Үзэл бодлоо илэрхийлсэн NoWar болон NoDoubleStandard хөдөлгөөнд оролцсон иргэдийг дур зоргоор баривчлан саатуулж, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, зөрчлийн хэргүүд үүсгэх зэрэг эрүүдэх ажиллагаанууд явуулж байгаа тухай өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэдний зүгээс хүний эрхийг дээдэлдэггүй цагдаа, прокурорын байгууллагаа Монгол Улс яаралтай шинэчлэхийг шаардсан юм.

Энэ тухай тус хөдөлгөөний төлөөлөл хэлэхдээ "Цагдаагийн байгууллага нь МАН-тай нийлж, иргэдийн эрх үүрэг, дундаж давхарга, аж ахуйн нэгжийг хүч түрэмгийлж буй хүчирхийллийг зогсоохын тулд манай хөдөлгөөнөөс Цагдаагийн байгууллагыг татан буулгаж, нийслэлийн прокурорын газрыг яаралтай шинэчлэх шаардлагатай болсныг сануулж байна.

Нэг иргэнийг гэрээс нь хойшлуулшгүй ажиллагаа нэртэйгээр баривчлаад, цагдаа нар прокурортойгоо үгсэн хуйвалдаж, тухайн иргэнд 14 гэмт хэргийг зохиомлоор тохсон нь процессын явцад баригдсан хэрэг гарч байна. Энэ хэргийн шүүх хурал 2022 оны нэгдүгээр сарын 20-нд болсон.

Тэр өдөр гурван цагдаа бүтэн жил орчим нэг иргэнийг сэтгэл зүйн хувьд хүчирхийлж, эрхэд нь халдчхаад торгох ял аваад дуусаж байсан. Энэ мэтээр процесс иргэн болгон дээр явах боломжтой болсон. Бид өөрсдийгөө хамгаалахын тулд ЦЕГ-ыг яаралтай татан буулгах ёстой. Ялангуяа тус газрын дарга Ж.Болдыг ажлаас нь яаралтай чөлөөлөх ёстой” гэлээ.

"Байцаах үйл явцаа хэдэн цагт ч хийж болно гэж ойлгодог цагдаагийн байгууллага бидэнд үйлчлэхийг эсэргүүцэж байна"

Иргэн Б.Цацрал “Бид жилийн өмнө Жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хууль үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Энэ хууль цаг үеэсээ хоцорсон бөгөөд залуусын үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөөний эсрэг байгаа тул шинэчлэх асуулга тавьж байсан. Гэтэл энэ хуулийн талаар Засгийн газар өнгөрсөн оноос хойш нэг ч ярилгүй өнөөдөртэй золголоо.

Гэтэл тухайн хугацаанд энэ хуулийн дагуу хэчнээн хүнийг зөрчлийн хэрэгт холбогдуулж, цагийг үрснийг бид цагдаа, прокурор, шүүхийн байгууллага дээр явж байгаа өөрсдийн хөдөлгөөний жишээ дээр үндэслэн гаргасан.

NoDoubleStandard хөдөлгөөний залуучууд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээрээ хязгаарлагдаад явж байна. Бид 29 жагсаал цуглааныг бүртгүүлэх хүсэлт өгөхөд 28-д нь татгалзсан байгаа юм.

Мөн өнгөрсөн сард НҮБ-ын олон улсын шинжээчид ирж, Монголд хүний эрх, дур зоргоор баривчлах үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар урьдчилсан дүгнэлт гаргасан. Тухайн дүгнэлт 2023 оны есдүгээр сард дэлхий нийтэд тайлан болж нийтлэгдэнэ. Энэ үед бид ардчиллаас ухарч, хүний эрх чөлөөг дээдэлдэггүй улс гэдгээ батлан харуулна.

Өнөөдөр болж байгаа үйл явдал ч бид хүний эрхийн тал дээр хэчнээн ухарсныг харуулж байна.

Монгол Улсын Засгийн газар дайныг дэмждэг, дайн эхлүүлсэн улстай хамтардаг. Үүнийг нь эсэргүүцсэн иргэдээ цагдаа, прокурорын байгууллагатай хамтран айлгаж сүрдүүлэх үйл ажиллагааг удаа дараа зохион байгууллаа. Тэд хэрэг үүсгэдэг, нэр төрийг нь сошиалд гутаан доромжилдог. Ингэж гутаан доромжилж буй троллуудыг илрүүлж өгөөч гэж ЦЕГ-ын цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанд нь хүсэлт гаргаад хариу өгдөггүй. Тэгсэн хэрнээ огт хамааралгүй бичлэг шийрлэснийх нь төлөө хүмүүсийг байцаадаг. Байцаалтын үйл явцаа хэдэн цагт ч хийж болно гэж ойлгодог цагдаагийн байгууллага бидэнд үйлчлэхийг эсэргүүцэж байна. Ийм цагдаагийн байгууллага, прокурорууд иргэд бидний шаардлагад нийцэхгүй байна. Учир нь тэд хүний эрхийн талаар ямар ч ойлголтгүй. Үүнээсээ огтхон ч ичдэггүй, хэвийн зүйл мэт боддог.

Цагдаа хүнийг айлгаж сүрдүүлж, дарамтлахыгаа хэвийн зүйл гэж ойлгодог улсад залуучууд үзэл бодлоо илэрхийлэх туйлын хүнд байна. Энэ байдлаа засахгүй бол залуучуудад гологдож байгаа цагдаа, шүүх, прокурорт итгэх иргэдийн итгэл өдрөөс өдөрт алга болно. Шударга шүүхийн өмнө очиж байгаа гэдэгтээ иргэд эргэлздэг болно. Хүний эрхийг зөрчиж байгаа байдлыг хэвийн гэж ойлгох нь бид үг хэлэх эрх чөлөө, үзэл бодлоосоо ухарч байгаа үйлдэл гэдгийг ухаараасай гэж хүсэж байна” гэв.

Мөн тэрбээр ОХУ-ын Элчин сайдын яамны гадна талд олон хүнийг жагсаал зохион байгуулсан гэдэг үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа гэдгийг онцлоод Нийслэлийн Засаг даргаас тухайн самбарыг буулгахыг шаардсан тухайгаа хэлсэн юм. 

Мөн "Хууль зүйн сайд Х.Нямбаатараас танай цагдаа, прокурор яагаад хуулийг хүмүүст дур зоргоор, өөрийнхөө хүссэнээр тайлбарлаж, хэрэглээд байдгийг асууя. Х.Нямбаатар сайд Та 17 ажлын хэсгийг ахалж ажиллаж амжаад байгаа бол үндсэн хууль зүйн салбараа тогтоож, прокурор, цагдаагийнхныгаа бүрэн шинэчилж, хүний эрхийг дээдэлсэн байгууллага бүрдүүлбэл яасан юм гэж шаардаж байна" хэмээсэн юм.

"Прокурор, цагдаатай холбоотой гомдол, саналыг шийдвэрлэсэн нэг ч тохиолдол байхгүй"

 

Иргэн н.Чинбат “Аль ч хууль эрх зүйн салбарт хүний эрх байхгүй болсон гэдэг нь НҮБ-ын шинжээчдийн урьдчилсан тайлан харуулж байна. Бүх юмны дарга цагдаа болж хувирлаа. Сүүлдээ ШШЕГ болон эмнэлгийн дарга хүртэл цагдаа болсон. Удахгүй шүүхийн дарга нь цагдаа болно гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд саяхан хийсэн хэвлэлийн хурал дээрээ зарласан гэхэд хилсдэхгүй.

Хамгийн аймар нь прокурор, цагдаатай холбоотой гомдол, санал өгөхөд шийдвэрлэж, тогтоосон нэг ширхэг ч бичиг байхгүй. Тэгсэн мөртлөө энгийн иргэнд хаанаас ч юм мэдэгдэхгүй хэн нэгэн гомдсон гээд хорьж цагддаг. Хэн гомдол мэдүүлсэн, хохироосон гэдэг нь ойлгомжгүй байдаг" хэмээлээ.

Түүнчлэн "Намайг өнгөрсөн жил ЭЦА-ийн гадна Э.Одбаярын хүлээгээд зогсож байхад чирч, гулдарч, татаж оруулаад яах гэж байгаа нь мэдэгдэхгүй нэг өрөөнд найман цаг хорьсон. Ингэхдээ 2-3 цагдаа солигдсон бөгөөд өшиглөж, дарамталж цохисон. Үүнийг нь хэлээд гомдол мэдүүлсэн ч тогтоогдохгүй байна гэсэн. Мөн оройн цагаар гэрчээр мэдүүлэг өг гэж дуудахад нь очиход 30 минутын дараа би сэжигтэн болж, яллагдагч болоод дараа нь хоригдсон. Энэ бол эрүүдэн шүүлт” хэмээн өөртөө тохиолдсон жишээгээ ярьсан юм.

Мөн Nowar болон Nodoublestandard хөдөлгөөнд оролцогч иргэд "Хууль тогтоомж дээр цагдаагийн байгууллага нь иргэдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндсэн үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл бодит байдал дээр цагдаа, хууль хүчнийхэн сэргийлэх бус гэмт хэрэгтэн үйлдвэрлэдэг газар болоод байна. Учир нь гэрчээр дуудагдсан иргэн сэжигтэн болсон гэдгийг удирдах алба тушаалтанд гомдол гаргах эрхтэй байдаг. Гэтэл 20-хон минутын дотор тухайн иргэний эрх зүйн байдлыг нь дордуулж, цаг хүрэхгүйн хугацаанд яллагдагчаар татдаг нь буруу жишиг хэмээгээд цагдаагийн байгууллага эрх баригчдын хэрэгсэл болсон гэсэн юм.

"Пост оруулсны төлөө эх сурвалжаа хэлээд кофе уух, үгүй бол шоронд явах хоёр сонголтыг өгч байсан"

Иргэн Э.Одбаяр “2021 онд Дорнод аймгийн нутагт 19 настай этгээд 18 настай хүүг дайрч, хэргийн газраас зугтсан бичлэгийг устгаад байгаа учраас дарагдуулахгүйн тулд сануулж өгөх хүсэлтийг эх сурвалж надад мэдээлсэн. Энэ дагуу хүүхэд дайрсан талаарх хэргийн талаарх мэдээллийг цахим сүлжээнд оруулснаас 10 цагийн дараа, эрүүгийн цагдаагийн алба хаагчид над дээр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, ажлын газрын маань үүднээс хүч хэрэглэн баривчилсан.

Ингэхээ тэд гар утас хурааж авч, эрх зүйн туслалцаа авах боломжоор хангахгүй байж байгаад дарга нь өрөөндөө оруулаад надад бичлэгээ устгаад эх сурвалжаа хэлээд кофе уух, үгүй бол шоронд явах гэсэн хоёр сонголтыг өгсөн. Би эх сурвалжаа хэлээгүйн улмаас гэрчээр мэдүүлэг авч байгаад, сэжигтэн, яллагдагч гэх дарааллаар явсан. Одоо үүнтэй холбоотой хэрэг шүүх дээр явж байгаа" гэлээ.