Нийслэлд орон сууцны хэрэгцээ тун их байна. Хамгийн наад зах нь агаарын бохирдол буурахгүй, үүнээс болоод иргэдийн дунд амьсгалын замын өвчлөл ч ихсэж байгаа юм.

Тиймээс энэ тулгамдсан асуудлаас гарахын тулд нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах засаг даргын хийх хамгийн эхний ажил болоод байгаа юм. Улаанбаатар хотод 180 мянга гаруй өрх гэр хороололд амьдарч байна. Жил бүр 15 мянга орчим орон сууц ашиглалтад орж байгаа нь нийт хэрэгцээний ердөө 10 хувийг хангаж байгаа аж. Өрх бүрийг орон сууцжуулахын тулд Засгийн газраас Монголбанктай хамтран ипотекийн зээлийн хөтөлбөрийг эхлүүлсэн. Энэ дагуу иргэд 30 хувийн урьдчилгаагаа төлбөр төлөх нөхцөлтэйгөөр жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдаж байгаа юм. Гэвч энэ хөтөлбөрт хамрагдаж чадахгүй үлдэгсэд ч их байгаа. Учир нь орон сууцны урьдчилгаа төлбөр дээр гацаа үүсчихдэг. Арайхийж урьдчилгааныхаа багахан хэсгийг цуглуулж байх хооронд байрны үнэ тэнгэрт хадаж, нөгөөх урьдчилгаа төлбөрт өгөх ёстой мөнгөн дүн нь дагаад өсчихнө. Тэгэхээр 30 хувийн урьдчилгаагаа төлөх чадваргүй, цалингаас өөр орлогогүй иргэд хэрхэн, яаж орон сууцанд орох вэ гэдэг нь өнөөдрийг хүртэл бүрхэг асуудал хэвээр байгаа. Орон сууцтай болохыг хүссэн иргэдийн 80 орчим хувь нь урьдчилгааг шууд төлж орон сууцанд орж хамрагдах боломжгүй байдаг байна. Хөдөлмөрийн яамны харъяа “Хөдөлмөрийн судалгааны интституд”-ээс гаргасан судалгаагаар цалинтай ажил хийдэг насны хүмүүсийн 21 хувь нь 600 мянган төгрөгөөс дээш цалинтай, 23.9 хувь нь 400-500 мянга, 19.6 хувь нь 300-400 мянга, 16.9 хувь нь 500-600 мянга, 10.3 хувь нь 300-400 мянга, 8.3 хувь нь 200 мянган төгрөг хүртэл цалинтай байдаг байна. Энэ бүхнээс харахад сар бүр орлогоосоо урьдчилгаа төлбөрийг тогтмол бүрдүүлэх боломжтой иргэдэд зориулсан орон сууцны хөтөлбөр боловсруулах шаардлага гараад байгаа юм. Өөрөөр хэлбэл энэхүү хөтөлбөр нь цалингийн орлогоосоо 25-30 хувийг орон сууцны хуримтлалын санд төвлөрүүлэх замаар 3-5 жилийн хугацаанд орон сууцтай болгох нөхцөлийг бүрдүүлэх юм. Тиймээс нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр болж, судалгаа шинжилгээний ажлуудыг эхлүүлсэн талаараа Хотын мэр хэллээ. Тухайлбал цалингаасаа сар бүр 100 мянган төгрөг төлөөд явбал таван жилийн дараа л гэхэд 25 метр квадрат байр авах боломжтой гэнэ. Тэгээд үргэлжлүүлээд нийтдээ 10 жил 100 мянган төлөхөд өөрийн гэсэн өмчтэй болох юм байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Улиастайн ам, Нисэхийн спорт цогцолбор, Морингийн даваа, Биокомбинат, шинээр баригдах Автохудалдааны төвийн хажууд гэх мэт таван газарт орон сууц барихаар төлөвлөжээ. Эхний ээлжинд 20 мянган хүн дэмжээд 50 тэрбум төгрөг төвлөрүүлж чадвал барилгын ажил шууд эхлэх боломжтойг онцоллоо. Хэрвээ энэ ажил бодит ажил болбол 200 мянган айлыг орон сууцтай болгох гэнэ.

Хэзээ нэгэн цагт байрны урьдчилгаа төлбөр төлөөд байртай болно доо гэж мөрөөдөж урьдчилгаагаа цуглуулж явах хооронд байрны үнэ ч дагаад өссөөр өнөөх сайхан мөрөөдөл алдагдахад хүрнэ. Өнөөдрийн байдлаар л гэхэд нийслэлд байршилтай орон сууцны нэг метр квадратын үнэ дунджаар 22.8 хувиар өссөн байдаг. Тиймээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх цаг болжээ гэж Э.Бат-Үүл дарга хэллээ.
Төрөөс иргэдийг орон сууцжуулах бодлогыг удаа дараа хэрэгжүүлсэн ч төдийлөн амжилтад хүрээгүй. Энэ удаад ипотекийн найман хувийн зээлийн хөтөлбөрийг эхлүүлсэн нь төр гэхээсээ илүү хувийн хэвшилд тулгуурласан учраас харьцангуй амжилттай хэрэгжиж байгаа юм. Үүнээс өмнөх 4000 айлын орон сууц, 100 мянган айлын орон сууц хөтөлбөрүүд хангалттай амжилттай хэрэгжиж чадаагүй. Үүний шалтгааныг нийслэлийн удирдлагууд газар чөлөөлөлт, дэд бүтцийн зардал гэх зэрэг асуудалтай холбон үзэж байна. Тэгвэл нийслэлээс энэ удаа хэрэгжүүлэх хөтөлбөрт газар чөлөөлөх гэсэн ямар нэгэн асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл, нийслэл өөрийн өмчлөлд буй газруудад барилгын ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Уг хөтөлбөр цаашид хэрэгжвэл 10-15 жилийн дотор нийслэлийн гэр хорооллын асуудал, орон сууцны асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой аж. Шинээр баригдах орон сууцны хорооллуудад дэд бүтцийн асуудлыг улсын төсвийн хөрөнгөөс шийдвэрлэнэ. Харин газрын хувьд нийслэл өөрийн өмчлөлдөө буй газар дээр барьж байгаа учраас ямар нэгэн нэмэлт зардал байхгүй. Тийм учраас орон сууцны үнэ хамгийн хямд байх боломжтой аж.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс зарим асуултад хариулт авлаа

-Уг хөтөлбөрт хамрагдах хүмүүст ямар шалгуур тавьж байгаа вэ?
-Хамгийн гол нь уг хөтөлбөрт хамрагсад заавал ажилтай, орлоготой байх ёстой. Иргэн хүн ямар нэг байдлаар төвлөрүүлэх ёстой мөнгөө төвлөрүүлж л байвал өөр ямар нэгэн шалгуур үйлчлэхгүй. Сар тутамд хуваарийнхаа дагуу төвлөрүүлэх ёстой мөнгөө л төлөхөд хангалттай. Түүнээс биш ямар нэгэн нийгмийн даатгал гэх зэрэг баталгаа шаардахгүй. Гэхдээ 3-5 жилийн хугацаандаа төлбөр төвлөрүүлэлт нэг л удаа алдагдвал гэрээг цуцална. Иргэд мэдээж энэ тохиолдолд төвлө­рүүлсэн мөнгөө буцаан авч болно. Гэхдээ хүүгүйгээр. Учир нь нийслэл таньд худалдаж буй орон сууцандаа ямар нэгэн хүүгийн төлбөр тооцоогүй. Хөдөөний мал­чин ч захиалж болно. Орон сууц­тай хүн ч захиалж болно. Энэ шийд­вэр гарсны дараа хөдөө орон нут­гаас ирж хашаа хатгадаг байдлыг зогсооно.
-Иргэд мөнгөө ийнхүү төвлөрүүлж байгаагийн цаад баталгаа нь юу байх бол. Иргэдийн мөнгө найдвартай, баталгаатай байж чадах уу?
-Хэд хэдэн баталгаа байгаа. Нэгдүгээрт, нийслэл маань өөрөө төсөвтэй. Жилд ойролцоогоор 400 орчим тэрбум төгрөгийн төсөвтэй. Хоёрдугаарт, хэчнээн сонгууль болсон ч засаг төр, нийслэлийн удирдлагууд байгаа бол хариуцах эзэн нь тодорхой гэсэн үг. Гуравдугаарт, иргэдийн төвлөрүүлж буй мөнгөн хөрөнгө нь тус тусын нэрийн дансанд нь байршина. Түүнчлэн нийслэлийн орон сууцны сангаас оруулах хөрөнгө оруулалт, орон сууцны барилгын ажил эхлүү­лэх бүхий л үйл явц ил тод байдлыг дээд зэргээр хангасан байх болно
-Нийслэлийн орон сууц корпо­раци, Төрийн орон сууцны короп­рациас юугаараа ялгаатай вэ?
-Төрийн орон сууц корпорацитай өрсөлдөөд байгаа юм биш. 3-5 жил хүлээж чадахгүй гэсэн нь урьдчилгаа 30 хувиа төлөөд найман хувийн хүүтэй зээлэндээ хамрагдаж байгаа юм. Ялгаатай тал нь гэвэл Төрийн орон сууц корпораци зээлээр орж ирсэн мөнгөөр хувийн хэвшлээр бариулж байгаа учраас тодорхой хэмжээний хүү төлөх зарчим баримталж байгаа. Өөрөөр хэлбэл ашигтай ажиллах ёстой. Харин Нийслэлийн орон сууц корпораци бол иргэдээс хуримтлуулсан мөнгөөрөө байшин барьж байгаа учраас хүү төлөхгүй, ашиг харах ч шаардлагагүй. Гэхдээ иргэдэд сонголт бий. Хуримтлуулсан мөнгө байвал Төрийн орон сууц корпо­рацыг, цалингаараа бол нийс­лэ­л­ийн орон сууц корпорацийг, илүү гоё орон сууц авах бол ху­вийн хэвшлийг, бүр чадахгүй бол түрээсийн орон сууцыг сонгож болно.
-Нийслэлийн орон сууц корпора­цийг яг хэзээнээс байгуулах гэж байна вэ?
-Бид корпораци байгуулах бүх судалгаа төлөвлөгөөгөө хийж дууссан. Өөрөөр хэлбэл бичиг цаасны ажил маань жигдэрсэн. Энэ сарын сүүлчээр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаанаар Нийслэлийн Орон сууц корпораци байгуулах асуудлаа оруулна. Ингээд үйл ажиллагаагаа эхлэх зөвшөөрөлтэй болсны дараа нарийн ширийн зүйлсийг хийнэ. Төслийг хэрэг­жүүлэхийн тулд орон сууцны сан байгуулна. Энэ санд 20 мянган хүн захиалга өгсөн тохиолдолд орон сууцны хорооллуудаа барьж эхэлнэ.
-Төрийн орон сууц корпора­цийн байрууд дээд тал нь 80 метр квадрат байдаг. Харин нийслэлийнх ямар байх бол. Мөн урьдчилгаагаа заавал таван жилийн хугацаанд төлөх юм уу?
- Бидний барих гэж байгаа орон сууцны дээд талын хэмжээ 60 метр квадрат байгаа. Яагаад гэвэл үүнээс дээш болохоор Төрийн орон сууц корпораци, хувийн хэвшлийнхний зах зээл рүү орчихоод байна. Урьдчилгаа төлөх хугацаа заавал таван жил биш. Өөрөөр хэлбэл тухайн байр захиалсан хүн өөрийнхөө нэрийн дансанд төвлө­рүүлж буй мөнгөний хэмжээ л чухал. Жишээ нь 53 метр квадрат байр захиалчихаад сард 450 мянган төг­рөг төлөөд явах юм бол гурван жи­лийн дараа байрандаа орно гэсэн үг.

Г.ХИШИГСҮРЭН