Увсын бөхчүүд өнөө жил ийм тактикаар барилдана
2013/06/27
Сүүлийн гурван жилийн наадмын түрүүг дараалж хүртсэн Увс нутгийн бөхчүүдийн тактик гэж нарийн зүйл байна аа даа, янз нь. Хэнийг хэрхэн яаж барилдуулах вэ гэх төлөвлөгөө сценарыг одоодоо гардан боловсруулж буй хүн нь Балжаа аварга юмдаг уу даа.
Мэдээж Баянаа аварга зөвлөж таарна. Залуу аварга С.Мөнхбат, Б.Ганбат арслан нар төлөвлөгөө боловсруулахад санаа оноогоо нэмэрлэдэг нь ойлгомжтой. Тэгээд л Увсын "хар дэвтэр"-ийн хамаг нууц Балжаа аваргад хадгалагддаг байх нь. Ийм л нарийн нягт, хий зайгүй төлөвлөгөө ёсоор тэд сүүлийн гурван жилийн наадмын түрүүг хүртчихээд байгаа. Гэвч "хар дэвтэр"-ийн нууцыг одоогоор хэн чиг тайлаагүй. Аймгууд дор бүрнээ л наадмын бэлтгэлд гарч ахмад цолтнуудаараа галаа ахлуулж, амихандаа сценар боловсруулаад наадмын урьд орой эцсийн байдлаар тохирдог болов уу. Гэвч Увсынхны төлөвлөгөөг аль ч нутгийн бөхчүүд барж дийлэхгүй л байгаа юм даа.
Өнгөрсөн жил гэхэд л Пүрэвийн Бүрэнтөгс гэж улсын цолгүй залуу төрийн наадамд төвөггүйхэн ес давж байх жишээний. Мэдээж ир бяр, арга мэх, авхаалж самбаагаараа учраа бөхчүүдээ унагасан байх л даа. Гэвч түүнийг өнөө цагийн бөхийн магнай болсон идэрхэн аварга, арслан, гарьдууд тогтоож чадахгүй байсны цаана нэг "юм" нуугдаж л байгаа. Бодоход, Балжаа багш нь дөрвийн давааны нугалаанд чи тэрэнтэй таарна. Тавын даваанд яах вэ болох байх. Зургаагийн даваанаас л чиний барилдаан эхэлнэ дээ гээд хэд хэдэн хүний нэр өгөөд бэлдүүлчихсэн байх. Тэр жишгээр аваад үзвэл долоо, найм, есийн даваанд хэн хэнтэй таарах нь бүр чиг ойлгомжтой болоод ирнэ. Ингээд өндөр даваануудад барилдах бөхөө урьдчилан мэднэ гэдэг барилдааныхаа тавин хувийг хангачихлаа гэсэн үг шүү дээ. Мөн тухайн бөхчүүдэд тааруулсан мэх, барилдааны арга барил тактикаас гадна сэтгэл зүйгээр нь бэлдэнэ гэж том зүйл бий. Ухаандаа, долоогийн даваанд чамайг Баяржавхлан гарьд амлана гээд Балжаа аварга хэдийнэ хэлчихдэг. Бүрэнтөгс тэр дагуу нь бэлдээд байдаг. Наадмаар яалт ч үгүй долоогийн даваанд Баяржавхлан амлаж байх жишээний. Ийм л нэг хийгүй нягт бодлого Увсын бөхчүүдийн дунд яваад байгаа юм. Үүнийг наадмын дараа биш наадмын өмнө задалж ярих нь чухал болоод байна. Архангайн болоод "Алдар" спорт хорооны бөхчүүдээ ахалж наадмын бэлтгэлд гарсан Өсөхөө аварга, Өвөрхангайн болоод "Хилчин" спорт хорооны бөхчүүдээ ахалж Бугын сангийн аж ахуйгаа бараадсан Д.Цэрэнтогтох аварга, Б.Ганбаатар арслан нар, Говь-Алтайн "Хантайшир" дэвжээний бөхчүүдээ ахалж буй Д.Бадрах начин, Ховдын бөхчүүд болоод "Хүч" спорт хороогоо ахалж Сүүж уулынхаа өвөрт бэлтгэлээ базааж байгаа Ц.Мягмарсүрэн заан, Завхан нутгийн бөхчүүд болоод Тагнуулын ерөнхий газрын "Эрч" спорт хороог тэргүүлж буй М.Баяржавхлан гарьд, Сэлэнгэ нутгийн бөхчүүд болоод "Сүлд" спорт хороогоо ахалж Төр хурахын аманд байгаа Г.Эрхэмбаяр арслан, Булган хангайн бөхчүүдээ түүчээлж яваа И.Доржсамбуу гарьд та бүхэн ойрын хугацаанд уулзаж Увсын бөхчүүдийн тактикийн талаар ярилцмаар байна аа. Юуны учир Увсын гэж тодотгоод буйг та бүхэн ойлгож байгаа биз ээ. Гол учир нь төрийн наадмын гурван түрүүг дараалж хүртэн, олны анхаарлын төвд байгаа учир онцлоод байгаа хэрэг шүү дээ. Өнөө цагийн бөхийн үүр уурхай тэнд чинь байгаа юм биш үү. Бөхийн барилдаан гэдэг үнэн чанартаа шинжлэх ухааны үндэслэлтэй, нарийн бодож боловсруулахгүй бол, хүн хүн дээр нь авч үзэхгүй бол, даваа бүрээр нь ярихгүй бол болохгүй гэдгийг Увсынхан харуулаад байгаа бус уу.
Ингээд монгол төрийн наадмын сүүлийн гурван жилийн бөхийн барилдааныг авч үзье л дээ. 2010 он. Ардын хувьсгалын 89 жилийн ой. Залуу зургаан зааны төлөөлөл, ард түмний хайртай бөхчүүдийн нэг Батжаргалын Ганбатын түрүүлсэн наадам. Тэрээр Увс аймгийн Баруунтуруун сумын бөх гэдгийг манайхан сайн мэднэ. Ганбатын хувьд тухайн жилийн наадамд Балжаа багшийнхаа хэлсний дагуу амаа авч барилдсан болов уу. Мань хүнд 2008 оны наадамд түрүүлэх боломж байсан. Гэвч их шөвгийн дөрөвт Говь-Алтайн Ганбаатарыг амлаад унаж байсан. Үндсэндээ буруу ам авсан. Тэрхүү сургамж Ганбатаас гадна Балжаа багшийнх нь цээжинд ч хадаатай үлдсэн нь ойлгомжтой. Буруу ам авах гэдэг тийм л хорлонтойг хэн хэн нь бие сэтгэлээрээ мэдэрсэн нь дамжиггүй. Ганбат түрүүлдэг жилийнхээ наадмын тавын даваанд Даваанямын Лхагвадорж начинг амласан юм. Чац ойролцоо, барилдаан таарна гэж авсан нь мэдээж. Түүнээс Лхагвадоржийг барагтай бөх амлахгүй байсан үе шүү дээ. Тэрээр өмнөх даваанд Санжаадамбыг орхиж шуугиан дэгдээснийг наадамчин олон мартаагүй байгаа. Зургаагийн даваанд мөн л чац өндөртэй Сэлэнгийн Чотонгийн Баянмөнх начинг амлаж хаясан юм. Харин долоод Ганбат жудаг зааж нутгийн дүү Мөнхбатаасаа ам асууж байсан гэдэг. "Чи Рагчаа, Өсөхбаяр хоёрын хэнтэй нь барилдах вэ" гэж. Залуу аварга Мөнхбат тэгэхэд улсын харцага цолтой байлаа. Нутгийн ах нь тэгж асуухад, би Рагчаа заантай барилдъя гэжээ. Ингээд Ганбат залуу заан Мөнхсайханы Өсөхбаярыг амлан хүч бяраар илүүрхэн давж байсан. Найм, есийн даваанд Х.Мөнхбаатар арслан, Г.Өсөхбаяр аварга нарыг орхиж төрийн наадмын түрүү болж байсан. Эл бүгд Балжаа багшийнх нь төлөвлөгөө байлаа. Түүний захиас даалгавар ёсоор Ганбат төрийн наадмын түрүү бөхөөр тодорч байсан.
2011 он. Ардын хувьсгалын түүхт ерэн жилийн ой. Ардын төрийн тавь, жаран жилийн түүхт ойн наадмын түрүүг Увс аймгийн Хяргас сумын харьяат Монгол Улсын дархан аварга, хорьдугаар зууны шилдэг бөх Хорлоогийн Баянмөнх хүртэж байсан бол далан жилийн ойг мөн л Увс аймгийн Наранбулаг сумын бөх Монгол Улсын аварга Одвоогийн Балжинням хүртэж байсан түүхтэй. Тэгэхээр ерэн жилийн ойг Увсынхан авна гэж үзсэн нь аргагүй. Үнэхээр ч нарийн төлөвлөгөө боловсруулан орж түүндээ хүрсэн дээ. Сүхбаатарын Мөнхбат гэж залуу улсын харцага цолноос монгол бөхийн оргил цол болох аварга цолонд шууд хүрч байлаа.
Ерэн жилийн ойгоор Баянаа аварга, Балжаа аварга хоёр хоёулаа зодоглосон. Баянаа аварга дал орчим насандаа ерэн жилийн ойн наадмын 1024 бөхийг тэргүүлж, зүүний магнайд босч байлаа. Баянаа аваргад барилдах хэд хэдэн шалтгаан байжээ. Нэгд, ерэн жилийн ойгоор гаръя, цолоо дуудуулж хийморь лүндаагаа сэргээе гэж бодсон байх. Хоёрт гэвэл, Дундговь нутгийн залуу одоогийн төрийн түшээ "Мон-Уран"-ы Б.Наранхүү аваргад нутгийнхаа бөхчүүдийг захиж ганган хар жийп бэлэглэж байсан. Түүнийх нь хариу болгож Баянаа аварга далан насандаа зодоглон хоёр давж улмаар гурвын даваанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат "Хур харцага" дэвжээний бөх аймгийн арслан А.Алтанхуягт тахимаа өгч байсан удаатай. Балжаа аварга болохоор төвөггүйхэн дөрөв даваад "Увс нуур" дэвжээний бөх С.Батсуурийгаа начин болгочихоод "ажлаа" эхэлсэн дээ. Мөнхбат, Ганбат хоёртойгоо зууралдаж эхэлсэн гэсэн үг. Мөнхбатыг түрүүлүүлэх л хатуу зорилготой байгаа. Наадмын өмнөх өдөр нь билүү Баянаа аварга дээр Бумбаяр заан тэр хэд өнөө Мөнхбатыг чинь дагуулж очоод шинжүүлсэн гэдэг. Төрийн наадамд арав түрүүлсэн аварга нэг юм хэлсэн нь тодорхой. Тэр үг, өгүүлбэр л Мөнхбатыг арав давахад нөлөөлсөн гэцгээдэг юм билээ. Мөнхбат Рагчаагаар долоо, Санжаадамбаар тунаж найм, Говь-Алтайн Бат-Эрдэнээр тунаж ес, Сэлэнгийн Эрхэмбаяраар арав давж түрүүлэн 1024 бөхийг манлайлсан. Балжаа аваргын "хар дэвтэр"-ийн нууц тэгж Баруунтурууны бас нэг хөвгүүнийг төрийн наадмын манлай болгож, улсын аварга цолонд хүргэсэн. Өнгөрөгч жил түрүүлдэг Бүрэнтөгсийг дээр өгүүлсэн билээ. Харин өнөө жил Увсынхан ямар тактик барьж буй нь сонин байна. Сонсох нь ээ, Бүрэнтөгс арслан дахин түрүүлэх бодолтой, аварга цол нүдэнд нь үзэгдэж, чихэнд нь сонсогдооод зовлонтой байгаа юм уу даа. Наадмын бэлтгэл дээр хэнтэй ч дуугарахгүй, бараг л таньж мэдэхгүй хүний өөдөөс эгцхэн ч харахгүй нүүрээ нууж байгаа гэсэн. Дотроо нэгийг бодсоны илрэл л дээ. Балжаа багш нь мэдээж хатуухан үг хэлсэн байж таараа. "Өнөө жилийн чиний өрсөлдөгч гол Өсөхбаяр, Санжаадамба хоёр шүү" л гэж хэлсэн байх. За тэгээд Мөнхбат аварга, Эрхэмбаяр арслан хоёрыг хааш нь хийх билээ. Балжаа багшийнх нь нэр цохож хэлсэн Өсөхбаяр (улсын заан Мөнхсайханы Өсөхбаяр) "Өнөө жилийн наадамд би босоо түрүүлнэ" гээд "Өдрийн сонин"-оор бүх Монгол даяар зарлачихсан байдаг.
Аварга цол бодож хөмхийгөө зууж суугаа Бүрэнтөгсөд хамгийн их лай болох хүн нь Өсөхбаяр заан. Өнгөрөгч жилийн наадмын тавын даваанд энэ хоёр таарсан. Таарах юу байхав, аймгийн цолтой Бүрэнтөгсийг начны даваанд Өсөхбаяр заан амлаж барилдаад тахимаа өгсөн. Үндсэндээ түүнийг ес давж түрүүлэхийн үүд хаалгыг нь Өсөхөө нээгээд өгчихсөн хэрэг. Энэ жил бол "битгий горьд" гээд л сууж байгаа байх. Нэмээд хэлэхэд, Өсөхбаяр заан аварга цол горилж, өдрийн бодол шөнийн зүүд нь болж яваа Эрхэмбаяр арслан тэргүүтнүүдэд хамгийн их халгаатай даа. Тэд Бүрэгхангайн бүдүүн гуяттай үзэх гэж бэлтгэлээ базааж буй нь нууцхан үнэн. Бүрэнтөгсийн хувьд ийм байна. Мөнхбат аваргын хувьд дээшээ барилдана л гэж үзнэ. Балжаа багш нь хар дэвтэртээ ямархан тактик боловсруулж байгааг таашгүй. Улсын аварга цолонд хүрснийхээ дараа жил гурав даваад унасан залуу аварга Мөнхбатыг өнөө жил лав өршөөхгүй болов уу. Аваргынхаа хэмжээнд барилдаарай л гэж хатуухан хэлж байгаа. Мөнхбат аварга өнгөрсөн жил гурав даваад Бүрэнтөгсдөө тахимаа өгсөн шүү дээ. Энэ жил түүнд мөн л дөрвийн даваа "там"-тай санагдана даа. Аягүй л бол нэг дэвжээний бөх цэргийн арслан Бадрахын Ганзориг юм уу, аймгийн арслан Төрөөгийн Баасанхүү нартай оноолт таарч олныг шуугиулж магадгүй. Хэрвээ Баасанхүүтэй таарах юм бол байдал эвгүйтнэ.
Өнөө Баасанхүү нь загнаад үг ч авахгүй. Хоёр хөлд нь барьцгүй гүйх юм уу, ганцхан солгой тонгорчихоод яваад өгч магадгүй л хүн. Тэрээр "Нутгаа дуурсгана" нэртэй шилдэг хүчтэнүүдийн тулаанд хамгийн олон давсан бөхөөр шалгарч байсан. Бие жижиг жин багатай хэдий ч том цолтой, чац өндөртэй бөхчүүдийг гозойтол тонгорч Бөхийн өргөөнд цугласан олныг баярлуулдаг аавын хүү юм. Ер нь Увс нутгаас дараагийн өндөр цолонд хүрч мэдэх бөхчүүдийн нэг гэхэд хилсдэхгүй байх. Мөнхбат, Бүрэнтөгсийн аль алинд нь дөрвийн давааны нугалаа л хэцүү. Батсуурьтайгаа таарахыг бас үгүйсгэхгүй. Намсрайжав харцагын хүү Батсуурийг хамгийн хатуу учраануудын нэг гэхэд гайхах хүн гарахгүй. Түрүү жил Ганбат арслантайгаа яг тулчихаад яс үзсэн. Ганбатыг зовоож, тамлаж байж тахимаа өгсөн. Тэгээд л Ганбат заан дараагийн даваанд Санчирт ямар ч мэх хийж чадалгүй унаж байхав дээ. Асашёорюү Дагвадорж аваргыг хоёр жилийн өмнө байна уу даа, улсын наадамд зодоглох нь гээд л шуугисан даа. Үнэндээ ч барилдах санаа байсан юм билээ. Бөхийн бэлтгэл дээр аймгийн арслан Батсуурьтай Асашёорюүг хэн нь ч юм бэ дээ гурав барилдуулж л дээ. Тэгтэл өнөө Батсуурь чинь Дагваа аваргыг хоёр сунгачихсан байгаа юм. Тэгээд Дагваа аваргын барилдах өнгөрсөн дуулддаг.
Батсуурь бол тийм л эвгүй бөхчүүдийн нэг юм. Улсын цолонд сүүлийн хэдэн жил зүтгээд дөрвийн даваанд унаад байгаа. Энэ жил наадмын түрүү бодож буй нутгийн аварга, арслан хоёроо дөрвийн давааны нугалаан дээр таарч хусчихаад Балжаа аваргынхаа төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахыг үгүйсгэхгүй дээ. Нутгийнх нь үймээн дэгдээгчдээс гадна Өвөрхангайн хоёр байна. Тодруулбал, аймгийн арслан Ц.Чимэддорж, Б.Батдорж нар. Бугын сангийн аж ахуйд Цэрэнтогтох аварга, Ганбаатар арслан нарын удирдлага дор бэлтгэлээ базааж байгаа хоёр л доо. Тэр хоёртой Увсын залуу аварга, арслан хоёр дөрөв дээр таарах магадлал тун өндөр. Тэгвэл наадам ч гоё болно. Мөн л "хар дэвтэр"-ийн нарийн төлөвлөгөөнд өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй. Өнгөрөгч өвөл он солигдохын зааг дээр болсон Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойн шилдэг 128 бөхийн барилдаанд "АСА" группын бөх Ц.Чимэддорж Мөнхбат аварга, Бүрэнтөгс арслан нарыг дараалуулаад хаяж байсан удаатай. Гэвч нэг л од нь гийж, өнгөрсөн жилийнх шигээ дайрах аваас Бүрэнтөгсийг торгоох хүн ховор доо. Багшийнх нь хэлснээр Өсөхөө, Санжаа хоёр л байгаа. Аймгийн цолтнуудад бас хамаагүй итгэж болдоггүй. Бөхийн өргөөнд шуугиулаад л байдаг, яг наадмаар болохоор биеэ барьдаг ч юм уу, санаанд хүрдэггүй тал бас бий шүү.
Увс аймгийн "Увс нуур" дэвжээнийхний энэ жил нэлээн итгэл найдвар төрүүлээд буй бөх нь улсын харцага Өлзийтогтохын Бат-Орших юм. Түүнийг түрүүлүүлнэ гэж төлөвлөж байж ч магадгүй. Тийм яриа хөөрөө ч дуулдаад байгаа. Хэрвээ тийм бол Балжаа багш нь хар дэвтэртээ Бат-Оршихын нэрийг тодоос тод зоож өгөөд түүнтэй тулж харьцаж байгаа нь лавтай. "Чамд тавын даваа л хэцүү. Санжаадамба, Содномдорж, Өсөхбаяр гурвын нэгтэй л тунана. Магадгүй хэн нэг нь амлаж ч болох" гээд л өглөө оройгүй донгодож байгаа. Бэлтгэлийг нь урьд урьд жилүүдийнхээс илүүтэй хийлгэж мориор бол цөмлөхийн наагуур л болгоод, элдүүр нь ханасан сур шиг намируулаад өгнө дөө. Балжаа аваргын бөхчүүдээ бэлдэх арга барил их өөр дуулдаад байдаг. Бэлтгэлийг үнэндээ шантармаар хийлгэдэг гэсэн. Зарим нэг улсын цолтой бөхчүүд нь бэлтгэлээсээ шантарч зугтаах ч үе гардаг гэж дуулдаад байдаг. Балжаа бол ерээд онд улсын шигшээ багийн дасгалжуулагч байсан хүн. Тиймээс бэлтгэлийг яг горимоор нь хийлгэж байгаа л даа. Сүүлд жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж Лондонгийн олимпоос Н.Түвшинбаярыгаа мөнгө, С.Ням-Очирыг хүрэл медальтай эх оронд нь авчирч байсан ийм л гавьяатан билээ. Олимпийн медальтнуудыг төрүүлсэн түүнд төрийн наадамд аварга, арслан төрүүлэх эрэмбэ байлгүй хаачихав дээ. Бат-Орших харцагын хувьд сүүлийн жилүүдэд барилдаан нь эрс сайжирч байгаа. Заал танхимын барилдаануудад тогтмол дээгүүр барилдаж байгаа. Түүнийг 2009 онд улсын цолонд Б.Гантогтох гарьд хүргэж байсан. Тэр жилээ шууд зургаа давж харцага болж байв. Өнгөрсөн жилийн наадамд Хөвсгөлийн Ц.Содномдорж харцагаар тунаж тав, Завханы Б.Гончигдамба начингаар зургаа даван харцага цолоо баталж заан цолны төлөө Д.Рагчаа гарьдтай хүч үзэн өвдөг шороодсон юм. Тэгэхээр Балжаа аварга өнөө жил Мөнхбат, Бүрэнтөгс нараас гадна Бат-Оршихыг "нүдэж" байгаа нь үнэний хувьтай л болов уу. Дээр нь өнөө Баасанхүү, Батсуурь, Ганзориг, Оюуны Гантулга гээд хэдэн шижигнэсэн аймгийн арслангуудаа цолонд хүргэх бодолтой байгаа нь дамжиггүй. Өөрөө зодоглож гурвын даваанд нэгийг нь авч тунаанаас гаргах байх. Ганбатын бэлтгэл ямар байгаа юм бол, их дээшээ барилдахааргүй бол дэвжээнээсээ нэг начин төрүүлэх байх. Бумбаяр заан, Бямбажав харцага гээд улсын цол горилж байгаа залуустаа гүүр болчихоор хүмүүс бас бий. Тэр бүгдийг хашир аварга хэдийнэ тооцоолчихсон байгаа. Увсынхны тактик одоохондоо иймэрхүү л байх шиг. Гэхдээ наадам дөхөх тусам улам нарийсна шүү дээ.
Н.ГАНТУЛГА
Зочин · 2013/07/11
ali chadaj bga aaviin huu l turuulne dee.Sanjaa turuulneeeeee
Зочин · 2013/07/05
mundag yumaa uvsiin buhchuud argaguil buhiin nutag yum bnooo odoo uvsiihniig barahgvi bhoo busad aimguud yaandaa yaaan
Зочин · 2013/06/30
Saihan l bn shdee Nzuudaa eyereg talaas n harl daaa Baharhmaar yum bn Baljaagaaraa
Зочин · 2013/06/29
eniig bichsen yum chi hen be tvi mai chadahgvi bol duugai bai....
Зочин · 2013/06/29
halh gheeree l mongol hun bh estoi ym shig ym yrihiin adilhan MONGOLchuud bjtegd aimag aimagaar ylgaraad l bhaar ymar hereg bnaa yaj hugjihiwde ingeheer
Зочин · 2013/06/29
увсынхан бүх юмаараа сайн юмаа толгойтой бас хүчтэй. Энэ наадамаар увсын залуучуудтай хүч үзчих хүн алга уу? 3 жил дараалан өөр өөр хүмүүс түрүүлээд байхдаа яахав дэ. бас л мундаг юмаа. Батэрдэнэ шиг ганц хүн биш өөр өөр 3 хүн гэдэг нь л асуудал байна да. түрүүлсэнээс 2 нь ядаж байхад бүүр залуухан шүү
Зочин · 2013/06/28
neeree tiim shuu baharhmaar ene jil dahiad turuulne
Зочин · 2013/06/28
mini bodloor bol saihan niitlel boljee er n uwsiin haruud diilehgvi n e halhiin vrs mini ymar negen uym hiil dee
Зочин · 2013/06/28
sxn amnii pigur bndaa onoolt erembe bagtsaa ch algadaa chamd
Зочин · 2013/06/28
хэзээ нэг ингэж нутгархдагаа болих юм бол доо. Увсыхан ч гэсэн увсыхан ихэвчлэн (бүгд биш) зөвхөн увсыхныхаа төлөө сонин хүмүүс. Монгол хүн л бол адилхан монгол хүн ш дээ.
byamba · 2013/06/28
Teneg yum bichsen bn yagad gewel uwsiin bukhchuud sain sain ch bagshtai baljaa awarga tiim tootsoo hiij chadaj bn gd****n sain bn gsn ug argaku ee olon ulsiin dasgaljuulagch hun shdee. chaddag yum bol busad aimgiin bukhchuud tiim tootsoo hiigd yaw l daa chadahku bol tgd uvs aimgiin bukhchuud jil bur awarga arslan turuud baig l daa chadj bga yumand arga alga daa gj.!!!!
Зочин · 2013/06/28
***l dutuu un**** ym bichsen bna shdee, 3 turuu awhad hedii heriin mungu orson zuunhangain janchiwdorj nachingiin har tsunhend yu bdg, gald deer bhad nutgiinhan ni ochij heden tug handiw ugdug enee teree bhguil bnada