Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Г.Батсуурийг ХХААХҮ-ийн дэд сайдын үүрэгт ажлаас, Б.Насантогтохыг Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас, Г.Нандинжаргалыг УУХҮЯ-ны төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөллөө.

Ажилд томилох тухай:

  • Б.Болор-Эрдэнийг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар,
  • Л.Халтарыг Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар,
  • Ж.Бат-Эрдэнийг ХХААХҮ-ийн дэд сайдаар тус тус томиллоо.

Мөн түр хугацаанд Ч.Золбаярыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төрийн нарийн бичгийн даргаар, Н.Тавинбэхийг Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргаар тус тус томилоод байна.

Х.Бадамсүрэн Эрдэнэс Монгол кропорацийн зэс метал группийн даргаар томилогдсонтой холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлаас чөлөөлж, түүний оронд Г.Ёндонг томилох үүргийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт өглөө" гэв. 

ШУУД ҮЗЭХ:

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн үнийн өсөлтийн асуудлаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монгол Улсын хувьд эхний долоон сарын байдлаар инфляцын түвшин 15.7 хувьтай байсан. Харин наймдугаар сарын дундаж байдлаар аваад үзэхэд инфляцын түвшин 14.1 хувьтай болсон байна.

Ингэж буурахад мах, хүнсний ногооны үнийн бууралт голлож нөлөөлсөн. Энэ бол улирлын шинж чанартай өөрчлөлтүүд.

Харин цаад суурь шалтгаанууд дээр ямар эрсдэл байгааг Засгийн газрын түвшинд ярилаа. Ингээд үзэхэд Монгол Улсад төлбөрийн тэнцэл 1.3 тэрбум ам.доллар байгаа. Өнгөрсөн жилтэй харьцуулахад төлбөрийн тэнцэл нэг тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна. Энэ нь төгрөгийн ханшийн сулрал, инфляцад нөлөөлөх голлох хүчин зүйл байх эрдэлтэй юм.

Хоёрдугаарт, дотооддоо авч хэрэгжүүлж болох арга замаар үнийн өсөлтийг бууруулахад хувь нэмрээ оруулах ёстой. Ингэхийн тулд тээвэр зуучлал дээр анхаарал тавьж, дэлхий даяар нэмэгдэж буй үнийн өсөлтөд хувь хэмжээ нэмэхгүй байх боломжтой юм.

Цаашид үнийн өсөлтөд нөлөөлөх нэг хүчин зүйл нь төгрөгийн сулрал байх магадлал харагдаж байгаа. Тиймээс Засгийн газрын бодлогыг мөнгөний бодлоготой үүрэг чиглэлийг холбогдох сайд нарт өгсөн” гэв.

Мөн тэрбээр урд хөршид цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы талаар сэтгүүлчийн асуултад хариулт өглөө.

Ч.Хүрэлбаатар “Бээжин хавийн 4-5 газарт хөл хорио тогтоосон. БНХАУ-д КОВИД-той холбоотойгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь манай улсын тээвэр зуучлал болон бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлөх эрсдэл өндөр байгаа.

Тус улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хэр удаан үргэлжлэхийг хэлж мэдэхгүй байна. Өчигдрөөс Бээжин хавийн 4-5 газарт хөл хорио тогтоох арга хэмжээ авсан нь бидэнд тодорхой эрсдэл үүсгэж байгаа” гэлээ.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал цаашид хэрэгжүүлэх ажлынхаа талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Авлигын индексийг бууруулахад Цахим хөгжил, харилцаа холбооны гол үүрэг гүйцэтгэх ёстой. Нийтийн мэдээллийн хуульд зарим мэдээллүүд нээлттэй болгох талаар хуульчилсан байдаг. Энэ ажлыг эрчимжүүлнэ. 

Ашигт малтмалын лиценз, дархан цаазат газарт хэн ямар газар эзэмшиж байгаа, орон сууц хүлээн авах улсын комиссын шийдвэртэй танилцах эрх Нийтийн мэдээллийн тухай хуулиар нээлттэй болсон. Хувь хүний мэдээлэл хамгаалах хуулийн дагуу 3.6 сая мэдэгдэл төрийн цахим шуудангаар дамжин иргэдэд хүрсэн байна.

Түгжрэл, төвлөрөл, төрийн албаны хүнд сурталтай холбогдуулан тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг хурдасгах шаардлагатай. Одоогоор 266 мянган тоон гарын үсгийг иргэдэд тараасан байна. Энэ ажлыг эрчимжүүлнэ. Улсын хэмжээнд таван алслагдсан сум, боомтод шилэн кабель тавих ажил энэ онд дуусна" гэлээ.  

Мөн тэрбээр төр хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг байдлыг халах талаар дурдаад "Ерөнхий сайдын дэргэд цахим хөгжлийн хороо ажиллаж байсан. Уг хороог салбарын сайд өөрөө ахалж, салбар болгоны хуулиар нээгдсэн мэдээллийг нээлттэй болгох ажлыг зохион байгуулна.

Эрүүл мэндийн салбарт цахим шилжилт амжилттай хэрэгжиж байгаа. Цахим хөгжил, харилцаа холбооны салбар бодлогоо баримтална. Харин хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор тодорхой ажлаа гүйцэтгүүлнэ. Төр хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг байдлыг хална" гэсэн юм. 

 

 ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын зорилт болоод буй төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч ярилцлаа. Төр, иргэн хоорондын харилцааг ойртуулах, төр гаргасан бодлого шийдвэрээ хэрэгжүүлдэг болох зэрэг дээр онцгой анхаарч байгаа.

2022 оны дөрөвдүгээр сард батлагдсан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилттэй мөн танилцсан. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр 2022 оны төсвийн жилд 5.8 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийх боломжтой гэдэг тооцоо гарсан. Үүнд, 159 дэд, тэргүүн, орлогч дарга болон зөвлөхийг чөлөөлсөн. Үүний үр дүнд 1.4 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлт гарахаар тооцоолжээ. Сайдаас доош албан тушаалтны автомашины хэрэглээг хязгаарлах ажлын хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагч нарын эзэмшилд байсан 587 автомашиныг битүүмжил, Засгийн газрын авто баазад хүлээлгэн өгсөн байна. Үүний дүнд 268.4 сая төгрөг хэмнэсэн.

Үүнээс гадна төрийн албаны ёс зүйг эрхэмлэх, татвар төлөгчдийн мөнгийг оновчтой зарцуулах зорилтууд хангалттай түвшинд хүрэхгүй байна Засгийн газар үзсэн. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, хуулийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгч, шаардлагатай тохиолдолд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу амьдралд илүү нийцүүлэх алхыг хийхээр боллоо.

Үүнээс гадна Засгийн газрын зүгээс иргэнтэй илүү ойр байх бодлогыг хэрэгжүүлнэ. Бидний тооцоогоор ойрын хоёр сарын дотор Ерөнхий сайд, Засгийн газар улс орныхоо өнцөг булан бүрд амьдарч байгаа иргэдийнхээ санал бодлыг хүлээн авдаг, түүнийг шийдвэрлэх үүрэг чиглэлийг шат шатны албан тушаалтанд өгдөг болохын төлөө бид үйл ажиллагаагаа зориулна” гэлээ.

 Энэ үеэр өнөөдрийн хурлаар шийдсэн зарим томилгооны талаар сэтгүүлчид тодруулав. Тухайлбал, сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн зарим хүнийг тухайн яамных нь дэд сайдаар томилсон, өндөр насны тэтгэвэрт гарах хүнийг дахин өөр албан тушаалд шилжүүлсэн зэрэг асуудлыг тодруулсан юм.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газрын бодлогоор эдгээр томилгоонууд хийгдсэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Г.Ёндон бол мэргэжлийн хүн. Энэ салбарт мэргэжлээрээ 30 орчим жил ажилласан. Түүний ажилласан байдлыг харгалзаж салбар хариуцсан сайдаар ажиллуулж байсан. Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой зэрэг томоохон үйлдвэрүүд мэргэжлийн удирдлагатай байх ёстой. Нөгөө талаас улс төрийн туршлагатай, Засгийн газар, УИХ-ын түвшинд үйл ажиллагаагаа танилцуулах чадвартай хүмүүсийн туршлагыг харгалзан үзэж томилдог. Мэргэжлээс гадна улс төрийн харилцаанд илүү ойр, Засгийн газар, УИХ-д ажлаа танилцуулж, ойлгуулж чаддаг байх туршлага их чухал байдаг.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан Х.Бадамсүрэн “Эрдэнэс Монгол”-ын бүрэлдэхүүнд байдаг Зэсийн группийг хөл дээр нь босгож ирэх даалгавар авсан. Зэсийн групп нь одоогоор цаасан дээр байгуулагдсан. Цаашид зэстэй холбоотой бүх бодлогыг энэ групп дээр нэгтгэснээр Монгол Улсын баялгийн сан болох юм. Өөрөөр хэлбэл, энэ хүний уул уурхайн салбарт ажилласан туршлагыг Засгийн газар ашиглаж байгаа юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд асан Л.Халтарыг яамных нь дэд сайдаар томилсон. Энэ хүн хүндрэлтэй цаг үед сайдын алба хашсан. Өөрөөр нь шалтгаалсан алдаа дутагдал 100 хувь байсан гэж үзэх аргагүй. Яагаад гэвэл гаднын санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл, тендер шалгаруулалт нь зөвхөн Монголын талаар шалтгаалахгүй саад бэрхшээлтэй учирч байгаа. Хоёрдугаарт, Л.Халтар төмөр замд цэвэрлэгчээс эхлээд дарга хүртэл нь ажиллаж байсан. Тиймээс энэ хүний туршлагыг ашиглах ёстой гэдэг үүднээс энэ томилгоог хийсэн.

Мөн тус яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнийн тухайд төрийн болон улс төрийн ажлын олон жилийн туршлагатай. Энэхүү туршлагыг харгалзан үзээд зарим дэд сайдыг сэлгэн ажиллуулах бодлого баримталж байна. Энэ бодлого зөвхөн Ж.Бат-Эрдэнэ сайдаар зогсохгүй.

Түүнчлэн Засгийн газрын бүрэлдэхүүнд гурван сайдын орон тоо нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар хоёр сайд томилогдоод байгаа. Гэхдээ энэ гурван сайд хариуцсан яамгүй, ажлын албатайгаар үйл ажиллагаагаа явуулна.

Улаанбаатар хотын түгжрэл дан ганц нийслэлийн асуудал гэхээсээ илүү Монгол Улсын бодлогын асуудал болсон. Бодлогын асуудлуудыг нэгтгэж, яамд хоорондын уялдаа холбоог хангах үүднээс түгжрэл хариуцсан сайдыг томилсон.

Боомтын асуудал хариуцсан сайдын тухайд, хоёр хөрштэй харилцдаг 5-6 нэгж байдаг бол БНХАУ-д боомтын асуудал хариуцсан зөвхөн нэг нэгж байдаг. Өөрөөр хэлбэл, хилийн цаадах боомтын захиргаатай Монгол талаас 5-6 нэгж харилцаад байдгийг засаж нэг нэгж харилцдаг болъё гэдэг бодлогыг Засгийн газар хэрэгжүүлж байгаа.

Аливаа улс орны хувьд улс орноо таниулан, сурталчлах нэг том салбар нь спорт. Тэгвэл манайд Ерөнхий сайдын харьяаны ганц агентлаг яваад байгаа нь тухайн салбарын бодлогыг Засгийн газрын түвшинд авч явах боломжийг хомс болгоод байгаа юм. Тиймээс улс орон болгоны амбицад байдаг спортын тэргүүн эгнээнд гаргаж ирэх зорилгоор Спортын асуудал эрхэлсэн яамгүй сайдын орон тоог бий болгосон.

Төсвийн тухайд Спортын сайдын ажлын алба гурав хүртэл хүний орон тоотой ажиллах боломжтой. Замын түгжрэлтэй холбоотой асуудалд арай өргөн бүрэлдэхүүнтэй ажлын албатай байх шаардлага үүсэж байгаа” гэдэг тайлбар өглөө.