С.Ганхүү: Хүний амь цаг минутаар хэмжигдэж байхад амарч суух эрх бидэнд байгаагүй
2022/09/15
Киргизистан улсын Памирын нурууны Ленин оргилд ганцаарчилсан авиралт хийж явсан "Цэгц" клубийн уулчин Х.Бумхишиг хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан.
Улмаар МУҮХ-ны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, "Жаргалант" клубийн уулчин Э. Даваадорж нарын баг аврах ажиллагааг амжилттай явуулж залуу уулчин Х.Бумхишигийг энэ сарын 13-нд эсэн мэнд буулгаж ирээд байна. МУҮХ- ноос мэдээлж байгаагаар Х.Бумхишиг гуравдугаар зэргийн хөлдөлттэй байгаа гэнэ.
Тухайн аврах ажиллагааг ахалсан уулын спортын мастер С.Ганхүүтэй ярилцлаа. Тэд өнөөдөр эх орондоо ирнэ.
-Сайн байна уу, та. Сайн явж байна уу?
-Сайн байна уу. Аврах ажиллагаа амжилттай боллоо. Бууж ирээд сая л нэг санаа амарлаа.
Залуу уулчингаа эмнэлэгт үзүүллээ. "Тээвэрлэх боломжтой" гэх хариу ирж байна. Удахгүй бид буцах нь. Консулын газраас хүмүүс ирж их тусаллаа. Эх орон маань иргэнээ хөсөр хаясангүй. Бидний хойноос санаа чилээж цайны дээжээ өргөж суусан ард түмэндээ талархаж байна.
-Залуу уулчин Х.Бумхишигийн маань эрүүл мэнд ямар байна вэ?
-Шинжилгээний хариу нь сая гарлаа. Урьдчилсан байдлаар гуравдугаар зэргийн хөлдөлттэй гэх онош гарсан байна. Ямартаа ч маш эрсдэлтэй нөхцөл байдлаас мэнд гарч чадлаа.
-Тухайн уулчны хөл хөлдсөн гэх мэдээллийг та яаж мэдсэн юм бэ?
-Дээрээс гуравдугаар кемпээс буцаж явсан уулчид X.Бумхишигтэй таарсан юм билээ. Хамт буухаар байсан ч манай хүн 5,800 метрт үлдчихсэн байгаа юм. Түрүүлж буусан уулчид хоёр хоног хүлээгээд хэл чимээгүй болохоор нь Бишкек дэх Консул руу мэдэгдсэн байдаг. Ингээд л бидэнд мэдээлэл ирсэн.
-Тухайн мэдээг та хэрхэн хүлээж авсан бэ?
-Их гайхсан шүү. Бид хамт л явдаг юм. 5,800 метрт хөлөө хөлдөөсөн гэхэд нь цочирдож байлаа. Амь настай холбоотой асуудал болохоор хурдхан шиг л аврах талаар бодсон. Ингээд есдүгээр сарын 8-ны пүрэв гарагт хэрэглэлээ бэлтгээд л нислэгийн хуваарь харахад орой нь байж таардаг юм. Киргиз рүү утсаар залгаж "Очоод зардлыг нь өгье" гээд учраа тайлбарлахад маш нааштай хүлээж авсан. Шууд л зөвшөөрсөн. Хаа хаанаа уян хатан байж яаралтай арга хэмжээ авсны үр дүнд бид уулчин залуугаа авч ирээд сууж байна.
-Шуурхай ажиллажээ. Аврах ажиллагаа хэрхэн явагдсан бэ?
-Тийм шүү. Эндээс маш богино хугацаанд очоод аврах баг авиралтаа эхлүүлсэн. Ердийн үед авирахад гурав хоногт туулдаг зайг бид 24 цагийн хугацаанд л туулсан шүү.
-Өдөр, шөнөгүй явж дээ.
-Хүний амь цаг, минутаар хэмжигдэж байхад зогсоод амрах эрх үгүй шүү дээ. Зүтгэхээс өөр сонголт байхгүй.
-Х.Бумхишиг маань амьд байгаа мэдээг та хэзээ хүлээж авсан бэ?
-Энэ сарын 10-ны өдөр шөнөжин яваад л 5,400 метрт очсон юм. Гэтэл "Утасны цэнэг дуусаж байна. Сүүлийн ганц зураастай үлдлээ. Би 5,800 метрт байгаа шүү" гэх зурвас уулчин залуугаас маань ирдэг юм. Мэнд байгаа мэдээг нь сонсоод сая нэг гүн амьсгаа авлаа. Тэр даруйдаа "Би 5,400 метрт очиж байна. Одоохон" гэж хариу бичээд л цаашаа авиралтаа үргэлжлүүлсэн.
Дээшээ 400 метр яваад л Х.Бумхишиг дээрээ очсон. Надтай Оросын уулчин хамт очсон юм. Газар дээр нөхцөл байдал амар биш байлаа. Бид майхныг нь үлдээгээд л багажнуудаа гаргаж бэлтгээд буулгах арга хэмжээг яаралтай авсан. Богино хугацаанд эмнэлэгт хүргэх хэрэгтэйг ойлгож байлаа. Удсан ч үгүй араас хоёр уулчин маань гараад ирсэн. Буулгах ажиллагаа 24 цаг орчим үргэлжилсэн.
-Газар дээрх нөхцөл байдал амар биш байжээ. Уулзсан даруйдаа та хоёр юу ярив?
-Хөл нь хөлдчихсөн хүн юу хийж чадах билээ дээ. Майхнаасаа гарч орж чадахгүй усаа буцалгаж уугаад л сууж байсан. Хэд хоног хоол хүнс идээгүй. Тийм хүнд нөхцөл байдалд орсон хүн ямар олиг байх билээ. Төсөөлснөөс ч хүнд бэрхшээлүүд гарч ирсэн. Тэр бүрийг энд нэг бүрчлэн хэлээд яах вэ. Ямартаа ч маш эрсдэлтэй нөхцөл байдлаас уулчин залуугийнхаа амь насыг аварч чадлаа. Бүх саад бэрхшээл ард үлдсэн.
-Х.Бумхишигийн тухайд олон авиралт хийсэн шүү дээ. Ямар алдаа гарав?
-Ууланд туйлын үнэн, туйлын худлаа гэж байхгүй. Уулчин өөрөө боломжтой гэж үзвэл бэлтгэлээ хангаад авиралтаа хийнэ. Мундаг уулчин бэлтгэлээ сайн базаалаа гээд осолдохгүй гэсэн баталгаа байхгүй. Бурхан байсан ч осолд орж болно. Тухайн уулчин ямар үйл ажиллагаа явуулсан нь алдаа, ололт болоод л дуусдаг.
"Тэгэх ёстой байсан, ингэх хэрэгтэй байсан" гэх асуудал байхгүй. Тийм зүйл байх ч ёсгүй. Цахим орчинд тэгэх ёстой байсан, ингэх хэрэгтэй байсан гээд л алт, мөнгөн дүрэм ярьж байна. Тийм юм байдаггүй юм. Өнөөдөр чиний чаддаг аргыг нөгөөдөр өөр газар чи чадахгүй байх боломжтой. Байгаль гэдэг өөрөө ямар аугаа билээ. Хүн гэдэг ямар өчүүхэн билээ. Тэгэх ёстой байсан, тэрний буруу, энэний буруу гэсэн асуудал байхгүй.
-Дээшээ авирахаас илүү буух зам амар биш байгаа талаар Уулчдын үндэсний холбооноос мэдэгдэж байсан. Буух зам ямар байв?
-5,800 метрээс доошоо 1,400 метр газар авч явсан. Том, том ангалтай, эгц ханатай газруудаар аврах багажтай том цүнхээ үүрээд, аварсан залуугаа чирээд явна. Өөрсдөө ч унах өндөр эрсдэлтэй. Энгийн хүн явах ямар ч боломжгүй газраар аргалаад л гарч ирсэн. Хажуугаар нь аварсан залуугаа хурдхан шиг эмнэлгийн бараа харуулчихмаар байдаг.
Аврах ажиллагаанд хамт явсан залуус маань маш хариуцлагатай, ур чадвартайгаар баг болж ажилласан. Бид багаар ажиллаж энэ их эрсдэлтэй ажлын ард амжилттай гарлаа. Сэтгэгдэл өндөр байна.
-Сүүлд нь онцлоод асуухад, аврах ажиллагаанд явахдаа өндөр эрсдэлтэй гэдгийг ойлгож байсан биз дээ. Таны аав, ээж биш жирийн нэг залуугийн хойноос ийм эрсдэл гаргаж байгаагийн үнэ цэнэ нь юу вэ?
-Хийх ёстой болоод л хийсэн. Очих боломжтой хүн нь би. Ленин оргилын талаар сайн мэддэг хүн нь л би. Хамт ууланд авирдаг дүүгийн минь амь нас эрсдэлд орчхоод байхад энд санаа амар сууж чадахгүй шүү дээ. Өөрөө ч уулчдын холбоонд энэ ажлыг хариуцаж хийдэг хүн. Хийх ёстой болоод л хийлээ. Тийм хүнд нөхцөлд яаралтай арга хэмжээ авч амийг нь аварч чадсан нь зол байхгүй юу.
-Уулчид гэдэг нэгнийхээ төлөө халуун сэтгэлтэй улс юм даа.
-Таны хэлж байгаа үнэн шүү. Халуун сэтгэлээр баг болж ажилласан тулдаа аврах ажиллагаа амжилттай боллоо. Х.Бумхишигтэй маань таарсан гаднын уулчид доор хоёр хоног хүлээсэн байгаа юм. Санаа нь зовоод Элчинд хэл дуулгасан байдаг. Өнөөдрийн нийгэмд нэгнээ гэх жаахан ч болов сэтгэлтэй байгаасай гэж хүсдэг юм. Бие биенээ үзэн ядах, нэгэндээ хорсох ямар хэрэг байна вэ. Наанадаж л эерэг уур амьсгал түгээдэг байвал.
-Сая ямар алдаа гарав. Цаашид ийм эрсдэл гарвал яах вэ?
-Тэрний буруу, энэний буруу гээд яах вэ.
Гэхдээ нэг зүйлийг онцлоход ном, сонин уншчихаад тийм ийм гэж дүрэм ярьдаг биш, хийдэг хүн хэрэгтэй. Уулчдаа сайн бэлтгэх хэрэгтэй байгаа нь энэ явдлаас харагдлаа. Бэлтгэдэг хүн нь юм уншчихаад хүнд цэцэрхдэг биш, туршлагатай байх хэрэгтэй.
Хамгийн нэгдүгээрт туршлага. Тухайн хүн хэлний боловсролтой гадна дотноос мэдээлэл цуглуулаад уулчин болохгүй. Хамгийн гол нь тэр хүн ууланд явсан туршлагатай байх хэрэгтэй. Энэ л бидэнд дутагдаж байна.
Олон улсын хэмжээний мастер цолтой тамирчид маань чадах ядахаараа зааж, зөвлөөд л явж байна. Гэхдээ энэ нь учир дутагдалтай байх шиг. Үүнийг зохион байгуулалтад оруулах, цаашдаа туршлагатай уулчид сургалтаа хийдэг систем рүү л оруулах хэрэгтэй байна. Сүүлд онцлоход аврах багийн гишүүддээ, Уулчдын үндэсний холбооны хамт олондоо гүн талархал илэрхийлье. Бидний араас залбирч суусан ард түмэндээ баярлаж байна.
Зочин · 2022/09/15
yylchid aa!!!ene ylasiig dereen deeree demeghen bolson chagt ta nar iis tiisee selgyyzsen chini deer baih syy!!! · 2022/09/15
Mongolchyyd aa!!!!!!!???????iis tiiseee ebliin hyitend yyl ryy byy yab!!!!!bysaddaa byy saad bol?....gertee dylaahan syybal barab?...../
DR. ADITYA · 2022/09/15
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай [email protected] 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин · 2022/09/15
туршлагагүй байж авирна гэдэг байж болохгүй дээ