Гашуунсухайтаас баригдсан “олс”-ны үзүүр нүүрсний хулгайн бүлэглэл рүү хөтөлж хэллээ
2022/05/02
Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт боомтоор 2022 оны дөрөвдүгээр сарын 5-14-ний хооронд нүүрс ачсан 10 машин ямар нэг бүртгэлгүй гарсан нь ГЕГ-ын дотоод хяналт шалгалтаар илэрчээ. Ойролцоогоор 1000 гаруй тонн нүүрс гэсэн үг. ГЕГ-аас уг үйлдлийг АТГ, ТЕГ, ЭЦА-нд шилжүүлсэн байна.
Уг нүүрсийг Цагаан хад дахь “Ханбогд инженеринг” ХХК-ийн талбайгаас ачсан байна. Тиймээс хууль хяналтын байгууллагынхан Гашуунсухайт дахь Гаалийн газрын ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр, “Ханбогд инженеринг” ХХК-ийн захирал О.Энх-Амгалан нарын арваад хүнийг уг хэрэгт холбогдуулан шалгаж эхлээд байна.
Тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан ахлах байцаагч Д.Эрдэнэбаярын хувьд “Уг хэргийг би ганцаараа үйлдсэн” гэх мэдүүлгийг өгч буй аж.
Тиймээс хууль хяналтынхан гаалийнхнаас гадна Гашуунсухайт дахь хилийн шалган нэвтрүүлэх заставынхан, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн нэр бүхий албан тушаалтнуудыг холбогдуулан шалгахаар болж буй бололтой.
Мөн Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, тэндээс Цагаан хаданд хяналт тавьж ажилладаг бүрэлдэхүүн, АТҮТ-ийн удирдлага, тус төвийн Цогтцэций сум дахь салбарынхан гээд хөвөрнө.
Хамгийн гол нь Монгол Улсын хилийн боомтоор ямар нэг бүртгэлгүй нүүрс ачсан машинууд нэвтрээд байна гэдэг бол ганц нэг алба хаагчийн хийх ажил биш. Тэр ч байтугай дан ганц манай улсын ийм нөхдүүд ч амжуулахгүй юм байна.
Ерөөс, шуудхан хэлэхэд Монгол Улсын хил, гааль, цагдаа, АТҮТ-ийн ажилтнууд үүнд ямар нэг байдлаар оролцож, цааш гараад Хятадын Баяннуур талд хүлээж аваад нэвтрүүлдэг сүлжээ байна гэсэн үг.
Тэгэхээр энэ ганц жишээн дээр гэхэд л АТГ, ТЕГ, ЭЦА-ныхан ямар газрын хэн гэдэг албан тушаалтнууд оролцсоныг тогтоох нь тодорхой. Тогтоочихсон ч байх шиг байна. “Айл”-ын талаас бас ямар хүмүүс оролцоотойг хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд шалгаж таарах биз.
Түүнчлэн “Ханбогд инженеринг” ХХК-ийн талбайгаас ачигдсан гэх нүүрсний эх сурвалж бас ил болох ёстой. Хаанаас хэзээ, ямар замаар ачсан нүүрсийг тэр талбайд очиж буулгасан бэ гэдэг маш чухал. Бүртгэлтэй юу, эсвэл хулгайнх уу гэдгийг тогтоох шаардлагатай. Ингэж байж энэ хэргийн үнэн мөн нь тодрох учиртай.
Бүр цаашилбал, Гашуунсухайтаас баригдсан энэ хэрэг зүгээр л “олс”-ны үзүүр болж таарч мэдэхээр болсон байна. Энэ хэрэг олон жил болсон нүүрсний хулгайн бүлэглэл рүү хөтөлж эхэлж байгаа мэдээлэл байгаа юм.
Хилийн боомтоор бүртгэлгүй гараад явчихдаг маш том жишээг бид мэднэ. “Эрдэнэс Тавантолгой” ХК, орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн дунд байсан мөргөцөг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр алга болсон гэдэг. Энэ талаар жилийн дараа мэдэцгээж бөөн дуулиан дэгдэж байлаа. Тэр нүүрсийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензтэй талбайгаас туучихсан гэдэг. Зарим мэдээллээр “...Дунд нь орхигдсон байсан” гэх агуулгатай яриа байдаг юм. Тэндээс 268 мянган тонн нүүрс алга болсон. Сүүлд нь нэмэгдсэн. Тухайн үед УИХ-ын гишүүн байсан Л.Энхболд “Өнөөдрийн байдлаар Мэргэжлийн хяналтын газар 340 орчим мянган тонн нүүрсний асуудлыг гаргаад ирчихсэн байгаа. Ямар аж ахуйн нэгж авсан нь ч тодорхой болж байх шиг байна” гэж 2018 онд ярьж байв.
Тэгж дуулиан дэгдэх үед хулгайлагдсан нүүрсний төлбөрийг “Тавантолгой” ХК-иас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д төлөх гэрээг хоёр компанийн захирал Д.Ариунболд, Р.Сэддорж нар хийж байсан юм.
Л.Энхболдын тухайд дээрх захирлуудын авах, өгөхөөр байгуулсан гэрээг буруутгаж байсан. Учир нь хулгайлсан хүмүүс нь төлөх ёстой төлбөрийг орон нутгийн хувьцаат “Тавантолгой” компани төлөх ёсгүй” гэж тэр үзсэн. Үүнийгээ хэвлэлүүдээр байнга ярьж байлаа.
Харин саяхан энэ гэрээ эцэслэгдэж, харилцан тохиролцсон гэдэг мэдээлэл байна. Гэхдээ энэ хулгайн асуудлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Б.Ганхуяг, “Тавантолгой” ХК-ийн Ж.Доржсүрэн хоёр тохироод хаачихаж болдог юм болов уу даа?!
Л.Энхболдын хэлсэнчлэн хулгайлсан хүмүүс нь төлбөрийг төлж, хариуцлага хүлээх учиртай юм.
Ер нь бол “Эрдэнэс Тавантолгой” ХК, орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн дунд байсан мөргөцөг алга болох процесс, иймэрхүү байдлаар нүүрс гардаг хэрэг явдал аль 2013 оноос эхэлсэн гэдгийг эх сурвалжууд хэлсээр байдаг. Гэвч хууль хяналтынхан төдийлөн авч үзэхгүй байсаар өнөөдрийг хүрч байгаа юм.
Өөрөөр хэлбэл, мөргөцгийн нүүрс ачигдах үеэр Гашуунсухайт боомт дээр асуудал үүссэн байдаг. Хэрэг дандаа дараа нь илэрдэг болохоор хэд хоногийн дараа л “Олон тооны хоосон машин хил давчихаад ороод ирсэн” гэх мэдээ бичигдсэн байдаг аж. Нягтлахаар “Хятад руу гарч засвар үйлчилгээнд орсон” гэдэг байжээ. Тээврийн компанийн захирлууд нь голдуу хятад хүн, ийм компаниуд голчлон Хятадын хөрөнгө оруулалттай гэдэг тул тэгсгээд нам дарагдаад өнгөрөөд байсан юм.
Түүнчлэн “Голомт” Д.Баясгалан нар Гашуунсухайтын төмөр замыг барьсан төлбөртөө “Эрдэнэс Тавантолгой”-гоос авч байгаа нүүрс ямар замаар яаж гардгийг шалгах л хэрэгтэй.
Тэгэхээр АТГ, ТЕГ, ЭЦА-ны мөрдөгчид энэ асуудлыг бүр 2013 оноос хойш авч үзэх нь зөв болно.
Нэг үгээр хэлбэл, 2013 оноос хойш ХХЕГ, ГЕГ, АТҮТ, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын даргаар хэн хэн ажиллаж байсан бэ. Нарийсгаад, мөн хугацаанд Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн захирагч, Гашуунсухайт боомт дахь шалган нэвтрүүлэх заставын дарга, Гашуунсухайт боомт дахь Гаалийн газрын дарга, Цагаан хаданд хяналт тавьж ажилладаг цагдаагийнхан, Цогтцэцийн АТҮТ-ийнхөн зэрэг хүмүүсийг тодорхой болгож шалгах шаардлага үүснэ.
Жишээ нь, 2013 онд ХХЕГ-ын даргаар Ш.Лхачинжав томилогдсон. Мань эр 2016 оны наймдугаар сард чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тэгээд ХХЕГ-ын дэд даргаар ажиллах болсон. 2019 оноос ХСИС-ийн захирлаар ажилласан. 2021 онд, жилийн өмнө Хилийн боомтын Онцгой бүрэн эрхт захиргааны даргаар томилогдсон. Одоо тэр албан тушаалдаа ажиллаж байна.
Энэ утгаараа Ш.Лхачинжав генерал нүүрсний хулгайд оролцоогүй юм гэхэд маш том гэрч болно. Түүнтэй холбоотой байж мэдэх нэг анхаармаар явдал байдаг. 2021 оны арванхоёрдугаар сарын эхээр Гашуунсухайт боомтын замд Хилийн боомтын Ш.Лхачинжавын цэрэг, Хилийн боомтын Онцгой бүрэн эрхт захиргааны н.Одхүү согтуугаар автомашин жолоодон явж байхдаа осол гаргаж хоёр хүнийг гэмтээсэн гэдэг. Тэр үеэр цагдаагийнхны хэргийн газар дээр хийсэн үзлэгээр н.Одхүүгийн унаж явсан “Harrier” маркийн автомашинаас их хэмжээний мөнгөн тэмдэгт олдсон гэх мэдээлэл цацагдсан. Тэр тэгсгээд нам дарагдаад алга болсон. Ямар учиртай мөнгө байсан бэ гээд ухвал бас сонин л юм.
ХХЕГ-ын даргаар Ш.Лхачинжавын дараа Ц.Сэргэлэн томилогдсон. Ц.Сэргэлэн 2020 онд УИХ-ын гишүүн болж, оронд нь Х.Лхагвасүрэн томилогдсон.
За тэгвэл, улсын хилийг хамгаалах, хилийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн О131 дүгээр ангийн захирагчаар 2013-2020 онд Б.Батхүү ажиллаж байжээ. Б.Батхүү 2021 оны долдугаар сард ХХЕГ-ын Ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд даргаар томилогдсон. Түүний дараа В.Хундгаа жил орчим ажилласан. Одоо Б.Гантөмөр тус ангийн захирагчаар ажилладаг.
Мөн тус ангийн харьяа авто замын шалган нэвтрүүлэх, хил хамгаалах үүрэгтэй Гашуунсухайт дахь шалган нэвтрүүлэх заставын даргаар 2013-2017 онд н.Нямсүрэн, 2017 оноос хойш н.Ариунболд ажиллаж байгаа юм байна.
Энэ мэтээр цаашлаад, АТҮТ, ГЕГ, аймгийн Цагдаагийн газрын томилгоотой албан тушаалтнуудыг гаргаж ирж таарах байх.
Энэ бүхний дараа л Улаанбаатарт суугаа, тэр дундаа Төрийн ордон, Засгийн газрын байрууд, төрийн болоод өмчит том том компанийн хойморт суугаа нөхдүүд ил болно доо. Бүлэглэл гэдэг чинь угтаа тэд аж.
Үргэлжлэл бий...
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
иргэн · 2022/05/05
За яахв. манай энэ сүржин мэдээлэл тэгсгээд л нам жим болдог. Яг Батзандан Австралиас ирээд сүржигнэж байгаатай агаар нэгэн битгий болчихоосойдоо. Нүүрсний энэ дээрэм бүр анхнаасаа л хувийн хувийн компаний улбаатай, цаад өвөрмонголын талын оролцоотой эхэлсэн байхоо.
Зочин · 2022/05/03
Эрээний Мөнгөнгүүр юань шилжүүлдэг ББСБ-н эзэдүүд Гашуун сухайтын Хятадын хилийн цаана суучихаад нүүрсийг цааш нь дамлан зарж маш их мөнгө хийдэг гэсэн тэд хулгайн нүүрсийг авдаг байж магадгүй шүү!!! Учир нь тэд Монголын арьс,шир,ноос,ноолуур,алт,зэсийн наймааг атгачихсан, мөнгө хүүлэх тал дээр Монголын банкуудаас том хөдөлдөг ер нь Монгол улсаар олон жил тоглож байгаа Хятадын жижиг Мафийн сүлжээ юм. Тэдний мөнгөний сүжээг устгаж байж наад хулгай чинь зогсох байх
Зочин · 2022/05/02
Олсныхоо үзүүрийг тавьж болохгүй шүү.
багш · 2022/05/02
Олон үе дамжсан дээрэм байна даа.
Зочин · 2022/05/02
Ард түмэн минь параламентаа 2 тахимтай болгож төрд төсвийн эзний хяналт тавихгүй бол төрийн ажил нэг иймэрхүү байна даа