Увс аймгийн Баруунтуруун суманд байрлах хилийн цэргийн 0311 дугаар ангийн байлдагч Х-г офицер нь зодож, дарамтлан, зүү залгиулсан ноцтой хэрэг олны анхааралд байна.
Даргадаа дарамтлуулан, зүү залгисан залуу айснаасаа болж хэрэг явдлыг нэлээд удаан нуусан ч тэсгэлгүй бие нь өвдөж, ангийн удирдлагууд болон ар гэрийнхэндээ хэлснээр эл хэрэг нийтэд ил болсон. Тэрбээр яаралтай хагалгаанд орох заалттайгаар энэ сарын 19-нд нийслэлд ирээд байгаа бөгөөд Цэргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Түүний хувьд өнгөрөгч тавдугаар сард өөрийн хүсэлтээр цэргийн албанд мордсон бөгөөд дөрвөн сар ч хүрэлгүй эмнэлэгт хэвтлээ. Тэрбээр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын хоёрдугаар багийн малчин А.Пүрэв-Очирын том хүү эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй ажээ. Увс аймгийн эмч нар түүнийг нийслэл рүү яаралтай хагалгаанд оруулахаар явуулсан ч залгиасан зүү нь хөдөлгөөнгүй болсон цагт хагалгаа хийх шаардлагатай учраас хойшлоод байгаа юм байна. Ингээд дөрвөн ширхэг зүү залгисан 19 настай П.Хэн-мэдэхтэй уулзаж, болсон явдлын талаар ярилцлаа.
 
-Юу болсон талаар яриач. Яагаад тийм олон зүү залгичихав аа? 
-Тухайн өдөр манай дэд түрүүчийн утас нь алга болчихсон юм. Тэр намайг авсан гэж хардаад, дэслэгч н.Баатарт хэлнэ гэж дарамталсан. Би угаасаа тэр утсыг нь аваагүй учраас тэг тэг гэсэн л дээ. Ингээд л н.Баатар дэслэгч намайг өрөөндөө дуудаж, оруулаад суниалгаж, элэг рүү өшиглөсөн. Дэд түрүүчийн утсыг гаргаж өг гэж нэхээд байсан. Би тэр хүний утсыг аваагүй гэдгээ хэлсэн ч тоогоогүй, гаргаж өг гээд зодоод байсан. Тухайн өдөр дэд түрүүч харуул, хамгаалалтад гарчихсан байсан. Тэр шөнө би бас хамт манаанд хоносон юм л даа. Тийм болохоор л намайг авчихлаа гээд зодоод байсан хэрэг. Би сүүлдээ дэслэгчийг дуудахаар айгаад хөл, гар чичирдэг болчихсон байсан. Намайг яаж зодох бол, яах бол гэж их айдаг байсан. 

-Чамайг тийм олон удаа зодсон хэрэг үү? 
-2-3 удаа дуудаж зодсон. 

-Ингэж их зодчихоод дахиад зүү залгиулсан хэрэг үү? 
-Намайг залги гэж загнаад байсан. Ер нь бол айсандаа л залгичихсан. Хамгийн сүүлд дуудаж зодохдоо дөрвөн зүү залгиулсан. -Хоолойнд чинь тээглээгүй юм уу, чамд тэгээд залгихгүй байх боломж гараагүй юм уу? -Зүгээр гүйгээд л орчихдог юм билээ. Зодуулахаас айсан болохоор л залгичихсан. Хоолой руу хатгаж байсан ч гүрийгээд л давсан. 

-Тэгээд зүү залгиснаа хүмүүст хэзээ мэдэгдсэн юм бэ. Ангийнхаа удирдлагуудад энэ талаар хэлээгүй юм уу? 
-Айгаад хэнд ч хэлэлгүй хоёр гурав хоносон.

 -Энэ хугацаанд биед чинь ямар нэгэн зовиур өгөөгүй юу?
 -Эхлээд гайгүй байсан ч сүүлдээ гэдсээр хатгуулаад өвдөж эхэлсэн. Тэгэхээр нь ангийнхаа удирдлагуудад хэлсэн. Гэхдээ дахиад зодох байх гэж айгаад захныхаа даавууг хадаж байгаад залгичихсан гэж хэлсэн. 

-Тэгээд ангийн удирдлагууд чинь чамд ямар тусламж үзүүлэв? 
-Би бүгдэд нь захныхаа даавууг хадаж байгаад залгисан гэж хэлсэн. Тэгэхгүй бол н.Баатар дэслэгч дахиад л зодох байх гэж айсандаа л тэгж нуусан л даа. Ангийн дарга нар намайг Улаангом уруу авч яваад эхо-д харуулсан. Тэгсэн нэг нь ч гараагүй байсан юм билээ. Эмч дөрвөн ширхэг зүү байна гэж хэлсэн. Ингээд хот уруу яаралтай хагалгаанд ор гэсэн.

 -Хот уруу яаж ирэв тэгээд? 
-Наашаа ирэхэд жаахан хүндрэлтэй байсан л даа. Онгоцны билет олдохгүй байсан. Гэхдээ манай аавын дүү нь онгоцны билет олж өгөөд ирсэн. 

-Замын зардлыг та нар өөрсдөө гаргасан юм уу. Хагалгааны зардлыг хаанаас гаргасныг мэдсэн үү?
-Тэгсэн. Манай гэрийнхэн наашаа ирэх зардлын мөнгийг гаргасан. Харин хагалгаанд шаардагдах зардлыг хэн гаргахыг би сайн мэдэхгүй байна.

 -Хотод ирснээс чинь хойш ангийн удирдлагуудаас чинь холбоо барьсан зүйл байна уу?
 -Энд ирснээс хойш хэн ч асууж сураглаагүй. 

-н.Баатар дэслэгч ер нь цэргүүдийг энэ маягаар дарамтлах тохиолдол байсан уу?
 -Намайг бол утаснаас болж хэд хэд зодсон. Өөр цэрэг зодуулж байхыг хараагүй. 

-Тэр алга болсон утас нь олдсон уу? 
-Олдоогүй. 

-Энэ ангид ирсэн цагаасаа хойш л ингэж дарамтлуулав уу эсвэл утас алга болсноос болоод л ингэж зодуулав уу ? 
-Очсоноосоо хойш хааяа хааяа зодуулдаг л байсан. Гэхдээ энэ сард бол илүү их зодууллаа. 

-Гэрийнхэндээ хэзээ хэлэв? 
-Ангийнхаа удирдлагуудад хэлснийхээ дараа хэлсэн.

-Хагалгаанд хэзээ орох вэ. Одоо биед чинь зовиур байна уу? 
-Их л өвдөж байна. Хагалгаанд удахгүй орох байх. 

-Ер нь танай ангид хал цэргийн дарамт хэр байна вэ? 
-Зодно зодно. 


А.Пүрэв-Очир: ХҮҮГЭЭ ЭСЭН МЭНД ДЭЭР НЬ ЦЭРГИЙН АЛБАНААС САЛГАЖ АВЪЯ ДАА

П.Хэн-Мэдэх аавтайгаа нийслэлд ирсэн байна. Түүний аав Пүрэв-Очир гуай хамаатныхаараа байрлаж, хүүгийнхээ шөл цайг зөөж байгаа аж. Тэрбээр хүүгийнхээ өдрийн цайг өгөхөөр ирсэн байв. Энэ үеэр түүнээс цөөн асуултад хариулт авлаа. 

-П.Хэн-Мэдэх эхээс хэдүүлээ вэ. Утасны хулгайд сэрдэгдээд зодуулсан юм байна шүү дээ? 
-Би гурван хүүхэдтэй. Энэ миний том хүү, доор нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд бий. Миний хүүд хүний халаас уруу гар дүрэх хүмүүжил байхгүй.

 -Хүү тань өөрийнхөө саналаар цэргийн албанд мордсон уу. Та мэдээж ийм зүйл болно гэж бодоогүй байх л даа? 
-Хүү маань өөрөө дурлаж байж явсныг яана. Залуу хүн, эр хүн өөрөө хүсч байхад нь хориглоод яахав гэж бодоод явуулсан ч ийм зүйл болсонд харамсалтай байна. Ээж нь нутагт үлдсэн. Хүүдээ ийм зүйл тохиосныг мэдээд их шаналж байгаа, зүрх нь өвдөөд л үлдсэн хөөрхий. 

-Ангийн удирдлагууд нь тантай уулзав уу. Ямар тайлбар хийсэн бэ? 
-Штабын дарга нь надтай уулзсан. Миний хувьд энд эмнэлгийн улсуудтай л их уулзаж байна. Хамгийн гол нь хүүгээ хурдхан хагалгаанд оруулж, эдгээж авах талаар л асуудал тавьж байгаа. Зүү бол гарчихна. Хэд хоног эмчилгээг нь хийгээд харж байя л гэж хэлсэн. 

-Хүүг тань үзсэн эмч нар юу гэж байх юм. Таньд тодорхой тайлбар өгсөн байх? 
-Энд ирээд хүүгээ бүтэн долоо хоног харж байна. Эмч нар хэлэхдээ өнөө маргаашгүй хагалгаанд оруулна гэж хэлсэн. Хүүхэд чинь дөрвөн зүү залгисан, нэг нь доор байна, нөгөө гурав нь дээрээ хөдөлгөөнтэй байна гэсэн. Халагаанд ороход зүү хөдөлгөөнгүй байх ёстой юм байна. Задлаад хагалгаа хийх үед зүү хөдөлж байвал олдохгүй гэсэн. Ер нь бол энд тэнд хатгагдаж байж л хөдөлгөөнгүй болох юм билээ. Тиймээс зүү хөдөлгөөнгүй болсон цагт хагалгаанд оруулна гэсэн. 

-Зүү залгихад амь насанд аюул учруулах магадлал хэр юм бол?
 -Амь насанд аюулгүй гэсэн. Урьд өмнө нь гарч байсан асуудал гэдгийг эмч нар хэлсэн. Зүү залгиж, авахуулж байсан тохиолдол байдаг гэнэ. -Хүүгээ зүү залгисныг анх яаж мэдсэн бэ? -Хүүгээсээ сонсоод ангийн дарга нарт нь асуудал тавьсны хүчинд ингээд хотод ирчихээд байна.

 -Наашаа ирж, очих зардлыг та нар өөрсдөө гаргажээ? 
-16-нд наашаа гарах шаардлагатай болсон л доо. Гэтэл онгоцны билет олдохгүй Улаангомд нэг хоносон. Гэхдээ мэдээж хүүгийнхээ төлөө ийш тийшээ утас цохиж байгаад хүнд мөнгө шилжүүлж байж билет олж авсан л даа. Гэхдээ ингэж наашаа ирсний дараа штабынх нь дарга нар зардлыг нь авчирч өгсөн. 

-Өмнө нь хүү тань ангидаа дарамт шахалт байгаа талаар хэлж байв уу? 
-Би цэрэгт очсоноос нь хойш гурван ч удаа эргэж очсон. Энэ бүрт л дарамт, зодуур байгааг хэлдэг л байсан. Өөрөө ч очих бүрт л зодуулчихсан байдаг байсан. Гэхдээ би хүүд минь улам л дарамт шахалт үүсэх байх гэж бодоод асуудал үүсгэлгүй өнгөрдөг байсан. Энэ удаагийнх дөрөв дэх нь байхгүй юу. Одоо бол дуугүй байж чадахгүй. Арай ч дэндсэн асуудал болж байна шүү дээ. 

-Цаашид энэ асуудлаар холбогдох газруудад нь гомдол гаргах уу? 
-Ямар ч байсан хүүгээ хагалгаанд оруулна. Ямар үр дүн гарахыг харна даа. 

-Халгааны дараа хүүгээ буцаагаад анги уруу нь явуулах уу? 
-Одоо больё доо. Өмнө нь зөндөө зодуулчихсан, одоо ингээд шарх сорвитой болчихлоо. Хагалгааны дараа хүүгээ буцааж авах талаар хөөцөлдөнө. Ямар ч байсан хүүгээ эсэн мэнд дээр нь энэ цэргийн амьдралаас л салгаж авья гэж бодож сууна, ах нь. 

-Хүүг тань зодож, дарамталж, зүү залгиулсан н.Баатар гэдэг дэслэгч тантай уузааж, ямар нэгэн байдлаар уучлал хүссэн үү? 
-Үгүй, ерөөсөө уулзаагүй. 

-Энэ хүн өөрийгөө өмөөрсөн бичгийг ангийнхаа удирдлага болон ШШГЕГ-т явуулсан гэсэн. Энэ талаар танд мэдээлэл байна уу? 
-Ах нь энэ талаар юу ч сонсоогүй. 

-Хүүгээ зэрэмдэглүүлсэн талаараа холбогдох газруудад нь албан ёсоор хандсан уу? 
-Мэдээж зохих газруудад нь хандана.