УИХ "нүүрсчид"-ийг авч үлдэх үү?!
2023/02/06
Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нүүрсний хулгайтай холбоотой гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д гаргана. Ийм мэдээлэл гарч, ингэж дуншсаар удлаа.
Гэхдээ НПГ-ынхан АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан мөрдөн шалгах багийнхны саналаар өнгөрсөн долоо хоногт нэр бүхий гишүүдийг яллагдагчаар татжээ. Гишүүд ч прокурорын тогтоолтой танилцсан байна. Тиймээс Ерөнхий прокурор "...Бүрэн эрхээс нь "салгаж" байж шалгах ёстой" гэж үзсэн гишүүдийн нэрийг УИХ-д өгөхөд бэлэн болсон гэсэн үг.
Тэрбээр 3-5 гишүүнийг түдгэлзүүлэх саналыг гаргах бололтой. Гэхдээ асуудлын гол нь Ерөнхий прокурорын саналд бус УИХ-ын гишүүдийн санал хураалтад байгаа юм. Сүүлийн таван жилээр харахад ЖДҮ, Хөгжлийн банкны хэргүүдэд хэд хэдэн гишүүн холбогдсон. Ерөнхий прокурор нэрийг нь оруулсан ч УИХ авч үлдсээр ирсэн. Тэгвэл энэ удаад "нүүрсчид"-ийг түдгэлзүүлэх саналыг өнөө маргаашгүй оруулж ирэхээр болж байна.
Гэвч "...Дахиад л авч үлдэх үү" гэдэг эргэлзээ бий. 2019 оны яг өдийд ЖДҮ-гийнхнийг түдгэлзүүлэх санал гаргасан Ерөнхий прокурор М.Энх-Амгалан чуулган дээр
"...Нэр бүхий гишүүд гэмт хэрэг хийсэн нь шалгалтын явцад тогтоогдож яллагдагчаар татахын тулд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг оруулж ирсэн. Хууль хяналтын байгууллага хийх ёстой ажлаа хийгээд явж байгаа. Энэ хүрээнд холбогдох байгууллагуудад саналаа тавьж ажиллаж байна. Прокурорын байгууллага шалгах ёстой ажлаа л хийж байна. Энэ бол яах аргагүй гэмт хэрэг. Нийтийн эрх ашиг, тэгш байдал алдагдсан. Нийтэд тэгш очих ёстой мөнгийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан давуу байдал олгож, хэдхэн хүнд зээл олгосон нь гэмт хэрэг биш юу юм бэ.
Та нар хулгай гэж нэрлэнэ үү, яана уу хамаагүй. Энэ бол гэмт хэрэг" гэж байв. Гэсэн ч гишүүд "ангийн нөхөд"-өө авч үлдсэн. 2022 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх санал гаргасан.
Тэгэхдээ "...Мөрдөх байгууллага мөрдөх шалгах ажиллагаа хийгээд бусдад хүмүүсийг нэгждэг, битүүмжилдэг, албадан саатуулдаг ажиллагаанууд дээр очихоор гишүүний халдашгүй байдал яах аргагүй, хүссэн хүсээгүй ирж байна л даа. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд мөрдөх байгууллагыг ажлаа хийх бололцоог нь олгохын тулд л би оруулж ирээд байгаа юм. Гишүүдийг түдгэлзүүлэхгүй аваад үлдвэл мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учрахыг үгүйсгэх арга байхгүй" гэж ярьсан. Гэсэн ч УИХ бас л авч үлдсэн. Энд нэг зүйлийг хэлэхэд, өмнөх ийм тохиолдлууд дээр УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбоотой голлох шийдвэрийг Халдашгүй байдлын дэд хороо гаргадаг. Ерөнхийдөө чуулган түүнийг нь дэмжээд явчихдаг байдал ажиглагддаг. Тус дэд хорооны дарга нь Н.Энхболд, гишүүд нь Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нарын бүрэлдэхүүнтэй юм.
Б.Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Зочин · 2023/02/06
Аваад л үлддэг биздээ ждүчид ямар хариуцлага хүлээсэн юм бүгд их хуралд нэр дэвшээд одоо болтол энхийн цагаан тагтаа шиг сууж л бна
шаабар · 2023/02/06
Хамгийн том гэмт этгээдүүд энэ дэд хороог хариуцаж байгаа цагт нааштай шударга шийдвэр гаргах нь бараг л бүтэшгүй. Энэ дэд хороог сөрөг хүчиндээ өгөх нь үр дүнтэй байх болно.