УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, Р.Батбаяр нарын залилангийн хэрэг хав дарагдав уу?!
1 цагийн өмнө

Шатахууны салбарт, томоохон тоглогчдын нэг болох "М-Ойл"-ын Б.Пунсалмаа 2020 оны сонгуульд хүч үзээд бүдэрсэн. Харин 2024 оны сонгуулиар УИХ-д суух суудалтай болж, түмнийг төлөөлөх итгэл хүлээсэн билээ. Тэр нэр дэвшихээсээ өмнө "залилан"-гийн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж буй талаар мэдээлэл цацагдаж байв.
Хамгийн сүүлд цагдаагийн байгууллагаас Р.Батбаяр болон М.Пунсалмаа нарыг
-“Шинжиан Шинфа” ХХК-ийн “М-Ойл” компаниас худалдан авч байсан шатахуун болон бусад зардалд 20 сая ам.долларын НӨАТ шивэх
-Төсөлд зарцуулсан нийт санхүүжилтийн үлдэгдэл болох 31 сая ам.долларыг бүрэн төлж дуусгах
-Сангийн яамнаас өөрийн компани руу гурван жилийн хугацаанд шилжүүлж авсан 237 тэрбумын задаргааг тайлагнах
-Дээрх замын төсөлд оролцсон хэмээн гурван нефтийн компанийн данс руу 70 тэрбумыг шилжүүлсэн нь үнэн эсэхийг нотлох
-Төслийн гүйцэтгэгч “Шинжиан Шинфа” ХХК-тай 63 сая ам.долларын гэрээ байгуулсан атлаа улсаас 85 сая ам.доллар хэмээн төлбөр нэхэмжилсэн эсэх
-Сангийн яамнаас шилжүүлсэн мөнгийг гүйцэтгэгч компанид шилжүүлэхгүй өөрөө хувьдаа завшсан эсэх гэсэн үндэслэлүүдээр шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм.
Мөн Р.Батбаярын тухайд гүйцэтгэгч компанитай “Өр барагдуулах гэрээ” гэгчийг байгуулахдаа ч “Хэрвээ өр төлбөртэй холбоотой ямар нэг гомдол гаргах юм бол төлбөрийг төлөхгүй, шүүхэд хандсан тохиолдолд нэгэндээ 15 хувьтай тэнцэх торгууль төлнө” гэсэн хатуу заалт хүртэл оруулж, гадны хөрөнгө оруулагчийг дарамталжээ. Түүний эзэмшил бүхий “Хос Мөнгөн зам” ХХК нь өнөөдрийн байдлаар улсын бүртгэлд албан ёсны бүртгэлгүй байх бөгөөд “Ажнай цэгц групп”-ын охин компани хэмээн 2016 онд уг төслийн хөрөнгө оруулагчаар шалгарч байжээ.
Харин төсөл дуусаад хэдийнээ таван жил өнгөрчхөөд байхад ажлыг нь 100 хувь гүйцэтгэсэн компани хоосон хоцорч, дунд нь зөвхөн “зуучлагч” төдий байсан Р.Батбаяр ба түүний эхнэр М.Пунсалмаа нар мөнгийг нь авчихаад нам, улс төрийн сонгуульд өрсөлдөж, өнгө мөнгөөрөө аархаж төрийн зөөлөн суудалд тухалсан уу гэлтэй.
Тэрээр гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн онц их хэмжээний хөрөнгийг залилж, хуурамч гэрээ, бичиг баримт үйлдэн, аудитын дүгнэлт гаргуулж, түүгээрээ улсаас онц их хэмжээний буюу 86.5 сая ам.доллар (одоогийн ханшаар 298 тэрбум төгрөг)-ыг концессын төлбөрт авч, түүнийгээ угаах зорилгоор зориулалтын бус зарцуулалт хийсэн нь дээрхээс тод харагдаж буй. Ийнхүү төрийн сэнтийд заларсан түүнд монголын хууль үйлчлэхгүй хэргүүд нь хав дарагдав уу?!

Дээрх хэргийг эргэн сөхвөл, Төслийн үнэ буюу 135.7 км хатуу хучилттай авто замын барилга угсралтын төслийн нийт үнийн дүн 86.5 сая ам.доллар байсан бөгөөд үүнээс ерөнхий гүйцэтгэгчийн төслийн ажлыг бүхэлд нь гүйцэтгэх үнэ 63.8 сая ам.доллар байжээ.
Гэрээний дагуу төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх хөрөнгийг “Хос Мөнгөн Зам” ХХК гаргаж, энэ хөрөнгөөр “Шинжиан Шинфа” ХХК замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх ёстой байсан. Гэвч “Хос Мөнгөн Зам” ХХК буюу “М-Ойл” ХХК нь хөрөнгө оруулалт, менежмент, зээлийн хүүгийн нөхөн олговор нэрээр 22.7 сая ам.долларын шууд ашиг авахаар байжээ.
Гэрээний тохиролцооны дагуу “Шинжиан Шинфа” ХХК нь 135.7 км урт зайд бүх туслан гүйцэтгэгч, техник, тоног төхөөрөмжөө байршуулан замын барилга угсралтын ажлыг өргөн хүрээнд явуулж эхэлсэн боловч “Хос Мөнгөн Зам” ХХК анхнаасаа л гэрээгээ зөрчиж, урьдчилгаа төлбөр хийх байтугай, хийгдсэн ажлын төлбөрийг ч өгдөггүй байж. Эхэндээ “удахгүй мөнгө орно, гадаадаас санхүүжилт, хөрөнгө оруулалт авч байгаа, жаахан л тэсчих” гэх мэтээр ажил гүйцэтгэгч компанийг ятгадаг байсан боловч сүүлдээ тайлбар хэлэхээ ч больж, бүр сүүлд нь “та нар төслөөс гарч болно, манай нөхцлийг хүлээн зөвшөөр, ажлаа үргэлжлүүлэхгүй бол танай компанийн эрхийг цуцалж, төслийн гүйцэтгэгчээр өөр компани оруулна” гэж сүрдүүлж, дарамталж байсан гэдэг.
Ер нь замын барилга угсралтын ажил нэгэнт эхэлсэн л бол түүнийг зогсоох нь илүү зардалтай. Тэгээд ч аль хэдийн өөрсдийн багагүй хөрөнгийг оруулаад, нийт ажлын гүйцэтгэл 60 хувиас илүү болсон үед “Шинжиан Шинфа” ХХК өөрсдөөс гаргасан энэ хөрөнгийг шууд алдах эрсдэл тулгарч байсан тул шүд зуун, өр зээл тавьж, өөрсдийн бүх боломжийг дайчлан ажлыг үргэлжлүүлсээр 2019 оны 11-р сарын 11-нд 135.7 км замыг улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулсан байна. Энэ үед “Шинжиан Шинфа” ХХК нь “Хос Мөнгөн Зам” ХХК улсаас концессийн төлбөрөө авахаар өөрийнх нь гаргасан бүх зардлыг эргүүлэн төлнө гэж найджээ.
2016 оны 3-р сараас 2019 оны 11-р сар хүртэл хугацаанд буюу төслийн эхнээс дуустал “Хос Мөнгөн Зам” ХХК гаднаас нэг ч төгрөгийн санхүүжилт авч байгаагүй, гадаадаас мөнгө зээлж байгаагүй, байсан ч замын төсөлд оруулаагүй, зөвхөн 2.91 сая ам.долларын шахааны бизнесээ л явуулсан байна. Нийт 63.8 сая ам.долларын мөнгөн хөрөнгө оруулах ёстой байтал энэ үүргээ огт биелүүлээгүйгээр барахгүй, нэмээд шахаагаа хийсэн байжээ.

Хамгийн сонирхолтой нь уг замын төслийг улсын коммисст хүлээн авсны дараа Р.Батбаяр гэгч нь Сангийн яамнаас удаа дараа буюу:
-2020 онд 130 тэрбум
-2021 онд 45 тэрбум
-2022 онд 62 тэрбумыг тус, тус компанийн данс руугаа шилжүүлэн авсан атлаа эндээсээ ердөө 20 тэрбумыг л “Шинжиан Шинфа” компанийн өрийг барагдуулах гэрээнийхээ дагуу шилжүүлж байдаг.






