УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн билээ. 

Уг төслийг агуулга нь ОХУ-тай хамтарсан компани байгуулж "Чингис хаан" нисэх онцны буудалд агаарын хөлгүүдийг түлшээр тасралтгүй цэнэглэх үйлчилгээ үзүүлэх тухай юм. МИАТ компани тендер зарлаж шатахуун нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон үйлчилгээ авдаг байсан юм. Харин энэхүү хэлэлцээрийг баталснаас хойш 20 жилийн хугацаанд Орос, Монголын хамтарсан компани онгоцны шатахуун нийлүүлэхээр хэлэлцээрийн төсөлд тусгажээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: -Хэлэлцээрийн төсөлд ОХУ-ын итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж нь Монголд нийлүүлэх агаарын хөлгийн түлшийг бүрэн хариуцахаар заажээ. Бид 1.7 тэрбум ам.долларын зээл авч газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгаа. 2028 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулна. Энэ үйлдвэрээс гарах нэг гол бүтээгдэхүүн нь агаарын хөлгийн түлш. Жилд 95 мянган тонныг үйлдвэрлэхээр ТЭЗҮ-д нь тусгасан санагдаж байна. Манай улсын хэрэглээ одоогоор 70 орчим мянган тонн. Энэхүү хэлэлцээр нь 20 жилийн хугацаатай юм байна. 10 гаруй жил бид өөрсдийнхөө үйлдвэрлэсэн агаарын хөлгийн түлшээ хааш нь худалдаалах вэ?

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан: -Монголын 60, ОХУ-ын 40 хувийн эзэмшил бүхий хамтарсан компани "Эрчис ойл" компанийн дор байгуулагдана. "Эрчис ойл" компанийн ашиглаж байгаа дэд бүтэц, эд хөрөнгөнөөс хамтарсан компани руу шилжих асуудал байхгүй. Түрээсийн журмаар ашиглаад борлуулалтаа хийгээд явна.

Газрын тос боловсруулах үйлдвэр жилд 80 орчим мянган тонн агаарын түлш үйлдвэрлэнэ. Энэ үйлдвэр ашиглалтад орсон тохиолдолд дотоодын аж ахуйн нэгж давуу эрхтэйгээр бүтээгдэхүүнээ нийлүүлнэ.

Хэлэлцээрийн төсөл дэх онцлох заалтуудыг танилцуулж байна