Ард түмний элч УИХ-ын гишүүд маань аюулын сургаар биднийгээ хаях ч гэж дээ
2022/12/12
Ням гаригт эхэлсэн нүүрсний хулгайч нарын нэрийг зарлахыг шаардсан ард түмний жагсаал үргэлжилсээр байна. Жагсаалын хүрээ өдөр ирэх бүр тэлж, олон улс, дэлхий нийтийн анхаарал, дуран авай Монголыг чиглэх боллоо.
Дэлхийн томоохон агентлагуудын дамжуулж буй мэдээг харахад “Олон сая ам.долларын нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон улстөрчдийн нэрийг зарлахыг шаардсан ард түмэн төв талбайдаа жагсаж байна. Жагсаал олон хоног үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд шаардлагынхаа хариуг авахаас нааш жагсагчид гэртээ харихгүй бололтой” гэсэн мессэжийг өгсөөр байгаа юм. Нүүрсний хулгайтай холбоотой энэ асуудал дэгдсэнээс хойш хагас жилийн хугацаа өнгөрөөд сүүлдээ иргэдийн зүгээс шахалтад орж, улс орны хэмжээний эсэргүүцлийн жагсаал цуглаан бүрэлдэхэд хүргэлээ. Ерөнхий сайд энэ асуудал анх олны анхааралд гарч ирэхэд “Хулгайч нартай тэмцэнэ” гэж мэдэгдэж байсан ч өнөөдрийг хүртэл олигтой үр дүнд хүрээгүй нь олон хоног үргэлжилж буй энэ жагсаалаас харагдаж байна. Ганц итгэл найдвар гэгдэж байсан Ерөнхий сайд нүүрсний хулгайч нартай тэмцэнэ хэмээн эрс хэлдэг ч яг ажил хэрэг болгоод явахаар ганцаардаад байдаг юм болов уу гэж бодогдохоор. Засгийн газрын тэргүүн нь нүүрсний хулгайч нартай тэмцэнэ гэдэг битүү мухар юм яриад байдаг, ард түмэн нь “За, одоо л ил болгох нь дээ” гэсэн хүлээлттэй л өнөөдрийг хүргэсэн дээ. Явсаар жагсаал цуглаандаа тулж, ер нь ч тэгээд энэ асуудал дарагдах тийшээ л болж байна.
Жагсаал анхнаасаа органик байжээ гэдэг нь өдөр ирэх тусам нотлогдож байна. “Эх орон хэцүүдлээ”, “Төрдөө ийм хулгайч нартай байж болохгүй”, “Ийм улс байж болохгүй, ирээдүй бүрхэг болж эхэллээ” гэж залуус маань уриа лоозон барьж, үгээ хэлж ухаантай байна. Гэтэл энэ жагсаалыг бүлэглэлүүд өөр өөр рүүгээ татах гээд дотор нь хүмүүсээ шургуулж ажиллаж эхэллээ. Учир юун хэмээвээс, нүүрсний хулгайч нарын нэрсийг зарла гэсэн ард түмний зорилготой жагсаалын утга санаа, чигийг мушгин гуйвуулж “Засгийн газрыг огцруул” гэчихсэн “далийрцгааж” байна, зарим хэсэг бүлэг хүн. Жагсаал руу нэвтэрсэн бүлэглэлийн гар, хөлүүд үймээн самуун дэгдээх гэж оролдлоо. Залуусыг хууль бус, хуулиас гадуурх үйлдэлд турхирах гэж үзэцгээлээ. Төрийн ордон руу дайрууллаа, хашааг нь ганхуулж эвдүүллээ, хаалга энэ тэрийн жижиг сажиг шил цонхыг хагаллаа. Төрийн ордны хашаа, хаалгыг эвдэж буйд харамсахгүй байна л даа. Гол нь жагсагчдын эмх замбараа, мөрдөж буй дэг журмыг зориудаар эвдүүлэх гэж бүлэглэлүүд “ноход”-оо шургуулсанд л гол утга санаа байгаа юм. Жагсаалын үеэр төв талбайн эргэн тойрны замын хөдөлгөөнийг хаах гэж оролдсон нь жагсагчдын зорилго, үйлдэл биш байсан. Энэ бол мөн л бүлэглэлүүдийн “илгээсэн” хүмүүсийн хийсэн ажил. Түгжрэл бухимдал, уур хилэнг нь төрүүлэх замаар ард түмний амгалан байдлыг алдагдуулж, сэтгэлийн хөдөлгөөнийг нь овжиноор ашиглаж өөртөө хэрэгтэй улс төрийн тоглолт хийх гэсэн хорон технологи явж байсан даг. Төрийн ордон руу дайрсан, гацуур шатаасан, замын хөдөлгөөнийг хаасан гэх мэт энэ үйлдлүүд бол үнэндээ нүүрсний хулгайч нартай тэмцэж буй жагсаалтай ямар ч хамаагүй байсан шүү. Хаа ч очиж монголчууд тэмцэгч, зөв жагсаж чаддаг ард түмэн. Монголчууд наадам, Цагаан сараараа нэгддэг шиг жагсаалаараа нэгдэж чаддаг өвөрмөц онцлогтой үндэстэн шүү дээ. Тайвнаар жагссаар байгаад л нийгмээ өөрчилж ардчиллыг авчирсан түүхэн туршлагатай хүмүүс. Тэгтэл Төрийн ордон руу иргэд жаахан дөхөөд хашааг нь ганхуулаад иртэл ард түмний элч, иргэдээ төлөөлнө гээд УИХ-д сонгогдсон эрхэм гишүүд маань цахимаар чуулган зарлаж, хуралдсан нэр зүүгээд “Онц байдал зарла” гэж саналаа нэгтгэж биднийгээ Онц байдал гэдэг хүндхэн нөхцөлд оруулаад үхвэл үхэг гээд хаяад зугтчихсан байсан. Төрийн ордны ганц хаалганы шил хагарах төдийд шүү дээ, юу ч болоогүй байхад УИХ-ын
гишүүд маань “Наадуулаа бууд бууд” гээд ум хумгүй арилаад өгсөн нь гутмаар шүү. Ард түмэн та нарт итгээд, улсаа удирдуулъя гээд нэрийг чинь дугуйлаад сонгочихсон байдаг. Гэтэл та нарыг сонгож гаргаж ирсэн иргэд рүүгээ, үр хүүхдүүд рүү нь бууны хүйтэн ам чиглүүлэхийг зөвшөөрч,
галын шугам”-д биднийгээ хаяад урвах ч гэж дээ. Одоо та нарт бид яаж итгэх болж байна. Онц байдал зарлах хэмжээний юм юу ч болоогүй, ардчилсан оронд байдаг л нэг энгийн тайван жагсаал болж байхад ард түмнийхээ амь нас, эрх чөлөөг ҮАБЗ гэх тодотголтой гуравхан хүний мэдэлд шидчихээд сүүлээ хавчаад арилаад өгсөн дөг. Монгол Улсыг парламентын засаглалтай орон гэж хэлэхэд итгэл төрөхөөргүй болоод эхэллээ, хөөе гишүүд ээ. Хэцүү байна аа, УИХ-ын гишүүд ээ. Эгзэгтэй, шийдвэрлэх мөчид бүх ачааг өөрсдөөсөө түлхээд гуравхан хүнийг “Та нар наад ард түмнээ яавал яа” гээд хаяж зугтсан гурав дахь тохиолдол нь энэ боллоо. 2008 оны долдугаар сарын 1-нд УИХ-ын гишүүд яг ингэж гуравхан хүнд гурван сая хүний хувь заяаг нохойд шидэж өгч байгаа яс шиг хаячихаад зугтчихсан чинь юу боллоо? Хэдхэн жилийн өмнө
УИХ-ын гишүүд маань хамаг эрх мэдлээ ҮАБЗ-д өгчихсөн чинь юу боллоо. Монгол Улс хариугүй л Ерөнхийлөгчийн засаглалтай орон болохоо дөхөж билээ. Ард иргэдийн дунд “Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу, парламентын засаглалтай байх уу” гэдэг санал асуулга нэртэй луйвар явуулахдаа тулсан. Парламентын засаглалтай, парламент нь бүрэн бүрэлдэхүүнээрээ байхдаа нэг хүнд эрх мэдлээ алдаад “Орших уу, эс орших уу” даа тулсан нь арчаагүй параменттай байсны л гор байсан шүү дээ. Ийм хэврэг, доожоогүй, хулхины, зүрхгүй аймхай, амь тулсан үед үргэлж зугтсан парламент монголчуудад хэрэг байгаа юм уу. Эд нар ард түмний төлөөлөл, элч мөн юм уу тэгээд. Итгэлээ өгсөн ард түмнийхээ эрх ашгийг УИХ-ын гишүүд яагаад боддоггүй юм бэ. Гишүүд зөвхөн өөрсдийнхөө, дарга нарын эрх ашгийг боддог юм уу.
Манай парламент үнэхээр сул дорой, сульдаа байна. Ийм парламентын хэрэг алга. Бид ямар ч хамгаалалтгүй юм байна. Төрийн гурван өндөрлөг гэсэн гурван хүний эрх мэдэлд л байсаар ирлээ. Юм л болвол энэ гурван хүний эрх мэдэлд ард түмнээ юман чинээ бодолгүй шидэж өгдөг. Парламентыг томосгох буюу гишүүдийн тоог нэмэх. Эсвэл хоёр танхимтай парламенттай болох арга хэмжээ авахгүй бол одоогийн парламентын тогтолцоо бол үнэндээ ард түмэнд үйлчлэхгүй юм, гишүүд нь иргэдээ хамгаалахын төлөө юу ч хийхгүй юм. Энэ 76 гишүүн үнэхээр найдлагагүй юм байна. Биднийг өөр юуны ч аманд өгөөд зугтааж мэдэхээр аж. Иймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг яаралтай хийх хэрэгтэй болжээ. Гишүүдийн тоог нэмж, ард түмний төлөөллөө төрдөө оруулах, хоёр танхимтай парламенттай болох зэргээр парламентын засаглалаа хүчирхэгжүүлэхгүй бол хэдүүлээ юуны ч аманд очоод зогсож байж мэдэх нь.
шаабар · 2022/12/12
Зөв зөв. Ийм сул дорой, мэдлэг чадваргүй, хүчиндэгч завхайрагч, хулгайч худалч нараас бүрдсэн МАН-ын Их хурал тарах ёстой. Улс төрийн намуудыг ч тараах ёстой. Үндсэн хуулиндаа доривтой өөрчлөлт оруулах ёстой. Энэ бүгдийг хийж өгөөд өөрсдөө тарах шийдвэрээ гр\аргаж чадвал хожим тохогдох ялаас бага ч гэсэн хөнгөлөгдөх талтайг эрхэм гишүүд ойлгох буй заа. Хамгийн түрүүнд хулгайч гишүүдээ их хурлаас хөөж шүүхэд өг. Тэгэж чадахгүй бол бүгд хам хэрэгтэн болж шоронд сууж таарна. Засгийн Газар хулгайч нартай тэмцэхэд нь хүчтэй тусал. Хөөн хэлэлцэх хугацаа, хөнгөвчлөх ял мэтийн тэнэг хуулиуиудаа даруйхан өөрчил. Хамгийн түрүүнд бүгдэд ил болсон Сү.Батболдоосоо сал. Иргэд итгэл төрнө.
Зочин · 2022/12/12
Параламентаа 2 тахимтай болгож доод танхим одоогийн 76 байнгын ажиллагаатай дээд танхим нь 4 жилд 1 удаа цуглаж эцсийн шийдвэр гаргадаг энэ хүмүүс сум бүрээс оролцдог болчихвол улс хөгжинө Бидний одоогийн энэ зам мухардалд орсон удвал ард түмэн босно шүү