УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүнийг ЖДҮХС-гаас өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан асуудлаар АТГ-аас шалгаж байгаа. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах нөхцөл байдал үүссэн учир Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Г.Солтан нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий Прокурорын газраас УИХ-д хүргүүлсэн. Гэвч УИХ-аар энэхүү асуудлыг хэлэлцээд дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм. Чуулганы хуралдааны өмнө хуралдсан УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Энэ гишүүд мөрдөн байцаалт, шалгалтын явцад саад болохгүй, дуудсан цагт очиж тайлбар мэдүүлгээ өгнө. Тиймээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ” хэмээн мэдэгдсэн. 

Тэгвэл ЖДҮХС-тай холбогдсон гишүүд хуулийн байгууллагын шалгалтын явцад саад болж эхэлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нар яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцахгүй “зугтаах” болсон байна. Тэдний ойр тойрныхон болон өмгөөлөгч нартай нь холбогдож яллагдагчаар татах тогтоолыг танилцуулах гэсэн ч хүлээж авахгүй байгаа аж.

Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолтой танилцахгүй, мөрдөгчийн мэдэгдэх хуудас болон прокурорын зарлан дуудах хуудсыг авахгүй байгаа гэнэ. Уг нь яллагдагчаар татах прокурорын тогтоолыг даруй танилцуулах хуультай бөгөөд ингэхийн тулд АТГ-ын мөрдөгч нар дээрх гишүүдийн өөрсдийнх нь утас, гэрийн хаягаар болон туслах, өмгөөлөгч, УИХ-ын Тамгын газраар дамжуулж зарлан дуудах хуудас өгсөн юм байна. Хариуд нь Д.Дамба-Очирын туслах нь “гишүүн ОХУ-д ажлаар явж байгаа” гэсэн бол бусад нь ямар ч хариу өгөхгүй байгаа аж. Л.Энхболд, Г.Солтан нар эх орондоо бий боловч албан ёсны хаягтаа байхгүй хэмээж буй нь хуулийн байгууллагын үйл ажиллагаанаас зайлсхийж байгаа хэлбэр хэмээн мөрдөгчид хэлэв.

Эх сурвалжийн хэлж буйгаар дээрх гурван гишүүний утас нь холбогдохгүй байгаа. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг ОХУ-д томилолттой явж байгаа гэж ажлын албанаас нь мэдэгдсэн байна. Л.Энхболд, Г.Солтан нар Монголд байгаа боловч дуудсан үед нь очихгүй байгаа аж. Тэдний өмгөөлөгч нар үйлчлүүлэгчидтэйгээ холбогдож чадахгүй байгаа гэсэн тайлбар хэлжээ.   Хэрвээ энэ хэвээрээ байвал хуулийн дагуу дээрх нэр бүхий УИХ-ын гишүүдийг  орон даяар эрэн сурвалжлуулах юм байна.

Эрэн сурвалжлагдаж магадгүй УИХ-ын гишүүд ямар хэрэгт холбогдов?

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өөрийнхөө компанийг дүүгийнхээ нэр дээр шилжүүлэн тус компанид барьцаагүй зээл авч өгсөн. Ингэхдээ хэд хэдэн хууль журам зөрчсөн. Бусад аж ахуйн нэгж барьцаа тавьж байхад Д.Дамба-Очир барьцаагүй зээл авсан. Дүү нь иргэн М-тэй нийлж, уул уурхайн хайгуул хийх, гөлтгөний үйлдвэр барих тоног төхөөрөмж авна гэсэн нэрээр зээл авч, тал хувийг нь уул уурхайн компанидаа шилжүүлэн, үлдсэнийг нь нэр бүхий зээлдэгч нар хувьдаа авсан нь шалгалтаар нотлогдоод байгаа юм.

УИХ-ын гишүүн Г.Солтаны хувьд ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар “Монгол шаазан” компанид ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргасны дагуу уг мөнгийг авсан байдаг. Мөрдөн шалгалтын явцад Г.Солтан нь малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэх төсөл бичиж, УИХ-ын гишүүний 2018 оны дөрөвдүгээр сарын 16-нд 4081 дугаартай албан бичгээр “Төслийг дэмжиж ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгож өгөхийг хүсье” гэсэн нь тогтоогдсон. Хүүгийнх нь нэр дээрх компани жижиг, дунд үйлдвэрээр бүртгүүлээгүй талаар Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан танилцуулсан билээ.

УИХ-ын гишүүн Л.Энхболд бусдад төлөх өрөө барагдуулахын тулд “Х” тайлан гаргадаг байсан, автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-ийн компанийг Ч гэх хүнд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах “Дэлгэр говь” төсөл бичүүлэн, 2018 оны дөрөвдүгээр сарын 20-нд төслийг дэмжихийг хүссэн албан бичиг ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хүргүүлэн, ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбоотой. Түүнийг энэ сарын 15-ны 18.00 цагт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст ирж, тогтоолтой танилцах тогтоол хүргүүлсэн ч хүлээн аваагүй юм байна. Улмаар 16-ны 09.00 цагт ирэхийг мэдэгдсэн бичиг өгсөн ч бас л хаягтаа байхгүй, утас нь холбогдохгүй байснаас мөрдөгчид гардуулан өгч чадаагүй гэнэ. Эцэстээ УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмонд хүргүүлэхэд боломжгүй гэсэн хариу өгсөн аж.

УИХ-ын гишүүдээ хаана байгааг нь мэдэж байгаа ч эрэн сурвалжлах дээрээ тулж байгаа энэ үйлдэлд уншигч та өөрийн дүгнэлтээ өгнө байх. Харин дээрх нэр бүий гишүүд эрэн сурвалжлагдах эсэх нь тэднээс өөрсдөөс нь хамаарах асуудал болжээ.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.