​Сурагчийн шинэ дүрэмт хув­цасны ханган нийлүүлэлтийн хуваарийн дагуу өчигдрөөс эхлэн гурван өдрийн турш хөдөө орон нутаг болон нийслэлд сурагчийн дүрэмт хувцасыг борлуулах цэг ажиллаж эхэлжээ.

Сурагчийн дүрэмт хувцасыг тараахдаа үйлдвэр­лэл орой эхэл­сэн­тэй холбогдуулан эхний удаад зөвхөн нэг­дүгээр ангийн сурагчдын хув­цасыг ний­лүүлэхээр болж байгаа аж. Харин дунд болон ахлах ангийнханд ирэх сарын 15-наас эхлэн тараах юм. Дүрэмт хувцасны нийлүүлтийг нийслэлийн дүүрэг болгонд нийт 16 цэгээр дамжуулан явуулж бай­гаа. Өнгөрсөн хавар сургуулиуд БШУЯ-нд захиалга өгсний дагуу тухайн сургуулийн хүүхэд эцэг эхтэйгээ хамт очин харьяалал дахь борлуулалтын цэгээс өөрийн дүрэмт хувцсыг авах гэнэ. Дүрэмт хувцасны үйлдвэрлэл болон ний­лүүлэлтэд нийт 200 гаруй дотоодын компани оролцсон. Су­раг­чийн дүрэмт хувцсны ний­лүүлэлт хийж байгаа цэгүүдээс дурьд­вал, Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуулиас тус дүүргийн 10, 34 дүгээр сургууль, Баянгол дүүргийн Лидер сургуулиас 51, 70 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургуулиас ес, 12, 42 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн “Торгон хийц” ХХК-аас тав, 23, 24 дүгээр сургууль гэх мэт  хувцсаа авч байгаа юм.

Сурагчийн дүрэмт хувцсыг тарааж эхэлсэн гэх мэдээллийн дагуу дээрх борлуулалтын цэгүүдээс Чингэлтэй дүүрэгт байрлах “Торгон хийц” ХХК-нд борлуулалтын үйл ажиллагаа хэрхэн явагдаж буй талаар сурвалжиллаа. Тус ком­паниас нийслэлийн Чингэлтэй дүүр­гийн тав, 23, 24 дүгээр сургуулийн сурагчид дүрэмт хувцсаа авах гэнэ. Өнөөдрийн байдлаар 50 болон “Олонлог”, “Наран” зэрэг сур­гууль дээрх цэгээс авч байна. Биднийг тус газар очиход гадаа нь хүүхдээ хөтөлсөн эцэг эхчүүд дугаарлан зогсож байсан юм. Тэднээс учрыг асуувал “Нэг удаад  4-5 хүнийг оруулж байна. Тэгээд хүн гарч ирэхээр зөрөөд орох бололтой. Ер нь оочертой байна. Зөвхөн нэгдүгээр ангийн хүүхдүүдийн  хув­цасыг ийм байдалтай өгч байна. Бага, дунд, ахлах бүлгийнхэнд өгч эхэлбэл нэлээд төвөгтэй байх бололтой” гэж байсан юм. “Торгон хийц” ХХК-ийн дотор нь ороход зарим хүн маягт бөглөн сууж байв. Харин зарим эцэг, эх хүүхдийнхээ дүрэмт хувцасыг тааруулан авч байлаа. Ийнхүү хувцас тааруулан худалдан авсан хүмүүсээс сураг­чийн дүрэмт хувцасны хийц болон үнийн талаарх сэтгэгдлийг нь сонссон юм.

 

Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны иргэн Н.Хонгорзул: ДАХИН ИРЭХ ШААРДЛАГАТАЙ БОЛЖ БАЙНА

-Үнийн хувьд ер нь боломжийн гэж бодож байна. Мөнгө тушаахад хүртэл банкны теллерүүдэд бэл­нээр өгөөд болох юм байна. Гэх­дээ дугаарлаж байгаад орж ирээд хүүхдийнхээ хувцсыг авах гэтэл цамц нь байхгүй гэж байна. Хүүх­дийнхээ цамцыг авч чадаагүй эцэг, эхчүүд маргааш дахин ирж дараалал үүсгэн байж авах ёстой болж байх шиг байна. Уг нь  сургуулийн захирлууд өөрсдөө ирж хүүхдүүдийнхээ хувцсыг аваад тараана гэж бодож байсан. Гэтэл үгүй юм  байна.

 

Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны иргэн Г.Нэргүй: ҮНЭТЭЙ БАЙНА

 

-Борлуулж байгаа дүрэмт хувцасны хувьд өөлөөд байх зүйл байхгүй боловч үнэтэй санагдлаа. Гэхдээ тоос татаж, үрчийхгүй байвал болох байх. Хүүх­дийнхээ хувцасыг авсны дараа жижигхэн дөрвөлжин маягт бөглүүлж байна. Дээрх маягтаа бөглөөд шууд мөнгөө төлөөд авах юм байна. Уг нь иж бүрдэл хувцас гэсэн. Гэтэл цагаан цамц нь байхгүй гэж байх юм. “Маргааш ир” гэж байна. Ганц юм авахын тулд дахин ирэх шаардлагатай боллоо. Зөвхөн бага ангийн хүүхдүүдэд өгч байгаа гэсэн хэрнээ ийм хариуцлагагүй байж болохгүй.

 

Чингэлтэй дүүргийн аравдугаар хорооны иргэн Г.Хөхдий: ХОЁР ЖИЛИЙН БАТАЛГААТАЙ ГЭНЭ

 

-Хувцасны материалын тухайд дотооддоо үйлдвэрлэсэн нь сайн гэж байна. Ингээд харахаар боломжийн санагдлаа. Үнэ нь ч гайгүй юм. Гэхдээ зарим нэгэн хүнд үнэ асуудал болж болох юм. Нөгөөтэйгүүр өмд, хүрэм хоёрыг заавал авах хэрэгтэй гэж байна. Нэгэнт авч байгаа юм чинь бүгдийг нь аль болох авах нь зүгээр байх. Угаасаа хоёр жилийн баталгаатай гэж байна. Хүүдээ арай том гэснийг нь авах гээд л байж байна.

 

Г.Ганболд: ИЖ БҮРДЭЛ ГЭДГИЙГ ЗАРИМ ЭЦЭГ, ЭХЧҮҮД БУРУУГААР ОЙЛГОЖ БАЙНА

 

Сурагчийн дүрэмт хув­цасны үйлдвэрлэл болон эцэг эх­чүүдээс ирсэн санал гомдолтой холбоотой зарим зүйлийг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны төслийн ажилтан Г.Ганболдоос тодрууллаа.

 

-Сурагчийн дүрэмт хувцасыг дотооддоо үйлдвэрлэсэн гэсэн. Тухайн үйлдвэрлэсэн ком­паниудад ямар шаардлага тавьсан бэ?

-Сурагчийн дүрэмт хувцасыг “Торгон хийц” ХХК нийлүүлж байгаа. Харин сүлжмэл майкнуу­дын тухайд “Говь Эрдэнэ” ХХК үйлдвэрлэсэн. Үүнээс гадна “Өүлэн менч” ХХК цагаан цамцыг нь үйлд­вэрлэсэн.  Хамгийн гол нь чанарын шаардлага хангасан байх ёстой гэсэн шаардлагыг бид­ний зүгээс тавьсан. Үүнээс гадна материал нь хүүхдийн арьсанд тохирсон хөвөн даавуу, зөөлөн материалаар хийсэн байгаа.  Жи­шээлбэл ноосон майк. Үүнийг малчдаас ноосыг нь худалдан авч, утас болгоод сүлжих аргаар гаргаж авсан. Ирэх жилээс хувцас хийх даавууг дотооддоо үйлдвэрлэх тухай ярьж байгаа. Тиймээс эцэг эхчүүдийн зүгээс бидний хийж байгаа ажлыг хүндэтгэн зөв талаас нь ойлгохыг хүсэж байна.

-Дүрэмт хувцасны хувьд үндсэн болон нэмэлт гэж байгаа юм байна. Энэ болгоныг эцэг эхчүүд худалдаж авах шаардлагатай юу? 

-Үндсэн болон нэмэгдэл хувцас гэж байгаа. Үндсэн хувцасыг заа­вал авах ёстой. Харин нэмэгдэл хувцасыг өөрсдийн сонирхлоор худалдан авч болно. Үндсэн хув­цас нь эрэгтэй хүүхдийн хувьд хүрэм, өмд байгаа. Харин эмэгтэй хүүхдийн хувьд сарафан байгаа. Нэмэлт хувцасны тухайд эрэгтэй хүүхдэд даавуун цамц, ноосон цамц, ноосон майк гэж байна. Харин эмэгтэй хүүхдийн нэмэлт хувцас нь ноосон цамц, даавуун цамц байна.

-Зарим эцэг эх дүрэмт хувцасыг үнэтэй гэж байна. Үүнээс гадна иж бүрдэл гэсэн хэрнээ цамц зэрэг нь байхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Үүнд тайлбар өгөөч?

-Иж бүрдэл гэдгийг зарим эцэг, эх буруугаар ойлгоод байх шиг байна. Цамц нэмэгдэл хувцас болж байгаа юм. Эцэг, эхчүүдийн хувьд хамтдаа байх ёстой гэж ойлгоод маргаан үүсгэж ирж байна.

-Хувцас яг хэдэн төгрөгт багтаж байгаа вэ?

-Эмэгтэй хүүхдийн үндсэн хувцасны үнэ 41030 төгрөг, нэмэлт хувцас нь 36300 төгрөг болж байна. Харин эрэгтэй хүүхдийн хувьд үндсэн хувцас 64856 төгрөг, нэмэлт хувцас нь нийлээд 51480 төгрөг болж байгаа юм.

 

Т.Болорцэцэг