Шүүхийн шинжээч нарыг хуульчлах шаардлагатай байна
2015/10/02
Сүүлийн жилүүдэд шүүхээр шийдэгдэж байгаа хэргүүд нэмэгдэж байгаа. Шүүхээр шийдэгдэж байгаа эрүү, иргэний хэргүүдэд голчлон шинжээчийн дүгнэлт шаардлагатай байдаг. Нарийн мэргэжлийн асуудлыг мэргэжлийн хүний үүднээс тайлбарлаж, дүгнэлт гаргаж байгаа гэдэг утгаараа шинжээчийн дүгнэлт шүүгчдэд шийдвэр гаргахад, асуудлыг шийдвэрлэхэд дөхөм болдог. Гэвч шинжээч болон шинжээчийн дүгнэлт гаргаж байгаа энэ үйлдлийг хуульчлах зайлшгүй шаардлага тулгараад байна.
Иргэн болон байгууллага асуудлаа шүүхээр шийдүүлж байгаа тохиолдолд маргалдаж байгаа асуудлаас хамааран шинжээч томилдог. Шүүхээс шинжээч томилсон тохиолдолд зардлыг улсаас гаргуулах эрх зүйн зохицуулалт байдаг ч энэ нь хэрэгждэггүй. Харин шинжээчийн зардлыг заргалдагч талуудын аль нэг нь төлж, асуудлыг шийдсэний дараа аль буруутай тал нь тэрхүү зардлыг төлж байгаа. Энэ нь зарим талаараа хардлага төрүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл би мөнгөө төлж байгаа тул өөрийнхөө талд шинжээчийн дүгнэлт гаргуулна гэсэн хуйвалдаан зохион байгуулах боломжтой гэсэн үг юм.
Шинжээчийн дүгнэлт гарахад хугацаа алдаж байгаа шалтгаан нь төлбөр мөнгөний асуудал. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт гаргахад үүсэх зардлыг төлөхгүй бол дүгнэлт гаргахгүй хэмээн шинжээчид “гэдэлздэг”. Гэтэл өнөөдөр эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандахдаа тэмдэгтийн хураамжаа ч төлж чадахгүй байгаа иргэд нэлээн хэд байгааг шинжээчид боддоггүй нь энэ асуудалд хууль эрх зүйн цогц шийдэл шаардлагатай байгааг илтгэж байна.
Мөн шүүхээс шинжээчийн дүгнэлтийг 7 хоногт гарга гэж шинжээч томилж байхад хуулийн зохицуулалтгүйн улмаас ажил ихтэй байна гэсэн шалтгаан хэлж хэдэн сараар асуудлыг сунжруулах тохиолдол гарсаар байна.
Дээрхи асуудлуудад иргэний хоёр хэргээр жишээ татая. Гэр бүл цуцлалтын хэрэгт хүүхдийг эцэг, эхийн хэнд нь өгөх нь зүйтэй вэ гэсэн асуудлаар шүүхээс шинжээч томилсон байгаа юм. Хүүхдийн байгууллагад олон жил ажилласан гэгдээд буй тухайн шинжээч ээжийнх нь гэрт 30 минут ажилласны төлөө 400 000 төгрөг авсан байдаг. Харин хотоос 100 км-т орших хүүгийн эцгийнд нь ажиллахдаа шинжээчийн зардал гэж 500 000 гаруй төгрөг авч, хонон өнжин ажилласан байгаа юм. Улмаар илтэд нэг талыг барьсан дүгнэлт гаргаж, энэ нь асуудал үүсч байсан түүхтэй.
Иргэн А.Б 2014 оны 08-р сард нэхэмжлэл гаргасан бөгөөд уг маргалдаж байгаа асуудалд 3 удаа шинжээчийн дүгнэлт гаргуулахаар болж, өнөөдрийг хүртэл шүүхээр асуудлаа шийдвэрлүүлж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт гаргахдаа 2-3 сар болж байгаа нь нэхэмжлэгч талд зардал чирэгдэл учруулахын зэрэгцээ, хариуцагч талд хугацаа хожих давуу тал олгож байна.
Хэрвээ шинжээч болон шинжээчийн дүгнэлтийг хэлбэрээс нь хамаарч 1 сарын дотор гаргах, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд шинжээчид хариуцлага тооцдог, илтэд худал, нэг талыг барьсан шийдвэр гаргасан тохиолдолд хариуцлага тооцдог, дүгнэлт гаргахад үүсэх төлбөр мөнгийг нэхэмжлэгч хариуцагч тэнцүү гаргана гэх мэтээр хуульчилбал шүүхийн байгууллага шинжээчийн дүгнэлтийг хүлээж хэргийг он дамнан чирэгдэл үүсэхгүй байх давуу талтай. Тиймээс хууль санаачлагчид ШЕЗ, шүүх, шүүгчид, шүүгчдийн туслах, өмгөөлөгч, прокуророос санал авч шүүхийн шинжээчийг хуульчлах шаардлага байна.
А.Баярмаа
шүүгч · 2015/10/02
бас л нэг авилага нэмээд яахавээ хэрэггүй. хууль хүмүүсийн хувийн амьдралд оролцохоороо аль талыг хохироогоод тогтоол гэх цаас өгдөг. хүнээр заалгадаг заадаг амьдарал гэж бдаггүйг олон жил шүүгч хийсэний хувьд мэдсэн. өргөдөл ирхэл заавал тогтоол гаргадаг
Болд · 2015/10/02
Шүүхийнхэн маш өндөр цалинтай байж яагаад ажлаа дандаа цалгардуулдаг байна
отгон · 2015/10/02
Ер нь Монгол Улсад Шүүхийн шинжээч ямар хариуцлага үүрч явдгийг мэддэг хүн байдаг юм уу? Тэд нар чинь маш их эрх мэдэлтэй юм шиг байна лээ Ард олон тэдний ажил үйлсийн талаар сайн мэдэхгүйгээс болоод тэдэнтэй хариуцлага тооцдоггүй байх аа