Э.Золзаяа: Улаанбаатар дайн болж буй хотуудаас ч долоон дор нөхцөлтэй байна...
2022/11/15
“Creative 100” байгууллагыг санаачлагчдын нэг Э.Золзаяатай ярилцлаа.
Та өөрийгөө танилцуулахгүй юу, ямар мэргэжилтэй вэ? “Creative 100” гэж байгууллага ямар зорилготой, ямар үйл ажиллагаа эрхэлдэг юм бэ?
Намайг Э.Золзаяа гэдэг. Байгаль орчин, байгалийн нөөцийн менежментээр Тайваньд боловсрол эзэмшсэн.
Хотын хөгжлийн бодлого, төлөвлөлтөөр сүүлийн 7 жил ажиллаж байна. Дэлхийн хотуудын Иклэй гээд ОУБ-ын зөвлөхөөр мөн сүүлийн 5 жил тасралтгүй ажиллаж байна. Бид боловсролтой чадалтай залуучуудыг, ялангуяа хувийн хэвшилд ажиллаад өрсөлдөх чадвар өндөр болчихсон залуучуудыг хотынхоо бодлого, төлөвлөлтөд санаа тавьдаг, төр засгаас шаардлага нэхдэг болгож, идэвхжүүлье, сургалт, арга хэмжээ хийе гэж зорьсон. 2019 онд “Бүтээлч 100” гэдэг хөдөлгөөнийг эхлүүлсэн. 2019 оноос хойш цар тахал гээд ерөнхийдөө үйл ажиллагаа саарсан ч бид нийтдээ 8 удаагийн төсөл, арга хэмжээг хамтран хэрэгжүүлсэн. Холбооны үйл ажиллагаанд хамрагдах сонирхлоо илэрхийлсэн 200 гаруй залуучууд байсан. Бид 2023 оны 1 сарын 1-нээс яг “Бүтээлч 100” буюу зуун залуугаар тоог нь хязгаарлаад хаалттай гишүүнчлэлийн журмаар хүмүүсээ маш сайн бэлдье, тэгэхгүй бол нэг удаагийн арга хэмжээгээр 40, 50 хүн ороод дараагийн удаа 80 хүн ороод солигдоод байхаар тогтвортой биш юм байна гэж шийдээд календарьчилсан хөтөлбөрөө хийгээд явж байгаа. Манай холбооны гэрчилгээнд урт хугацааны зорилго, алсын хараа, үндсэн үйл ажиллагааны чиглэлүүдийг тусгачихсан байдаг. Хөдөлгөөн маань холбоо болоод Монгол Улсын хот, суурин газруудын гудамж, олон нийтийн талбайг иргэдэд ээлтэй, хүртээмжтэй болгон, дизайны хувьд сайжруулж, шинэчлээд, залуусыг идэвхжүүлээд, чадавхжуулаад явах л зорилготой холбоо. Энэ үнэт зүйл дээр л залуучууд нэгдсэн.
Улмаар байгуулагдсаныхаа дараахан хөдөлгөөн маань албажчихсан учраас бид Нийслэлийн Засаг даргад албан ёсоор хүсэлт тавьсан. Холбоо маань зүгээр суугаад байж болохгүй. Бодитой төсөл дээр ажиллах шаардлагатай. Мэдээж төсөл дээр ажиллахын тулд бид дурын газраа сонгож аваад шууд юм хийж болдоггүй. Эхлээд тухайн газрын эзэмшлийг сонирхоно. Хаана харьяалагддаг юм, юм хийж болох юм уу, болохгүй юм уу, хууль, дүрэм журмыг нь зөрчих вий гэх мэтчилэн. Тэгэхээр эдгээр асуудлыг хийхийн тулд зайлшгүй л хотын захиргаатай уялдаж таардаг. Харамсалтай нь хотын захиргаан дээр хэд, хэд очоод хана мөргөсөн. Дахин дахин ингээд явах чинь маш их цаг хугацаа, нерв шаарддаг ажил гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. Төрийн байгууллагуудтай ажил хөөцөлдөж явсан бүх хүн л мэдэж байгаа. Бид нар дандаа хаалттай хаалга, даваа, саад бэрхшээлтэй тулгарна. Үгүй гэдэг хариулт байнга сонссоор ирсэн. Нэлээн удаан хугацаанд бид нар ингэж явсан учраас би нийгмийн сүлжээгээр лайв хийхэд хүрсэн. Тэсэрсэн маань л тэр байхгүй юу. Салбар болгонд л Д.Сумъяабазар дарга, Б.Цэцэг хоёрынх шиг ийм ажил хувааж авч хийдэг кэйсүүд зөндөө байгаа байх гэж бодож байна. Яг бидний мэргэжил дээр ийм ажил гарч ирсэн учраас яагаад бид тэр үед тийм их бэрхшээлийг туулаад явж байхад энэ хүн хажуугаар орж ирээд “ногоон гэрлээр” явчихав аа гэдэг дээр л гол нь асуудал үүссэн.
“Creative 100”-д ямар мэргэжлийн залуучууд байдаг вэ?
Хотын байгаль орчинг сэргээх, иргэдийг таатай сайхан амьдруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх дээр тусгай бодлого байдаг. Энэ бодлогын хүрээнд хэд, хэдэн индикаторууд хэд, хэдэн салбарууд, зарчмууд бий. Бидний дунд ерөнхийдөө хотын дизайныг сайжруулах гэдэг чиглэлд бол ихэвчлэн дизайнер, архитектор, хот төлөвлөгч, ландшафтын мэргэжлийн залуучууд байгаа.
Нийслэлийн Засаг Дарга Д.Сумъяабазарт яг ямар хүсэлтүүд тавьсан юм бэ?
Нийслэлд бид: " Төрөл, төрлийн мэргэжилтэй, бүтээлч салбарын залуучууд “Creative 100”-д байна. Хамгийн том асуудал нь тендерийн хуулиараа дандаа хамгийн хямд, хамгийн чадамжгүй, хамгийн болхи гэснийг нь шалгаруулаад байна. Энэ тендерийн процессыг нэг удаа арай өөр талаас нь харья." гэсэн. Бид нар мөнгө төгрөг авах гээгүй шүү дээ. Тендер яриагүй. Тодорхой гудамжин дээр төлөвлөлтийг нь та нар хийгээд зургийг нь гаргаад ир, энэ тохиолдолд бид нар ажиллаад өгье л гэж хүссэн. Ердөө л энэ. Тендерийн хуулийг өөрчлөх хэмжээнд бид нар үйл ажиллагаагаа явуулж чадахгүй. Гэхдээ дэлхийн бусад хотуудын гудамж яагаад тийм гоё байгаад байдаг юм, ямар зарчмаар яваад байдаг юм? Үүнийг бид Сөүл хотоос, Хятадын сүүлийн үеийн хотууд яаж гоё өөрчлөгдөж байгаа билээ гэдгээс харж байна. Бодит жишээнүүд байна. Тэгэхээр бодлогын арга хэмжээнд нь Засаг даргад зөвлөмжийг нь өгье. Судалгаа тал руу ажиллах хүмүүсийн багийг нь бүрдүүлж өгье гэдэг саналыг л тавьсан.
Сошиал инфлүүнсэр Б.Цэцгээ Сэлбэ, Туул гол орчмыг сайжруулах төслийг удирдах болсон нь нийгэмд багагүй талцлыг бас эргэлзээг бий болголоо. Та бол үүнийг НЗД Д.Сумъяабазарыг огцруулах үндэслэл болохуйц үйл явдал болсон гэж лайвыхаа үеэр хэлсэн. Үүнийгээ тайлбарлахгүй юу?
Төрийн үйл ажиллагаагаа явуулах үндсэн зарчмууд гэж байгаа. Шударга, ил тод, нээлттэй, сонгон шалгаруулалт явуулах ёстой. Гэвч бодит байдал дээр хэрэгждэггүй. Ийм явдал зөндөө гардаг. Маш их хүчин чармайлтаар залуучууд явж байхад “ногоон гэрлээр” дайрч байгаа нь бас нэг жишээ бол энэ. Энэ ажилд оролцооч ээ гэж тендерийн урилга ирсэн бол бид оролцоод үзэхийг хичээх байсан. Би өнгөрсөн хугацаанд хийсэн бүх ажлуудаа, гаргасан үр дүн, тайлангаа бүгдийг нь үзүүлж, нотолж чадна. Өрсөлдөх байсан. Гэтэл яагаад нэг хүн гарч ирээд “ногоон гэрлээр”, хоёр долоо хоногийн дотор Засгийн Газрын тогтоолоор албажаад энэ процесс шууд явчихав аа гэдгийг л асуусан. Хүн хардах эрхээ эдэлж болно шүү дээ. Ямар учраас ингэсэн бэ гэдгээ тайлбарла. Б.Цэцэгээ гэдэг хүн тэнцсэн юм аа, бид энэ сонгон шалгаруулалтын зарыг энэ сонин юм уу? вэб дээр тавьсан гэдэг ч юм уу? Ингээд үзүүлбэл за, бид хоцорчихсон юм байна гэж бодно. Гэтэл тийм үзүүлэх зүйл байхгүй. Түүнчлэн тэр хүнийг ямар үндэслэл, ур чадвар, туршлага дээр нь үндэслэж энэ төслийг ахлуулж байгаа вэ? Хоёрдугаарт, өөр нэг асуудал бол хүмүүсийн анхаарлыг өөр тийш нь чирээд, хоёр хүний хоорондын хэрүүл шиг болгочих вий гэдэг дээр болгоомжилж байна.
Би бол энэ явдлыг логиктойгоор тайлбарла, үндэслэлээ хэл, тэгээд сонгон шалгаруулалтын ч юм уу, процедурын алдаа гаргасан бол уучлалт гуй гэсэн шүү дээ. Хэрвээ тэгэхгүй бол огцрох хэрэгтэй. Түүгээр ч үл барам тэр Засгийн Газрын хуралд “ногоон гэрлээр” оруулсан Ерөнхий сайд, чиглэл өгсөн гээд байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч бүгдээрээ хариуцлага хүлээх ёстой. Энэ Бямбаагийн Цэцэг гэж хүн ямар учраас, ямар чадамж, туршлагаараа шалгарчихсан бэ гэдгийг л тайлбарлуулмаар байгаа юм.
Иргэн Б.Цэцэгээ Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар намайг өрөөндөө дуудаад энэ төслийг удирдаач гэсэн зүйл ярьсан. Та үзсэн үү?
Үүнийг сонсоод миний уур хүрсэн. 5 сарын 25-нд намайг нялх хүүхэдтэй, аягүй хэцүү байж байсан чинь л бараг Нийслэлийн Засаг дарга дуудаад ингэсэн гээд л. Тэр үед чинь бид хотын даргыг үүдэнд нь сахиад, гуйгаад байж байсан үе шүү дээ. Бүр 5 сарын 25-ны өдөр би Нийслэлийн Засаг даргад залуучуудынхаа ажлыг танилцуулах гээд, концепт зургаа бариад, ижил подволк өмсөөд, уулзалт хийх гээд доод талынх нь хурлын Б зааланд 3 цаг хүлээсэн. Бид нарыг хүлээгээд доор байж байх хооронд тэр хүн шууд өрөөнд нь ороод уулзаж байсан байх нь л дээ. Мөн тэр хүний ярилцлагыг үзээд явж байтал хадгаламжийнхаа хугацааг цуцлаад Монгол Улсын нэрийн өмнөөс би мөнгө босгох гээд Солонгост очсон гээд уйлах гээд байгаа юм уу, уйлаад байгаа юм уу, ямартай ч ялархсан өнгө аястай зүйл ярьсан. Үүнийг үзээд л би сэтгэл хөдлөл дээрээ лайв хийчихсэн.
Түүнээс биш би яг тэр хүн рүү чиглэдэг ч юм уу, эсвэл урт хугацааны хонзон ч юм уу, Засаг даргыг буулгах гэсэн атгаг санаа бол байхгүй.
Яг үнэндээ Засаг даргатай би өмнө нь уулзсан. Уулзаад ажлаа танилцуулахдаа ажигласан зүйл бол Засаг дарга ажил дээрээ үнэхээр төвлөрдөггүй юм байна лээ.
Хотын иргэд энэ хотыг удирддаг, ашигладаг хүмүүстэй ярилцдаг ёстой. Тэгэхгүй вакумжсан, хурлаас хурал, өрөөнөөс өрөө гээд л дээгүүрээ л яваад байх юм бол хэзээ газар дээрээ бууж ирэх юм бэ?
Шударга бус сонгон шалгаруулалт хийсэн гэдэгт л та бүхэн бухимдаад байгаа юм байна?
Ер нь сонгон шалгаруулалт нээлттэй байсан бол бид оролцох байсан. Оролцоод шалгарах байсан гэдэгтээ ч итгэлтэй байна. Яагаад гэвэл ийм хэмжээний төслийг ямар ур чадвартай хүмүүс хийдэг вэ гэдгийг бид мэднэ. Жишээлбэл, маш олон байгууллагууд хамтарч ажиллаад Улаанбаатар хотын хуучин угсармал байрнуудын дулаалгыг шинэчлэх 18 сая еврогийн буцалтгүй тусламжийн төслийг арай гэж 2017 онд авсан байдаг юм. Миний ажилладаг олон улсын байгууллага, мөн хотын захиргаа хамтран төслийг иж бүрэн бэлдэж, бэлтгэл ажлаа ханган, олон улсын санд явуулах гэж 3 жил ажиллаж ажиллаж байгаад 18 сая евро авч байгаа байхгүй юу. Буцалтгүй тусламж бол хотод шууд орчихож байгаа юм. Ийм хэмжээний төслийг ингэж хийдэг байхад ямар үндэслэлээр, яагаад энэ Сэлбэ голын урсацыг сайжруулах, орчны тохижилтыг сайжруулах төсөл дээр гэнэт одоо хөдлөөд, яагаад энэ хүн шалгарчихсан юм бэ гэдэг дээр л хамгийн том асуулт байна. Яаж сонгон шалгаруулалт зарласан юм. Зарласан бол түүнийгээ баримтжуул. Тэгээд хэдэн хүн өрсөлдөв. Би ер нь дахиж ярилцлага өгөхийг хүсээгүй. Гэтэл тэр хүн дахин, дахин гарч ирж, доромжлогдох байдалдаа өөрөө хүрч байгаа юм.
Сэлбэ голын энэ төсөл хэрэгжсэнээрээ хотын иргэдийн амьдралын чанарыг 240 хувиар сайжруулна ч гэнэ үү? Би амьдралдаа ийм 240 хувиар сайжирдаг, төслийн аргачлалыг мэдэхгүй.
Яаж тооцсоныг мэдэхгүй. Суурь үзүүлэлтийг нь мэдэхгүй. Хэд байгаад 240 хувиар нэмэгдэх гэж байгаа гэдэг бол маш том асуулт шүү дээ. Тэгэхээр хүмүүс одоо эрүүлээр, мэргэжлийн түвшинд сэтгэх хэрэгтэй, логик сэтгэлгээтэй, анализ, дүн шинжилгээ хийдэг байх хэрэгтэй байна. Сошиал орчинд романтик, хөөсрөл, хийрхэл, сэтгэл хөдлөл, хөвсөн байр суурь маш их байна. Тэгэхээр хүмүүс жаахан ч атугай дүн шинжилгээ анализ хийдэг, ул суурьтай болж, романтик, хөөсрөлтэй байдлаасаа бага ч гэсэн гарах хэрэгтэй байна.
Нийслэлийн Засаг Дарга Д.Сумъяабазар үүрэгт ажлаа гүйцэтгэж эхлээд гурав дахь жил рүүгээ орж байна. Энэ хугацаанд ажлаа хэр хийсэн гэж мэргэжлийн хүний хувьд харж байна?
Д.Сумъяабазар даргатай уулзсан хүн болгон маш ам сайтай байсан. Маш их зоригтой шүү, ер нь шийдэх ёстой том системийн өөрчлөлтийг хийж чадахуйц харизмтай хүн шүү гэж салбарын хүмүүс нь хэлсэн учраас л би ойлгуулчих гээд л үзэж тарж, араас нь гүйсэн хэрэг л дээ. Тэгэхдээ түүнийг огцруулах улс төрийн зорилго надад байгаагүй ээ.
Энэ хүний өмнө Нийслэлийн Засаг дарга байсан, одоо Шадар сайд болсон С.Амарсайхан гэдэг хүн ч ажлаа хийгээгүй. Су.Батболд гэдэг хүн ч ажлаа хийгээгүй. Э.Бат-Үүл дарга тухайн үед яг хотын бодлого гэдгийг гаргасан юм байна даа гэдгийг бид нар дараа нь харсан.
Би бол нам бус шүү. Э.Бат-Үүл гэхээр хүмүүсийн дургүй нь хүрдэг бололтой. Гэхдээ Э.Бат-Үүлийн л үед Улаанбаатар хотын ногоон хөгжлийн бодлого, иргэдийн амьдралын чадавх чанарыг дээшлүүлэх талын бодлого, Улаанбаатар хотын ногоон санхүүжилттэй холбоотой цогц төсөл, гэр хорооллын дахин төлөвлөлт гэх мэт маш чухал, чухал ажлуудыг хийсэн. Харин тэр Су.Батболд, С.Амарсайхан нар юм хийгээгүй.
Д.Сумъяабазар даргатай хамтарч, тодорхой ажил хийх, манлайлал үзүүлэх боломжтой гэсэн учраас бид зөвлөөд өгье гэсэн. Иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхийг индексжүүлдэг юм. Түүнээс бус 240 хувь гэж үнэлдэггүй юм аа. Хэд хэдэн салбаруудыг 6 бүлэг салбарт хувааж байгаад үнэлдэг. Яг энэ ажлыг би Д.Сумъяабазар даргад санал болгож, “Та энэ ажлыг хийчих. Манай иргэдийн амьдралын чанар дэлхийн энэ олон зуун хотуудаас ядаж хэдэд байгаа юм бэ гэдгийг бид нар эхлээд сууриар нь тодорхойлох хэрэгтэй. Үүний дараа хамгийн сул байгаа хэсгүүд рүүгээ бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэх хэрэгтэй” гэж хэлсэн. Тухайн үед хэрэгтэй санаа юм байна аа, миний дүү чи наадхаа миний ахлах зөвлөх н.Мөнхболд гэдэг хүнтэй ярь гээд, улмаар би н.Мөнхболд гэдэг зөвлөхтэй нь хамтарч ажилласан. “Интеллиженс”, “Юнит”, Хонг-Конгод төвтэй “Экономист” сэтгүүлийн судалгааны багийнхан онлайн хурал хийгээд, АНУ-ын Азийн сангийнхныг бас өмнө нь ажиллаж байсан шугамаараа уриад, ингээд хот, “Экономист” сэтгүүл, манай энэ залуучуудын байгууллага, нөгөө талд хотын захиргаа, АНУ-ын Азийн сан, бид хамтраад Улаанбаатар хотын амьдралын чанарын индексийг тодорхойлох ажлыг дөнгөж эхлээд байж байтал улс төрийн шийдвэр гаргаад н.Мөнхболд гэдэг хүнийг ажлаас нь халчихсан. Ингээд би энэ олон ажлыг эхлүүлэх гээд явж байсан хүн чинь бууж өгдөг юм байгаа биз дээ. За больё.
Нөгөө гадны байгууллагууд чинь ч гэсэн гайхна шүү дээ. Нэг мундаг зөвлөх авчраад л, Нийслэлийн Засаг даргын уриан доор юм хийх гээд байгаа юм байна даа гэж байтал байхгүй болчихсон.
Дахиад л өөр хүнд тайлбарлаад, дахиад эхнээс л эхлэнэ гэдэг чинь аягүй зовлонтой. Эргээд би Нийслэлийн Засаг даргатай уулзахаас үнэхээр залхсан. Сая Сөүл хотын захиргаа болон Иклей ОУБ-ынхан ирээд тээврийн салбарын чиглэлээр Улаанбаатар хотын чадавхийг нь бэхжүүлэх гээд Германы олон улсын аргачлалыг авчраад сургалт хийхэд хотын захиргаанаас хүн суусангүй шүү дээ. Хотын захиргаан дээр зохион байгуулж хийхэд шүү дээ. Тээврийн салбарын хүмүүс нь суусангүй. Бид эргээд хотын захиргааныхнаас та нарт тэгвэл бодлого, арга хэмжээ, энэ талын суурь өгөгдөл, дата судалгаа шинжилгээ байна уу гэхэд байхгүй гэсэн. Тэгвэл та нарт юу байна аа гэхээр түгжрэлийг бууруулах 18 цогц стратегийн төсөл байгаа гэнэ.
Тэгээд энэ 18 цогц стратегийн төслийн чинь алсын хараа нь юу юм бэ гэхээр байхгүй. Сургууль, цэцэрлэг барина л гэнэ. Бидэнд яривал маш их асуудал байна. Түгжрэлтэй тэмцэж байна гээд зам дээр байгаа машинд л төвлөрөөд байна шүү дээ.
Замыг нь өргөсгөөд, гүүр бариад л байгаа шүү дээ. 2019 оноос хойш бид машиндаа биш хүндээ ээлтэй гэдэг энэ концепцийг сүүлийн хэдэн жил ярьсан тулдаа арай нэг сийрэг хүмүүс нь машиндаа биш хүндээ ээлтэй хот гээд ярьдаг болж байна. Тэгэхээр бид энэ тал дээр үнэхээр анхдагч аа. Түгжрэлтэй тэмцэх юм бол түгжрэлийг сааруулах гэж оролдоно уу гэхээс биш өөрөөр яах ч аргагүй юм. Харин хүний зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх тал дээр ажиллах хэрэгтэй. Хүн дээрээ төвлөрөх хэрэгтэй. Түгжрэл буюу зам, машин дээрээ төвлөрч болохгүй ээ. Тэгэхээр зөвлөх үйлчилгээ гэдэг юмыг авч сур. Эсвэл хүмүүстэй хамтарч ажиллах боломжийг нь нээж сур.
Харин Б.Цэцэг бол зүгээр дуугай л болох хэрэгтэй. Уг нь би өөр лүү нь нэг их давшиж, дайраагүй. Д.Сумъяабазар дарга яагаад энэ хүнд өгчихсөн юм бэ? гэдгийг л асуусан болохоос биш би тэр хүн рүү дайраагүй. Эргээд энэ хүний гаргаж ирж байгаа аргументууд нь өөрийг нь тэнэг байдалд оруулж байгаа юм. Тийм сэтгэлтэй юм бол чи ирээд үнэгүй ажилла ч гэж байх шиг. Би яалаа гэж үнэгүй ажиллах юм бэ? Би энэ сурсан эрдэм, боловсролоороо мөнгө олж, зөвлөх үйлчилгээ үзүүлж, амьдралаа авч явдгийн хувьд, татвар, НДШ-ээ өгч явж байгаагийн хувьд би яагаад үнэгүй ажиллах ёстой гэж? Миний мэдлэгийг ашигламаар байвал мөнгөө төл. Боломжоо нээ. Одоо тэр их төвлөрчихсөн байгаа, бугшчихсан байгаа, удирдаж чадахгүй байгаа менежмент, процессоо задлах хэрэгтэй. Бид иймэрхүү зүйл дээр тайлбар сонсоно, заавал сонсоно. Би нэг юмны араас үхэн хатан явдаг, тууштай зантай. Энэ асуудлын хариултыг автлаа явна.
Та нийгмийн сүлжээнд хийсэн лайвыхаа үеэр Нийслэлийн Засаг Дарга Д.Сумъяабазар мэдлэггүй байна, эргэн тойрондоо ч бас мэдлэггүй хүмүүсийг цуглуулсан байна гэж дүгнэсэн. Ер нь Нийслэлийн Засаг Дарга бол тодорхой хэмжээгээр улс төрийн албан тушаал. Нийслэлийн захиргааны зөвлөх, баг, мэргэжилтнүүдийн талаар та бас цухас дурдлаа. Тэд нарын чадвар, чадамж, мэдлэг нь ямархуу байна гэж дүгнэж байна?
Одоо байгаа байдал чинь л ажлынх нь үр дүн шүү дээ. Улаанбаатарчууд энэ хүмүүсийн юу хийж, яаж ажилладаг, зорилго нь юу юм гэдгийг мэдэх хэрэгтэй, Тэгэхээр хотын удирдлага гэдэг хийх ёстой арга хэмжээгээ тодорхойлж, бодлого бодож суух ёстой байдаг. Гэтэл ахуйн ажил хийгээд, үйлчилгээний ажил хийгээд өнөө маргаашийн хоолны саваа булаацалдаад байдгийг нь хэд хэдэн кэйс дээр харсан.
Бид нар өнгөрсөн 5-р сард гуйж явахдаа Нийслэлийн Хот Тохижилтын газартай ч уулзсан. Ингээд гаднаас залуучууд уулзаад л эхэлсэн чинь тендер зарлачихсан шүү дээ, компани нь шалгарчихсан шүү дээ гэсэн. Ийм юм урдаас яриад эхэлсэн. Үгүй ээ, тэр хамаагүй. Бид нарт тендер авдаг компани байхгүй. Манайх чинь холбоо шүү дээ. НҮТББ байхгүй юу.
Бид зүгээр л одоо байгаа наад зургуудыг чинь арай сайжруулаад, арай нэг аятайхан болгоод өгье өө. Үнэ төлбөргүй гэхээр л хардаад л, хоорондоо хэрэлдээд л... Нийслэлийн захиргаа гэж ямар хар зах юм уу?
Тэгээд одоо нэг ийм үзэгдэл улиг болчихсон. Хэнтийгээс хүн гарахаар Хэнтийгийн хамаг хүмүүс ирж ажилтай золгодог, ар гэрийнхэн нь тэжээгддэг. Түүн шиг Сонгино Хайрханаас хүн ирээд л хотын дарга болохоор тэр хавийн хамаг амьтан ирж ажил төрөлтэй золгодог. Тэр тендерт шалгарсан гээд байгаа компанийх нь урьд хийсэн ажлыг нь үзэхээр нүднээс цус гартал гэдэг шиг, бүр хотод байж болох хамгийн заваан, заваан тохижилтын ажлыг хийдэг компани байсан. Ийм сэжгийн ажил хийдэг компани яаж танай тендерт шалгардаг юм бэ гэж хүртэл би Нийслэлийн удирдлагуудаас асууж байсан.
Нийслэл Улаанбаатар хот 10 жилийн дараа ямар байхаар дүр зураг харагдаж байна вэ? Бид юун дээр анхаарах ёстой вэ?
Мэдлэгтэй манлайлал хэрэгтэй байна гэж би байнга хэлдэг. Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар бол хүмүүсийн өдөр тутмын амьдралд үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Тиймээс тэд өөрсдөө мэдлэгтэй, хүнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй байх ёстой. Бид хувийн хэвшлүүдээс ямар стандартын үйлчилгээ нэхдэг билээ? Үүнийг бид эргээд төрөөс, ялангуяа хотын захиргаанаас зайлшгүй нэхэх хэрэгтэй. Энэ янзаараа бол 10 жилийн дараа маш их архаг өвчтэй, стресстэй, сэтгэцийн эмгэгтэй хүмүүс л их болно. Хотын иргэд өдөр тутмын стресс, дарамтаа тайлж чадахгүй байна. Тайлах гэж хичээхдээ архи ууж байна. Эсвэл уурлаж, орилж чарлаж, зодоон хийж байна. Ингэхээр хотын иргэд бараг бүгд л угаасаа стресстдэг.
Стрессээ тайлж чадахгүй энэ хэвээр явбал 10 жилийн дараа бөөн сэтгэцийн эмгэгтэй, архаг хууч өвчтэй, ууртай хүмүүсээр дүүрсэн хот болно. Хэвлэл мэдээллийн байгууллагууд нь улс төрийн балиар скандалууд дээр овоордог. Зарчмын, ул суурьтай асуудал дээрээ оролцдоггүй. Өчигдөр надтай нэг залуу сэтгүүлч ярихдаа хотын захиргаанаас хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хаалтын гэрээ тогтмол хийдэг шүү дээ гэсэн. Энэ бол татвар төлөгчдийн мөнгөөр хийж байна гэсэн үг. Нэг байгууллагатай жилдээ дор хаяж 15-аас хорин сая төгрөгөөр хаалтын гэрээ хийдэг юм гэсэн. Тэгвэл би эргээд хаалтын гэрээ хийдэг энэ хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагуудаас асуумаар байгаа юм. Таны хүүхдийн чинь хоолой боогдоод, бөгшүүлж ханиалгахгүй байна уу?
Та өдөрт 2, 3 цаг машиндаа түгжирч, хараалаа урсгахгүй байна уу? Та нар татвар төлөгчдийн, төсвийн мөнгөөр хаалтын гэрээ хийгээд 10 жилийн дараа аз жаргалтай амьдарна гэж бодож байвал эндүүрч. Тэгэхээр 10 жилийн дараа үр хүүхдүүд маань шударга бус зүйлтэй нүүр тулахгүйн тулд дор бүрнээ бага ч гэсэн бодох хэрэгтэй байна. Яг тусгайлан цаг гаргаж бодох хэрэгтэй байна. Нээрээ бид чинь яаж амьдраад байгаа юм бэ гэдгээ л бодох хэрэгтэй. Бид үнэндээ дэлхийн дайн болж буй хотуудад байгаагаас долоон дор нөхцөлд амьдарч байна.
Үүнийг засах шийдлүүд бол байдаг аа. Гэхдээ үүнийг үнэгүй хийдэггүй юмаа. Үнэгүй хэлдэггүй юмаа.
Ярилцсан Ч.Явуухүү
sonin.mn