Монголын ард түмэн эрт дээр үеэс уламжлагдсан үндэсний бөхийн барилдаанаараа бахархаж, хүчит бөхчүүдээ хүндэтгэн, дээдэлсээр ирсэн түүхтэй. Гэтэл сүүлийн үед үндэсний бөхийн нэр хүнд унаж, хатууруулж хэлэхэд шороотой хутгалдлаа.

Үүнд бөхөд дуртай иргэд, үзэгчдийн буруу огтхон байхгүй. Харин бөхчүүд өөрсдөө бөхийн нэр хүндийг баллах шив дээ.

Улсын их баяр наадмын сүүлийн жилүүдийн барилдаанд наадмын үзүүр, түрүүний болон шөвгөрсөн бөхчүүдээс допинг хэмээх хорт бодис илэрсэн нь олон улсын баталгаатай лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон нь увиагүй үйлдэл юм. Тэдний үйлдэл хөлс, хүчээ шавхан шударгаар барилдаж байгаа бусад бөхийн хөдөлмөрийг үгүйсгэн, зөвхөн өөрийн ашиг хонжоо, алдар цолны төлөө улайран зүтгэж байгаа арчаагүй арга гэхээс өөр яах билээ.

Нүүдэлчин монгол­чуудын эртнээс уламж­лагдан ирсэн өв соёлыг бөхчүүд тээж яваа гэж бид бахархдаг. Гэтэл хойч үедээ үлгэр дууриал болох ёстой өнөөгийн бөх­чүүдийн байгаа царай нь энэ. Тэдний энэ үлгэргүй байдал нь дараа­гийн үеийнхэнд хэр­хэн нөлөөлөх бол гэхээс ёс суртахуунгүй тийм бөхчүүдийг монгол бө­хийн ариун дэвжээнд ахиад зодоглуулмааргүй байна.

Допинг гэдэг ёс бус зүйл хэрэглэн, улсын их баяр наадмыг үймүүлэн, бөхдөө хайртай ард иргэдээ хууран доромжилсон, өнө эртнээс уламжлан ирсэн өв соёлыг хүндэтгээгүй, өөрийн ашиг орлого, алдар цолыг ахиулах л сонирхолтой ийм бөхчүүдэд хүлээлгэх хариуцлагыг зөвхөн тав, зургаан сараар буюу нэг, хоёр жилээр барилдах эрхийг нь хасах, эсвэл цолыг нь хураах төдийгөөр хязгаарлаж байгаа нь шийтгэл огт биш ээ. Зарим бөхийн цолыг нь хурааж, барилдах эрхээр хангах, заримынх нь цолыг хэвээр үлдээн, барилдах эрхийг нь хэдхэн сараар хасах зэргээр ялгавартай хандаж байгаа нь ч шударга ёсонд үл нийцнэ.

 

Монгол бөхийн ёс жудгийг дээдэлдэг, өв соёлоо хүндэтгэдэг дархан аварга Х.Баянмөнх, Г.Өсөхбаяр, аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Б.Ганбат гээд олон сайн бөх бий. Гэтэл амиа хичээсэн, арчаагүй хэдэн бөхийн харгайгаар Монгол бөхийн нэр хүнд сүүлийн жилүүдэд унаж, үзэгчдийн дургүйцлийг хүргэж байна. 

Допинг хэрэглэсэн нь нэгэнт баталгаажаад байхад нэр төрөө сэргээнэ гэж шүүхэд хүртэл ханддаг болжээ. Баталгаажсан баримт байхад шүүх тэр нэхэмжлэлийг нь хүлээж авах ч шаардлагагүй. Харин баяр наадмын комисс хэлэлцээд, цол, чимгийг нь хураах, барилдах эрхийг нь хасахаа шийдвэрлэж байхад л болно. Юуны төлөө баяр наадмын комисс гэж зохион байгуулах үүргийг хангах байгууллага байгаа билээ. Иймд ёс бус зүйл үйлдсэн бөхчүүдэд хариуцлага хүлээлгэх эрхийг эдэлж яагаад болохгүй гэж.

Допинг хэрэглэж цолд хүрэгсдэд Ерөнхийлөгч зарлиг гарган цол, чимэг олгож буйг ч эргэж харахад буруудахгүй биз. Яагаад гэвэл допинг хэрэглэж, улсын баяр наадмыг будлиантуулж, өв соёлыг гутаан, үзэгч олныг доромжилсон бөхөд цол олгож байгаа нь ч буруу.

Ер нь улсын их баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрч, цол хүртэхээр болсон бөхчүүдэд допингийн шинжилгээний хариу гарсны дараа л цолыг олгож, баталгаажуулж байх нь зөв юм. Тэгээгүйгээс авсан цолоо өгөхгүй гэж Э.Оюунболдоос авахуулаад хэд хэдэн бөх шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ байдал цаашдаа ч үргэлжилсээр байх магад.

Монгол бөхийн дэвжээг ариун байлгая, өв соёлоо хадгалж, алс хойчдоо үлдээе гэж байгаа бол допинг хэрэглэсэн бөхчүүдийн барилдах эрхийг тав, зургаан сараар биш, тав, зургаан жилээр хасах хэрэгтэй. Тэгсэн цагт бөхчүүд үнэн шударга барилддаг болно.

Ер нь өмнөх үеийнхэн шударга барилдаад, цол авбал аваад, эс авбал тахимаа өгөөд явдаг байв. Гэтэл өнөөдөр хэн түрүүлж дэвсэн нь давсан болох гэдэг муу зуршил бий болов. Өөрөөр хэлбэл булхайн аргаар даваа авах гэсэн хүсэлтэй нь харагдах юм. Ахмад үеийн бөхчүүд ажлаа хийж яваад л улсын их баяр наадамдаа зодоглож, алдар цол хүртэж байсан жишээ олон бий. Увс аймгаас Ө.Тулгаа ирж машинаа цэнгэлдэхийн гадна зогсоож зодоглоод заан цолыг бяр, хүч зааж аваад л буцаж байлаа.

Ирэх онд болох Ардын хувьсгалын 100 жилийн ойн барилдаанд допинг хэрэглэсэн аварга, арслангуудыг заавал барилдуулна гээд 10 сарын хугацаагаар эрхийг нь хасах юм гэсэн яриа чих дэлсэж байх юм. Тэднийг барилдуулахгүй юм бол Монгол Улс хохирчих гээд, монгол бөх уначих гээд байгаа хэрэг үү. Үгүй ээ. Больж үз!

Ингэж алаг цоог арга хэмжээ авах, авахгүйн дунд байх хэрэггүй. Бөхчүүд дундаас зарим нь шаардсаар байгаа шүү дээ. Шударга байцгаая. 

 

Бөх сонирхогч Н.Өлзийбат