Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн 0214 дүгээр ангид 2022 оны зургадугаар сарын 23-ны өдөр хугацаат цэргийн алба хаагч А.Алтангэрэл гэмтсэн хэрэг гарчээ. Уг хэрэг юунаас болсон, яагаад гэмтэв гэдэг талаар түүний аав Д.Аюурзанатай ярилцлаа.


-Хүү тань хэзээ цэрэгт татагдсан юм бэ?

-Миний хүү 2022 оны тавдугаар сарын 2-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдсан. Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангид татагдан очоод зургадугаар сарын 12-ны өдөр Тангарагийн баяр нь болсон юм.

-Хүүгийнхээ Тангарагийн баяраар нь эргэж очсон уу?

-Очилгүй яах вэ. Бахархаж зогссон.

-Тангарагийн баярын үеэр бөхийн барилдаан болсон гэсэн үү?

-Тангарагийн баярын үеэр бөхийн барилдаан болдог юм билээ. Тэр барилдаанд 32 бөх барилдаж, манай хүү үзүүрлэсэн юм. Түрүүлсэн бөх нь Дагвадорж гээд Алтай сумын цэрэг.

-Хүү тань бэртэх үед ямар үйл явдал, хэзээ болсон юм бэ?

-2022 оны зургадугаар сарын 23-ны өдрийн үдээс хойш манай хүүг өөр гурван цэргийн хамт үхэр саа гээд явуулсан юм билээ. Хоёр нь түрүүлж дуусаад явчихсан. Манай хүү үхрээ сааж дуусаагүй байтал бөхийн барилдаанд түрүүлдэг Дагвадорж гэж хүү дуудсан гэсэн. Хүү маань цуг байсан цэрэгтэйгээ хамт очтол тамхи нэхээд жаахан хэг ёг хийсэн юм шиг байна лээ. Тэгтэл хоёулаа нэг барилдчихья гээд хоргоогоод эхэлсэн гэсэн. Үгүй гээд нэлээд дургүйцсэн ч хоргоогоод салахгүй болохоор нь “За тэгвэл ганц л барилдана шүү” гээд барилдсан. Тэгээд л хүү маань баруун хөлийг нь авчихсан юм байна лээ. Гэтэл өмднийх нь ард талаас аваад хойш давуулаад шидчихсэн. Түүнээс хойш манай хүү ухаан алдаад хэсэг хугацаанд юу болсныг санахгүй байгаа. Тухайн цэрэг өөр газар склад цэвэрлэж байсан юм шиг байна лээ. Тэндээсээ жорлон орчихоод ирье гэж яваад жорлондоо ч ороогүй үхэр сааж байгаа цэргүүд дээр очоод өдөж хоргоож эхэлсэн байдаг.

-Тухайн үед цэргүүдээс өөр хүн тэр хавьд нь байгаагүй юм уу?

-Байгаагүй. Тэр Дагвадорж нь миний хүүгээс биерхүү. Арагш давуулж шидэхэд нь толгойгоороо эгц доош унахдаа хүзүүгээрээ эвгүй дарсан юм шиг байна лээ.

Түүнээс болоод хүзүүний хоёр үе мултарсан. Хүзүүний эргэн тойронд бэхэлгээ гэж зүйл байдаг гэнэ лээ. Тэр нь бүгд тасарсан гэсэн. -Дагвадорж гэдэг цэрэг нь хуучин оны хал цэрэг үү. Ямар учраас хүүг тань өдөж хоргоосон юм бол?

-Үгүй. Хуучин оны хал цэрэг байгаагүй. Нэг оны цуг цэрэгт татагдсан хүүхдүүд. Бөхийн тэмцээнд манай хүүг үзүүрлэхэд л ямар нэгэн зүйл бодсон байж магадгүй л гэж санаад байгаа.

-Тухайн үйл явдал болсны дараа юу болов. Сумын төвөөсөө цэргийн анги хэдэн км-ын зайтай вэ?

-Хүүг маань хэсэг ухаан алдаад сэрэхэд 2-3 цэрэг дамжлаад цэргийн ангийн үүдээр гаргаж байсан гэсэн. Отрядын төвөөсөө байршиж байсан анги нь 150-иад км-ын зайтай юм шиг байна лээ. Тэгэхээр манай хүүг 50-иад км газар ямар ч хүзүүний бэхэлгээгүй, суугаагаар нь авч явсан.

-Ямар машинаар авч явсан юм бол?

-Хотод ирэхдээ 150 гэж машинтай ирсэн. Бодвол тэр машинаараа л зөөвөрлөсөн байх.

-Отрядын төв дээр очиход хамгийн анх ямар эмч тусламж үзүүлсэн юм бэ. Ямар нэгэн дүгнэлт хэлсэн үү?

-Тухайн үед нь шинэ эмч ирчихсэн байсан. Ирээд 2-3 хоносон юм уу даа. Ажлаа хүлээж авангуут ирлээ гэж тэр эмч нь ярьж байсан л даа. Тэгээд сумынхаа эмчтэй холбогдоод аймаг руу явах шаардлагатай гээд шууд аваад явсан байна лээ.

-Аймаг руу дахиад хэдэн км ямар байдалтай, яаж авч явсан юм бэ?

-Аймаг руу бараг 450 км газар бас тэрхүү машинтайгаа шороон замаар сэгсчүүлээд л аваад явсан. Зам нь бол аймшигтай.

-Цэргийн ангиас хүүгийн тань тухай мэдээлэл хэзээ та бүхэнд өгөв?

-Бид малаа дагаад хөдөө байдаг улс. Манай хадам ахынх аймгийн төв дээр байдаг. Эхлээд Алтангэрэлийн гар нь хугарчихлаа гэж хэлсэн гэсэн. Тухайн үед буруу дуулсан ч байж магадгүй. Тэгээд сумаас манай руу хүн явуулсан. Бид хоёр хэл аваад очих гэсээр байтал нэлээд удсан. Аймаг орох замд Төгрөг суманд Майнтын сайр гэж даваа байдаг. Тэнд уулзья гэж тохирсон. Тэгээд эхнэр бид хоёрыг тэр даваан дээр очиход түрүүлээд явчихсан байсан. Бид хоёр араас нь аймаг дээр очиж уулзсан. Очиж уулзахад тэргэнцэр дээр суучихсан. Хоёр гараа цээжнийхээ эгц хажууд нугалаад өргөчихсөн. Буулгаж болохгүй. Буулгахаар өвдөөд байна. Гар ч хүрч болохгүй хүрэхээр өвдөөд байна гээд хүргэхгүй. Хүзүү нь бэхэлгээтэй угтсан.

-Хотод хэзээ ирэв. Ямар эмнэлэгт хүргэсэн бэ?

-Аймагт очоод Гантөмөр эмчээс зөвлөгөө аваад шууд хот руу ирсэн. Ямар нэгэн онош тавиагүй эхлээд онош тодруулахаар явлаа гэж эхнэр хэлсэн. Хотод ирээд шууд Гэмтэл согог судлалын эмнэлэгт очсон. Энэ бүх хугацаанд би хүү эхнэр хоёртойгоо хамт байж чадаагүй. Эмнэлгийн машинд нь намайг багтахгүй гээд араас нь автобусаар очсон.

-Энэ хугацаанд тухайн цэргийн ангиас тантай холбогдсон уу?

-Хилийн цэргийн эмнэлэг хариуцсан дарга гэсэн байх аа Баярсайхан гэж хүн ярьсан. Гэмтлийн эмнэлэг рүү очиход урдаас нь тосон авсан юм байна лээ. Хотод ирэхэд тав дахь өдрийн орой байсан. Тэгээд хагас, бүтэнсайн, нэгдэх өдөр өнжөөд бүтэн 3-4 хоног хүлээлгээд “Наад хүүхдээ хурдан хагалгаанд оруулаад өгөөч” гэж гуйсаар байгаад гурав хоногийн дараа хагалгаанд орсон. Тэр хугацаанд нугасанд нь ямар үхжилт явагдсан, яасныг бид мэдэхгүй шүү дээ.

-Хүүг тань гэмтээсэн цэрэг, ар гэрээс нь холбогдсон уу?

-Холбогдох битгий хэл хүүг минь гэмтээсний дараа сумын наадамд түрүүлсэн гэж анги цэргийнхээ фэйсбүүк, интернэт хуудсанд тэр хүүхдийн зургийг тавьж бахархан алга ташиж байна. Энэ үнэхээр биднийг дорд үзэж даапаалсан асуудал гэж үзэж байгаа.

-Одоо хүүгийн тань биеийн байдал ямар байна вэ?

-Ямар ч байсан хөл дээрээ босох нь босож байгаа. Зүүн хөл нь жаахан чирэгддэг. Үе үе мэдээ алдаж нурж унаж байна. Хоёр гар нь мэдээ султай. Баруун гарын эрхий, долоовор хоёр хуруу нь халбагаа барих төдий. Арьс нь нүүгээд шуунд нь хүрэх төдийд л часхийж өвддөг гэсэн. Намайг эмнэлэг рүү ерөөсөө оруулахгүй байгаа. Утсаар ярихаар л “Аав миний шуу өвдөөд байна” гэдэг. Эргэлт оруулдаггүй. Нугасны мэдрэлээ дагаад үхжилт явагдаж байдаг юм биш байгаа. Хурууны үзүүрээсээ эхлээд өнгө алдаж, арьс хууларч байгаа гэсэн.

-Одоо хүү тань аль эмнэлэгт байгаа вэ?

-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг рүү долдугаар сарын 4-ний өдөр шилжүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орчихоод Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт очсон.

-Үйл явдал болсноос хойш нэг сарын хугацаа өнгөрч байна. Та энэ хооронд хаана хандав?

-Үндсэндээ сарын хугацаанд би хүлээсэн. Цэргийн анги нэгтгэлээс нь, Хилийн цэргийн удирдах газраас, зэвсэгт хүчний байгууллага өөр ямар цэрэгтэй хамааралтай газар байдаг юм тэр бүгд бидэн рүү ядаж нэг залгаад уучлал гуйгаад, тусалж дэмжье гэх болов уу гэж. Миний хүү эв эрүүл, сав саруул эх орондоо зүтгэнэ гээд, цэргийн үзлэг норм, дэг жаяг бүх юманд нь тэнцээд эх оронд нь би өөрийн гараар хүлээлгэж өгсөн. Тэр байтугай миний хүү Тангарагийн баяраараа 32 бөхийн барилдаанд үзүүрлэсэн. Гэтэл миний хүүг эрүүл саруул авч явчихаад ийм байдалд хүргэсэндээ ганц нь ч гэсэн анхаарал хандуулах болов уу гээд дуугүй байсан. Хүүгээ өвчтэй зовлонтой байхад нь хэл ам хийгээд яах вэ гэж бодож явлаа. Би хүүгээ цэрэгт яаж мордуулсан яг тэр хэвээр нь эргүүлж босгож авмаар байна. Эхэндээ би хүүгээ хөл дээр нь босгоод авъя дараа нь энэ асуудлыг ярьж болох байх гэж бодсон. Цэрэг армиа хүндэлсэн. Зэвсэгт хүчнийг гутаачихгүй юм шүү гээд дуугүй байлаа. Хэн ч бидэнтэй холбогдсонгүй. Уулзсангүй. Дуудсангүй. Уучлал хүссэнгүй. Үнэхээр гомдолтой байна. Би эрүүл саруул голомт залгах ганц хүүгээ цэрэгт явж хат суугаад ир гээд явуулсан. Гэтэл одоо хөл дээрээ босох үгүй нь тодорхойгүй. Захын мэдрэлүүд өнгөө алдаад эхэллээ. Харамсаж байна үнэндээ. Хүнд тэсвэр тэвчээр гэж бий. Би эцсээ хүртэл харсан шүү. Бид хоёрын ганц хүү шүү дээ.

-Та өөрөө ямар нэгэн газар, албан тушаалтанд хандсан уу?

-22-ын товчоон дээр хүлээж байгаад уулзсан Баярсайхан гэж хүнтэй л холбогдсон. Дараа нь нэлээд юм болж байж уулзах хүсэлт тавиад хэн гэлээ байз нэрийг нь мартчихжээ нэг хүн хүлээж авч уулзсан. Миний хүүгийн хэргийн талаар эндээс хүн томилно. Удахгүй та нарт мэдэгдэнэ л гэсэн. Тэгээд л таг. Миний хүү насаараа хэвтэрт байх магадлалтай болчихлоо шүү дээ. Тиймээс арга буюу холбогдох хүмүүсээс тусламж хүсэж нэг талаараа хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж байна. Хүүд минь хугацаа алдахгүй туслаач. Би хүүгээ монголын төрд өгсөн. Төрийн хамгаалалтад цэргийн ангид, цэргийн алба хаалгах гэж, эх орноо хамгаал гэж өгсөн болохоос хэн нэгний тоглоом шоглоомын үзүүрт гэмтэл бэртэл аваад насаараа хөгжлийн бэрхшээлтэй үлдчихээсэй гэж өгөөгүй. Тэр байтугай Төрийн тусгай руу шилжүүлээд сахиж байсан эхнэрт маань эхний 2-3 өдөр эргэлт оруулахгүй гээд хоол ч өгөөгүй. Ийм л байдалтай хөдөөний хүн гэж үзээд даапаалж байгаад гомдолтой байна. Миний хүүхэд хот руу ирэх замдаа өвчин намдаах эмээр зогоож ирсэн. Нөгөөхийнх нь үйлчлэл гараад ирэхээр “Ээжээ намайг авраарай” гэж хэлдэг байсан. Хоёр ч удаа пүлс нь унаад зүрх нь зогсохоо алдсан. Миний гол хүсэж байгаа зүйл ажилдаа хариуцлагагүй хандсан, удирдлагууд ядаж уучлал гуйгаач. Тэр хүүг маань гэмтээсэн цэрэг хууль шүүхээрээ явна биз. Ийм байдлыг үүсгэсэн цэргийн анги удирдлага, төрийн өмнөөс ажил гүйцэтгэж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа хүмүүс сэтгэл гаргахгүй байгаад гомдолтой байна. Нэн тэргүүнд хүүг маань хурдан эмчилж өгөөч. Маш их хугацаа алдлаа. Одоо гар нь мэдээгүй болж байна. Аягатай цайгаа барьж чадахаа болилоо.

-Тухайн хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн зүйл байхгүй гэсэн үг үү?

-Байхгүй. Би өөрөө хэрэг болгож долдугаар сарын 5-ны өдөр аймаг руугаа явсан. Аймгийн цагдаад өргөдөл гаргачихаад буцаж ирлээ.

-Цагдаагаас эргэж холбогдсон уу?

-Холбогдоогүй. Би өөрөө өчигдөр (долдугаар сарын 18-ны өдөр) цагдаа руу ярьсан. Наадам гээд амарч байгаад нэгдэхээс ажил орлоо. Одоо ажиллаж эхэлнэ л гэж байна лээ.

-Одоо хүүд тань ямар эмчилгээ хийж байгаа вэ?

-Долоон зүүний эмчилгээгэнэ үү. Тийм л юм хийж байгаагаас өөр эмчилгээ байхгүй. Эм тариа ч байхгүй. Монголд эмчилж чадахгүй бол хурдхан гадаад дотоод авч яваад хүүг минь хөл дээр нь босгоод өгөөч. Ийм л зүйлийг хүсэж танай сонинд хандаж байна. Манай аймгаас сонгогдсон гурван гишүүн надад дэм тус болооч. Хаана хандахаа би мэдэхгүй байна. Үнэхээр хүнд байдалтай байна. Дээрээс нь Улсын мөрдөн байцаах газарт өмгөөлөгчөөрөө дамжуулж хандахад Говь-Алтай аймгаас миний хүүд хамаарах хэргийг шилжүүлж, Улаанбаатар хотод шийдвэрлэж өгөөч. Хохирогч Улаанбаатар хотод байна. Бид бүгд хүүгээ сахиад энд байна. Сум орон нутаг нь нэг нэгнээ өмөөрөөд, нэгнийгээ өөгшүүлээд энэ хэрэг шийдэгдэхгүй шинжтэй. Наадмын өмнө бид хэрэг болгож аймаг руугаа очиж өргөдлөө өгсөн ч арваад хоног юу ч хийгээгүй байна.

Байлдагч А.Алтангэрэлийн өмгөөлөгчөөс энэ хэргийн талаар тодрууллаа.

Энэ өөрөө маш хэцүү хэрэг. Цэргийн анги удирдлагууд бол хоёр хүн хоорондоо ноцолдож л байдаг, барилдаж л байдаг, нэгнийгээ гэмтээж л байдаг гээд гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш гэж хандаж буй нэг баримт харагдаж байгаа. Нөгөө талаас тухайн байлдагчид гэмтлийн зэргийг тогтоож, санаатай биш ч санамсар болгоомжгүйгээс бусдын биед гэмтэл учруулж байгаа баримттай холбогдуулан гэмтэл учруулсан зэрэгт хариуцлага хүлээх ёстой. Түүнээс илүү миний харж байгаа өнцөг бол энэ хэрэг дээр цэргийн ангийг хариуцагчаар татаж оруулж ирэх ёстой. Цэргийн ангид дүрмийн бус үйлдэл яваад байхад хараа хяналт тавиагүй энэ үйлдэл өөрөө буруу. Цэргүүд бие биедээ гэмтэл учруулах нөхцлийг бүрдүүлсэн цэргийн анги, застав, удирдлагууд өөр юу байдаг юм тэр хүмүүс бүгдээрээ хариуцлага хүлээх ёстой. Хоёрдугаарт, дүгнэлт гаргаад байгаа эмч нарын асуудал. Аймгийн эмч нар зураг хөргийг нь үзээд хугархай байна гэж тогтоосон атлаа автозамын тээврээр явахыг зөвшөөрөөд дүгнэлт гаргаад байгаа нь өөрөө мэргэжлийн хувьд алдаатай. Тэр хүмүүсийг ч энэ хэрэгт хамаатуулах ёстой. Хэн хэн гэдэг эмч үзсэн юм бэ. Дээрээс нь тээвэрлэлтийн горим алдсан. Дүрэм журмаараа авч үзвэл байлдагч гэмтсэн мэдээллийг албан ёсоор төв рүүгээ мэдээлээд алсын зайны дуудлага гэж зүйл өгөөд нисдэг тэргээр авах юм уу, эмнэлгийн зориулалтын машинаар авч явах ёстой. Гэтэл зүгээр нэг машинд суулгаад авч явсан. Сүүлдээ толгой нь тогтохгүй байхаар нь магнайгаар нь хойшоо машины суудлын дэртэй баглаж боосон байдаг. Хүнийг ингэж тамлаж болдог юм уу. Хэвтүүлсэн бол бас өөр хэрэг. Ийм хүндрэл бэрхшээлтэй авч ирсэн байдал нь өөрөө нугас нуруунд гэмтэл үүсгэх нөхцлийг бүрдүүлсэн байна. Энэ бол цэргийн ангийн удирдлагууд ажилдаа асар хариуцлагагүй хандсаны хор уршиг. Энэ байлдагчийн амь нас, эрүүл мэнд маш богино хугацаанд аврагдах боломжтой байсан ч цаг хугацааны алдагдлыг бий болгосон гэж үзэж байгаа. Мөн хугацаат цэргийн алба хаагчийг яагаад шууд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт аваачаагүй вэ. Нууцаар тэр 22-ын товчоон дээр хүлээж аваад, Баярсайхан гэх ХЦУГ-ын албаны дарга гэх хүн хувийнхаа машинаар очиж тосоод, Гэмтэл согог судлалын эмнэлэг рүү аваачсан гэж байгаа. Хамгийн аймшигтай нь онош тодорхой гэж үзэн Гэмтэлд бүртгэж аваад хагалгаанд оруулсан. Өөр хэн нэгэн гэмтэж бэртээд очсон тохиолдолд цагдаа нар Гэмтлийн үүдэнд зогсож байдаг шүү дээ. Цагдаа хүлээж аваад юунаас болж бэртсэн юм бэ, гэмт хэргийн чанартай үйлдэл байна гэж бүртгэж аваад хэрэг үүсгэх үү, хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэх үү гэж яригдаад мэдүүлэг авдаг. Тэгэхгүйгээр тэнд хэд хоног хав дарж байгаад цэргийн тусгай руу аваачаад 14 хоног аргацааж байлгамар болгож “14-өөс илүү хоног хүн байлгаж болохгүй одоо энэ хүнээ өөр эмнэлэгт түр байлгаж байгаад буцаагаад аваад ирж болно” гэдэг байдлаар хандаж, хөдөөнөөс ирсэн хүмүүсээр доог тохуу хийж байгаа нь өөрөө ноцтой үйлдэл.