Үндсэн хуулийн 27 жилийн ойн баярт зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаанд Улсын харцага О.Хангай түрүүлж, Улсын шинэ залуу аварга Н.Батсуурь үзүүрлэсэн билээ. Энэ хоёр хүчтэний хүч шавхсан, бяр тэнхээ шалгасан барилдаанаас илүү Н.Батсуурь аваргын дөрвийн давааны барилдаан үзэгчдийн хувьд ихэд шүүмжлэл дагуулаад байгаа юм.

Учир нь хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд Улсын аварга Н.Батсуурь Өвөрхангай аймгийн арслан Б.Лхагвадоржтой оноолт таарч, араас нь өргөх мэх хийж өргөж давсан. Давах явцад Б.Лхагвадорж арслан биеэ суллаж, шилэн хүзүү буюу ар дагзаараа унасан.

Энэ нь бөх сонирхогч түмэнд таалагдаагүй төдийгүй улсын аварга Н.Батсуурийг хэт аархаж барилдсан, ёс зүйгүй, увиагүй үйлдэл гаргасан гэх шүүмжлэлийг дагуулж, улмаар түүнийг заал танхим болон улсын наадамд барилдах эрхийг нь хасах ёстой гэсэн шүүмжлэлийг дагуулаад  байгаа юм. Уг барилдааны талаар Улсын аварга Н.Батсууриас тодрууллаа...

-Үндсэн хуулийн өдөрт зориулсан томоохон барилдаанд амжилттай барилдаж, үзүүрлэсэнд юуны өмнө баяр хүргэе. Бэлтгэлтэй байна уу?

-Баярлалаа... Бэлтгэл дээрээ байна.

-Аймгийн арслан Б.Лхагвадоржийг давсан барилдааны тухайд олон нийт, бөх сонирхогчид нэлээд таагүй сэтгэгдэлтэй байна. Б.Лхагвадорж арслан бэртэж гэмтсэн зүйл байсан уу. Бие нь зүгээр биз дээ?

-Барилдааны явц, давахад л тийм зүйл болсон. Би санаатай тийм зүйл хийгээгүй. Дүү хүү унахдаа биеэ хэт сулласан юм билээ... Дараа нь зүгээр босоод тахимаа өгсөн. Барилдааны үйл явц, хөндлөнгөөс харах хоёр чинь тэс өөр зүйл. Бэртээж, гэмтээхээр чанга унагаагүй.

-Хэт аархаж, цолондоо эрдэж, ёс зүйгүй барилдаан гаргасан гэж олон нийт шүүмжилж байна шүү дээ?

-Аархсан, илүүрхсэн зүйл огт байхгүй. Зөөлөн унагасан. Барилдах, барилдаан үзээд шүүмжлэх хоёр чинь тэс ондоон зүйл.

-Босоод тахимаа өгөхдөө зүгээр байсан уу?

-Зүгээр байсан. Шинэ гарч ирж байгаа, ирээдүйтэй залуусын нэг. Юу боллоо гэж түүнийг албаар, тэгж унагах вэ дээ...Ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж бодохгүй байна.

-Өмнө нь Ч.Санжаадамба аварга бас нэг ийм барилдаан гаргаж байсан. Дараа нь уучлал гуйсан санагдаж байна. Та Лхагвадорж арслангаас уучлал гуйсан уу?

-Санжаа аваргын тэр барилдааныг сайн санахгүй байна. Би уучлал гуйхгүй. Дүү хүүгийн бие зүгээр байгаа. Тэглээч унагасан бөхөөсөө уучлал гуйгаад явна гэж юу байхав дээ...

-2019 оны нэгдүгээр сарын 26-нд ар өвөр монголчуудын шилдэг 20 бөхийн халз барилдаантай юм билээ. Та зодоглох уу?

-Үгүй ээ...

Эх сурвалж: улстөрч.мн