Монголчууд  нефть үйлдвэрлэж, шатахууны хараат бус орон болох боломжтой гэнэ. Ийм сайхан ирээдүйн талаар шинжээчид болон албаныхан дуулгах болов.

Тэдний найдвар нь занар. Манай улс занарын нөөцөөрөө тэргүүлэгч орны тоонд орж байна. Занараас маш сайн чанарын түлш гарган авах боломжтой аж. Энэ талаар судалгаа шинжилгээ судлаачид хийж, гадны зарим байгууллагууд занарын олборлолт хийх  талаар дуулдаж эхэллээ. Манайхны нэрлэж заншсанаар шатдаг занар манай улсын хөгжлийн тулгуур болох гэнэ. Ганц манайх ч биш хөгжингүй орнууд ч газрын тос, байгалийн хийг орлох бүтээгдэхүүнээр занарыг нэрлэж байна. 

 Занар нь одоогоос 450 сая жилийн тэртээ тэнгисийн ёроолд ургамал, амьтны үлдэгдлээс бүрэлдэн бий болсон. Эдүгээ АНУ энэ салбарт тэргүүлж байна. Дэлхийн занарын нефтийн нөөц одоо олж тогтоосон ердийн нефтийн бүх нөөцөөс хэд дахин илүү байна хэмээн шинжээчид үзэж байна. Хэрэглээний өнөөгийн хэр хэмжээгээр занарын түлш бүр 300 жил хүрэлцээтэй хэмээн тэд үзэж байна.  АНУ, Орос төдийгүй Австрали, Бразили, Хятад, Израиль болон Европ, Ойрхи Дорнод, Хойд Африкийн хэд хэдэн улс занарын нефтийн нөөцтэй юм. 
Тэгвэл Монгол оронд ч бас тэднээс дутахгүй баялаг байна. Оросын хайгуулчдын судласнаас манай орон 800 орчим тэрбум тонн занарын нөөцтэй гэх тойм судалгаа хийжээ. Саяхан манай улсад Да.Ганболд тэргүүтэй нөхөд хамтарч “Занарын холбоо”-г байгуулжээ. Ингээд зогссонгүй гадны байгууллагууд манай улсад занар олборлохоор судалгаа хийж байгаа гэнэ.  Энэ нь “Genie oil shale Mongolia”  гэх компани. Тэдний ахлах судлаач Харольд Винегэрийн хэлж байгаагаар “Занарыг ил уурхайн аргаар олборлон боловсруулах бус газрын гүнд боловсруулах технологи ашиглана. Газрын гүнд орших занарын зузаалагт цооног өрөмдөж түүндээ халаах төхөөрөмж суулган, улмаар цельсийн 300-400 градус хүртэл халааж занар дахь органик нэгдлүүдийг задлан нүүрс-устөрөгчийн шингэн болон хийн нэгдлүүдийг газрын хэвлийн орчинд боловсруулна” хэмээн тайлбарлав. АНУ-ын технологиор хэвтээ өрөмдлөгийн аргаар олборлох учраас байгаль экологид ямар ч хор хөнөөл авчрахгүй юм байх. Мөн тэдний хэлж байгаагаар олон орд газар бус, нөөц ихтэй хоёр ордоос олборлолт хийхэд л Монгол Улсын шатахууны нөөцийг 30 жил хангах боломжтой. Өдөрт 50 мянган баррель буюу 6500 тонн газрын тос олборлож, түүнээсээ өндөр чанарын онгоцны түлш ч гарган авах боломжтой гэсэн юм. Мөн уламжлалт газрын тосны нэг баррелийг олборлох өртөг 20-80 ам.доллар байдаг. Харин шатдаг занараас гаргаж авах өртөг нь 40-60 ам.доллар байх аж. Судлаачдын үзэж байгаагаар талд давхиж яваад шатахуунгүй болсон цагт боловсруулахгүйгээр шууд банкиндаа хийх тийм цэвэр нефтийг  гаргах чанартай занар Монголоор дүүрэн байгаа гэнэ. Ийнхүү байгальд геологичдын ярьдгаар шаргал, хөх саарал холилдсон хэн бүгд тоодоггүй шатдаг занар тоогдох эрин нь эхэлжээ. 

Ийнхүү монголчууд тун удахгүй нефтийн хараат бус орон болох нь ээ. Тэгэхээр “Москва ханиавал Монгол найтах” шаардлагагүй болно. Хамгийн гол нь уул уурхайгаа гадаадынханд “тавиад туучихсан” шигээ болчихгүй л байх хэрэгтэй. Ингэж хэлэхийн учир нь занарыг Монголын судлаачид, МАК зэрэг компаниуд судалж байгаа. Харин гадаадынхны гар хөл аль эрт ороод ирчихсэн гэдгийг л анхааруулах гэсэн юм. “Занарын холбоо”-той хамтарч ажиллах, хөрөнгө оруулах гэж байгаа гадаадын эрхмүүд Төрийн ордонд танилцуулга хийгээд явж байна. Тэд Петро Чайна Дачин Тамсаг, Рио Тинто шиг байхгүй гэх баталгаа бий юу. 
 

П.ТӨР