна. Ийм хулчгар, аймхай байж боломгүй санагдана. Ухаалаг төрийн ажил эндээс эхлэх ёстой. Алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч, эртхэн засаад авъя л даа. Роберт Фрийланд нэгэнтээ Оюутолгойн гэрээг батлуулахын тулд Монголын бүх улстөрчдөд авилга өгсөн гээд хэлчихсэн. Тэгэхээр гэрээ хэний эрх ашигт үйлчлэх нь тодорхой байгаа шиг, түүнийг даруй өөрчлөх хэрэгтэй гэдэг нь ч тодоос тод байна биш үү. Монголчууд хулхидуулахгүй ээ, яагаад гэвэл бид африкчууд биш байхгүй юу даа.

 

Үргэлжлэл бий