АТГ тэргүүтэй хууль, хяналтын байгууллагынхан 2017 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр МХЕГ-ын 10 гаруй алба хаагчийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх нэгэн амралтын газар бусдаас их хэмжээний авлига авч байх үйлдэл дээр нь баривчлан саатуулсан билээ. Тодруулбал, тухайн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын арав гаруй алба хаагч тус бүртээ юань, ам.доллар, төгрөг зэргийн нийт 500 гаруй сая төгрөгийг авлига хэлбэрээр авч байсныг саатуулснаа албаныхан мэдээлдэг. Түүнчлэн дээрх алба хаагчдыг шууд гэр рүү нь авч явж, үзлэг, нэгжлэг хийсэн байдаг. Үзлэгээр Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын гэр, албан өрөөнөөс онц их хэмжээний мөнгө илэрсэн байдаг. Тэд ямар нэгэн хувийн бизнес эрхэлдэггүй ч үзлэгээр их хэмжээний мөнгө олдсон нь тэднийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, тусгай зөвшөөрөл хууль бусаар олгож, хилээр бараа, бүтээгдэхүүн хууль бусаар оруулж ирдэг сүлжээ бүхий гэмт хэргийн бүлэглэлтэй хамтран ажилладаг байж болзошгүй талаар бид мэдээлж байсан.

Тэгвэл энэ хэрэгт Н.Баяртсайхан тэргүүтэй 25 хнийг шалгагдаж дууссан байна. Тэднийг саатуулалгүй гадуур байлгасан аж. Улмаар хэргийг шүүхэд шилжүүлж,  урьдчилсан хэлэлцүүлгийг өчигдөр хийсэн байна.

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан тэргүүтэй албан тушаалтнууд 2017 оны арванхоёрдугаар сарын 7-нд бусдаас их хэмжээний хахууль авч байх үйлдэл дээр нь АТГ-ынханд баригдсан хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийж, ирэх сарын 20-нд гэм буруутай, эсэхийг нь хэлэлцэхээр тогтов.

Тэдэнд Эрүүгийн хуулийн 22.4.1, 22.4.5, 22.5.1, 22.5.3-д зааснаар ялах дүгнэт үйлдээд байгаа юм. Тодруулбал, Эрүүгийн хуулийн уг заалтуудад,

22.4 дүгээр зүйл.Хахууль авах

1.Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

5.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг, хясан боогдуулах аргаар үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.5 дугаар зүйл.Хахууль өгөх

1.Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ гэж тус тус заасан байгаа.

Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд сейф дүүрэн мөнгө, бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хураасан. Хадгалж байсан мөнгөнийхөө эх үүсвэрийг нийт 21 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс 126 удаагийн үйлдлээр 700 гаруй сая төгрөгийг авлигын хэлбэрээр авснаа мөрдөн байцаалтын явцад хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн шалгалтын явцад дээрх нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, цөөнгүй аж ахуйн нэгжээр удаа дараа, заримаар нь байнга үнэ төлбөргүй үйлчлүүлдэг, өөр бусад замаар авлига, хээл хахууль авдаг нь тогтоогдсон гэх мэдээлэл байна.

Тэднийг гэм буруутай эсэхийг шүүхээр эцэслэн тогтоох болно. Бид шүүхээс хэрхэн шийдвэрлэх талаар болон шүүх хуралд оролцогч талууд юу гэж мэдүүлсэн талаар эргэж мэдээлэх болно.