Сүүлийн үед Монгол Улсаас охид, эмэгтэйчүүдийг хуурамч зарын дагуу хуурч мэхлэн аялал жуулчлал хөгжсөн зүүн өмнөд Азийн орнуудад урьж, бэлгийн мөлжлөг, хөдөлмөрийн мөлжлөгт өртүүлэх болсон тухай мэдээлэл гарсан.

Тэгвэл бид иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс өнгөрөгч есдүгээр сард хамаатныхаа хүний зуучлалаар Камбож улс руу явж, улмаар албадан хөдөлмөр эрхэлж хүний наймаанд өртсөн охины найз залуутай ярилцлаа. Охины ар гэр нь цагдаагийн байгууллагад цаг алдалгүй мэдээлэл өгсний үр дүнд одоо эх орондоо ирсэн байгаа юм.


-Найз охин нь анх Камбож улс руу яаж явсан бэ. Очсон газрынх нь талаар ар гэр нь ямар мэдээлэлтэй байна вэ?

-Анх энэ бүхэн яаж эхэлсэн бэ гэвэл манай найз охины үеэл нь “Ажлын санал байна” гээд залгасан юм билээ. Надад Вьетнамд очоод ресортод ажиллана гэж ярьж байсан. Тэгээд ганцаараа явсан юм. Найз охин маань анх удаа гадагшаа явсан нь энэ тохиолдол. Зуучилсан хүн нь “Бээжин хүртэл онгоцны тийзээ өөрөө авчих, тэрнээс цаашаа онгоцны тийзийг нь би авчихна” гээд ярьсан гэсэн. Тэгээд Бээжинд очоод Вьетнамын онгоц гэж бодоод суусан чинь Камбожийн онгоцонд суучихсан байсан юм билээ. Очих газар нь Замын-Үүд шиг Камбож, Вьетнам хоёрын дунд хил дээр байдгийг би сүүлд нь “Google map”-ээс харсан. Анх Вьетнамд, ресортод ажиллана гэж бодоод очиж байгаа шүү дээ. Очсон газрынх нь зургийг би харсан л даа.

Орчин нь нууцлагдмал гэх нь ч хаашаа юм. Арван давхар цагаан байшинтай, хотхон дотроо дэлгүүртэй, саунтай, бүр хоол иддэг газартай юм билээ. Тэгээд тэнд нь дандаа хятадууд байдаг гэсэн. Тэр газрынх нь босс нь ч хятад хүн гэсэн.

Тэгээд тэр хотхон дотроо цахим залилан хүчээр хийлгэдэг, биеэ үнэлэлт, хар тамхи хэрэглэдэг гэх мэт янз бүрийн юм болдог газар гэж надад хэлсэн. Харуул хамгаалалт сайтай, буу шийдэмтэй хүмүүс байрных нь гадна тойроод байж байдаг газар гэсэн. Манай найз охины яриагаар бол залилангийн ажил хийлгэдэг байсан юм билээ.

-Зуучилсан хүн нь ямар эх сурвалжаас энэ ажлыг олоод, тийшээ очсон юм бол?

-Зуучилсан үеэлийг нь хоёр монгол охин зуучилсан юм билээ. Тэр хоёр хүн нь яаж энэ ажлыг олсон, тийшээ очсоны нарийн учрыг сайн ойлгоогүй. Гэхдээ хоёр өвөр монгол хужаа хүн таньдаг, тэр хүмүүс нь зуучлаад, гарах гарцгүй болгосон гэсэн. Тэгээд нөгөө хоёр хүн нь алга болчихсон юм шиг байна лээ.

-Камбож руу ганцаараа очсон гэж ярьсан уу?

-Бэйжин рүү бол ганцаараа явсан. Тэгээд Бээжинд очсон чинь гурван монгол охин байсан гэсэн. Ингээд дөрвүүлээ Камбожид очсон юм билээ. Очиход нь 7-8 монгол эмэгтэй, хоёр эрэгтэй байсан гэсэн. Бас энэтхэг, вьетнам, лаос охид байсан гэсэн.

-Залилангийн ажил гэхээр яг юу хийлгэдэг байсан юм бол?

-Одоо цахимаар сугалааны шууд лайвууд яваад байдаг даа. “Үнэт чулуу … саяыг хожлоо” гэх мэт залилангийн ажил хүчээр хийлгэдэг байсан гэсэн. Зарим нь лайваа хийгээд, зарим нь чулууг нь угаадаг, зарим нь комментоо устгадаг ажил хийдэг байсан гэж надад ярьдаг байсан. Ажил хийлгэж байгаа гадаадууд нь орчуулгаар “Та нарыг өндөр зардлаар авчирсан болохоор ажлаа сайн хийхгүй бол мөнгөө авахын тулд бөөрийг чинь зарна, эсвэл биеийг чинь үнэлүүлнэ шүү” гэж очсоноос нь хойш өдөр бүр дарамталдаг байсан гэж ярьсан.

-Ар гэртэйгээ яаж холбоо бариад, Монголд ирсэн бэ?

-Над руу өдөрт хоёр удаа холбоо барьдаг байсан. Өдрийн 12 цагт, оройны 6 цагт ярьдаг байсан. Өөрийнхөө утсаар холбоо барьдаг байсныг бодоход цайны цагаар утсыг нь өгчихдөг байсан юм шиг байна лээ. Тэгээд над руу “Бүтэхгүй газар хүрээд иржээ” гээд ярьсан. Ингээд би цагдаа руу залгасан. Эрүүгийн цагдаагийн албаны Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх алба гэж байдаг юм билээ. Залгахаар өөрсдөө шууд заагаад өгсөн. Ингээд өнгөрсөн есдүгээр сарын эхээр яваад бараг нэг сар ажилласан байсан. Ирэхэд нь би зургаан сая төгрөг төлж, авчирсан. Наашаа ирэхдээ бол ажиллаж байсан орчин нь хэцүү байсан болохоор ч тэр үү яриа муутай, юм ярихаа больчихсон байсан.

-Одоо тэнд монгол охид байгаа гэсэн үг үү?

-Байгаа. Сүүлд найз нь гэх охин нь арав гаруй сая төгрөг өгч байж наашаа ирсэн гэсэн. Тэнд байгаа охидыг нааш нь авчрахаар ажиллагаа явуулж байгаа гэсэн.

-Ямар цалин хөлс өгнө гэж амласан юм бол?

-Маш өндөр цалин амласан гэсэн. Нэг сарын цалин нь 4000 ам.доллар. Хэрвээ ажлаа сайн хийвэл 7000 ам.доллар гэсэн. Монгол данс олоод ажлаа сайн хийвэл өндөр цалин авна гэсэн үг юм билээ. Тэгээд монгол хүний дансыг олоод залилсан мөнгийг нь криптовалют болгоод гадагшаа гаргадаг юм шиг байна лээ.

-Иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс юу гэж хэлмээр байна?

-Ер нь их мөнгө амласан зүйлд яваад хэрэггүй л гэж хэлмээр байна. Бас манай найз охиныг үеэл нь зуучилсан шүү дээ. Тэгэхээр хамаатан садандаа ч итгээд дэмий. Ойр дотныхон, найз нөхдийн санал болгож байгаа зүйлд хүртэл болгоомжтой хандаарай. Бас ганцхан ажилд зуучлахаас гадна сургууль, хэлний бэлтгэл гэх мэт зүйлд зуучлах ажилд битгий итгэж байгаарай. Бүр амь нас чинь ч эрсдэлд хүрэх учраас болгоомжтой байгаарай л гэж хэлмээр байна.

Г.БАЛГАРМАА