“Алтан гахайтнуудад” анхаарал хандуулъя, сайд аа
2013/08/28
Монголын хүн амын төрөлт 2007 оны алтан гахай жил хамгийн олноор нэмэгдсэн гэдэг. "Энэ жилд төрсөн хүмүүсийг элбэг дэлбэг сайхан амьдрал хүлээж, үеийн үедээ амны хишигтэй байдаг юм" гэсэн яриа ч гарсан.
Юутай ч тэр жил төрөлт урьд хожид байгаагүй ихээр нэмэгдсэн түүхтэй. Мөн Монгол Улсын хүн амын дундаж өсөлт 1986-2002 оны хооронд 2.8-аас 1.4 хувь болтлоо буураад байсан бол 2007 онд огцом өсч 21.7 хувь болж, түүнээс хойш тогтмол нэмэгдсэн тоон үзүүлэлт бий. Зургаан жилийн өмн өх хүн амын өсөлтийг магтан сайшааж байсан манай улс өдгөө тэднээс “эмээж” байна. Тэр дундаа БШУ-ны сайдын харц нэг л ёозгүй. Учир нь тэр үед төрсөн 52 мянга 300 хүүхэд энэ жил нэгдүгээр ангид элсэн суралцана. Энэ нь өмнөх жилүүдийнхээс арав гаруй мянгаар өнд өр байгаа юм. Харин нийслэлийн хэмжээнд урьдчилсан байдлаар 22 мянга 584 хүүхэд шинээр сургуульд орно гэсэн судалгаа байгаа нь өнгөрөгч жилээс 3216-аар өссөн үзүүлэлт юм.
Нийслэлд дунд сургуулийн хүрэлцээ муу байгаагаас нэг ангид 40-50 хүүхэд чихэлдэн хичээллэдэг байсан. Тэгвэл энэ жил арав гаруй мянгаар илүү байхад нэг ангид багтаж суралцахад бэрх. Тэгэхээр яаж ч бодсон шинэ сургууль нээх шаардлагатай нь тодорхой байна. Харамсалтай нь нэг ч сургууль нэмж барьсангүй. Сонгинохайрхан дүүргийн нутагт орших Тахилтын амны ганц сургууль энэ хичээлийн жилд ашиглалтад орно гэсэн л мэдээ байна. Энэ бүхнийг БШУ-ны сайд Л.Гантөмөр та мэдэж л баймаар юм. Жил бүрийн намар эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж их сургуульд оруулахаас ч дор болсон. Тэр тусмаа алтан гахай жилийн хүүхдүүд их байсан болохоор тэр үеийн хүүхэдтэй эцэг эхчүүд цэцэрлэгт хүүхдээ оруулах гэж бөөн л сэтгэлийн зовлон үүсдэг байсан. Харин энэ зовлон сургуульд оруулах үед ч тасрахгүй бололтой. Бүр улам ихээр нэмэгдэх аяс ч ажиглагдаж байна. Гахай жилтнүүдэд анги танхим нь хүрэлцэхгүй болохоор сургуульд оруулах гэж танил тал гуйж царайчлан гүйнэ. Алтан гахай жилтн үүдийг хавар бүртгэсэн, харин одоо үлдсэн өөрийн харьяа дүүргийнхээ хүүхдүүдийг 27-28-ны өдрүүдэд бүртгэсэн юм. Энэ хоёр өдөр сургууль бүрийн бага ангийн сургалтын менежерийн үүдийг алтан гахайтнуудаа дагуулсан эцэг эхчүүд сахиж зогсоно. Харьяа хорооных нь хүүхдүүд ч нэг юм бүртгүүлээд гараад ирнэ. Харин түр оршин сууж байгаа, амьдарч буй хороо нь сургуульгүй эцэг эхчүүд хүүхдээ бүртгүүлчих гээд хүн хүнийг царайчлан зогсоно. Хэдийгээр энэ хороонд түр оршин сууж байгаа нь үнэн гэсэн хорооны Засаг даргын тодорхойлолт барьчихсан байсан ч эцэг эхийн иргэний үнэмлэхний хаягаар гээд тас ширвэж байлаа. Үнэндээ алтан гахайн дайрлагын хүүхдүүдэд багтаж шингэх анги танхим алга, Л.Гантөмөр сайд аа. Энэ бүхнийг яаж зохицуулах гэж байна вэ. Сургуулиа нэмээгүй мөртлөө нийслэлийн Боловсролын газраас цэцэрлэг, сургуулийн хамран сургах тойргийг шинэчлэн тогтоож, элсэлтийг зохион байгуулах зөвлөмжийг бүхий л сургууль, цэцэрлэгт хүргүүлсэн гэж байгаа. Тэгэхээр түр оршин сууж байгаа өрхийн хүүхдүүд, харьяа хороонд нь сургуульгүй өрхийн хүүхдүүд сургуульгүй гудамжинд үлдэх болж байна уу сайд аа. Боловсролын салбарын энэ мэт явуургүй аргаас болж алтан гахай жилтнүүд сургуульгүй хоцорч мэдэх нь. Хэтэрхий олон зургаан настан байгаа болохоор нийслэлийн харьяаны найман сургууль гурван ээлжээр хичээллэхээр болсон байна. Нэг сургууль дээр л гэхэд I ангийн 9-10 бүлэг хичээллэхээр болжээ. Тэгэхдээ нэг ангид 40-50 хүүхэд суралцана гэнэ. Гэтэл үнэндээ 22 мянга гаруй хүүхдийг нэг ангид 40,50- аар нь чихцэлдүүллээ ч нийслэлийн 111 сургууль хаанаа ч хүрэхгүй. Уг нь стандартаар бол бага ангийн нэг бүлэг 30-35 хүүхэдтэй хичээллэх ёстой аж. Яг ийм тооны хүүхэд хичээллэж байж орчны стандарт мөрдөгдөх гэнэ. Гэвч энэ тухай яриад ч хэрэггүй гэж зарим багш толгой сэгсэрч байна. Анги дүүргэлт хэмжээнээс хэтрэхээр нэг ширээнд гурван хүүхэд суух бол энгийн зүйл гэж байлаа. Бүх зүйл стандартаас гажихаар хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг эрхэм сайд та мэдэж л баймаар юм. Алтан гахай жилтэнд сургууль ховордохийн хэрээр манайдаа л өндөр үнэтэйд тооцогдох хувийн сургуулиуд ч өмнө нь хүүхдээ сургаарай гэж даллан дууддаг байсан бол өдгөө ар өврийн хаалга хэрэглээд ч дийлдэхгүй байгаа сурагтай. Зунжингаа зам засвар руу урсгасан бондын хөрөнгөнөөс жаахан ч гэсэн боловсролын салбар руугаа чиглүүлсэн бол сайдын гүйцэтгэх үүрэг их байлаа. Хэрвээ тэгсэн бол эцэг эхчүүд сайд танд талархах байсан юм. Гэтэл та нийслэлд 80 бага сургуулийн шавыг тавихаар төлөвлөсөн гээд уран сайхан үгээр чихэн дээр цэцэг ургуулах юм. Түүний оронд 80 биш найман сургуулийн шавь тавьж, хөрөнгө мөнгийг нь шийдчихлээ. Ирэх жил ашиглалтад орно гэсэн бол үнэнд ойр байх байж. Зургаан настнуудыг багтааж ядаж байхад энэ жил гурван сургуулийг жагсаалтаас гаргачихсан. “Тэтгэвэр”-т гаргахаас өөр арга байгаагүй гэж салбарын сайд нь тодотгож байна билээ. Тэгэхээр багтааж ядсан багачуудынхаа хажуугаар хөгшин сургуулийн сурагчдыг хааш нь чихнэ ээ, Л.Гантөмөр сайд аа. Юутай ч өчигдрийн байдлаар алтан гахай жилийн зургаан настнуудын бүртгэл өндөрлөлөө. Төр засгийн тэргүүнүүд улсынхаа хүн амыг өсгөх бодлого баримтлаад сүйд болоод байгаа гэх боловч тэдэнд боловсрол олгох тал дээр их л дутмаг байна. Ядахнаа л бүтээн байгуулалтынхаа олон ажлын нэгэнд нь л сургууль, цэцэрлэг барьчихсан ашиглалтад оруулж байсан бол хойч үеийн багачуудад тань хэрэгтэйсэн. Ер нь алтан гахай жилтнүүдэд анги танхим хүрэлцэхгүй байгаа нь улсынхаа хүн амын тоог нэмж олноороо төрсөн нь тэдний буруу биш сайд аа. “Алтан гахай’’-н дайрлага Боловсролын салбар луу давалгаалж байна. Цэцэрлэгт ч, сургуульд ч “гөөхий”-дөж байдаг алтан гахайтнууддаа анхаарал хандуулах цаг болжээ, сайд аа.
“NT” © Г.ХИШИГСҮРЭН