Баасан гарагаас эхлэн нийслэл болон зарим аймагт  цаг агаар сэрүүсч цас орж эхэлсэн. Улмаар галлагаа эхэлж, шахмал түлшний эрэлт ихсэв.

Энэ сарын 3-ны Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болсон. Энэ үеэр Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд 120 мянган тонн түлш нөөцөлсөн. Борлуулалтын 473 цэг ажиллаж буйг энэ сарын 15 гэхэд 650 болгоно. Өдөрт 800-900 тонн түлш борлуулж байгаа” гэлээ. Харин НМХГ-ын дарга С.Даваасүрэн “Шахмал түлшний чийгшил өнгөрсөн жил 6.8 байсан бол энэ жил хамгийн ихдээ 3.8 буюу чанар маш сайн байгаа” гэсэн юм.

 

Шахмал түлшний олдоц, нийлүүлэлт ямар байгааг сурвалжлахаар нийслэлийн хамгийн их хүн амтай Баянзүрх дүүргийг зорилоо. Шар хадны эцсээс Эрдэнэтолгой хүртэл алхахад түгээлтийн таван цэг байсан боловч “түлш дууссан” гэх шалтгаанаар гурав нь хаалттай байсан бол хоёр нь зөвхөн мод зарж байлаа.

 

Нэрээ нууцлахыг хүссэн хоёр борлуулагч “Нэг удаагийн татан авалтаар таван тонн түлш авдаг. Өглөө 09:00 цагт ирлээ гэхэд өдөр 13:00-14:00 цагийн хооронд дуусчихдаг. Өчигдөр захиалгаа өгсөн ч одоо болтол түлш ирээгүй байна” гэх ижил мэдээллийг өгсөн юм. Харин биднийг ярилцаж байх үед буюу энэ сарын 8-ны 14:50 цагт түлш ирж байлаа. Түүнчлэн иргэдийн байр суурийг сонсоход, түлшний олдоц, хүрэлцээ муу байгааг хэлсэн юм.

 

БЗД-ийн XVII хорооны иргэн Б.Пүрэвдорж:Нэг удаа олгох түлшний хэмжээг нэмэх хэрэгтэй

 

-16 дугаар хорооллоос “Да хүрээ” зах хүртэл явахад түлш олдохгүй байна. Иргэдэд олгосон картаар долоо хоног тутамд зургаан шуудай түлш өгдөг. Жишээлбэл, манайх өдөрт нэг, хүйтний эрч чангарсан үед хоёр шуудай түлш хэрэглэнэ. Тэгэхээр зургаан шуудай түлш долоо хоногт хүрэлцдэггүй. Иймээс нэг удаа олгох түлшний хэмжээг нэмэх эсвэл хоорондын хугацааг богиносгомоор байна. Чанарын хувьд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хоггүй, илч нь сайжирсан байна.

 

Иргэн С.Дулмаа: Автобусаар таван буудал явахад түлш олдохгүй байна

 

-Шар хадны эцсээс автобусанд суугаад, 16 дугаар хороолол хүртэл явлаа. Түлш дууссан гээд цэгүүд нь ажиллахгүй байна. Түгээлтээ цаг алдалгүй хийж, иргэдийг чирэгдүүлэхгүй байх хэрэгтэй. Мөн нэг удаа олгох түлшний хэмжээг нэмэхгүй бол зургаан шуудай түлшээр долоо хононо гэдэг хэцүү шүү дээ.

 

 

 

Б.Дарьсүрэн

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин