Загвар, хийц муутай , үнэтэй дүрэмт хувцсыг бага ангийнхан бараг өмсөхгүй байна
2013/09/03
Монгол улсын сурагчид дүрэмт хувцасаараа ижилсэнэ гэсэн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан.
Улмаар энэ ажилд Монгол улсын бүх сурагчийг ижилсүүлэх ажилд 30 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон билээ. Оёдлын 139 компани сурагчийн дүрэмт хувцас үйлдэрлэх ажилд оролцож байгаа бөгөөд 3551 хүн ажлын байраар хангагдаж байгаа аж. Үйлдвэрлэгчид эхний ээлжинд ашгийн төлөө хөөцөлдөлгүйгээр чанартай, хямд үнэтэй хувцас нийлүүлэхийг зорьж байгаа гэж хэлж байсан. Энэ үед эцэг эхчүүд харьцангуй гэгээн зүйл бодож байсан ч сэтгэлд нь нийцээгүй. Тодруулбал, өнөөдрийн байдлаар бага ангийн сурагчдын дүрэмт хувцас бэлэн болж, худалдаанд гарсан. Гэвч сурагчдийн дүрэмт хувцасыг харсан, худалдан авсан эцэг эхчүүд загвар, хийц муутайн дээр үнэтэй байна хэмээн эгдүүцэж байна. Үүнээс улбаалан дүрэмт хувцас худалдан авсан ч өмсөх хүүхэд цөөн байна. Өнөөдөр дурын сургууль дээр очоод хараарай. Дүрэмт хувцасаа өмсөлгүй цагаан цамц өмссөн 1-р ангийн охид хөвгүүд л байна. Харин 2-5-р ангийн ихэнх сурагч түрүү жилийнхээ дүрэмт хувцасыг өмсөж байгаа. Шинэхэн дүрэмт хувцасыг өмссөн сурагч тун цөөн байгааг энд онцлох нь зүйтэй бизээ.
Дүрэмт хувцасны үнэтэй байгааг бага ангийн сурагчийн эрэгтэй дүрэмт хувцасаар жишээ авч үзье. Бага ангийн сурагчийн дүрэмт хувцасны өмд нь л гэхэд 25000 төгрөг. Сурагчийн ганцхан өмд шүү дээ. Тэгвэл энэ мөнгийг аваад захаас хүүдээ нэг костюм пиджак авчихна. Эсвэл хүүдээ нэг биеийн тамирын хослол, аятайхан цамцтай авчихаар хэмжээний мөнгө. Сурагчийн дүрэмт хувцасны пиджак нь 37800 төгрөг болж байна. Энэ мөнгөөр хүүхдийнхээ дэвтэр, үзэг зэрэг хичээлийнх нь хэрэгслийг хангалттай бэлдчихнэ. Нөгөө талаас түрүү жил сурагчийн дүрэмт хувцас одоогийн үнээс 15,000-90,000 төгрөгөөр хямд байсныг олон хүн баталж байгаа.
Тэгвэл үнэтэй энэхүү дүрэмт хувцасны материал их л “ид шидтэй” болж таарч байна. Форм үйлдвэрлэх ажлыг хариуцаж байгаа төрийн албан хаагчид Монгол хонины ноосоор ээрсэн харшил өгөхгүй, бөөгнөрдөггүй, эдэлгээ даах чанартай гэж тайлбарласан. Гэвч энэ материал нь дээр дурьдсан шиг “ид шид”-тэй биш гэдгийг Монголын сурагчдын дүрэмт хувцасны үйлдвэрлэгч оёдлын үйлдвэрүүдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Оюунчимэг хэлж байсан. Тэрбээр: “ Утсаа ачааны онгоцоор БНСУ-д аваачиж даавуу нэхүүлээд авчирч байгаа гэсэн. Үнэндээ БНСУ даавуугаа Хятадаас авдаг. Бид тэр давууг гадаадад шинжлүүлэхээр явуулсан. Манай үйлдвэрлэж байсан дүрэмт хувцасны даавуу шинэ хувцасныхаас хамаагүй чанартай.” Гэдгийг мэдэгдсэн. Тэгэхээр дүрэмт хувцас үнэтэй байх магадлал огт байхгүй болж таарсан юм. Тэгэхээр сурачдын дүрэмт хувцас үйлдвэрлэгчид ашиг олох зорилгоор үнээ нэмсэн болж таарч байгаа юм. Ийм хардлагыг сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийн дунд сонгон шалгаруулалт хийгдээгүйтэй шууд холбон тайлбарлаж болно. Энэ нь Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал дураараа аашилсан нь гэдгийг эх сурвалжууд хэлдэг.
Загварын талаар ярих ч зүйл алга. Олон эцэг эх хятадын ажилчний хувцас шиг загвар муутай юм, өмд нь шарваар шиг, хойд солонгосынх шиг гэж хэмээн ярих эцэг эх цөөнгүй байна. Яг үнэндээ өнөөдөр эцэг эхчүүд хүүхдийнхээ урмыг нь хугалахгүй гэж бодоод л загвар муутайг нь шүүмжилж чадахгүй байна. Эцэг эхчүүдийн хувьд сурагчийн дүрэмт хувцасыг жигдрүүлж байгаад баярлаж байгаа ч үнэ загвар дээр нь шүүмжлэлтэй хандаж байна. Дүрэмт хувцсанд дагалдах сорочкан цамц, ноосон майкийг өөрсдийн сонголтоор захиалах боломжтой гэж ярьж байгаа. Тэдгээрийг авахгүй бол хүүхдүүдэд нэгэндээ томорч үүнээсээ үүдэн маргаан гарах магадлалтай.
Загвар, хийц муутай, үнэтэй сурагчийн дүрэмт хувцас зах зээлд нийлүүлж байгаа энэ байдалд анхаарал хандуулах албан тушаалтан, албан байгууллага нь ажлаа хийхгүй бол иргэд дүрэмт хувцасд ам муутай л байна даа.
Удахгүй 28 сургуулийн эцэг эхээс бүрдсэн түр хороо эсэргүүцлийн цуглаан хийхээр төлөвлөж байгаа. Тэгэхээр асуудлыг ингэж хүндрэхээс нь өмнө анхаарал хандуулах зайлшгүй шаардлага гараад байна О.Магнай даргаа, Ерөнхий сайдаа...
А.Баярмаа