Бид “Монголчуудын амьдрал” булангийнхаа өмнөх дугаарт хүмүүсийн амьдрал баян, ядуугийн хоёр туйлд хэрхэн оршин тогтнож буйг сурвалжлан хүргэсэн. Бидний нэг хэсэг нь “Нарантуул” захын комиссын барааны лангуунаас арван мянган төгрөгт иж бүрэн хувцаслаж байхад нөгөө нь хотын төвийн томоохон дэлгүүрээс 500 мянган төгрөгт ганцхан цамц авдаг. Ийм эсрэг, тэсрэгийн хоёр туйлд бид нэг агаараар амьсгалж, амьдарч байна.

Харин энэ удаагийн дугаартаа “Нарантуул” олон улсын худалдааны төв орчмын цайны газар, хотын төвийн томоохон ресторануудын хоолны үнэ, ялгааг сурвалжиллаа. 

Хүний амьдрал гэдэг сонин аж. Нэг хэсэг нь “Хоногийн хоолоо яах вэ” гэж өдөр, шөнөгүй тарчигхан амьдрал дундуур туучиж байхад, нөгөө нь өдрийн хоолондоо 100 мянган төгрөг өлхөн үрчихээд тоож байгаа шинж алга. 

МОДОО БАРИГСАД: ТАВАН ЦУЛЫН ЗУРГААН ШИРХЭГ БУУЗААР ӨДРИЙГ БАРДАГ 

Бид “Нарантуул” захын хамгийн их үйлчлүүлэгчтэй явуулын “цайны газар”-ыг зорив. Их үдийн алдад энд амьдрал ид буцалж байлаа. Хүмүүсийн өдрийн хоолоо идэх цаг болжээ. Усны төмөр тэргэн дээр цаасан хайрцганд барианы шилэнд савласан хоолоо түрсэн хэд хэдэн явуулын хоолны борлуулагчид “Бууз, банштай цай, хуушуур байна” хэмээн орилсоор байв. Хоол зардаг 50 гаруй насны бүсгүйг Дондоо гэдэг. Хүмүүс түүнийг “Нарантуул” захын хаалгаар хоолоо түрээд орж ирэнгүүт л энд, тэндээс нь бүчин авч “Би ч нэг цуйван, тэр ч будаатай хуурга, бууз” гэсээр угтлаа. Тэрбээр сүүлийн хэдэн жил гэртээ хоол хийж, зах дээр худалдаалж байгаа гэнэ. Амттай, чанартай хоол хийдэг болохоор хүмүүс ч түүний хоолыг авахдаа дуртай, бүр хэд хэдэн байнгын үйлчлүүлэгчтэй болсон байна.

Энэ талаар тэрбээр “Амттай хоол л хийх юм сан гэж боддог доо. Өдөржин гадаа суудаг хүмүүст хамгийн гол нь амт, шимттэй хоол. Тэгж байж л тэд ч ажлаа хийнэ, би ч хэдэн төгрөгтэйгээ залгана. Сүүлийн хэдэн жил тасралтгүй хоол хийж зарж байгаа болохоор байнгын үйлчлүүлэгч олон болсон. Хүмүүс ихэнхдээ бууз, банштай цай, цуйван авдаг юм. Би таван цулын зургаан ширхэг буузаа савлаад, 3000 төгрөгөөр зардаг. Харин цуйван 3500, 12 банштай цай 4500 төгрөг. Эрчүүд цуйван, нэг аяга цайгаар л өдрийг бардаг бол эмэгтэйчүүд зургаан ширхэг бууз аваад өдөржин иддэг. Хоолоо зарж дуусчихаад, барианы шилээ авахаар лангуугаар нь ирэхэд үлдсэн буузан дээрээ халуун цай хийлгэж аваад үлддэг. Гэхдээ миний хоолнуудаас банштай цайнаас бусад нь таван цулынх байдгаараа онцлог.

Тэгээд дээрээс нь порц ихтэй болохоор хүмүүс дуртай авдаг байх гэж боддог. Өдөрт 20-25 хоол хийж зардаг. Хүмүүс орлого муудсан л гэж ярих юм. Минийх давгүй л байна. Хүн өлсөөд суудаггүй болохоор хоолоо авч идээд л байх шиг байна” хэмээн бидний асуултад товчхон хариулсан юм. Мөн тэрбээр нэг минутын өмнө ч гэсэн хоолоо зарж дуусахаар яарч байгаагаа учирласан. Эндээс бид захын дотор талд байрлах цайны газруудыг зорив. “Нарантуул” захын зүүн талын өргөтгөлийн хэсэгт 10 гаруй цайны газар үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Үйлчлүүлэгч тоймгүй олон байлаа. Ширээ бүрт 2-3 хүн хоол идэж, зарим нь хоолоо захиалчихаад хүлээж байгаа бололтой сууна.

Бидний эхний орсон “Hot pot” гэсэн нэртэй хоёр номерийн хоолны газар нь “Нарантуул” захад байдаг цорын ганц халуун тогооны шөлний газар. Үйлчлүүлэгчийн олонх нь ясны шөл авч, өөр өөрсдийн ширээн дээрх ил “зуухан” дээр буцалгаж байлаа. Үнийг нь сонирхбол, ясны шөл 2200, үхрийн мах 2500, хониных нь 2100 төгрөг гэнэ. Мөн шөлтэй хоолоо баяжуулах тасалсан гурил 1200, төрөл бүрийн ногоо 3-4 хүний порц нь 6000, амталсан будаа 1500 төгрөг. Нэг хүний хоолны нийт үнийг тооцвол, арван мянган төгрөгтэй байхад халуун шөлийг хангалттай идэж болохоор аж.

НИЙСЛЭЛ САЛАТ 2500, ХУУШУУР 1000 ТӨГРӨГ

Эндээс “Нарантуул” захын хойд талын “Мангасны ам”-ыг зорилоо. “Онцгой хуушуур” нэртэй цайны газар олон төрлийн хоолтой ч хүмүүсийн хамгийн их авдаг нь хуушуур, нийслэл салат. Үнийг нь тодруулбал, нэгдүгээр хоол буюу гурилтай, хавиргатай шөл, банштай цай зэрэг хоолнууд бүгд 4000 төгрөгийн үнэтэй. Харин хуушуур 1000, нийслэл салат 2500 төгрөг гэнэ. Хоёрдугаар хоол буюу гульяш, нарийн мах, цуйван, өндөгтэй хуурга зэрэг хоолнууд 4000-4500 төгрөг аж. Энд үйлчлүүлж байгаа хүмүүсийн олонх нь хөдөөнөөс ирсэн болон энэ хавьд бизнес эрхлэгчид. 5000 төгрөгтэй хүн эндээс хоёр хуушуур, нэг таваг нийслэл салат, хоёр аяга сүүтэй цай худалдаж аваад, 100 төгрөг хариулж авах юм байна. Эндээс хоол авч идэж байгаа хүмүүсийн амьдрал тийм ч тачирхандаа ордоггүй бололтой. Хоолоо баралгүй үлдээсэн хүмүүсийн үлдэгдлийг иддэг олон хүн энэ хавьд бий гэсэн. Эндээс хотын төвийн томоохон ресторанууд руу хөдөллөө. 

МӨНГӨӨР ТУЙЛАГСАД: ДӨРВӨН ШИРХЭГ ХУУШУУР 14900 ТӨГРӨГ

Бидний очсон эхний газар бол Сүхбаатарын талбайн зүүн талд байрлах “Модерн номадс” ресторан. Өнгө үзэмж сайтай, хүрэн бор өнгийн хавтастай хоолны цэс нь бараг сэтгүүл шиг зузаан аж. Нээж үзвэл, хамгийн хямдхан хоол нь “Эмээгийн банштай цай” 8900 төгрөг. Тус хоолны орцыг “Хийцэлж чанасан, үхрийн гургалдай, нохойн хошуу, үхрийн борцтой банштай цай” гэж бичжээ. Харин борчуудын хямдханд нь болж хамгийн их худалдаж авдаг хуушуурын үнэ 14900 төгрөг. Гэхдээ энэ нь дөрвөн ширхгийн үнэ. Нэг ширхэг нь дунджаар 3750 төгрөг гэсэн үг.

Тэгэхээр “Нарантуул” захын цайны газрын хуушуурнаас даруй дөрөв дахин өндөр үнэтэй байгаа юм. Мөн 18 ширхэг хуушуурын цуглуулга 35 мянга гэнэ. Хэдийгээр бидний өмнө очсон газраас хэд дахин үнэтэй байсан ч үйлчлэгчийн цуваа огт тасарсангүй. Харин ч бүүр үйлчлүүлэгч ихтэй байдаг аж. Магадгүй монгол үндэсний уламжлалт хоол  хийдэг учраас хүмүүс ийшээ их ордог ч байж мэднэ. Хоолны цэсийг харахад, цуйван л гэхэд хэд хэдэн төрөл бөгөөд төрлөөсөө шалтгаалаад харилцан адилгүй үнэтэй. Тухайлбал, үхрийн махтай цуйван 13900, таван цулынх 11900, “япон жуулчин” буюу сүүтэй цайнд хийсэн цуйван 12900 төгрөг аж. Үүн дээр уух зүйл, зууш нэмбэл, нэг хүн дор хаяж 25000 төгрөгтэй орохгүй бол хоолгүй гарах нь.

НИЙСЛЭЛ САЛАТ 10900 ТӨГРӨГ

Хотын төвийн томоохон ресторануудад хоолны захиалга өгөхгүй удах нь “хориотой”. Хоолны цэстэй нь бүрэн танилцаж амжаагүй байхад зөөгч нь 3-4 удаа ширээн дээр ирж “Захиалга өгөх үү” гэж асуух хэд хэдэн ресторанаар орсон юм. Хоолны цэс рүү нь утсаа чиглүүлэх, зураг авах бүр ч хориотой. Бидний дараагийн очсон газар “Централ таур” худалдааны төвийн гуравдугаар давхарт байрлах ресторан. Үйлчлүүлэгч гэж тоймгүй, бүхчим гэж жигтэйхэн орчин биднийг угтлаа. Зөөгч нь ширээн дээр хоолны цэс авчирч өгөх ч завгүй байгаа бололтой, биднийг 10 орчим минут хүлээлгэв. Эднийд халуун тогооны шөл гардаг юм байна. Үнийг нь товчхон сонирхуулбал, амтат мөөгний шөл 6600, үхрийн сээрний мах 9900, хонины гуяны мах 8900, ногооны цоморлог 9900 төгрөг гэж байлаа.

Нэг хүн ойролцоогоор 35 мянган төгрөгтэй байж халуун шөл уух нь. Энэ нь “Нарантуул” худалдааны төвийн халуун тогооны шөлний газраас бараг дөрөв дахин үнэтэй аж. Хоолны амт, чанар, хийж буй орчин зэргээс шалтгаалаад хоолны үнэ өөрчлөгддөг бололтой. Бид сурвалжилгаа бэлтгэх явцдаа хэд хэдэн хоолны газар орсон юм. Нэг таваг нийслэл салатын үнэ ихэвчлэн 2000-3000 төгрөг байв. Харин эл газарт нийслэл салат нэг таваг нь 10900 төгрөг гэнэ. Орц нь яг адилхан хэрнээ тав дахин үнэтэй байгаа нь бүр хачин.
Дээрх сурвалжилга монголд баян хоосны ялгаа байгааг тунчиг төвөггүй харуулах биз ээ. Бид хэдийгээр нэг ертөнцөд амьдарч байгаа ч идэж байгаа хоолны маань үнэ хүртэл асар их ялгаатай байгаа юм. Нэг хэсэг нь тэнгэр баганадсан үнэтэй хоолыг бор ходоод руугаа шидэж байхад, нөгөө нь өдрийн хоолоо арай ядан болгож байна.    

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН