Зуны амралт дуусаж, хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ үед эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцсыг бэлтгэхээр томоохон зах, худалдааны төвүүдийг зорьдог. Хамгийн түрүүнд анхаарлаа хандуулж, бэлтгэдэг зүйл бол сурагчийн дүрэмт хувцас байдаг билээ. Иймд бид дотооддоо үйлдвэрлэдэг болон урд хөршөөс орж ирдэг сурагчийн дүрэмт хувцасны үнэ ханшийг сурвалжлахаар Нарантуул, Бөмбөгөр,  худалдааны төвүүд болон “Бүтээлч Үйлс” ХК, “Өүлэн менч” ХХК, “Шилмэл загвар” ХХК-ийг зорилоо.



НЭГДҮГЭЭР АНГИД 50 МЯНГАН ХҮҮХЭД ЭЛСЭН СУРАЛЦАНА
 

"Бөмбөгөр" худалдааны төвд 12 цагийн үед очиход дүрэмт хувцас худалдаалж буй лангуу бага байлаа. Нэг лангуунд бага ангийн сурагчийн сарафан нүдэнд тусаж үнийг нь асуувал 60 мянган төгрөг гэв.

Цааш “Шөнийн зах” руу орвол нэгэн лангуунд БНХАУ-аас ирсэн дүрэмт хувцас худалдаалж байлаа. Өвөө эмээтэйгээ яваа хоёр хүү дүрэмт хувцас өмсөж үзэн, толинд нэг харж, эмээдээ гүйж очин харуулж байв. Эмээ худалдагчаас “Өмдийг нь салгаж өгөх үү миний охин” гэхэд, худалдагч “Бололгүй яах вэ” гээд уриалгахан хэлэв. Мөн өөр лангууны худалдагч эмэгтэй “Размергүй болохоос нь өмнө хүүхдүүддээ дүрэмт хувцсыг нь аваадхъя. Манай лангуу руу харж байгаарай” гэсээр орж ирлээ.

Бага ангийн хөвгүүдийн дүрэмт хувцасны хоёр хос 70 мянган төгрөг, охидын сарафан 60 мянган төгрөг, дунд ангийн хөвгүүд, охидынх 90 мянган төгрөг, ахлах ангийн хөвгүүдийнх 130 мянган төгрөг, охидынх 120 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Мөн тааран цэнхэр, цагаан цамц 25-28 мянган төгрөг, хөх өмд размераасаа хамаарч 28-42 мянган төгрөг, саарал өмд 45 мянган төгрөг, саарал майк 40 мянган төгрөг, бүстэй юбка 42 мянган төгрөгийн үнэтэй байлаа.

Иргэн У.Эрдэнэчимэг “Манайх дөрвөн хүүхэдтэй. Гурав нь ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. Нэгдүгээр ангид бага охин маань элсэж орно. Тиймээс хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцсыг нь иж бүрдлээр нь авах шаардлагатай болж байна. Хоёр ахад нь өмдийг нь л авч өгнө. Хөвгүүд болохоор өмд нь тэсэхгүй юм. Дотоодын үйлдвэрээс дүрэмт хувцсыг нь авъя гэхээр хэтэрхий үнэтэй байна” гэлээ.

2022-2023 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуульд 760 мянган хүүхэд суралцана. Нэгдүгээр ангид 50 мянган хүүхэд элсэн суралцаж, өнгөрсөн жилээс хүүхдийн тоо 40 мянгаар нэмэгдэх тооцоолол гарчээ.

БШУЯ-ны хэвлэл мэдээллийн ажилтнаас сурагчийн дүрэмт хувцасны чанар, стандартыг тогтоож өгдөг эсэхийг тодрууллаа.

Тэрбээр “БШУЯ-наас сурагчийн дүрэмт хувцасны чанар, стандарт, борлуулалтад хяналт тавьж, оролцдоггүй. Манайхаас стандартыг тогтоож өгөх боломжгүй. Харин сурагч зөвхөн дүрэмт хувцсаараа жигдрэх ёстой гэдэг шаардлага тавьдаг. Энэ нь ялгаварлан гадуурхалтаас сэргийлдэг юм” гэлээ. Иймд чанар, стандартын шаардлага хангасан дүрэмт хувцсыг сонгох нь эцэг эх, асран хамгаалагчийн сонголт болж буй.

 

"НАРАНТУУЛ" ЗАХАД ДҮРЭМТ ХУВЦАС ДОТООДЫН ҮЙЛДВЭРИЙНХЭЭС ХЯМД БАЙНА

 

Бид цааш явсаар 15 цагийн үед Нарантуул худалдааны төвөөр оров. Энд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил базаахаар ирж буй иргэдийн хөл хөдөлгөөн эрс нэмэгджээ. Тус худалдааны төвийн урд хаалгаар ороход хичээлийн хэрэгсэл төрөл бүрээр, олон сонголттой өрсөн байв. Сурагчийн дүрэмт хувцасны хэсэг рүү очвол хүүхдээ дагуулсан эцэг эхчүүд лангуу бүр дээр байсан гэхэд хилсдэхгүй.

Худалдагч нар “Хэддүгээр ангийн хүүхдэд дүрэмт хувцас хайж байна. Эгч нь нэг ширхэг хувцас бүрээс нь 5000 төгрөг хасаад өгнө шүү” гээд найрсагхан байлаа. Дахин сурагчийн дүрэмт хувцас ирэх эсэхийг худалдагчаас тодруулахад, “Сурагчийн дүрэмт хувцас зарагдаад дөнгөж эхэлж байгаа болохоор одоогоор размерууд байна. Хил нээгдэхгүй удах юм бол размер нь дуусаж, сонголтгүй болно” гэж байлаа.

Тус захад бага ангийн хөвгүүдийн дүрэмт хувцсны дөрвөн хос (хүрэм, өмд, цамц, зангиа) 75 мянган төгрөг, охидын сарафан 45-50 мянган төгрөг, дунд ангийн хөвгүүд охидын хоёр хос 70-75 мянган төгрөг, ахлах ангийн хөвгүүд охидын хоёр хос 90 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.

Мөн тааран цэнхэр, цагаан цамц 23-25 мянган төгрөг, саарал майк 35 мянган төгрөг, юбка 35 мянган төгрөгийн үнэтэй байв.

Тус захаас худалдан авалт хийгээд гарч байсан иргэн О.Батжаргал “Сургуулийн насны хоёр охин, нэг хүүтэй. Дунд ангид орж байгаа нэг охиндоо дүрэмт хувцсыг нь иж бүрдлээр нь авсан. Харин бага ангийн охиндоо шинээр цэнхэр цамц л авлаа. Хүүдээ дүрэмт хувцсны өмд, цамц авсан. Нарантуул зах үнийн хувьд дотоодын үйлдвэрээс хамаагүй хямд байна. Энэ хэдхэн ширхэг хувцас авахад л хэмнээд хэмнээд 200 мянган төгрөг боллоо” гэсэн юм.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэсэн ч иргэдийн цалин, орлого хаанаа ч хүрэхгүй байгаа тул аль хямдыг нь хайж яваа эцэг эхчүүд цөөнгүй.

 

ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААНД СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ҮНЭ 39.6 ХУВИАР ӨСЖЭЭ


“Өүлэн менч” ХХК-ийн сурагчийн дүрэмт хувцас нь Сүлжмэлийн үйлдвэр, Дүнжингарав худалдааны төв, Баялаг-Ундраа, Үндэсний циркийн ард үзэсгэлэн худалдаа зэрэгт тус тус худалдаалагдаж байна.

Үндэсний циркийн ард үзэсгэлэн худалдаанд очиход хүний хөл хөдөлгөөн тасрахгүй байлаа. Эцэг эхчүүд хүүхдээ дагуулан ирж өмсүүлж үзэж худалдан авалт хийж байв.

Хүүхдэдээ дүрэмт хувцас өмсүүлж байсан иргэн Б.Байгалмаа “Манай охин өнгөрсөн хавар тавдугаар ангиа төгссөн. Энэ намар дунд ангид орох болохоор шинэ дүрэмт хувцас авч байна. Охиноо хоёрдугаар ангид байхад нь эндээс дүрэмт хувцсыг нь авч өгч байсан. Үнэтэй ч гэсэн олон жил хэрэглэсэн, бөөсөрдөггүй сайн юм байна лээ” гэв.

“Өүлэн менч” ХХК-ийн бага ангийн хөвгүүдийн дүрэмт хувцсны багц (хүрэм, өмд, цамц, зангиа) 164 мянган төгрөг, охидын багц (сарафан, цамц, зангиа) 115 мянган төгрөг, дунд ангийн хөвгүүдийн багц 197 мянган төгрөг, охидынх нь 192 мянган төгрөг, ахлах ангийн хөвгүүдийн багц 231 мянган төгрөг, охидынх нь 212 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.


Үнийн хувьд үйлдвэрээсээ хамаараад харилцан адилгүй байсан ч “Шилмэл загвар”ХХК, “Бүтээлч Үйлс” ХХК-ийн сурагчийн дүрэмт хувцасны үнэ ойролцоо байсан юм.

Дотоодын дүрэмт хувцасны материалын хувьд Америк, Өмнөд Солонгосоос ирсэн цэвэр даавуун материалаар үйлдвэрлэсэн байдаг аж. Өмсөхөд биед эвтэйхэн, агаар нэвтрүүлэх чадвар сайн, харшил өгөхгүй зэргийг үйлдвэрлэгчид онцолж байлаа.

ХХААХҮЯ-ын Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдоржоос материалын чанар, загвар, үнэ зэрэгт оёдлын үйлдвэрүүдэд хяналт тавьдаг эсэхийг тодруулав.

Тэрбээр “Оёдлын үйлдвэрүүд үнэ, чанар, стандартаа өөрсдөө тогтоож түүгээрээ өрсөлдөнө. Манайхаас шууд оролцох боломжгүй. Аль болох дотооддоо сурагчийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэж, БНХАУ-аас орж ирэх дүрэмт хувцсыг хязгаарлах тал дээр бодлого барьж ажиллана. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн үндэсний үйлдвэрүүдээс нийлүүлэх тухай хууль баталсан. Энэ хүрээнд сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэр эрхлэгчдэд эргэн төлөх нөхцөлтэй хөнгөлөлттэй зээл олгох ажил одоог хүртэл хэрэгжээд явж байгаа” гэсэн юм.

Дотоодын үйлдвэрийн дүрэмт хувцас 2020 онд бага ангийн хөвгүүдийн багц (хүрэм, өмд, цамц, зангиа) 91 мянган төгрөг байсан бол энэ онд 164 мянган төгрөг болж нэмэгджээ. Харин охидын багц (сарафан, цамц, зангиа) 70 мянган төгрөгөөс хоёр жилийн хугацаанд 115 мянган төгрөг болж өсжээ. Харин дунд ангийн хөвгүүдийн багц 113 мянган төгрөг байсан бол 197 мянган төгрөг, эмэгтэй дунд ангийн багц 109 мянган төгрөг байсан бол 192 мянган төгрөг болон өсжээ.

Харин ахлах ангийн хөвгүүдийн багц 153 төгрөг байсан бол 231 мянган төгрөг, охидын багц 138 төгрөг байсан бол 212 мянган төгрөгийн үнэтэй болсон байна. Ийнхүү хоёр жилийн хугацаанд сурагчийн дүрэмт хувцасны үнэ 39.6 хувиар өссөнд иргэд бухимдалтай байгаа юм. Үндэсний үйлдвэрүүдэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас загвар, стандартыг тодорхойлж өгсөн учраас дүрэмт хувцсыг ижил үнээр борлуулах ёстой гэж заасан. Гэвч аж ахуйн нэгжүүд үндсэн материалуудаа Япон, Солонгосоос оруулж ирсэн хэмээн бүтээгдэхүүнийхээ үнийг өөр өөр тогтоодог байна.

Эх сурвалж: Өглөөний сонин