Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинтэй ярилцлаа.

-Дорноговь аймгийн өвөлжилт ямар байна вэ. Өвөлжилтийн бэлтгэлээ хангалттай базаасан уу?

-Аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэл сайн байгаа. Энэ жилийн хувьд цас ороогүй ч зуншлага сайхан байсан учир мал сүрэг өссөн. Бид 2017 онд хоёр сая толгой мал тоолуулж байсан бол 2018 оны жилийн эцсээр хоёр сая 147 мянган толгой мал тоолуулсан. Цаашдаа аймгийн мал өсөх, малчид бэлчээрийн аж ахуй эрхлэхээс гадна фермийн аж ахуй эрхлэх бололцоо бүрдэж байна. Малчид ая тухтай, өнтэй өвөлжиж байгаа гэж хэлж болно.

-Хуулийн дагуу аймаг, орон нутаг төсвөө баталсан байх учиртай. Энэ жилийн төсвийн тухайд?

-Төсөв өнгөрсөн оноос өссөн. Бид орлогоо нэмэгдүүлж чадсан. Ялангуяа, уул уурхайн компаниудаас авах татварын хэмжээ үнэн, бодит болсонтой холбоотойгоор төсөв нэмэгдсэн. Хоёрдугаарт, Дорноговь аймгаар дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслээс татвар авдаг боллоо. Мөн Засгийн газраас аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын нөөцийн татварыг орон нутагт нь хуваарилах шийдвэрийг гаргасан. Энэ хэмжээгээр аймгийн орлого нэмэгдэж байна. Тиймээс аймаг хөрөнгө оруулалтаа бие дааж хийх бололцоо бүрдэж байгаа.

-Олон жил яригдсан газрын тосны үйлдвэрийн ажил өнгөрсөн зунаас эхэллээ. Үүнийг дагасан бүтээн байгуулалтын ажил ямар төвшинд байгаа вэ?

-Нефть боловсруулах үйлдвэрийн ажил ид явагдаж байна. Мөн Засгийн газар, УИХ-ын тогтоолын дагуу Ханги-Мандал -Зүүнбаян, Зүүнбаян -Тавантолгой чиглэлийн төмөр замын ажил энэ онд эхэлчихвэл Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулах боловсруулах болон баяжуулах үйлдвэрүүд ашиглалтад орох, экспортын бараа бүтээгдэхүүн нэмэгдэх боломж нээгдэнэ. Мөн төмөр зам тавьснаар уул уурхайн тоосжилт, хүнд даацын автомашинаас салах боломжтой.

-Газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийн ажил хэдэн хувьтай байгаа бол?

-Хүмүүс 40 гаруй хувьтай байна гэж байна. Одоогоор цахилгааны 110 кВт-ын шугамын ажил, дэд станц баригдаж дууссан. Авто замын хучилт хийхэд бэлэн болсон байна. Төмөр замын ажил 2-3 км явсан байгаа. Ингээд тооцохоор нийт дүнгээрээ 70 гаруй хувьтай байгаа болов уу. Ирэх дөрөвдүгээр сард ажлаа эхлүүлбэл зургаадугаар cap гэхэд нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүх ажил дуусах боломжтой.

Орон нутгийн зүгээс шаардлагатай бүхий л дэмжлэг туслалцааг үзүүлж байна. Ялангуяа, бодлогын бичиг баримт гаргах, элс хайрга зэрэг түгээмэл тархацтай газар олгох асуудлыг цаг хугацаанд нь шийдээд явж байна.

-Дорноговь аймгийн нутагт дэвсгэр Хамарын хийд орчимд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани ашигт малтмалын лиценз эзэмшиж, үйл ажиллагаа явуулж эхэллээ гэсэн мэдээлэл гарах боллоо. Энэ ямар учиртай юм бол?

-Ашигт малтмал, газрын тосны газраас 2007 онд лиценз авсан юм билээ. Хамарын хийд орчмыг аймаг, орон нутгийн тусгай хамгаалалтад 2014 онд авсан байгаа. Ингээд асуудал шүүхээр явж байгаад 2017 онд Хятад Улсын хөрөнгө оруулалттай компанийн талд шийдвэр гарч, лицензээ сэргээсэн байдаг. Бид ямар ч байсан энэ компанийг ажиллуулахгүй гэсэн байр суурьтай байгаа. Яагаад вэ гэвэл, энэ газрыг 2014 онд тусгай хамгаалалтад авсан. Хоёрдугаарт, Хамарын хийд нь олон хүн мөргөл хийдэг “Энергийн төв” гэж нэрлэгддэг, аялал жуулчлалын бүс учир бид уул уурхайн компанийг ажиллуулахгүй.

-Газар дээрх нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Тус компани одоогоор кэмп, шатахууны агуулахаа байрлуулсан байна гэсэн мэдээлэлтэй байна. Манай цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагаас уржигдар (даваа гараг) шалгалт хийсэн. Компанийг цаашид ажиллуулахгүй байх мэдэгдлээ шат шатны Засаг дарга нар хүргүүлж байгаа. Мөн би Ашигт малтмал, газрын тосны газарт уул уурхайн лицензийг хүчингүй болгуулахаар асуудлаа тавьж байна.

Ер нь Дорноговь аймгийн түүх дурсгалын хэд хэдэн газарт иймэрхүү асуудал гарч байна. Тухайлбал, Өргөн сумын газар нутагт “Аргалын уул” гэж бий. Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газарт Австралийн компани хайгуул хийсэн байсныг 2017 онд үйл ажиллагааг нь зогсоож, лицензийг нь цуцлуулах саналыг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн.

Цуцлуулаад өөр газарт шилжүүлэх эсвэл нөхөн төлбөрийг олгох гэх мэтээр асуудлыг шийдэх бүрэн боломжтой гэж харж байгаа. Харамсалтай нь Ашигт малтмал, газрын тосны газар энэ асуудлыг одоо болтол шийдээгүй байна. Мөн Хамарын хийдэд үүссэн асуудлыг шийдэж, лицензийг нь цуцлах эсвэл адил төстэй өөр аймгийн газар нутагт шилжүүлэх албан бичийг ойрын хугацаанд Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлнэ.

-Аймгийн Засаг захиргаанаас авч байгаа арга хэмжээ байгаа юу?

-Дээр дурдсанчлан аймгийн мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн газраас газар дээр нь шалгалт хийсэн. Үндсэндээ бичиг баримт нь дутуу юм билээ. Мөн бид энэ газарт ажиллуулахгүй гэдгээ мэдэгдэж, үйл ажиллагааг нь зогсоосон байгаа. Аль 2014 онд аймаг тусгай хамгаалалтад авчихсан газарт кэмп барьж, ажиллахаар бэлтгэлээ хангаж ирсэн байгаа нь харамсалтай. Тиймээс орон нутаг, тэр дундаа Өргөн сумын Засаг дарга, Сайншанд сумын Засаг даргын Тамгын газраас ажиллуулахгүй гэдэг албан тоотоо хүргүүлсэн. Лацдаж, үйл ажиллагааг нь зогсоосон. Харин бид энэ хугацаанд холбогдох газруудад цуцлуулах бичгээ хүргүүлнэ.

-2014 онд тусгай зөвшөөрөл олгосон байхад өнөөдрийг хүртэл аймаг, сум мэдээгүй байсан гэсэн үг үү?

-Өмнө нь энэ компани лицензгүй байсан. Уг компани 2007 онд “А” лицензээ авсан юм байна. 2014 онд энэ газрыг аймаг улсын тусгай хамгаалалтад авсан. Улсын тусгай хамгаалалтад авснаас хойш энэ газрын тухай яригдаагүй. Би 2016 онд ажлаа авснаас хойш мөн компанийн тухай асуудал яригдаагүй. Түүнчлэн 2018 онд энэ газрын тусгай зөвшөөрлийг шүүхээр сэргээлээ гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдэгдээгүй. Өмнө нь “А” лицензтэй байсан учир шүүхийн шийдвэр аваад үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна гэж ойлгосон. Дөрвөн шатны шүүхийн шийдвэр гараад сэргээсэн юм билээ. Гэхдээ бид энэ компанийг ажиллуулахгүй.

-Улсад хохиролтой юм биш үү. Лиценз олгохоос өмнө шийдвэрлэж болоогүй юм уу?

-2007 онд энэ компани зөвшөөрлөө аваад хайгуулаа хийгээд дуусчихсан юм байна. Харамсалтай нь тэр үед ажиллаж байсан хүмүүс зогсоох ёстой байсан. Тухайн үед нь улсын тусгай хамгаалалтад авч, “X” лицензтэй байхад нь асуудлыг ярих ёстой байсан.

-Цагаан дэлийн агуйд жонш олборлож байгаа хууль бус үйлдлийг зогсоох чиглэлээр аймгийн удирдлагууд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Айраг сумын Цагаан дэлийн агуй гэж бий. Монголын түүх дурсгалт газруудын нэг. Монгол Улсдаа хамгийн том агуйд тооцогддог. Бид энэ газрыг Улсын тусгай хамгаалалтад оруулахаар санал хүргүүлсэн. Аймаг, орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Энд бичил уурхай эрхлэх, гар аргаар алт олборлож байна. Бид энэ агуйг хамгаалахаар тэмцэж байгаа. Улсын тусгай хамгаалалтад авах асуудал саяхан Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэн. УИХ-аар шийдчихвэл хамгаалалтын захиргаа байгуулж, хамгаалах бүрэн бололцоо бий. Ер нь улсын тусгай хамгаалалтад авах хүсэлтийг Засгийн газар, УИХ-ын төвшинд гурав дахь удаагаа тавьж байгаа.

Эх сурвалж. Үндэсний шуудан сонин