Шүүгч болох хүсэлтэй хуульчид бухимдалтай байна. Бухимдалтай ч гэж дээ бужигнаад эхэлчихэж. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс  зарласан 70 шүүгчийн орон тоонд өрсөлдөх хүсэлтээ илэрхийлээд “бүтэлгүйтсэн” хуульч,  шүүгчид холбогдох газруудад гомдлоо гаргаад эхэлжээ. ШЕЗ-өөс  анхан болон давж заалдах шатанд 70 шүүгчийн сул орон тоо байгааг зарлаж бүртгэл явуулаад дууссан. Энэ дагуу  Хуульчдын холбооноос 492 хүний материалыг гаргаж өгснөөс ШЕЗ-өөс тавьсан шаардлагыг 136 хүний материалыг болзол хангасан гэж үзээд бүртгэсэн.  Товчхондоо 400 гаруй хүнээс дөнгөж 100 гаруй нь л шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох болзол хангасан гэсэн үг. Шаардлагад тэнцэгсдээс ШЕЗ   ирэх сарын  14-28-ны хооронд шалгалт авахаар зарлаад байгаа. Гэтэл ийнхүү шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцээгүй 394 хүн гомдолтой хоцорчээ. Эдгээр хүмүүс тус бүртээ холбогдох газруудад гомдол гаргаад байгаа юм байна.  Тэд Үндсэн хуулийн Цэц болон дүүргийн захиргааны хэргийн шүүхүүдэд тус тусын гомдлоо гаргаад байгаа аж. Учир нь ШЕЗ тэдгээр хүмүүсийн ажил мэргэжлээ сонгох эрхийг хааж боосон гэж гомдол гаргасан хүмүүс үзэж байгаа юм байна. Түүнчлэн хасагдсан хүмүүсийг бүртгэхээс татгалзсан шалтгаан нь 2003 оноос хэрэгжсэн хуульчийн сонгон шалгаруултад оролцоод гэрчилгээгээ авсан прокурор, шүүгч, өмгөөлөгчөөр гурваас дээш жил ажилласан хүнийг Шүүгчийн сонгон шалгаруултад оролцуулна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн байна. Гэтэл өнгөрсөн хавраас эхлэн дээрх  сонгон шалгаруулалтад оролцох журмыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн  дагуу зохицуулан хэрэглэдэг болсон аж. Гэсэн атал хуулийг дордуулж хэрэглэн 300 гаруй хүнийг хасчихаад байгаа талаар бүртгэлд тэнцээгүй иргэдийн төлөөлөл хэлж байгаа юм.

  Товчхондоо 2003 оны хууль хэрэглэсэн гэсэн үндэслэлээр бүртгэлээс хасагдсан  хүмүүс гомдол гаргаад байгаа аж.  Харин ШЕЗ-өөс зарласнаар шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байх учиртай. Үүнд анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч нь 25 насанд хүрсэн, мэргэжлээрээ гурван жил ажилласан байх ёстой. Харин давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч нь анхан шатны шүүхийн шүүгчээр гурван жил ажилласан байх, ял шийтгүүлж байгаагүй, шүүгчид нэр дэвших үедээ гэмт хэрэгт холбогдоогүй буюу сэжигтэн яллагдагчаар татагдаагүй, бусдад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, шүүгчээр ажиллахад харшлах сэтгэцийн эмгэггүй, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан зэрэг шаардлагуудыг хангасан байх ёстой.   Бүртгэлээс хасагдсан 300 гаруй хүн гомдол гаргаад байгаа талаар  ШЕЗ-өөс тодруулахад “Бид тавьсан шаардлагынхаа дагуу л хүмүүсээ бүртгэж авсан” гэсэн тайлбарыг өгч байна. Харин бүртгэлд хамрагдаж чадаагүй иргэдийн зүгээс “Шүүгчийн сонгон шалгаруулалт  зарлалаа гэж орон даяар зарладаг ч үнэн хэрэгтээ өмнө нь ажиллаж байсан хуучин хүмүүсээ л авдаг. Энэ бол тухайн хүний ажил мэргэжлээ сонгох боломжийг хааж байгаа явдал” хэмээж байгаа юм. Энэ бүгдээс үзэхэд “Шүүх тогооноосоо хүн гаргадаг.  Гаднаас хэн нэгэн орох боломж хомс”   гэдэг үг үнэний ортойг харуулж байгаа юм.  Түүнчлэн сонгон шалгаруулалтад зөвхөн хуульчийн гэрчилгээтэй хүн оролцоно гэж заасан нь ч өрөөсгөл гэдгийг хэлж байна. Энэ тохиолдолд өрсөлдөөн багатай болж, нөгөө л хэдэн хуульчид өөр хоорондоо ажлын байраа солиод байгаа мэтээр харагдаж байгаа юм. Нөгөө талаар шүүгчийн цалин өмнө байгаагүйгээр  өндөр хэмжээнд хүрсэн энэ үед шүүгчийн суудалд очих гэсэн хүмүүс олшроод зогсохгүй  бүртгэлд тэнцээгүйд бухимдах нь зүйн хэрэг мэт.  

 Өнөөдөр манай улсын ажиллах хүчнээс хамгийн их цалин авч байгаа нь шүүгчид гэхэд хилсдэхгүй. Тэднийг хэн нэгнээс хараат бус байж, бусдаас хээл хахууль авахгүй.  Тухайн асуудлыг чин шударгаар шийд гэдэг  даалгавартайгаар ийнхүү авдаг цалинг нь үлэмж хэмжээгээр нэмсэн. Ийм байхад хуульч мэргэжил эзэмшсэн хэн бүхэн  шүүгчийн суудалд тухалж, тэр их цалингаас хүртэхийг  санаархах нь гарцаагүй. Гэтэл ийнхүү хуулиар боомилон,  шүүгчийн суудалд дөтөх боломжийг нь хаасанд бухимдах нь мэдээж. Хуульч мэргэжилтэй хэн бүхэн бүртгэлд хамрагдаж, зүтгэх нь тодорхой байгааг ШЕЗ-ийнхөн   тооцоолоогүй байх учиргүй.  Гэтэл 70-хан хүний орон тоон дээр 500 шахам хүн бүртгэсэн нь өөрөө асуудал дагуулж байгаа юм. Хэдийгээр хүссэн хүн бүрийг бүртгэхийг зорьсон гэж байгаа ч тодорхой хэмжээний босго  тогтоож өгсөн бол энэ  олон  хүн хэл ам хийхгүй байсан биз.  Ямартай ч энэ хүний гаргаад байгаа гомдол хэрхэн шийдэгдэж, асуудлаа хаашаа эргэхийг харах л үлдлээ. 
    
 



Х.УЧРАЛ