Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 

Манай улсын гол нэрийн 16 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс  малын мах, улаан буудай, гурил, төмсийг дотоодоосоо 100 хувь хангаж байна. Харин сүүн бүтээгдэхүүн 27.1, гурилан бүтээгдэхүүн 38.2, хүнсний ногоо 38.5, өндөг 48.6, цөцгийн тос 67.4, тахианы мах 98, ургамлын тос 98.5 хувь нь импортын хамааралтай байгаа аж. Байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалан тариалах боломж хязгаарлагдмал буурцагт ургамал, бүх төрлийн будаа, элсэн чихэр, загас, загасан бүтээгдэхүүн 100 хувь, хүнсний сав баглаа боодлын үндсэн түүхий эдийн  95 хувийг импортоор авч байна. Манай улс 2021 онд 962 сая ам. доллар буюу 2.7 их наяд төгрөгийн хүнсийг импортолсон ба жилд дунджаар 2.5 их наяд төгрөгийн импорт хийж байгааг тогтоолын төслийн танилцуулгад дурджээ. 

Судалгаагаар манай улс 2030 он хүртэлх хугацаанд малын мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүнийг дотооддоо бүрэн хангаж жилд дунджаар 95.4 мянган тонн малын мах, 54.6 мянган тонн махан бүтээгдэхүүн, 288 мянган тонн сүү, сүүн бүтээгдэхүүн, 111 мянган тонн гурил, 21 мянган тонн гурилан бүтээгдэхүүн экспортлох боломжтой байгаа бол хүн амын хэрэгцээт жимс жимсгэний 23, ургамлын тосны 69, хүлэмжийн ногооны 41, элсэн чихрийн 41, төрөл бүрийн будааны 44 хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангаж, ил талбайн ногоо, тахианы мах, өндөг, гахайн мах, өөхийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломжтой аж.

Түүнчлэн дээрх гол нэрийн 16 нэр төрлийн хүнсний түүхий эдийг бэлтгэхэд одоо байгаа усалгаагүй 557 мянган га талбай дээр шинээр 479 мянган га талбай,  усалгаатай 30 мянган га талбай дээр шинээр 33 мянган га талбайг эргэлтэд оруулж, жилд 1931 мянган тонн тэжээл шаардлагатай гэсэн тооцоо гарч байна. Иймд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах, зөвхөн хүнс хөдөө аж ахуйн салбар бус улсын хэмжээнд нийт салбарын хүрээнд хамтран ажиллах, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлын хангах чиглэлээр нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Саяхан их хэмжээний малын махыг химийн бодист хийж хадгалж байсан үйлдвэрийн тухай хэвлэл мэдээллийг хэрэгслээр мэдээлсэн. Ийм үйлдлийг Эрүүгийн хуулиар шийтгэдэг болмоор байна. Яг үүнтэй холбоотой үйлдлийг Зөрчлийн хуулиар шийддэг юм байна. Зөвхөн хүний амь нас хохирсон тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу шийтгэдэг. Хүний бүтээгдэхүүнд химийн бодис хольсон энэ тохиолдолд тэр дороо хүний амь нас хохирохгүй байж болох ч олон жилийн дараа хорт хавдар болно, ямар нэгэн байдлаар эрүүл мэндээрээ хохирно. Тийм учраас ийм үйлдлийг Эрүүгийн хуулиар шийтгэдэг болох ёстой.

Малын махыг химийн бодист хийсэн хүмүүст ял оноох ёстой. Бусдад нь сургамж болно.

Хоёрдугаарт, Европоос тэр дундаа Германаас хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн оруулж ирээд хугацааг нь өөрчилдөг бүлэглэл байна. Хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүд ч байна. Нэг агуулахад тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сарыг засдаг. Энэ хүмүүсийг ч Эрүүгийн хуулиар шийтгэх ёстой. Ийм зүйлд оролцсон хэн болгоныг хатуу шийтгэхгүй бол бидний ходоод руу хор орж байна. Энэ саналыг би өөрөө боловсруулж, УИХ-д оруулна.

ШУУД ҮЗЭХ: