Манай улсад үйл ажиллагаа явуулж буй ААН байгууллагуудад хяналт шалгалт хийх шаардлагатай байгаа ба зөрчил ихээр гарах болсон нь хяналт шалгалт муу байгаагын илрэл билээ.

Мөн түүнчлэн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах асуудал муудсан нь илт. Сүүлийн жилүүдэд барилга тохижилтын ажил эрчимтэй явагдаж өндөр өндөр барилга нийслэлд маань сүндэрлэх болсон. Энэ нь сайн хэрэг хэдий ч хэл ам ихээр дагуулж байгаа юм. Учир нь уг ажлын чанар муу бөгөөд аюулгүй байдлыг хангаагүйгээс хүний аминд хүрсэн тохиолдол ар араасаа гарсан нь нийгмийг цочроогоод байсан. Тэгвэл саяхан үндэсний Аудитын газраас царцаасан барилгуудад хийсэн дүн шинжилгээгээр Хөрөнгө оруулалтыг төлөвлөх, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, хянаж баталгаажуулах, техникийн нөхцөл хангах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, барилга обьектийг барьж ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих зэрэг хөрөнгө оруулалтыг эзэмших бүх үе шатанд нэгдсэн бодлого зохицуулалтгүй, мөрдөж буй хууль, журам, стандартууд уялдаа холбоогүй байгаагийн зэрэгцээ захиалагч, гүйцэтгэгч, зураг төсвийн болон холбогдох мэргэжлийн байгууллагууд, төрийн албан хаагчдын ажил хариуцах чадвар, хариуцлага сул, хууль журам мөрддөггүй, хяналт тавьж хариуцлага тооцдоггүй байдал давамгайлж ужгирсан нь хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэл удаашрах үндсэн шалтгаан болж байна гэж үзсэн.

Дүн шинжилгээний аудитын дүнд илэрч бүртгэгдсэн хууль, журам, гэрээний зөрчлүүд нь ажил хариуцсан төрийн албан хаагчид, байгууллагуудын санаачилга, мэргэжлийн ур чадвар, гүйцэтгэлийн сахилга бат, хариуцлагатай холбоотой учир Засгийн газар тодорхой дүгнэлт хийж холбогдох арга хэмжээ авах шаардлагатай гэсэн байна. Тэгвэл мөн Үндэсний аудитын газраас “Эрдэнэс таван толгой” компанийн үйл ажиллагаанд шалгалт хийж хэд, хэдэн ноцтой зөрчлийг ирүүлжээ. Зөвлөх компаниуддаа гэрээнээс гадуур мөнгө шилжүүлсэн, монгол, гадаад ажилчны цалин маш их зөрүүтэй байгаа ба ТУЗ-ийн гишүүдийн эрх мэдэлд их хэмжээний мөнгө зарцуулж байгааг баримтаар нь илрүүлсэн байна. “ARUDU” зөвлөх компанийн гэрээгээр гүйцэтгэсэн ямар ч ажил байхгүй байхад 405.4 сая төгрөг, “Norwest corporation” компанид гэрээнээс гадуур 277.7 мянган ам.долларыг олгосон.

Мөн “PriseWaterhouse Coopers Audit” компанид 76.8 сая төгрөгийг илүү олгосон байна. Түүнчлэн гадна компанийн удирдлагууд өөрсдийн дураар ТУЗ-ын даргын цалинг зургаан сая, гишүүдийнх нь цалин 1.8 сая төгрөг болгож өсгөсөн нь хууль зөрчсөн хэрэг аж. Цалингийн нэмэгдлийг Төрийн өмчийн хорооноос тогтоох ёстой бөгөөд гадаад ажилчдын авч байгаа цалин монголчуудын авахтай харьцуулахад тэнгэр, газар шиг ялгаатай байгаа юм. Түүнчлэн “Эрдэнэс Таван толгой” компани “Нүүрс нийлүүлэх, худалдан авах гэрээ”-ний дагуу үүргээ биелүүлээгүй, нүүрсээ борлуулаагүйгээс болж “Чалко трейдинг Хонконг” компаниас авсан зээлийн хүүг хоёр дахин нэмэгдүүлсэн дүнгээр төлж байгаа юм байна. Хүү төлж багагүй хэмжээний алдагдал хүлээж байгаа учраас Хөгжлийн банкнаас 2012 онд 100.0 сая ам.долларыг таван жилийн хугацаагаар, 100.0 сая ам.долларыг нэг жилийн хугацаатайгаар зээл авчээ. Мөн “Голомт” банкнаас 2013 онд нэг жилийн хугацаатайгаар 12.0 сая ам.доллар, Худалдаа хөгжлийн банкнаас таван сарын хугацаагаар 45.0 сая ам.доллар, Хас банкнаас нэг жилийн хугацаатайгаар 8.0 сая ам.долларын зээл авсан байна. Энэ мэтчилэн ноцтой зөрчлүүд илрээд байгаа юм байна.

Тиймээс үүнд анхаарал хандуулж арга хэмжээ авах шаардлага зайлшгүй бий болоод буй. Эх орондоо хөдөлмөрлөж байгаа Монголчууд гадаадын ажичлдаас доогуур цалин авч байгаа нь хачирхалтай. Өмнө нь энэхүү цалингийн асуудал яригдаж байсан хэдий ч доривтой арга хэмжээ авч чадаагүй бололтой. Тиймээс энэхүү асуудалд дахин анхаарал хандуулж доривтой арга хэмжээ авах ба ажилчдын цалингийн хөлсийг хуулийн дагуу хөдөлмөрийг нь шударгаар үнэлж цалинжуулах хэрэгтэй байгаа юм.

Ч.Гэрэлтуяа