Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар хамтран УИХ-ын даргыг чөлөөлөх ажиллагааг сүүлийн үед хийж, хуулийн төсөл санаачилсан. Өөрөөр хэлбэл УИХ-ын даргыг чөлөөлөх ажиллагаа амжилттай үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж “эцсийн шийд” гарах юм. Учир нь УИХ-ын өчигдрийн хуралдаан, байнгын хорооны хуралдаанаар уг асуудлын эцсийн хэлэлцүүлэг хийхийг олонхоороо зөвшөөрсөн. Ингэснээр М.Энхболдыг чөлөөлөх асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар ЭЦЭСЛЭН ШИЙДЭХ  хэлэлцүүлэг үлдээд байна. Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана. Харин хуралдааны ирц бүрдэх эсэх нь тодорхойгүй байна.

 

Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд болсон иргэдийн жагсаал, цуглаантай холбогдуулан үүссэн нөхцөл байдлыг хэлэлцээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөрт багтаан хэлэлцэж батлахыг Улсын Их Хуралд зөвлөмж болгосон. Энэ үндсэн дээр уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг энэ сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Улмаар Төрийн байгуулалтын байнгын хороо мөн өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны дараа хуралдаж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Бат-Эрдэнэ нар Байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулан хариулт авав. Дараа нь хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёололтой холбогдуулан гишүүд үг хэлж байр сууриа илэрхийллээ.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийг хасах Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.0 хувь нь дэмжсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатаас хуулийн төслийн 1 дүгээр зүйлийг өөрчлөн найруулахтай холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 75.5 хувь нь дэмжсэнгүй. Үргэлжлүүлэн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ үеэр хэлэхдээ, “Бид ардчилсан улс оронд амьдарч байгаа. Ардчилсан улс гэдгээ, хууль эрх зүйт төртэй улс гэдгээ дэлхий даяар зарласан улс шүү дээ.

Сүүлийн үед болж байгаа үйл явдлыг хараад байхад хууль хэрэггүй гэдэг үгийг дээр, дооргүй их ярьдаг болж байна. Энэ бол буруу. Энэ бол улс орны цаашдын хувь заяатай холбоотой, иргэдийн амьдрал ахуй, нийгмийн байдалтай холбоотой, ерөөсөө Монгол Улс дэлхийн тавцан дээр яаж харагдах уу, яаж үнэлэгдэх үү гэдэгтэй шууд холбогдох асуудал шүү.

Төрийн өндөр алба хашиж байгаа Улсын Их Хурлын гишүүн, хууль тогтоох дээд байгууллагад ард түмний мандатаар сонгогдсон хүмүүс хүртэл хууль хэрэггүй гэж ярьдаг байдлаа цаашид зогсоох хэрэгтэй. Бүх асуудал хуулийн зохицуулалтын дагуу л явах ёстой. Ёс зүйтэй байя гэвэл бүгдээрээ ёс зүйтэй байх ёстой шүү. Үүнийг хэлэх ёстой гэж бодож байна.

“Сүүлийн үеийн мэдээллүүдийг харахаар одоо намайг эхнэртэй минь хамт буудахаар бэлтгэж байгаа юм байна. Миний гэр бүлийн хүн рүү дайрч эхэллээ. Миний эхнэр улс төрд ямар хамаатай юм бэ. Миний амьдралын улс төрийн үйл ажиллагаанд зүтгэсэн 20 гаруй жилийн хугацаанд миний гэр бүлийн хүн нэг ч удаа, юунд ч оролцож байгаагүй. Энд сууж байгаа олонхи нь түүнийг мэднэ. Миний эхнэрийг намайг хотын дарга байхад архины зөвшөөрөл олгодог байсан гэж сүүлийн гурван хоног сошиалд ярьж байна. Миний эхнэр шинэ жилээр л намайг дагаж баярт оролцдог байсан. Харин намайг хотын дарга байхад тэр архины зөвшөөрлийг чинь Ц.Нямдоржийн эхнэр хэдэн жил олгосон байхгүй юу. Тэгэхээр андуураад байна уу, намайг зориуд гүтгээд байгаа юм уу.

Би Ж.Батзандан гишүүнд хандан хэдэн үг хэлье. Батзандан гишүүн та хамгийн чанга дуугардаг, хамгийн том чүдэнз зурдаг. Гэхдээ яг асуудал үүсэхээр та зугтаагаад явдаг шүү. Жижиг дунд үйлдвэрийн тухай асуудлыг яръя гэсэн чинь картаа сугалаад гараад явсан. Яриа дуусангуут картаа хийгээд суусан. Манай өрөөнд болсон үйл явдлыг харах юм бол тэнд орж ирсэн хүмүүс бүгдээрээ наана уу цаана уу юм болсон. Тэр үед цэнхэр ноосон малгайгаа өмсөөд Батзандан та л хамгийн түрүүнд гараад явсан. Та манай намын байрыг шатаах үйл явцад оролцож л явсан хүн. Өнөөдөр манай намын зарим залуустай дөрөө харшуулаад л явж байна. Аягүй бол 2020 онд манай намаас нэр дэвшинэ гэж ярьж мэднэ. Ахынхаа тухай, Хууль зүйн байнгын хорооны тухай надтай яриад өөрийнхөө намын даргын эсрэг надтай нийлээд гарын үсэг зурж байсан хүн ш дээ. Тиймээс манай залуу гишүүд хэнтэй нөхөрлөж байгаагаа бодох хэрэгтэй.

60 тэрбумын асуудлыг одоо Төрийн байгуулалтын байнгын хороон дээр яръя гэхээр чимээгүй болчихоод байгаа ш дээ. Халдашгүй байдлыг дэд хороо, бүлэг олонхиороо ЖДҮ-тэй холбогдсон гишүүдийг аваад үлдэнэ гэсэн шийдвэрийг олонхиороо түрээд гаргасан ш дээ. Одоо энэ танхимд ямар ёс зүй яриад байгаа юм бэ. Ёс зүйтэй байвал бүгд ёс зүйтэй байх ёстой шүү" гэлээ.

Чуулганы хуралдааны дараа Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр (2019.01.17) 18 цаг 56 минутад 73.7 хувийн ирцтэйгээр хуралдаанаа эхэлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын санал авсан саналуудыг төсөлд тусган хуулийн төслүүдийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн талаар Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцуулга хийлээ.  

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Х.Хаянхярваа нар Байнгын хорооны дарга болон хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос асуулт асууж тодруулан хуулийг дагаж мөрдөх хугацааны талаар саналаа хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Маргааш энэ хууль батлагдах товтой байгаа. УИХ-ын Дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хууль, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр байна. Энэ хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг хэзээнээс гэж байгаа вэ?

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан: Хэрвээ энэ хууль маргааш батлагдвал эцсийн найруулга сонсоод, ёсчлоод Ерөнхийлөгч рүү явуулна. Ерөнхийлөгч ажлын тав хоногийн дотор хориг тавина. Ингээд явахаар энэ сарын 28-наас хэрэгжиж эхлэхээр байгаа. Гишүүдийн санал болон ҮАБЗ-ийн зөвлөмж, санал ирүүлсэн. Ингэхдээ нэгдүгээр сарын 10-наас дагаж мөрдөх санал ирүүлсэн. Гишүүд ярьж байгаад хэзээнээс хүчин төгөлдөр болохыг шийднэ. Батлагдсан өдрөөс хэрэгжиж эхэлнэ гэсэн С.Баямбацогт гишүүний санал нэгдсэн чуулган дээр унасан. Цэц баталсан хуульд хугацаа зааж өгч болно гэж үзсэн. Гэхдээ энэ бол Ерөнхийлөгчийн хориг тавих үндсэн бүрэн эрхийг зөрчихгүй байх ёстой гэж үзсэн. Нэгдүгээр сарын 24-нөөс эхлэн дагаж мөрдөх ёстой гэсэн саналын томьёолол ирүүлсэн.

УИХ-ын гишүүн Л.Болд: Д.Лүндээжанцан даргын хэлснээр Ерөнхийлөгчийн хориг тавих хоногийг үлдээж байгаа. Тэгэхээр энэ сарын 28-ний хүрэх гээд байгаа юм. Энэ долоо хоногтоо хуулиа батлаад ирэх долоо хоногоос хүчин төгөлдөр болно. Ерөнхийлөгч заавал хориг тавих тав хоногийнхоо нөхцөлийг авах уу, үгүй юү гэдгийг З.Энхболд даргаас асууя?

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд: Ерөнхийлөгч өөрийнхөө санаачилсан хууль дээр хориг тавьж байсан тохиолдол байхгүй. Энэ бол логикийн зөрчилтэй. Хэрэв хуулийг маргааш баталбал хориг тавихгүй гэдэг албан бичиг өгч болно. Тиймээс хүчин төгөлдөр болох өдрийг гишүүдийн ярьж байгаа аль ч өдрөөр тооцож болно.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга практик ийм байсан гэж ярьж байна. Хэрвээ хуулийн зохицуулалт байхгүй бол практикаар явж болно. Гэтэл хуульд тодорхой заасан байхад хууль зөрчөөд практикаар яваад байж болохгүй шүү дээ. УИХ-ын тухай хуульд маш тодорхой заасан. Үндсэн хуульд хууль санаачлах 78 субъект бий. Хориг тавих ганцхан онцгой бүрэн эрх Ерөнхийлөгчид байдаг. Ийм байхад 24-ний өдөр хэрэгжиж эхэлнэ гэж батлавал Ерөнхийлөгчийн хориг тавих хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болно. Хуулиа хурдан хэлэлцье гээд явж байгаа. Тиймээс хэт их яараад яах вэ. Хууль зөрчихгүйгээр л наад талын хугацаандаа хуулиа баталъя.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Бусад улсад өргөдлөө өгөөд ажлаа өгөх хуулийн гарц байгаа. Гэтэл 40 хоног парламент гацаж, жагсаал цуглаан зохион байгуулж байж хууль хэлэлцэж байна. Ажлаа өгөх хууль байхгүй байна гэдэг. Хууль ороод ирэхээр хугацаан дээр заавал ингэх шаардлага байдаг юм уу. Ерөнхийлөгчийн тамгын газраас хориг тавихгүй гэдгээ хэлээд байна. Гарын үсэг зурж ёсчилно, Ерөнхийлөгчийн тамгын газарт илгээнэ гэдэг нэг өдрөө оруулаад тооцож энэ сарын 24 болгосон. Гэтэл заавал ингэж долоо хоногоор сунгаж болж байгаа юм уу. Хугацааг  21 гэж байсныг 24 болгосон. ҮАБЗ-өөс нэгдүгээр 10-аас хэрэгжиж эхэлнэ гэсэн зөвлөмж гарчихсан шүү дээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Сүхбаатарын талбайд 50 мянган хүн  хоёр удаа жагсаал хийсэн. 300 хүн талбай дээр улс төрийн суулт хийж байна. Энэ хуулийг хүлээж байна. Гэхдээ энэ гайхамшигтай тайван хүнийг хараад гайхаад байх юм. Яаралтай нөхцөл байдал үүсээд байхад ердийн журмаар явна гээд суугаад байдаг юм уу. Эцсийн хэлэлцүүлэг маргааш болно. УИХ-ын дарга гурав хоногийн дотор ёсчолж гарын үсэг зурна. Түүний дараа АН-ын бүлэг завсарлага авна. Ингээд Цагаан сар болоод тараад алга болно. Ард түмэн чинь тэсэх юм уу. Энэ ордон руу чинь дайраад ороод ирнэ. Тийм зүйл хүсээд байгаа юм уу. Яаралтай горимоор энэ хуулийг хэлэлцээд явъя гэж хүсмээр байна.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Энэ хууль ердийн журмаараа хэлэлцээд батлах нь тодорхой. Бүр болохоо байгаад онцгой нөхцөл үүссэн юм шиг ярьж болохгүй. Ерөнхийлөгч өөрийн тавьсан хууль дээрээ хориг тавьж байсан тохиолдол бий. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга нь хориг тавихгүй гэдэг албан бичиг өгч болно гэхээр л тэрүүгээр нь шийдэж болохгүй. Улс  айхтар ноцтой онц байдал үүслээ гэж яриад байх юм. Нэг албан тушаал авах, өгөх асуудал үүсэхэд үймээн самуун дэгдчих гээд байна гэж бодохгүй байна. Олон түмэн жагссан гэдгийг ойлгож байгаа. 14 мянга орчим хүн жагссан гэсэн мэдээллийг надад өгсөн. Зарим юман дээр хэт хэтрүүлэгтэй ярих нь буруу. Энэ хууль тэртээ тэргүй Цагаан сарын өмнө батлагдах нь ойлгомжтой. Хэрвээ энэ хуулийг нэгдүгээр сарын 24-нөөс хэрэгжих нь зүйтэй. 

УИХ-ын Тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга Түвшинжаргал: 2016 оны зургадугаар сарын 17-нд Цэцийн тогтоол, дүгнэлт гарсан байдаг. Энэ хуулийн хэрэгжиж эхлэх хамгийн боломжит өдрийг энэ сарын 28 гэж тавьж өгсөн. Ямар нэгэн албан бичгээр Ерөнхийлөгч хориг тавина гэдгээ илэрхийлэхгүй.

УИХ-ын Тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга Түвшинжаргал: УИХ-ын гишүүн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга хориг тавихгүй гээд хэлчихээр Цэцийн дүгнэлт хүчингүй болж байна гэсэн үг үү?

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг дагаж мөрдөх үүрэгтэй. Дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хууль, Үндсэн хуулин дахь хугацааг тооцож үзээд хамгийн боломжтой хугацааг 28 гэж гаргаж өгсөн.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд: Ерөнхийлөгч хориг тавихгүй нь ойлгомжтой, түүнийгээ илэрхийлбэл нийтэлдэг байсан. Нийтэлсэн хууль дотроо хугацаа заасан бол тэр өдрөөсөө, хугацаа заагаагүй бол 10 хоногийн дараанаас дагаж мөрдөнө гэж заасан. Ерөнхийлөгч хориг тавихгүй гэдгээ илэрхийлж болно. Би энд хориг тавихгүй гэдгийг хэлж байгаа нь Цэцийн дүгнэлттэй зөрчилдөхгүй. Ингэж хуулийг модон байдлаар тайлбарлахаа УИХ-ын Тамгын газрынхан болих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Бид Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль ярьж байгаа. Түүнээс талбай дээр хэдэн хүн жагссан нь ямар хамаатай юм бэ. Жагсаал хийсэн гишүүддээ хандаж хэлэхэд одоо тоо ярьж сүржигнэхээ больчих. Би ч гэсэн цагтаа 5,10 мянган хүн цуглуулаад 10 гаруй жагсаал хийгээд явж байлаа. Жагсаал хийсэн гишүүд өнгөрсөн долоо хоногт байнгын хорооны хуралдааны цаг дууссан байхад нэмэлт цаг аваад уучлаарай, баярлалаа л гэж байсан. Тэгтэл маргааш нь хэвлэлээр “Ж.Мөнхбат, М.Энхболд, хоёр уучлал гуйхгүй бол ирц бүрдүүлэхгүй гэсэн учраас уучлал гуйсан” гэж ярьсан. Ийм юм болоогүй шүү дээ. Энэ хуулийг батлуулахгүй гэж гүрийгээд суугаад байгаа юм байхгүй шүү дээ. Хэвлэл ашиглаж худлаа ярьдгаа болих хэрэгтэй. Ажлын цаг тарчихаад байхад ирц бүрдүүлээд хууль хэлэлцэж л байна шүү дээ. Л.Болд гишүүн Богд банкиндаа мөнгө авсан эсэхийг нягтлаад худлаа бол уучлал гуйна гэж хэлсэн. Би нягталж үзэхэд үнэн юм байна лээ шүү. Надад гэрээ нь байгаа. Би маргааш баримтыг нь өгнө, хэвлэлийн хурал хийнэ. Найман сая ам.доллар авсан чинь үнэн юм байна лээ шүү.

Байнгын хорооны хуралдааны үеэр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулгыг энэ хуулийн 53.1.3-т заасны дагуу Улсын Их Хуралд танилцуулснаас хойш Улсын Их Хурлын дарга ажлын гурван өдрийн дотор түүнд гарын үсэг зурж ёсчилно” гэж заасан. Мөн хуулийн 53.5 дахь хэсэгт хуулийн 53.4-т заасны дагуу ёсчилсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Улсын Их Хурлын Тамгын газар 24 цагийн дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээнэ, 53.6 дахь хэсэгт хуулийн 53.5-д заасны дагуу илгээсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын таван өдөрт багтаан Ерөнхийлөгч тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих асуудлыг шийдвэрлэнэ гэж заажээ. Иймээс Байнгын хорооны зарим гишүүд уг хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх санал гаргаж, саналын үндэслэлээ тайлбарлав. Мөн Ерөнхийлөгч өөрийн санаачилсан хуульд хориг тавихгүй, иймээс хуулийг дагаж мөрдөх хугацааг гишүүдийн гаргасан саналын дагуу шийдэх боломжтой гэсэн тайлбарыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэллээ.  

Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар үүссэн нөхцөл байдлыг харгалзаад хуулийн төслийг аль болох шуурхай хэлэлцэж шийдвэрлэхэд гишүүд анхаарч байгаа, иймээс нэг талаас хуулийн зөрчилд орохгүй байх, нөгөө талаас итгэлцэл ойлголцлоо бодолцоод хуулийн дагаж мөрдөх хугацааг зохицуулсан дэгийн хуулийн заалтаа мөрдөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв.

Тиймээс Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан гишүүдээс гаргасан санал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын тайлбарыг харгалзан үзээд хуулийг дагаж мөрдөх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэж тогтоох дундын хувилбарыг санал болгосныг гишүүд дэмжиж буйгаа илэрхийлсэн тул энэ саналын томьёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон 15 гишүүн санал нэгтэй дэмжлээ. Ингээд Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.

Уг хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын гишүүдийн олонхи УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлаар гарын үсгээ зурж санал гаргавал УИХ хэлэлцдэг болох юм.

Харин уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг буюу М.Энхболдыг чөлөөлөх асуудлыг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар шийдэх болно. Өөрөөр хэлбэл өнөөдөр энэ асуудлыг шийдэх юм. Харин УИХ-ын чуулганы ирц бүрдэх эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Бид УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар эргэж мэдээлэх болно.