УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Австрали, Тайланд, БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшигчдийг эгүүлэн татах тухай Гадаад харилцааны сайдын саналыг хэлэлцэж, дэмжсэн байна.

Засгийн газрын 2018 оны дөрөвдүгээр сарын 30-ны хуралдаанаар Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэр, Тайландын Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Чимгүүндарийг томилох асуудлыг хэлэлцэн дэмжиж, саналаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга, “Элчин сайдаар ажиллахаар болсон эдгээр нэр дэвшигчид нь тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй, Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих төвшинд хашиж чадахгүй гэж үзэж байгаа тул томилох тухай зарлиг болон Итгэмжлэх жуух бичиг гаргах боломжгүй байна” гэсэн хариу өгсөн юм. Харин БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжиж, 2017 оны 12 дугаар сарын 25-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан ч БНСУ-ын талаас албан ёсны хариу ирүүлээгүй байгаагаас өнөөдрийг хүртэл Итгэмжлэх жуух бичгээ гардаагүй байгаа юм. Тиймээс гадаадад амьдарч буй Монгол иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг тасралтгүй явуулах үүднээс дээрх нэр дэвшигчдийг эгүүлэн татаж, өөр хүн томилох хэрэгтэй гэсэн саналыг Гадаад харилцааны сайд танилцуулсан байна.

Мөн бүлгийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ долоо хоногийн пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар батлах нь зөв гэдэгт санал нэгджээ.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, “УИХ-ын үйл ажиллагаа энэ долоо хоногоос хэвийн үргэлжилнэ гэж харж байгаа. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл болон ЗТХ-ийн сайд, БСШУС-ын сайдыг чөлөөлөх, огцруулах асуудлыг энэ долоо хоногт эцэслэн шийдвэрлэнэ. Харин дээрх хоёр салбарын сайдад нэр дэвшигч хараахан тодроогүй байна” хэмээв.