"Е-Mongolia 3.0" шинэчилсэн хувилбарын нээлтийн арга хэмжээг Улаанбаатар зочид буудалд өнөөдөр зохион байгууллаа. 

Энэхүү шинэчлэл хийгдсэнээр иргэд өөрийн фэйсбүүк хаягийг E-Mongolia системтэй холбон төрийн үйлчилгээний мэдээллээ мессенжэрээр авах боломжтой болжээ.

Ингэснээр иргэн өөрийн фэйсбүүк хаяг, мэйл, E-Mongolia аппликэйшний “push notification”, хувийн мэйл хаягуудаас сонгон баримт бичгийн хугацаа дууссан сонордуулга, төлбөрийн нэхэмжлэх болон төрийн үйлчилгээний мэдэгдлийг шууд хүлээн авах юм байна.

Тухайлбал, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийн хугацаа дуусахаас 30, гадаад паспортын хугацаа дуусахаас 180 хоногийн өмнө иргэнд сонордуулга очдог болж байгааг мэдээллээ. 

Өнөөдрийн байдлаар 81 байгууллагын 1,000 гаруй үйлчилгээг E-Mongolia системд нэвтрүүлсэн бөгөөд 1.6 сая хэрэглэгчтэй болсон. Энэ нь Монгол Улсын насанд хүрсэн хүн амын 73 хувийг эзэлж байгааг албаныхан онцлов. 

E-Mongolia систем хэрэглэгчдийн 85 гаруй хувь нь гар утасны аппликэйшнээр дамжуулан үйлчилгээ авдаг тул "E-Mongolia 3.0" хувилбараар дараах шинэчлэлүүдийг хийсэн байна. Үүнд:

  • Хэрэглэгчид иргэний үнэмлэхийн зургаа харуулахгүй байх, бүрсийлгэх, dark mode горимоор ашиглах зэрэг тохиргоог өөрөө хийх,
  • Дөрвөн оронтой код хийлгүй хурууны хээ болон царай таньж нэвтрэх,
  • Яаралтай тусламжийн тусгай дугаарууд руу шууд дуудлага хийх,
  • Тухайн хэрэглэгчийн хамгийн их ашигладаг үйлчилгээг хамгийн ойр харуулах буюу хандалт ихтэй үйлчилгээ санал болгох боломжтой болсон аж. 

“И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран "Бид хүртээмжийг сайжруулах талд анхаарч ажилласан. Өөрөөр хэлбэл, харааны бэрхшээлтэй иргэд энэхүү платформыг ашиглах боломжийг бүрдүүлсэн.

Мөн төрд байгаа бичиг баримтуудын хугацаа дуусах эсвэл ямар нэгэн шаардлагатай өөрчлөлт хийх мэдэгдлийг хүргэдэг болсон" гэлээ. 

ЦХХХ-ны сайд Н.Учрал "Өнгөрсөн хугацаанд таны мэдээллийг төр ашиглалаа гэж мэдэгддэг байсан бол одоо хиймэл оюун ухааны тусламжтайгаар сануулдаг болсон.

Гадаад паспортын хугацаа дуусах, иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэх сунгуулах талаар сануулга очно. Мөн нотариатын үйлчилгээ нэмэгдсэн нь хамгийн том дэвшил" хэмээн хэлэв. 

Тодруулбал, “Монголын нотариатчдын танхим”-тай хамтран дөрвөн төрлийн лавлагаа, таван төрлийн нотариатаар гэрчлүүлсэн үйлдлийн хуулбарыг цахимжуулсан байна. 

Лавлагаа:

  • Нотариатын үйлдэл гэрчлүүлсэн эсэх лавлагаа,
  • Нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлийн лавлагаа,
  • Хилийн чанадад суугаа нотариатын үүрэг гүйцэтгэгчээр гэрчлүүлсэн итгэмжлэлийн лавлагаа,
  • Нотариатаар гэрчлүүлсэн тээврийн хэрэгслийн гэрээний лавлагаа,

Нотариатаар гэрчлүүлсэн:

  • гэрээ
  • итгэмжлэл
  • гарын үсгийн баталгаа
  • өвлөх эрхийн гэрчилгээ
  • мэдэгдэх хуудас зэрэг үйлдлүүдийн архивын хуулбарыг авах боломжтой юм.

Эдгээр лавлагаа үйлчилгээ зөвхөн 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш Монголын нотариатчдын танхимын гишүүн нотариатчаар үйлчлүүлсэн тохиолдолд гарах юм байна. 

Дэд бүтцийн сайжруулалт: 

E-Mongolia системд сард дунджаар 520 сая гаруй хандалт ирдэг бөгөөд Монголоос 500 сая, ОХУ-аас 2.1 сая, БНСУ-аас 8.8 сая, Америкаас 1.7 сая, Сингапураас 1 сая, Австралиас 870 мянган хандалт тус тус ирдэг.

E-Mongolia платформ нь хэрэглэгчийн хандалт, сүлжээний урсгал, ачаалал зэргээ хянаж ачаалал ихтэй үед ухаалгаар өөрийгөө өргөтгөж, ачаалал буурсан үед буцаж багасгах чадвартай AI (хиймэл оюун ухаан) дээр суурилсан функц бүхий динамик шийдэл нэвтрүүлсэн.

Ингэснээр платформ үр ашигтайгаар ажиллаж, олон төрлийн хэмнэлт хийхээс гадна илүү хурдтай, гацахгүйгээр нэг агшинд хоёр сая хэрэглэгчийн ачааллыг зэрэг даадаг болж байна. Үүнээс үүдэн E-Mongolia платформтой хамтран ажиллагч төрийн бусад олон байгууллагууд өөрсдийн үйлчилгээний системийн аюулгүй байдал, ачаалал даах чадвараа сайжруулахад анхаарах зайлшгүй шаардлагатай болж байгаа аж.

Хүртээмжтэй байдал:

Өнгөрсөн оны байдлаар Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй 115,115 иргэн байгаагийн 11.2 хувь буюу 12,892 нь харааны бэрхшээлтэй хүн байна. Эдгээр иргэн дэлгэц унших программын тусламжтайгаар бусад төрлийн веб сайт, гар утас, мэдээллийн технологийг ашигладаг. Дэлгэц уншигч программууд тодорхой стандартын дагуу хөгжүүлсэн системүүдийн үйлдлийг дэмжиж ажилладаг.

"E-Mongolia 3.0" шинэчлэлээрээ ОУ-ын WCAG стандартын дагуу хөгжүүлэлт хийснээр дурын дэлгэц уншигч программ ашиглан E-Mongolia системийг саадгүй ашиглах боломжтой болсон аж. 

Мөн хараа муутай хүмүүст зориулсан дэлгэцийн тохиргоог шинээр хийсэн. Үүний үр дүнд үсгийн фонт өөрчлөх, шөнийн горимд шилжих, хэмжээг ихэсгэж багасгах гэх мэт тохиргоонуудыг иргэн өөрийн нөхцөл байдалд тохируулан хийж болдгоороо давуу талтай юм.

Төрд байгаа мэдээллийг хянах боломж:

E-Mongolia системийн хэрэглэгчид төрийн 11 байгууллага дахь иргэний бүртгэл, хаягийн өөрчлөлт, өрхийн гишүүд, гэрлэлт, гадаад паспорт, боловсрол, тээврийн хэрэгсэл, үл хөдлөх, газар эзэмших, ашиглах эрх болон эрүүл мэндийн даатгал төлөлт зэрэг 14 төрлийн мэдээллээ шалгаж, хяналт тавих боломж бүрдсэн байна. 

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, мэргэшсэн жолоочийн үнэмлэх, гадаад паспорт, оюутны үнэмлэх, багшийн үнэмлэх, мэргэшсэн жолооны үнэмлэх, эрхийн зөрчилтэй жолооны үнэмлэх болон хугацаа дууссан бичиг баримтууд анхааруулах тэмдэгтэй гарч ирэх боломжтой гэдгийг мэдээллээ.