Өнөөдөр улс орон даяар хичээлийн шинэ жилийн нээлт болж, мөнгөн хонхны жингэнэх дуунаар сурагчид  хичээлдээ орцгоолоо. Догдлон хүлээсэн энэ л өдөр аав, ээждээ хөтлүүлэн сургуулийн босго алхаж буй бяцхан дүү нартаа, амьдралд хөл тавихаар их, дээд сургуулийн босго алхаж буй элсэгчиддээ хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.

Жил жилийн хичээлийн шинэ жил өөр өөрийн онцлогтой байдаг. Энэ жилийн тухайд сургуулийн өмнөх боловсролд 191805 хүүхэд суралцахаас цэцэрлэгт 156648, хувилбарт сургалтад 31924 хүүхэд тус тус суралцах гэнэ. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоо өнгөрсөн онтой харьцуулахад 10836 хүүхдээр нэмэгдсэн аж. Төрийн болон хувийн өмчийн 1017 цэцэрлэгт нийт 160201 хүүхэд суралцахаар болжээ.

Түүнчлэн Улаанбаатар хотод цэцэрлэгийн хүртээжмийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн өмчийн 25 цэцэрлэгт 32 бүлгийг нэмж байгуулан цэцэрлэгийн хүчин чадлыг 1120-оор нэмэгдүүлсэн байна. Өнгөрсөн хичээлийн жилд нийслэлд төрийн бус өмчийн 166 цэцэрлэг ажиллаж байсан бол одоогийн байдлаар 62 цэцэрлэгт шинээр зөвшөөрөл олгож хүчин чадлыг 3580 хүүхдээр нэмэгдүүлээд байна.

Ерөнхий боловсролын сургууль

2013-2014 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 504233 сурагч суралцах юм байна. Ерөнхий боловсролын сурагчдын тоо өнгөрсөн онтой харьцуулахад 8110 хүүхдээр нэмэгджээ. Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид өнгөрсөн онд 48092 хүүхэд элсэн суралцаж байсан бол энэ хичээлийн жилд 54641 сурагч шинээр элсэн суралцана. 1 дүгээр ангийн элсэлт 99,6 хувь буюу хүүхэд бүрийг 1 дүгээр ангид элсүүлэн сургаж байгаа аж.

Дээд боловсрол

Харин 2013-2014 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн нийт 99 их, дээд сургуульд 175591 оюутан суралцахаар болжээ.  

Дунд сургуулийн сурагчидын хувьд сурах бичгийн асуудал чухал байдаг. Тэгвэл энэ жилийн тухайд бага ангийн бүх сурах бичгийг Боловсрол, шинжлэх ухааны яамны болон багшийн хөгжлийн цахим хуудсанд байршуулснаар сурагч, эцэг эх болон бусад хэрэглэгчид сурах бичгийг интернетээр ашиглах боломжийг бүрдүүлээд байна. Цаашид дунд, ахлах ангийн сурах бичгийг электрон хэлбэрт оруулах ажлыг зохион байгуулна.         

Энэ жилийн хувьд багшийн ур чадвар, мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаанд анхаарч ажиллахаар төлөвлөөд байна. Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг нэг журмаар зохицуулахаар тогтоод байна. Багшлах эрх авахыг мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаатай нь нягт холбож өгсөн хэмээн холбогдох ажилтнууд хэлж байна. Тодруулбал,  багш нар үндсэн сургалтанд хамрагдсанаар багшлах эрх авах, сунгах боломжтой болж байгаа аж. "Заах аргач багш", "Тэргүүлэх багш", "Зөвлөх багш" мэргэжлийн зэрэг авах шалгуур үзүүлэлт нь хүүхэд, суралцагч нэг бүрийг хөгжүүлэх арга зүй, технологийг сургалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн үр дүнд хүрсэн байдал, хамтын үйл ажиллагаа, түүний үр дүн, ахиц, амжилт руу чиглэнэ хэмээн онцолжээ.

Мөн цаашид багш суралцагчдын мэдлэг, чадварын ахиц, хөгжлийг өөрийн арга зүй, суралцагчдын онцлог, сургалтын агуулгад тохируулан олон арга хэлбэрийг сонгон хэрэглэх, сургалтын явцын үнэлгээг үнэлэх, суралцагчийн суралцаж буй ангиас хамааран ялгавартай үнэлэх /I-III ангид эзэмшсэн мэдлэг, чадварыг ангилж, үгэн үнэлгээгээр, IV-V ангид суралцагчдын гүйцэтгэлийн хувиар, дунд ангид стандарт үнэлгээгээр, ахлах ангид стандарт үнэлгээг илүү нарийвчлан хэрэглэж, хувийг оноонд шилжүүлэн тооцох/, эцэг эх, асран хамгаалагчдад улирал бүр хүүхдийн сурлага, ахиц, амжилтын талаар мэдээлэл өгч байх гэнэ.

         Б.Хорлоо