Монголын нөлөө бүхий гэр бүлийн нэг гэгдэх  “М-Ойл” компанийн Гүйцэтгэх захирал М.Пунсалмаа, түүний нөхөр Сангийн сайд асан С.Баярцогтын дотны анд Р.Батбаяр нар нь гадны хөрөнгө оруулалттай компанийг залилж их хэмжээний мөнгө хувьдаа завшсан байж магадгүй гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн мэдээлэл гарч эхэллээ.

Тодруулбал, 2016-2019 онд Завхан аймгийн Сонгино сум-Увс аймгийн Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.7 км хатуу хучилттай автозамыг барих ажлын гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын иргэний хөрөнгө оруулалттай “Шинжиан Шинфа” ХХК-ийн зардлыг гаргах ёстой гол хөрөнгө оруулагчаар М.Пунсалмаагийн нөхөр Р.Батбаярын 71 хувийн хөрөнгө оруулалттай “Хос мөнгөн зам” ХХК шалгарчээ. Гэсэн ч тус замыг барьж дуусах хугацаанд ч нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүйгээс гадна эсрэгээрээ гадны компанийг дарамталж, “Ажлаа хийж чадахгүй бол, зарцуулсан мөнгөө хасахгүй бол хэдэн төгрөг гаргасан эсэхээс чинь үл хамааран төслөөс зайлуулна” гэх мэтээр дарамталж, хөрөнгө оруулалтын гэрээгээ дөрвөн ч удаа өөрчилж байгуулсан талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн билээ.

“Шинжиан Шинфа” ХХК нь дөрвөн жилийн хугацаанд уг замын төсөлд 100 хувь хөрөнгө санхүүгээ зарцуулсан буюу нийтдээ 65 сая ам.доллар гаргаж, 2019 онд Сангийн яаманд төслөө бүрэн хүлээлгэж өгсөн ч өнөө хүртэл гаргасан мөнгөө олж авч чадаагүй учраас төслийн санхүүжүүлэгч гэх нэр зүүсэн Р.Батбаяр болон түүний эхнэр М.Пунсалмаа нарыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгөөд байгаа аж. Учир нь Р.Батбаяр гэгч нь Сангийн яамнаас “Төслийг манайх санхүүжүүлж дуусгасан” хэмээн гурван жилийн хугацаанд буюу 2020-2022 онуудад 237 тэрбумыг өөрийн байгууллагын данс руу шилжүүлэн авчээ.

Тэгсэн атлаа дөрвөн жилийн хугацаанд бүх зардлаа өөрөөсөө гаргаж автозамыг барьж дуусгасан “Шинжиан Шинфа” ХХК-ийн данс руу ердөө 20 тэрбумыг шилжүүлсэн бөгөөд 2021 онд “Өр барагдуулах гэрээ” гэгчийг хүчээр байгуулж, төсөлд гаргасан 68 сая ам.доллароос ажил хийх явцад өөрийн нэр дээрх бусад компаниас шахаа хийсэн бараа, материалын төлбөрөө суутгах зэргээр талыг нь арайхийн төлбөрт тооцон барагдуулжээ. Харин тэрхүү мөнгөө Р.Батбаяр улсаас гаргуулаад авчихсан байгаа юм. Хоёр тал ажлаа дуусгаж, гэрээгээ дүгнэхэд Р.Батбаярын компани нэг ч өдөр бэлэн мөнгө гаргаагүй, дан ганц шахааны бараа, материал нийлүүлж, түүнийгээ өр төлбөрт тооцох зэргээр нийт санхүүжилтийн ердөө 21 хувьтай дүйцэх мөнгөн дүнгээр шахааны бараа нийлүүлэх байдлаар төлбөр хийсэн атлаа төрөөс “Бид төслийг 100 хувь санхүүжүүлсэн” хэмээн мөнгөө авчихсан нь хэний ар өврийн хаалга, ямар танил тал үйлчилсэн болохыг олж тогтоохоор хуулийнхан ажиллаж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар, 31 сая ам.долларыг гүйцэтгэгч талд огт төлөөгүй учраас “Шинжиан Шинфа” компани цагдаагийн байгууллага болон Гадны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийнхэнд ханджээ.

Тэгвэл цагдаагийн байгууллагаас Р.Батбаяр болон М.Пунсалмаа нарыг

-“Шинжиан Шинфа” ХХК-ийн “М-Ойл” компаниас худалдан авч байсан шатахуун болон бусад зардалд 20 сая ам.долларын НӨАТ шивэх

-Төсөлд зарцуулсан нийт санхүүжилтийн үлдэгдэл болох 31 сая ам.долларыг бүрэн төлж дуусгах

-Сангийн яамнаас өөрийн компани руу гурван жилийн хугацаанд шилжүүлж авсан 237 тэрбумын задаргааг тайлагнах

-Дээрх замын төсөлд оролцсон хэмээн гурван нефтийн компанийн данс руу 70 тэрбумыг шилжүүлсэн нь үнэн эсэхийг нотлох

-Төслийн гүйцэтгэгч “Шинжиан Шинфа” ХХК-тай 63 сая ам.долларын гэрээ байгуулсан атлаа улсаас 85 сая ам.доллар хэмээн төлбөр нэхэмжилсэн эсэх

-Сангийн яамнаас шилжүүлсэн мөнгийг гүйцэтгэгч компанид шилжүүлэхгүй өөрөө хувьдаа завшсан эсэх гэсэн үндэслэлүүдээр шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм.

Мөн Р.Батбаярын тухайд гүйцэтгэгч компанитай “Өр барагдуулах гэрээ” гэгчийг байгуулахдаа ч “Хэрвээ өр төлбөртэй холбоотой ямар нэг гомдол гаргах юм бол төлбөрийг төлөхгүй, шүүхэд хандсан тохиолдолд нэгэндээ 15 хувьтай тэнцэх торгууль төлнө” гэсэн хатуу заалт хүртэл оруулж, гадны хөрөнгө оруулагчийг дарамталжээ. Түүний эзэмшил бүхий “Хос Мөнгөн зам” ХХК нь өнөөдрийн байдлаар улсын бүртгэлд албан ёсны бүртгэлгүй байх бөгөөд “Ажнай цэгц групп”-ын охин компани хэмээн 2016 онд уг төслийн хөрөнгө оруулагчаар шалгарч байжээ. Харин төсөл дуусаад хэдийнэ таван жил өнгөрчхөөд байхад ажлыг нь 100 хувь гүйцэтгэсэн компани хоосон хоцорч, дунд нь зөвхөн “зуучлагч” төдий байсан Р.Батбаяр ба түүний эхнэр М.Пунсалмаа нар мөнгийг нь авчихаад нам, улс төрийн сонгуульд өрсөлдөж, өнгө мөнгөөрөө аархаж яваа нь хэрхэвч зүгээр хараад суух асуудал биш билээ. Хууль шүүхийн байгууллага болон Гадны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсэг энэ асуудалд анхаарлаа хандуулж эхэлсэн нь сайшаалтай.