Иргэний нийгмийн идэвхтэн Ц.Уянгатай товчхон ярилцлаа.

“Алдарт эхийн одон” олгож байгаа энэ өдрүүдэд цахим орчинд таны үзэл бодлоо илэрхийлсэн бичвэр нийгэмд нилээн реакц үүсгэлээ. Та “Алдарт эхийн одон бол хэлтүүлгийн шагнал” гэж бичсэн. Яагаад ингэж бичих болов

 

Ер нь бол нэг л яриагаар бид хүнд таалагдах зүйл ярьж чадахгүй. Нөгөө талдаа Монголчууд бид “toddler society” буюу балчир нийгмийн сэтгэхүйгээсээ гарч өгөхгүй байна. Хүүхдэд юм ойлгуулах гээд аргадаад, чи тэгээрэй гэдэг байдлаар яриулах гээд байх шиг байгаа юм. Одоо ч яахав “Алдарт эхийн одон” тарааж байна. Гэхдээ удахгүй хүйтэрч, биднийг байнга л бухимдуулдаг хүүхдийн өвчлөл, өвөл болохоор хүлээж авах эмнэлэг ч байдаггүй, зөнгөөр нь хаяж, шалаар зулдаг, хар тортгоор амьсгалдаг, гэр хорооллын гээд бүх асуудлууд эхэлнэ. Хүүхдийн өвчлөлөөс гадна хүчирхийлэл, баталгаат бус нийгмийн дэд бүтэцтэй, ердийн ахуйн гачигдалтай, ямар орчинд өсөж байгаа гээд бид яриад л  яриад л яваад байгаа. Тун удахгүй энэ хүүхдүүд бидэнтэй мөр зэрэгцээд ирнэ. Тэр үед ямар байдалтай байх билээ? Эрээнд төмөр хэвлүүлж авчирч тараадаг хэсэг хүмүүсийн бизнес тийм чухал ач холбогдолтой юм уу? Жил бүр элдэв одон гардуулдаг, үүнийг дагалдаж гарч байгаа, энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа зардал юу билээ? Үнэмлэх хэвлүүлэх, ордонд хүлээж авах, гарын бэлэг өгөх гээд юу байдаг юм? Энэ нь өөрөө агуулгын хувьд ач холбогдолгүй, үнэт зүйл биш байхгүй юу. Ямар ч улс оронд хүн амзүйн бодлого байгаа. Гэхдээ олон хүүхэд төрүүлдэг мундаг эх гэж хэнийг ч доромжилдоггүй байхгүй юу. Ёстой л үржүүлгийн процесс. Энэ бол доромжлол, хүний эрхийг зөрчиж буй асуудал. Нөгөө талаараа алагчлал.

 

Чи хоёр юм уу, гурван хүүхэдтэй, би нэг хүүхэдтэй бол ямар ч алдар гавъяагүй, хэнд ч хэрэггүй амьтад болох гээд байна. Ингэж ялгаад байгаа юм уу? Дөрөв дэхээс нь эхлээд малын тоо гүйцчихсэн, энэ жил мянгат малчин боллоо гэж байгаа юм шиг л байна.

 

Тэгэхээр агуулга нь ийм байж болохгүй гэдгийг ярьж байгаа юм. Монгол Улсын хэмжээнд ганцхан Эх нялхас гэдэг эмнэлэгтэй. Тэнд л бүгд чихээд, алалцаад, уйлаад, зовж байх албагүй шүү дээ. Ядаж дүүргүүдэд анхан шатны хүүхдийн эмнэлгүүдийг нь хангалттай болгочих. Тэр дундаа амьсгалын замын халдварт өвчнүүдийг том эмнэлгүүдэд биш жижиг эмнэлгүүдэд тарааж, бие даасан байдлаар шийдэх ёстой. Хүүхдийг нэг ангид 3, 4-өөр нь суулгадаг. Нөгөө хүүхэд нь босч чадахгүй байсаар байгаад өмдөндөө бие засчихдаг. Үүнээс болоод тэр хүүхдийн нэр хүнд нь унаад, сэтгэцийн гэмтэл авч л байдаг. Багш хүүхэд зодлоо гээд хүүхэд багш хоёрын хэрүүл л яриад байхаас тэр багшийн тийм байдалд ороод, хүн байхаас хэтэрсэн, сэтгэцийн хяналтаа яагаад алдаж байгаа нөхцлийн тухай огт ярихгүй. 50, 60 хүүхэдтэй өдрийн 3 ээлжээр нэг хүнийг зогсоогоод үз л дээ. Бараг хүн алчихаад гарч ирээгүй нь их юм болно биз дээ. Энэ бүх нөхцөл байдал бид нар хүн амзүйн бодлогоо зөв хийгээгүйгээс болж байгаа юм. Хүн амзүйн бодлого нь үржлийн систем мэт болчихсон болохоос хүн нь үндэсний капитал болох систем ерөөсөө биш болчихсон. Ингээд бүхлээр нь мундаг юм хийдэггүй юм гэхэд ядаж энэ олон одон медаль тараадаг мөнгөөрөө наад захын асуудлыг нь шийдээд өгөөч ээ. Бүтэн том сургууль барьж чадахгүй бол бага, дунд ахлах сургууль гээд нэгжлээд өгөөч. Том эмнэлэг барьж чадахгүй бол дүүрэг хороо бүрт аятайхан эмнэлэг бариад өгөөч. Тэр хүмүүс чинь сандрахаараа нөгөө ганц эмнэлэгтээ очих гэж унаа тэрэг, цаг зав, мөнгө төгрөгөө зарлагадаад, очоод бүртгүүлэх гээд бөөн юм болдог. Ийм хүнийг зовлонтой байлгах бүх зүйлийг хийх ямар шаардлагатай юм бэ? гээд ярьсан юм, уг нь. Сошиал болсон хойно хүмүүсийн ч буруу биш л дээ. Бид нар яасан юм? Хүүхэд төрүүлсэн нь буруу юм уу? Улс эх орондоо яаж байна гэдэг ч юм уу, үүнээс л эхэлсэн... Бүх хүн нийгмийн мэдээллийг бүрэн авдаггүй, мэдээллийг харьцуулах чадваргүй байж болно. Телевизээр нь аль өнгөтэй, өөдтэй ээжүүдийг нь гаргаад байгаа шүү дээ. Ядаж тэд нар нь салбаганаад, хамаг байдаг гоёороо гүйж очоод, хээлийн тоогоо тоолуулж байгаа юм шиг өөрийгөө доромжлуулахаа больчих л доо. Энэ бол сэтгэлзүйн синдром. Буруу зүйл гэж би бодож байна. Надтай эвлэрэхгүй хүн зөндөө байгаа. Тэр хүмүүсийн ч эрх. Мэтгэлцээн чөлөөтэй явж байгаа. Би өөрийнхөө байр суурийг гоё хэлээд, тиймээ уучлаарай гээд агуулга нь өөрчлөгдөхгүй биз дээ? Чи ёстой мундаг, олон удаа жирэмслээд сайн төрдөг шүү гэж хэлэх юм уу? Тэглээ гээд утга агуулга өөрчлөгдөхгүй шүү дээ. Тийм утгаар л байр сууриа илэрхийлсэн. Би ч өөрийн байр суурь дээрээ хатуу байгаа.

Хоёр дахь хүүхдээ төрүүлээд, хүүхдийн баталгаажих индекс гэж байдаг бол түүнийг нь хангасан эцэг эхчүүдэд 3 дахь хүүхэд дээр нь улс ямар боломж өгөх юм бэ? Сургалтын төлбөрөөс нь чөлөөлөх юм уу? Янз бүрийн дугуйланд явахад нь дэмжлэг үзүүлэх юм уу? 4 дэхь хүүхэд дээр нь яах юм? Олон хүүхэдтэй учраас ипотекийн зээл дээр хөнгөлөлт үзүүлэх үү? гээд ийм бодлого байгаа юм уу? Энэ чинь эрдэнэт хүн биз дээ? Гэтэл зүгээр л малын тоо толгой болгочихсон.

 

Бидний ярих зүйл бол хүн, хүний эрх болохоос биш тэр ээжийг худлаа онгироогоод, цэцэг навч болгох бол мазохизм шүү дээ. Үүнд ээжүүд битгий оролцоод бай л даа гэдэг зүйлийг ярьсан. Тэгээд сошиалд бүтэн нийтлэл байхаар хүн уншихгүй. Аргадаж хэлээд ойлгохгүй. Сэдэв нь өөрөө хэрүүл болоод явчихдаг учраас миний стиль сүүлдээ жижиг үгээр асуудлыг зодох маягтайгаар хэлэлцүүлэгт авчирдаг болж байж яг гаргах гээд байгаа цэг дээрээ хүмүүс хэрэлддэг болно. Үүнийг тойроод Уянга чи адилхан эмэгтэй хүн байж ямар муухай юм бэ? гэдэг зүйл бол байнга байна. Хамгийн сайхан ариун бурхан шүлэг уншсан ч эсэргүүцэх масс байж л байдаг. Тэд нарт юу ч байгаад таалагдахгүй. Харин эхлээд доромжлогдсон мэт санагдаад, шүүмжлэгдээд, хэлэлцээд тодорхой асуудлыг ярьдаг болж байвал энэ л миний гаргах гээд байгаа үр дүн юм. Дараа жил ядаж үр хүүхдийнхээ ирээдүйг ярьдаг болоосой. Хүн амын 70 хувь нь ядуу, 30 хувь нь нэн ядуу, хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо 30 хувиас огт буухгүй байна. Үүнийг ярих гэхээр ахуй амьдралдаа дарагдаад өдий хүрчихсэн. Тийм учраас л асуудал хамгийн хурц хэлбэртээ орж ирээд хэрүүл болоод задарчихаж байгаа юм. 

 

Монгол Улс ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжээд 30 жил болчихсон хэр нь өнөөдөр ч гэсэн социалист нийгмийн үеийн одон медальдаа баяссаар байгаа нь иргэдийн, бидний сэтгэхүй өөрчлөгдөхгүй байна гэсэн үг үү?

 

Тийм шүү дээ. Хөгжсөн гээд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн улсуудтай харьцуулахад манай тэтгэврийн хөгшчүүлийг хар л даа. Туйлын ядуу. Үр хүүхэд гэдэг чинь тусдаа ертөнц, тусдаа амьдрал шүү дээ. Гэтэл манайд тэд нар эцэг эхээ авч явах, асрах, хамгаалах үүрэгтэй. Нэгнийх нь ээж аав өвдлөө гэхэд бүх ажлаа хаяад гүйнэ. Тэр хооронд ажлаа хийдүүллээ гэдэг хэрүүл болно. Ингээд хүнийг ямар нэгэн байдлаар л хэцүү амьдардаг систем рүү оруулчихаад байна. Үүнийгээ Монголчууд эцэг эхээ хэзээ ч хаядаггүй гэдэг ч юм уу гоё гоё үгээр халхлаад нөгөө хэцүү байгаа системээ ярьдаггүй. Тэр ойлголтоор нь гадны улс бол эцэг эхээ хайрлахгүй хаячихдаг юм байна л даа. Гэтэл тэр улсад нь систем нь шийдээд явчихдаг. Манайд бол хүүхэд төрүүлээд бай. Мөнгийг чинь нэмээд байя л гэдэг. Маргааш бид нар хөгшрөөд тэтгэвэрт гарахад хэдэн энгэрийн тэмдэг, төмөрнөөс өөр бахархах зүйлгүй байна. Хүн мэдээж хийсэн бүтээсэн зүйл, дурсамжаараа тэжээгдэж амьдардаг учраас тэр нь байхгүй болчихоор төр засаг маань надад ийм шагнал өгсөн, би улсдаа хэдэн хүүхэд гаргаж өгсөн гээд сэтгэлгээний хувьд эрүүл бус, сэтгэцийн өөрчлөлттэй болчихоод байна. Уг нь би аятайхан амьдармаар байна. Төр надад тусал, үгүй бол битгий саад бол гэдэг хоёрхон зүйлийг л шаардах ёстой шүү дээ. Гадны улсад хүн муу амьдарч байвал төрөөс болж би ингэж явж байна гэж ярьдаггүй. Тэр бол шударга систем. Нийгэм гэдэг өөрөө нэгнийгээ дээш нь татах чадалтай потенциальтай хүн гаргаж байж хөгжихөөс өөрийгөө ч авч явж чадахгүй олон хүн үйлдвэрлээд байхаар нөгөө потенциаль сайтай хэсэгт итгэл байхгүй болоод баталгаатай амьдрах орон зай, газрыг хайгаад явчихдаг юм. Бүх ээжүүд тийм биш гээд байна. Би ерөөсөө бүх ээжүүд тийм хогийн гэж хэлээгүй шүү дээ.

 

Бүх ээжүүдийн хүүхэд төрүүлж өсгөж байгаа процесс адилхан.

 

Гэтэл улстөрчид нь сонгуулиас сарын өмнө гэнэт толгойдоо орж ирсэн тэнэг юмаа яриад, хүүхэд бүрт 100,000 гээд. Нөгөө нам нь өсгөөд, мөнгө амлах уралдаан болчихдог. Тэр нь гоё амьдрах юмсан гэдэг иргэдээ няцаагаад, ингээд мөнгө аваад болчих юм байна, хүүхдийн мөнгө байхад өлсөөд үхчихгүй юм байна гээд л...Өөрөө орон гэргүй байж 3 хүүхэд чирээд явж байгаа хүмүүс 4 дэхээ гаргана. Тэр дундаас төр ч биш, томчууд ч биш, хүүхдүүд л золиослогддог. Гэтэл хүүхдүүд юу хүсч байгааг, тэдний асуудлыг хэн ч ярьдаггүй. Чи дүү хүсч байсан уу? гэж асуувал мэдэхгүй шүү дээ. Гэтэл улстөрчидтэйгээ хэн ч хариуцлага тооцдоггүй. 2024 онд ахиад л мөнгө амлах гээд явж байна. Улстөрчдийн худлаа амлалтаас болж хэцүү шийдвэр гаргасан хүмүүс ч байгаа. Нэг хүн сонгуулиар гарахын тулд шоудсан амлалтаас болж ард нь гарч байгаа нөлөө нь өрөөд тавьсан даалуу шиг нурж байдаг, маш аюултай гэдгийг хэлэх гээд байгаа юм. Одоо тэр улстөрчдийг гаргаж ирээд хариуцлага тооцох хэрэгтэй. Хэн тэд нарт мөнгө өг гэж зөвшөөрсөн юм? Улс орноо хөгжүүл гэж татвар төлсөн болохоос өөрийгөө дахин сонгуулах гэж худлаа амлаж мөнгө тараа гэж хэлээгүй шүү дээ. Тэр тараасан мөнгө нь нэг удаагийн сонгуулийг биш, нэг хэсэг үеийг хорлодог гэмт хэрэг болчихож байгаа юм.

 

Цаашдаа сонгуулийн амлалтаар нь хариуцлага хүлээлгэдэг болох ёстой. Тэгж байж нийгэм өөрөө энэ хүнийг сонгохгүй юм байна гэдэг оюун санааны өөрчлөлтийг олж авна. Түүнээс биш чи намайг олон хүүхэдтэй гэж хэллээ гэдэг зүйлийг л яриад байвал нөгөө улстөрчид чинь бид нарын дунд тоглолт хийгээд, дахин дахин сонгогдсоор л байх болно. Тийм учраас үүн дээр анхаарлыг авчрахын тулд хурц хурц үгээр хэлдэг зүйл бий. Асуудлыг углуургаар нь ярихын тулд хэдэн хуудас зүйл бичих юм бэ? Хэдэн мянган хуудас бичлээ гээд түүнийг уншаад суух, сонирхох хүн байхгүй. Өнөөдрийн нийгэмд сенсацитайгаар гаргаж тавьдаг хэв маяг байгаа шүү дээ. Түүний л нэг хэлбэр нь. Намайг алмаар байгаа бол тэр л биз. Тэр асуудал чинь надаар шийдвэрлэгддэг бол хамаа алга. Би хэлсэн ч, хэлээгүй ч, маргааш үхсэн ч энэ асуудал чинь яг хэвээрээ л байж байна. Ингээд өөрсдийгөө хуурч, тархи угаах үйлдвэрийн систем нь өнөөдрийг хүртэл салаагүй. Шинэ үе нь өөрсдийнхөө үзэл бодлоор ямар нэг зүйл хэлэх гэхээр буруутгадаг. Уран сайхны, гоё ганган үгээр л хэлэхгүй бол доромжлол гэж ойлгодог. Энэ нь өөрөө “free mind” гэдэг зүйлийг байхгүй болгочихоод байна. “Free mind”-ын хэлж байгаа бүхэн зөв биш ч хэлэлцэж байгаа нь өөрөө хамгийн боломжит зөв дундын шийдвэрийг гаргадаг хэлбэр байх ёстой гэж би боддог юм.

 

Ярилцсан М.Чойжал

sonin.mn