Монголчууд бид үндэснийхээ уламжлалд суурилахын зэрэгцээ дэлхий дахины дэвшилт арга барил, тэргүүн туршлага зэргийг тал бүрээр судлан, эх орондоо нэвтрүүлж, тодорхой үр дүнд хүрч, урагшилж ирсэн. Ингэснээрээ эх орноо цуцалтгүй хөгжүүлсээр ирсэн баялаг уламжлалтай. Тэрхүү баялаг уламжлалын талаарх баримтуудыг хэнбугай нь ч тоочоод баршгүй биз ээ. Гэтэл сайны хажуугаар саар зүйлс дагалддагийн жамаар ч юм уу, гадаадын зарим зүйлийг ихэд дуурайж, хэтрүүлэн “монголчилдог” баримт, жишээ цөөнгүй байна. Үүнийг нотлох зарим санааг түмэн олонтойгоо хуваалцах зорилгоор дараах зүйлийг бичсэнтэй минь зориуд танилцаж, улмаар саналаа нэмэрлэхийг хүндэт уншигч танаас эрхэмлэн хүсье.

 

Төр, засгийг удирдан жолооддог улс төрийн намын тухай асуудлыг юуны түрүүнд авч үзье. Зөвлөлт Холбоот Улсын жишээгээр 1921 оны гуравдугаар сарын 1-нд Монгол ардын намыг байгуулсан нь БНМАУ-ыг 1990 он хүртэл тасралтгүй 70 шахам жил удирдан жолоодож, чамлахааргүй түвшинд хүртэл хөгжүүлж ирсэн түүхтэй. Гэтэл 1990 оноос Монгол Улсад олон намын тогтолцоотой болох асуудал яригдав.

 

Түүний дагуу улс төрийн намууд шинээр байгуулагдаж, тоо нь өдгөө 40 шахамд хүрчихээд байна. Чухамхүү хэтрүүлэн “монголчилдог”-ийн жишээгээр, гурван сая гаруйхан хүн амтай улс 40-өөд намтай болчихно гэдэг нь “гайхамшиг” мөн. Гэтэл нэг тэрбум гаруй хүн амтай БНХАУ гэхэд ердөө ганцхан Коммунист намаар жолоодуулж байх юм. Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй, хүчирхэг гүрэн болох АНУ-д гэхэд Ардчилсан, Бүгд найрамдах гэсэн хоёр нам л төр, засгийн эрхийг ээлжлэн барьж байна. Ер нь гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгслээс болон манай зарим эрдэмтэн, судлаачийн яриаг сонсож, бичсэнийг нь уншихад, улс төрийн нам бүхэн тодорхой үзэл баримтлалтай байх ёстой.

 

 

Дэлхий дахинд улс төрийн намууд үндсэн гурван үзэл баримтлалыг мөрддөг. Тодруулбал, зүүний, төвийн, барууны үзэл баримтлал гэж бий. Харин манай улсын олон намын ихэнх нь чухам ямар үзэл баримтлалтай болох нь тодорхойгүй.

 

 

Сонгуулийн сурталчилгааны үеэр намууд үзэл баримтлалынхаа мөн чанарыг сонгогч түмэнд таниулж, шударга зарчмаар өрсөлдөхийн оронд улс төрийн бусад хүчнийг элдвээр муулан гүтгэдэг.Түүнчлэн намынхаа хэр хэмжээнээс хэтэрсэн, гоё сайхан зүйлс амлаж, иргэдэд эд бараа, мөнгө төгрөг тараадаг. Үнэндээ гоё нэртэй олон нам байх нь ард олны толгойг хий эргүүлэхээс цаашгүй бололтой. Ер нь цаашид манай улсад дэлхий дахины жишгийн дагуу үндсэн гурван үзэл баримтлалын алийнд нь тулгуурладгаараа ялгардаг гурваас олонгүй нам л үйл ажиллагаа явуулах нь зүйтэй.

 

 

Манай улсад өнөөдөр улс төрийн олон намаас гадна төрийн бус 30 гаруй мянган байгууллага байна. Энэ нь бас л гадаадын туршлагыг хэтрүүлэн “монголчилсон”-ны жишээ мөн. Тэдгээрийн дотор “Нохойны асуудал эрхэлдэг нийгэмлэг” ч байх юм. Тэр тусмаа зорилго, ажлын арга, хэлбэрийн хувьд давхардсан, зөвхөн нэрээрээ ялгагдах төдий төрийн бус байгууллага нэлээд олон бий.

 

 

Жишээ нь, залуучуудын, ахмадын, эмэгтэйчүүдийн гэх тодотголтой холбоо, нийгэмлэг гэх мэт давхардсан олон байгууллага байдаг нь дуулддаг. Тэдгээр нийгэмлэг, холбооны маш цөөхөн нь нийгэмд болон гишүүддээ үр ашигтай үйл ажиллагаа явуулж байна. Хэдийгээр төрийн бус байгууллага боловч тэдгээрийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаанд төр, засгийн зүгээс зориуд анхаарал хандуулж, тоог нь цөөлөхийн зэрэгцээ зөвхөн нэрийн төдий биш, харин бодит үр бүтээлтэй, нийгэмд эерэг нөлөөтэй болгох шаардлага нэгэнт үүссэн. Монголд ардчилсан хувьсгалыг санаачлан эхлүүлсэн эрэлхэг залуучуудын, ялангуяа Ардчилсан холбооны гишүүдийн гавьяа мартагдашгүй. Гэхдээ нийгмийг ардчилах үйл ажиллагаанд хүний эрхийн асуудлыг хэтрүүлэн “монголчилсон” нь зарим тагаар нэлээд сөрөг нөлөө дагуулсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

 

 

Тухайлбал, хүний эрхээ эдлэх явдлыг хэтрүүлсэн жишээ цөөнгүй. Үүний улмаас цөөнгүй хүн үүргээ биелүүлэхээ мартаж, тодорхой байгууллага, аж ахуйн нэгжийн төдийгүй улс орны хөгжил дэвшлийг ямар нэгэн хэмжээгээр саатуулан удаашруулахад хүргэсээр байна.

 

 

Наад захын нэгэн жишээ хэлэхэд, 1990 оноос хойш хүний эрхээр түрээ барьж, олон мянган айл хөдөөнөөс нийслэлд ирж, суурьших болсон. Ингэснээрээ хотын гэр хороолол замбараагүйгээр тэлсэн. Тиймээс цаашид иргэдийн шилжилт хөдөлгөөнийг нэлээд нарийн дэг журамд оруулууштай. Ер нь хүний эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх явдлын аль нэгийг нь дэгсдүүлэлгүй, харьцангуй адил тэгш харьцаатай болгох чиглэлээр төр, нийгмийн бүх түвшинд зохистой арга хэмжээ авмаар байна. Өнөөгийн бас нэгэн ноцтой асуудал бол Улаанбаатар хотын замын түгжрэл яах аргагүй мөн. Бас л автомашин олонтой гадаадын зарим орныг дуурайх маягаар хэтрүүлэн “монголчилж”, нийслэлдээ багтахгүй шахам болчихлоо. Тэр тусмаа суудлын хуучин автомашин гадаадаас оруулж ирсээр байгаа нь нийслэлийн ихэнх оршин суугч гамшгийн нөхцөлд амьдрахад нөлөөлөх болов.

 

 

Тухайлбал, манай улс жил бүр 50-60 мянган автомашин импортолдог. Тэдгээрийн дийлэнх нь суудлын хуучин автомашин байдаг. Түгжрэлийн улмаас хүмүүс ажил, хичээлээсээ байнга хожимдох, төр, засгийн янз бүрийн түвшний хурал, чуулган болон урлаг соёлын, спортын арга хэмжээ товлосон цагтаа эхэлж чадахгүй, төлөвлөсөн хугацаандаа дуусдаггүй нь ердийн зуршил мэт болчихсон.

 

 

Зарим судаачийн тооцоолсноор нийслэлийн замын хөдөлгөөнд оролцдог иргэн бүр өдөр тутамд нэг цаг, жилд 40 хоногтой тэнцэхүйц хугацааг түгжрэлийн улмаас зогсож, хүлээж алддаг аж. Тиймээс юуны өмнө суудлын хуучин автомашин импортлох явдлыг зогсоох талаар төр, засгийн эрх мэдэлтнүүдийн зүгээс тодорхой шийдвэр гарган, даруйхан хэрэгжүүлэх шаардлагатай. Мэдээж түгжрэлийг багасгах чиглэлээр одоо ярьж, хэрэгжүүлж буй ажлуудаа эрчимжүүлж, цаашид уг асуудлыг бүрэн шийдэхийн тулд маш оновчтой, бодит үр дүнтэй арга хэмжээнүүдийг тууштай явуулмаар байна. Өөр нэгэн асуудал бол их, дээд сургуулиудын нэршил юм. Миний ажигласнаар “их сургууль” гэсэн нэршилтэй маш олон сургалтыг байгууллага манайд байдаг нь гайхуулмаар ч юм шиг, гайхмаар ч юм шиг санагддаг. Ганцхан жижгэвтэр байшинтай сургууль барилгынхаа орой дээр “Их сургууль" гэсэн сүртэй гэмээр хаяг байрлуулчихсан байх юм. Манай анагаахын чиглэлд гэхэд 10-аад сургууль байдгийн олонх нь “Их сургууль” гэсэн нэр зүүдэг. Энэ бүхэн нь бас л хэтрүүлэн “монголчилдог”-ийн жишээ мөн. Манайхан university буюу их сургууль гэдэг үгийн цаад мөн чанарыг сайтар ойлгоогүй. Тиймээс л дээд сургуулиудаа “их сургууль” хэмээн нэрлэж, гайхуулах хандлага гаргаад буй бололтой. Иймд Засгийн газраас, ялангуяа БШУЯ-наас энэ асуудлыг зориуд авч үзэж, шаардлага, нөхцөлийг хангаагүй дээд сургуулиуд “их сургууль” гэдэг нэршил хэрэглэдэг явдлыг таслан зогсоомоор байна. Түүнчлэн их сургуулийн нөхцөл, шаардлагыг жинхэнэ ёсоор нь, бүрэн хангасан дээд сургуульд л дээрх нэршлийг албан ёсоор олгодог болох нь зүйтэй.

 

 

Цаашид гадаадын аливаа сайн жишиг болон тэргүүн туршлагын ерөнхий агуулга, мөн чанарыг тал бүрээс нь сайтар судалж, нарийн тооцоолсны үндсэн дээр, улсынхаа өвөрмөц онцлогт тохирохуйц арга хэлбэрээр, оновчтой цар хэмжээгээр эх орондоо нэвтрүүлдэг болмоор байна.

 

 

Ялангуяа ийм асуудалд маш өнгөц, хэтэрхий хийсвэрээр хандахаа зогсооё. Нөгөөтээгүүр, монголчууд бид зөвхөн гадагшаа харах биш, үндэснийхээ сайн заншил, дэвшилт  уламжлалыг тууштай дэмжин өргөжүүлж, урагшаа тэмүүлцгээе. Өмнө өгүүлснээр хэтрүүлэн “монголчилдог” явдлыг хойш нь тавилгүй, түүнээс хэрхэн зайлсхийх талаар бүх шатанд, хот, хөдөөгүй чухалчлан анхаарууштай. Манай улсын нийт хүн амын гуравны нэг нь нэн ядуу, тарчиг аж төрж буй. Бас хөдөлмөрийн насны хүмүүсийн дунд ажилгүйдэл их бий. Мөн төр, засгийн дээд, дунд түвшний эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын хүрээнд хөрөнгө мөнгөнд хэт шунагчид чамлахааргүй олон байгаа бололтой. Энэ мэт асуудлаас ангижрахын тулд монголчууд бид бүгдээрээ эрхээ зөв эдлэх, үүргээ үнэнчээр биелүүлэх шударга зарчмыг чандлан сахиж, хичээнгүйлэн зүтгэцгээх шаардлагатай. Тэгж хичээнгүйлэн зүтгэхийг эрхэм хүндэт уншигч та нараар уламжлуулан нийт монголчууддаа уриалж байна.

 

Б.Оргил

Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор