Монголчууд хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнийхээ 90 хувийг гаднаас импортолж байна. Харин дотооддоо экспортолж болох бараа, бүтээгдэхүүнийхээ 99 хувийг түүхийгээр нь, ямар ч боловсруулалтгүйгээр урд хөрш рүү гаргаж байгаа гэхэд хилсдэхгүй. Ийм нөхцөлд улс орны эдийн засаг урт хугацаандаа, тогтвортой өсөх, гадаад зах зээлээс хараат бус, дархлаатай байх боломжгүй. Тийм ч учраас 2012 эхлэлтэй санхүүгийн хямрал яван явсаар 2013 онд Монголд маш хүчтэй нөлөөлж, ам.долларын ханш чангарлаа. Мөн гадаад худалдааны алдагдал нэмэгдэж, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурав. Урд хөрш манайхаас авдаг нүүрсээ багасгангуут төсөв түүхэнд байгаагүй их алдагдал хүлээж байх жишээтэй. Цаашдаа гадаад зах зээл дээр ийнхүү хямрал болсон ч Монгол дотооддоо эдийн засгаа хамгаалдаг дархлаатай, дотооддоо үйлдвэрлэдэг болох ёстой гэсэн зүйлийг төр засгийнхан ярьж байгаа. Улмаар тав дахь удаагийн Монголын эдийн засгийн чуулганы хүрээнд “Монголдоо бүтээцгээе” уриаг дэвшүүллээ.

 

Үнэхээр ч монголчууд Монголдоо бүтээж яагаад болохгүй гэж. Бүрэн боломжтой. Монгол хүн автобус, троллейбус, автомашин, мопед бүтээсэн. Мөн нэгэн цагт дотоодын арматур, төмөрлөгийн үйлдвэрлэлээ бүрэн хангачихдаг ч байлаа. Дарханы төмөрлөгийн үйлдвэр шүү дээ. Одоо энэ үйлдвэр хүчин чадлынхаа дөнгөж 40 орчим хувийг л ашиглаж, дотоодын хэрэгцээнийхээ мөн 40 орчим хувийг л хангаж байгаа юм. Саяхнаас монголчууд эх орондоо жийнс үйлдвэрлэж эхэллээ. Мөн гутал, пүүз, оймс, сурагчийн дүрэмт хувцас гэх зэргийг монголчууд тодорхой хэмжээнд үйлдвэрлэж чадаж байна. Гэхдээ импортын бараа, бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөж чадахгүй байгаа юм. Уг нь импортыг орлохуйц хэмжээнд чанартай үйлдвэрлэж чадаж л байгаа гэх. Даанч хүчин чадал, хөрөнгө мөнгөний дутагдалтай байдлаас болж зах зээл дээр хүчтэй өрсөлдөгч байж чадахгүй байх шиг. 

 

Тэгвэл энэ мэт асуудлыг ээлжит эдийн засгийн чуулганаар хэлэлцэнэ. Монголдоо үйлдвэрлэх бодлогыг төр засаг хэрхэн дэмжих вэ. Хэрхэн үндэсний үйлдвэрлэгчдээ урамшуулах вэ. Татвар, гаалийн бодлого хэрхэн сайжрах вэ. Үндэсний үйлдвэрлэгчдэд санхүүгийн ямар шинэ боломж нээж өгөх болоцоо байна вэ, хөрөнгийн зах зээлийг хэрхэн ашиглах вэ гэх зэрэг өргөн хүрээтэй сэдвээр 800 гаруй төлөөлөгчид хэлэлцэх нь. Өмнө нь Монголдоо үйлдвэрлэж, бүтээх гэдэг энэ чухал сэдвийг ийм өргөн хүрээнд хэлэлцүүлж байсан удаагүй. Тийм ч учраас энэ удаад “Монголдоо бүтээцгээе” уриан дор болох гэж буй эдийн засгийн чуулганаас үндэсний үйлдвэрлэгчид их зүйлийг хүлээж буй биз ээ. 

 

Л.Энхдэлгэр