Сүүлийн жилүүдэд найраатай дүйцэхүйц нэг ужгирсан асуудал монгол бөхөд гарч ирсэн нь сэргээш. Хамгийн анх 2002 онд дархан аварга А.Сүхбатаас сэргээш илэрснээс хойш 17 бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн байдаг.

Хамгийн сүүлд буюу энэ жилийн наадмаар Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат улсын начин Б.Баатарцол, Увс аймгийн Тэс сумын харьяат улсын начин Б.Ганзориг нар анаболик стероид хэмээх сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь “Б” сорьцийн буюу хоёр дахь шатны шинжилгээгээр батлагдлаа. Хэдийгээр улсын начин Б.Баатарцол сэргээш хэрэглээгүй хэмээн манай сайтад тодруулга өгсөн боловч шинжилгээний дүн өөрийг хэлж байна.

Өнгөрсөн 14 жилийн хугацаанд сэргээш хэрэглэсэн хэмээн нэр холбогдож байсан бөхчүүдийн ганцхан тохиолдлоос бусдад дээрх анаболик стероид бодис илэрсэн байдаг. Сэргээшийн төрөлд багтдаг анаболик стероидыг тамирчдад хэрэглэхийг хориглодог бөгөөд  өсөлт нь зогссон хүүхэд болон хорт хавдрын улмаас булчингийн масс алдаж байгаа өвчтөнүүдийн эмчилгээнд  л ашигладаг аж.

Тэгвэл сэргээш хэрэглэсэн хэмээн нэр холбогдсон бөхчүүдийн дийлэнх нь эрүүл мэндийн улмаас бэртэл гэмтлээ илааршуулах гэж эмчилгээ хийлгэсэн нь допинг хэмээн андуурагдлаа гэж тайлбарладаг. Гэтэл анаболик стероидын төрлийн эм бэлдмэл бэртэл гэмтлийг эдгээх эмчилгээнд  ордоггүй ажээ.

Допингийн эсрэг үндэсний төвийн дарга Г.Сүхбат энэ талаар ярихдаа “Тамирчид хэрэв бэртэл гэмтлээ эмчлүүлэхээр сэргээшийн төрлийн бодис зайлшгүй хэрэглэх шаардлагатай бол гурван сараас доошгүй хугацааны өмнө  холбогдох байгууллагуудад мэдэгдэх ёстой. Гэтэл бөхчүүд энэ үүргээ биелүүлэхгүй хойш суучихаад, сүүлд нь бэртэлтэйгээ холбож тайлбарладаг” гэсэн юм.

Анаболик стероидын бэлдмэл хэрэглэснээр эрчимтэй бэлтгэл хийх үед булчингийн ширхгүүд микро түвшинд гэмтдэг бөгөөд эргээд сэргэхдээ томордог байна. Энэ үйлдлийг олон хийснээр булчин томорч, сэргэлт авах хугацаа нь богиносдог учир тамирчид өндөр ачаалалтай бэлтгэл хийх боломжтой болдог аж.

Бөхчүүдээс яагаад ганцхан анаболик стероид илрээд байдаг, гэтэл тэр нь тэдний яриад байдаг шиг бэртэл гэмтлийг нь эдгээх эм бэлдмэл биш байдаг гээд хөөгөөд үзвэл бөхчүүд энэ бодисыг ямар зорилгоор хэрэглэдэг болох нь уншигч танд ч илхэн харагдаж байгаа биз ээ.

Сэргээшийн шинжилгээ өгдөг тамирчид нь ганцхан бөхчүүд биш. Бокс, хүндийг өргөлт, жүдо, чөлөөт бөх гээд спортын бусад төрлийн тамирчид ч тэмцээн уралдаанд оролцох бүртээ шинжилгээ өгдөг. Гэтэл 2002 оноос хойш сэргээш илэрсэн тамирчдын дийлэнхийг үндэсний бөхчүүд эзэлж байна. Харин тэднээс хавьгүй олон цагаар, байнгын бэлтгэл сургуулилт хийдэг бусад спортын тамирчдаас маш цөөн тохиолдолд сэргээш илэрчээ. Тооны энэ харьцаа юуг илэрхийлнэ вэ?

Допингийн эсрэг үндэсний төвийн дарга, доктор Г.Сүхбатын ярьснаар тус төвөөс зохион байгуулдаг сургалтад үндэсний бөхчүүд их хойрго ханддаг гэнэ. “Сургалтад суудаггүй учраас сэргээшийн талаар мэдлэг мэдээлэл ч  хомс. Харин бокс болон хүндийг өргөлтийн тамирчид бүтэн багаараа ирж суудаг. Ийм ч учраас тэд сэргээшийн асуудлаас ангид байж чаддаг” гэлээ.

Эндээс нэг асуулт урган гарч байна. Яагаад Монгол бөхийн нэг том асуудал болсон сэргээшийн эсрэг Монголын үндэсний бөхийн холбоо, бөхчүүд өөрсдөө юу ч хийхгүй, ийм хойрго хандана вэ? Жил бүрийн наадмаар шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг нь үнэн. Тэр тусмаа 2-3 бөхөөс сэргээш илэрдэг нь ёс мэт тогтчихоод байхад асуудлаа шийдэх арга зам хайж, ядаж ганц удаа ч болов бөхчүүдээ уриалаад  сургалт мэдээлэл өгч  яагаад болсонгүй вэ?

Үнэндээ Бөхийн холбоо, хариуцсан газрууд энэ талаар хангалтгүй ажиллаж байгаа талаар Улсын арслан Н.Батсуурь бөхчүүдээ төлөөлж саяхан байр сууриа илэрхийлсэн. Тэрээр жил бүр сэргээшийн шинжилгээ аваад, “илэрлээ” гэж хэдэн хүний нэр усыг цоллоод л өнгөрдөг. Бусдад нь энэ талаар мэдээлэл өгдөггүй талаар гомдол мэдүүлсэн юм.  “Би сүүлийн дөрвөн жилийн баяр наадамд шөвгөрч допингийн шинжилгээнд хамрагдсан. Надад нэг ч удаа шинжилгээний хариу ирээгүй. Би шинжилгээнийхээ хариуг авмаар байна” гэж тэрээр сошиал хуудсаараа дамжуулан хариуцсан газарт нь хандсан. Тэгвэл допингийн олон улсын стандартад сэргээш илэрсэн тохиолдолд л холбогдох байгууллагад мэдэгдэж, хэрэглэсэн тамирчинд хариу нь эх хувиараа очдог. Илрээгүй тамирчинд “Та допинг хэрэглээгүй байна” гэсэн  хариу өгөх албагүй аж. Мөн сэргээш илрээгүй тамирчны хариу “Допингийн эсрэг үндэсний төв“-д ч ирдэггүй  байна.

Ийм наад захын мэдээлэл ч өнөөдөр бөхчүүдэд алга. Тэгэхээр ямар төрлийн бодис яагаад хориглох жагсаалтад орсон, түүнийг хэрэглэхгүйн тулд ямар эм бэлдмэлээс зайлсхийх ёстой гэсэн үндсэн мэдлэг ч байхгүйд гайхах зүйл алга.

Үнэндээ Монголын үндэсний бөхийн холбоо ийм идэвхгүй, сул байгаа нөхцөлд бөхчүүд мэдэхгүй гэдэг үгээр мянган үгний таглаа хийж, мэдэн будилж сэргээш хэрэглэсээр байхыг ч үгүйсгэхгүй. Гэвч МҮБХ-ын тэргүүн Р.Нямдорж бөхчүүддээ допингийн хор уршгийн талаар мэдээлэл хийж, хурал зөвлөгөөн зохион байгуулдаг гэж ярьж байна.  Гэхдээ хурал зөвлөгөөн зохион байгуулаад ч буурахгүй байгаа учраас энэ асуудлыг шийдэхийн тулд  энэ жилээс эхлэн Бөхийн өргөөнд болж буй барилдаануудын үеэр ч допингийн шинжилгээ авч эхлэхээр төлөвлөж байгаа гэлээ.  “Ингэснээр сэргээш хэрэглэж буй бөхчүүдийг хязгаарлаж болно гэж үзэж байгаа” хэмээн тэрээр ярьсан юм.

Түүнчлэн сэргээш тойрсон бас нэг асуудал гайхал төрүүлдэг нь яг ижилхэн төрлийн бодист хэрэглэсэн байхад бөхчүүдийн хүлээх шийтгэл харилцан адилгүй өөр байдаг явдал. Дээр дурдсанчлан үндэсний бөхчүүдээс дандаа анаболик стероид л илэрдэг.

Гэтэл 2011 оны наадамд шөвгөрсөн  улсын харцага Г.Алтангэрэл, улсын начин Ч.Цогбаяр нарын эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан байдаг бол дараа жилийнх нь наадамд улсын начин Б.Сугаржаргалын эрхийг зургаан сараар л хасчээ. Тэгвэл 2014 оны шинжилгээгээр улсын начин Н.Адьяабат, Б.Суманчулуун нар анаболик стероид илэрсний төлөө цолоо хураалгасан билээ.

Яагаад бөхчүүдээс илэрсэн сэргээш ижил байтал хүлээлгэх шийтгэл нь өөр байгааг  тодруулахад Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссын бөхийн салбар  хороон дарга Н.Ариунболд “Хуулинд сэргээш хэрэглэсэн бөхийн барилдах эрхийг зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хасах эсвэл тухайн баяр наадмаас авсан цол чимгийг хураах гэсэн заалттай байдаг. Допинг илэрсэн бөхийн нэрсийг бөхийн салбар хороо баяр наадмын комисст уламжилж, комисс цаашаа Ерөнхийлөгчид өргөн барьснаар хуралдаж, олонхийн саналаар шийддэг” гэж тайлбарлалаа.

Тэгэхээр ямар бодисыг яаж хэрэглэсэн нь чухал биш, баяр наадмын комиссын гишүүдийн олонх юу гэж үзэх нь шийдвэрлэх нөлөөтэй байдаг аж.  Ийнхүү сэргээш тойрсон асуудал учир битүүлэг, тэгсэн атлаа түүнийг хэн ч илчилж, нээх гэж оролдохгүй нуугдмал сэдэв хэвээр л байнна.

Уг нь, монгол түмний баяр цэнгэлийн охь болсон, эрийн цагаан хийморийг шингээсэн үндэсний бөхийн ертөнцөд шударга бус өрсөлдөөний бэлгэ тэмдэг болсон сэргээш хэмээх сэвийг суулгахгүйн тулд бөхчүүд өөрсдөө үүрэг хариуцлагаа ухамсарлаж, монгол бөхийн нэрийг цэвэр ариунаар нь авч явах  ёстой.  Допингийн эсрэг үндэсний төвийн дарга Г.Сүхбат  ч үүнтэй утга нэг тайлбарыг өгснийг төгсгөлд нь хүргэе. “Ганц манай  байгууллага сэргээштэй тэмцэхэд хүнд. Энэ бүхнийг зогсоохын тулд сэргээш зарж борлуулж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг таслан зогсоож, бөхчүүд өөрсдөө хурал зөвлөгөөндөө тогтмол суулгах шаардлагатай байна. Спорт холбоод ч үүнд идэвхтэй зохион байгуулж оролцох хэрэгтэй” гэснийг санахад илүүдэхгүй биз.

О.Дашням

newscom.mn