Манай улсын Засгийн газрын төлөөлөл, “Рио Тинто” компанийн шинэ удирдлагуудтай “Оюу толгойн” гэрээний талаар арванхоёрдугаар сарын 18-нд цахим хурал хийсэн. Энэ үеэр Засгийн газрын Ажлын хэсгийн дарга Л.Оюун-Эрдэнэ манай улсын ногдол ашгийн хэмжээг нэмэгдүүлэхгүй бол Дубайн гэрээг цуцална гэдгээ мэдэгдэж, гэрээг сайжруулахаар болсон билээ.  Тэгвэл “Рио Тинто” компани хөрөнгө оруулалтын гэрээгээ цуцлахаа мэдэгджээ. Энэ талаар Английн “Financial Times” олон улсын өдөр тутмын сонинд гарсан “Mongolia threatens to halt Rio Tinto copper project”  нийтлэлийг орчуулан хүргэж байна.

 

“Рио Тинто” зэсийн уурхайн төслөө зогсоосон нь Монголд аюул учрууллаа”

 

“Рио Тинто” компани Монголын газар доорх асар том зэсийн ордыг ашиглахаа зогсоохоор заналхийлснээр тус улсын Засгийн газар томоохон асуудалтай нүүр туллаа. Учир нь  Монголын говьд байрлах “Оюу толгой” уурхайн гүнийг өргөтгөх 6.7 тэрбум ам долларын гэрээ бол “Рио Тинто”-гийн хамгийн чухал төсөл юм. Учир нь энэ төсөл хэрэгжиж дууссанаар “Оюу толгой” дэлхийн хамгийн том зэсийн уурхайн дөрөвдүгээрт бичигдэх байв.  Гэвч  төсөл анх тогтоосон төсөвт өртөгөөсөө хэдийнэ хэтэрсэн нь асуудал дагуулаад байна. Үүний улмаас тус компани хэрэв Монгол Улс энэ төслийг сайжруулахгүй бол хөрөнгө оруулалтын гэрээгээ цуцлахаас өөр аргагүй гэдгээ мэдэгдсэн нь монголчуудыг түгшээж байна.

Монголын Засгийн газар өнгөрсөн сард Рио Тинтогийн шинэ гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, тус компанийн Зэс, очир эрдэнийн группийн  тэргүүн Арнауд Саураттай цахим уулзалт хийсний дараагаар захидал бичжээ.Үүндээ уурхайн гүнийг өргөтгөх болон одоо байгаа уурхайг ашиглах төлбөрийг төлөөгүй тул Оюу толгойгоос ногдол ашиг хэзээ ч хүртэхгүй гэдэг нь тэдэнд бэрхшээл үүсгэж байгааг  илэрхийлсэн байна.  “Оюу толгой” уурхайн 66 хувийг Канад улсын “Туркойз Хилл Ресурс” эзэмшдэг бөгөөд үүний 50.8 хувийг нь “Рио Тинто”, үлдсэн 34 хувийг нь Монголын Засгийн газар эзэмшдэг. Уурхай ашиглаж,  гүнийг өргөтгөх төслийг хэрэгжүүлж буй “Рио Тинто”-гоос авсан зээлээрээ Монгол Улс уурхайн бүтээн байгуулалтын зардлаа бүрдүүлдэг. Энэ өрөө бүгдийг төлж дуустлаа Монголын Засгийн газар ногдол ашиг хүртэхгүй болсон юм.

 

Монгол Улсын Засгийн газар цахим хурлын дараа илгээсэн захидалдаа “22 тэрбум ам долларын өрөө төлж дуусгах хүртлээ манай Засгийн газар ногдол ашиг хүртэхгүй гэсэн нь бидний ирээдүйн хамтын ажиллагаанд маш их хүндрэл учруулж байна. “Оюу толгой” компани 2051 он хүртэлх дөрвөн жилд нь аж ахуй нэгжийн орлогын болон ашгийн татварыг төлнө гэсэн тооцоолол нь төслөөс бидэнд ирэх эдийн засгийн үр ашиг байх эсэх эргэлзээг төрүүлж байна” гэж бичжээ. Үүнээс гадна уурхай усны хомсдолтой бүс нутагт үйл ажиллагаа явуулж буйг дурдаад “Бид энэ төслийг хэрэгжүүлэх эсэхийг дахин дүгнэх шаардлагатай боллоо. “Рио Тинто” нөхцөл байдлыг бодитой үнэлж, Ажлын хэсгийн саналыг хүлээн авахгүй бол “Дубайн гэрээ”-г дангаар нь цуцлах мэдэгдэл хүргүүлэхээс өөр аргагүй” гэжээ.

Уурхайн гүнийг өргөтгөх хөрөнгө оруулалтын гэрээг  Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Рио Тинтогийн гүйцэтгэх захирал асан Жеан Себастьян Жак нар байгуулж байсан.  Үүнийг “Дубайн гэрээ” хэмээн нэрлэсэн бөгөөд гэрээний нөхцөлийг сайжруулахыг УИХ-ын Ажлын хэсэг 2019 оны арванхоёрдугаар сард Засгийн газартаа даалгаж байсан. Зээлийн хүү болон төслийн менежментийн төлбөрөө бууруулах Ажлын хэсгийн саналыг Рио Тинто судалж үзэхээр болсноо мэдэгдсэн. Нөхцөл байдлын талаар сайн мэдээлэлтэй хүмүүсийн ярьж байгаагаар тэд Үндэсний хөгжлийн сангийнх нь үйл ажиллагааг судалж үзэхийг санал болгожээ. Мөн  Монголын Засгийн газар “Рио Тинто”-г ус болон татварын төлбөрийн асуудлаа шийдвэрлэхийг хүсчээ. Учир нь “Оюу толгой” бол  Монголын эдийн засгийн тэргүүлэх компани юм. Энэ уурхай гадаадаас их хэмжээний хөрөнгө оруулалт татаад зогсохгүй олон мянган хүнийг ажлын байраар хангадаг.

“Рио Тинто” компани 2010 оноос хойш гэрээний  нөхцөлийг сайжруулах, “Оюу толгойн” хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг нэмэгдүүлэхэд зориулан Монгол Улсад 11 тэрбум ам долларын хөрөнгө оруулаад байна. Түүнчлэн “Оюутолгойн” хувьцааны үнэ даваа гаригт 24 хувиар буурсныг харсан “Рио Тинто” Монголыг нэн даруй хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдэв. 

“Монголын Засгийн газар хэрэв энэ гэрээг сайжруулвал гадаадын шууд хөрөнгө оруулалт зогсох вий гэж санаа зовних хэрэггүй болно. Гэрээг байгуулахдаа цаг, төсөв хэтрүүлэхгүй гэж тохиролцсон. Тиймээс одоо гэрээг шинэчлэх шаардлагатай” гэж  хувьцааны үнэ өсөхгүй гэж бооцоо тавьсан “Odey Asset Management” компанийн хөрөнгө оруулалтын менежер Хенри Стийл ярилаа.

 

 

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин