Өршөөх гэдэг нь хэн нэгний гэм зэмийг уучлах, хэлтрүүлэх хэмээх утгыг илэрхийлнэ гэж Монгол хэлний их тайлбар толинд заажээ. Тэгэхээр санаандгүй байдлаар эс бөгөөс хийгээгүй хэргийнхээ төлөө гүтгэгдэж, “аавын гэр”-т ял эдэлж байгаа хүмүүсийн хувьд Өршөөлийн хууль гэдэг өнөөх авралын бурхан нь юм.

Харин тухайн зүйлийг үйлдэх нь хууль бус, өөрийн эрүүл мэнд, оюун санаанд асар их хортой гэдгийг мэдсэн атлаа тухайн үйлийг хийсэн хүмүүсийг өршөөх нь зөв үү. Чухамдаа хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэсний улмаас хуулийн дагуу ял эдэлж байгаа хүмүүсийг төр нь уучлах нь хэр оночвтой шийдвэр вэ гэсэн асуудлыг хөндөж байгаа юм. Учир нь манай улсад энэ оны долдугаар сарын 6-наас хэрэгжиж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуульд энэ сарын 3-ны байдлаар 5000 орчим хүн хамрагджээ. 

Ингэхдээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн 92 хүнд хорих ялын эдлээгүй үлдсэн хугацааг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор шийдвэрлэсэн нь ихээхэн анхаарал татав. Нийт 1061 ялтны хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсны 92 нь хар тамхиар “хооллогчид” байна.  Мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх, худалдаалах гэмт хэрэг сүүлийн жилүүдэд хурдацтай өсөн нэмэгдэж буй энэ цаг үед энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгсдийг өршөөх нь хувь хүндээ ч нийгэмд ч асар их хор хөнөөлтэй. Учир нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмтэн суллагдаж очоод улам ихээр хохирогсдыг зовоодог шиг мансууруулах бодисыг нэгэнтээ хэрэглэж үзсэн бол “ходоод” нь байнга л нэхэж байдаг гэдгийг мэргэжилтнүүд цаг үргэлж анхааруулдаг.

Хар тамхи гэсэн “хөлгүй далай”-д залуу үеэ живэхээс Монголын төр хамгаалах ёстой байтал гэмтнүүдийг нь өршөөж, “хаацайлах” нь мянга мянган хүүхэд, залуусыг өнөөх хөлгүй далай руу түлхэж байгаатай агаар нэг юм. Учир нь дэлхийн улс орнууд энэ төрлийн гэмт хэргийг бууруулахын тулд хуулийн хатуу арга хэмжээ авч байхад манай улсад эсрэгээр мансууруулах бодис ашигласан хүмүүстээ өршөөл үзүүлэн суллах нь гэмт хэрэг нэмэгдэх үндэс суурь болж байна. Уг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах, хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.Гэвч хуулийн энэ арга хэмжээ төдийлөн оновчтой биш гэдгийг мансуурагчдын тоо нэмэгдэж, нас залуужиж байгаагаас мэдэж болно.

Тухайлбал, цагдаагийн байгууллагад энэ оны эхний найман сарын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 107 гэмт хэрэг бүртгэгджээ.

Үүний 84 нь нийслэлд 23 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Манай улсад энэ төрлийн гэмт хэрэг 2002 оноос хойш тасралтгүй өссөөр байна. Энэ нь хар тамхи мансууруулах бодисын хэрэглэгчид нэмэгдсэн, нийлүүлэлтийг даган улсын хилээр хууль бусаар оруулах, бэлтгэх, бусдад зарж борлуулах нь ихэсч байгаатай холбоотой. Бусад төрлийн гэмт хэрэгтэй харьцуулахад 35 хүртэлх насныхан энэ  төрлийн гэмт хэргийн хохирогч болдог нь харамсалтай. 

Аливаа зүйлд зохист хэм хэмжээ байх ёстой тул хэнийг өршөөх, хэнийг эс өршөөхөө шийдвэрлэхдээ туйлын нухацтай хандах нь чухал. Зарим хүмүүс “аавын гэр”-ээс гараад засардаг бол зарим нь гэмт хэргээ дахин үйлдэх нь бий.

Тухайлбал, Өршөөл үзүүлэх тухай хуулиар  эмэгтэй 16, эрэгтэй 137, насанд хүрээгүй 13 хүүхэд  суллагдсан байна. Эдгээрээс анх удаа гэмт хэрэг үйлдсэн 90, хоёр удаа гэмт хэрэг үйлдсэн 58,  гурав түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдсэн 16 хүн байгаа нь үүний нотолгоо юм.

Хар тамхиар “хооллогчид”-ын тухайд ходоод нь “хоолоо” нэхвэл өгөхгүйгээр тэсвэрлэх нь асар их эргэлзээтэй асуудал. Иймээс Өршөөл үзүүлэх тухай хуулиар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн ялыг хөнгөлөхөө больё.

 

 

Б.Должинжав

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин